Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00280

 

А.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2192 дугаар магадлалтай,

А.Дгийн нэхэмжлэлтэй

З.Д, Д.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,518,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч З.Дгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, хариуцагч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Дуламсэндэхүүгээс 1.442.025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож, үлдэх 3.076.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.173.17 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Дгээс 38.022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бямбасүрэнгээс татгалзсанг дурдаж шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2192 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 ...” гэсний дараа “, 232.8” гэж нэмж, “... 1.442.025 ...” гэснийг “2 524 710” гэж, “... 3.076.423 ...” гэснийг “1 993 738” гэж,

2 дах заалтын “... 38.022 ...” гэснийг “55 345” гэж,

3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Д.Бямбасүрэнд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч З.Д хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж эсэргүүцэн бичиж байна. Учир нь нэхэмжлэгч А.Дгээс 2019.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг авсан. Дараа дараагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Зээлийн гэрээн дээр бэлэн мөнгө авсан мэтээр тодорхойлсон байгаа нь иргэн надад илт хүндээр тусаж байна. Хүү, хүүгийн алданги гэж тооцоод байгаа нь энгийн иргэд бидэнд маш их дарамт болж байгаа учраас уг магадлалыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Жич: Уг нэхэмжлэгч А.Д нь төлөгдөөгүй төлбөр мөнгийг ямар нэгэн аргаар авах авахын тулд сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаад зээлийн гэрээг сунгуулдаг байсан ил тод байгааг шат шатны шүүх авч хэлэлцэхгүй байгаа нь үнэхээр гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч З.Д, Д.Бнарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ багасгаж, зээлийн үүрэгт үндсэн зээл 2,932,800 төгрөг, хүү 162,532 төгрөг, алданги 1,432,116 төгрөг нийт 4,518,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бямбасүрэнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. Хариуцагч З.Д нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний хугацааг дарамталж сунгуулсан, 1,372,000 төгрөгийг төлсөн, өдөр бүр 48,000 төгрөг төлж байсан, наймааны ашиг орлого муудаж хүүгээ зогсоож өгөөч гэхээр 2,000,000 төгрөг төлчих эсвэл 2,000,000 төгрөгний утас аваад өгчих гэж байсан, 1,600,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх гэрээний хугацааг талууд сунгаагүй гэж үзэж хариуцагч үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 162,532 төгрөг төлөхөөс 1,372,000 төгрөгийг төлсөн, 961,350 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул алданги 480,675 төгрөг нийт 1,442,025 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч 1,600,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болохыг анхаараагүй, давж заалдах шатны шүүх гэрээний хугацааг сунгасан гэж үзэж, хариуцагчаас 2,524,710 төгрөгийг гаргуулсан нь гэрээний үүрэгт тус тус нийцээгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019.03.25-ны өдөр зээлийн гэрээгээр А.Д нь 2,000,000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, 2019.05.14 хүртэл буюу 50 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлэх, хариуцагч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг З.Дгийн Хаан банк-ны дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн, шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Талууд 2019.06.21-ний өдөр зээлийн гэрээг сунгаж, 2019.07.02-ны өдөр хүртэл, 2019.07.02-ны өдөр гэрээг дахин сунгаж, гэрээний хугацааг 2019.12.07 хүртэл тус тус сунгасан /хх-7-8-р тал/ боловч анхнаасаа гэрээний хугацаа дууссан хойно сунгасан, гэрээг чөлөөтэй, хуулийн хүрээнд байгуулсан гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцжээ. Түүнчлэн хариуцагч өдөр бүр 48,000 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, ийм тохиолдолд гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагч нь 1,442,025 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч 1,600,000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байгаа тул шүүх энэ хэмжээнд үүргийг хангуулах үндэслэлтэй. Шүүх диспозитив зарчмын хүрээнд, хариуцагчийн маргаагүй, зөвшөөрсөн хэмжээг багасгах эрхгүй юм.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул хариуцагч З.Д нь үүргээ биелүүлэх ёстой, хариуцагчаас 1,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2192 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан хариуцагч З.Дгээс 1,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож, нэхэмжлэлээс 2,918,448 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...38,022...” гэснийг “...40,550...” гэж, шийдвэрийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Д.Бямбасүрэнд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.27-ны өдөр төлсөн 55,345 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД