Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2278

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр       даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02857 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЛИ” ХХК-д холбогдох

 

Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа, гуравдагч этгээд Д.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б-э нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Ласти” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны А блокийн 9 давхрын 36 тоотод байрлах, 62.7 м.кв 2 өрөө байрыг 62 700 000 төгрөгөөр бариулсан. Төлбөрийг бүрэн төлсөн. Харин “ЛИ” ХХК нь гэрээ дагуу барилгыг барьж гүйцэтгээд дууссаны дараа шууд үл хөдлөх хөрөнгийг Г.Б-эд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Б.Бат-Эрдэнэ нь орон сууцандаа орсон, амьдарч байгаа боловч үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүртэл эрх, ашгийг нь зөрчиж байгаа юм. Мөн орон сууц захиалан бариулах гэрээтэй хамт авто зогсоол бариулах гэрээ байгуулж 16 000 000 төгрөгийг компанид шилжүүлсэн байдаг. Гэтэл “ЛИ” ХХК нь авто зогсоолын гэрчилгээг ч гаргаж өгөөгүй. Иймд Б.Бат-Эрдэнийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Б-э, “ЛИ” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07- ны өдөр орон сууцны захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. Ц.Батаа нь “ЛИ” ХХКомпанийн захирал А.Лхагвасүрэнтэй уулзаж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан компанийг шилжүүлэн авсан. Ц.Батаа захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “ЛИ” ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Чимэддулам миний нэр дээр шилжүүлсэн болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Лхагвасүрэн нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Иргэн Г.Б-э нь “ЛИ” ХХК-д нийт 62 700 000 төгрөгийг бүрэн төлсөн байна. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд шүүхийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. “ЛИ” ХХК нь А-36 тоот 2 өрөө байрыг  Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Болормаагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Д.Болормаагийн нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба Д.Б-нар А-36 тоот 2 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд Г.Б-э гэрээгээ бүртгүүлээгүй байсан юм. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-э нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13 дугаар хороолол, 10а байрны 36 тоот сууц, 05 тоот авто зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ласти интернешнл” ХХК-иас 527 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Б-давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд товлогдсон цагаас 5 минутын хугацаанд хожимдож очсон боловч шүүх хуралдаан эхэлчихсэн гээд цагдаа нар намайг шүүх хуралдааны танхимд оруулаагүй. Энэ тухай хурал эхлэхээс өмнө тус шүүхийн шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж, очиж байгаагаа хэлсэн ч хүлээн аваагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2,  6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлалгүй шүүхээс бодит байдалд ннйцээгүй шийдвэр гаргасан. Маргаан бүхий орон сууц нь Д.Б-миний нэр дээр хууль ёсны бүртгэлтэй бөгөөд миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг буруу болох талаар хэрэгт ямар ч баримт байхгүй байхад уг орон сууцыг Г.Б-э өмчлөх эрхтэй болохыг тогтоосон нь хуульд нийцээгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хот руу явах гэсэн боловч тус өдөр их хэмжээгээр нойтон цас орж, хүчтэй цасан шуурга болсны улмаас Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг Онцгой байдлын ерөнхий газраас зогсоосон байсан. Энэ тухай хурал эхлэхээс өмнө тус шүүхийн шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч хуралд биечлэн оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах эрхийг минь зөрчиж шүүх хуралдааныг хийснээс гарсан шийдвэр хууль бус болсон. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, мэтгэлцэх болом олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Б-э нь хариуцагч “ЛИ” ХХК-д холбогдуулж орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад шүүх нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангасан атлаа нөгөө шаардлага болох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Нэхэмжлэгч Г.Б-э нь маргааны зүйл болж байгаа 10а байрны 36 тоот орон сууц, 05 тоот авто зогсоолын үнийг 2014 оны орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу бүрэн төлж үүргээ биелүүлсэн үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Гэтэл дээрх орон сууц болон авто зогсоол  нь хариуцагч “ЛИ” ХХК-ийн өмчлөлд байсан эсэх, гуравдагч этгээд Д.Болормаад хэрхэн ямар гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн маргааны зүйлийг хэн нь өмчлөх эрхтэй болохыг шүүхээс дүгнэх боломжгүй юм.

Нөгөө талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...Ц.Батаа нь “ЛИ” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулан компанийг шилжүүлэн авсан... Ц.Батаа захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “ЛИ” ХХК-ийг гэрээгээр Т.Чимэддуламд шилжүүлсэн...” гэх зэргээр тайлбарласнаас үзэхэд    тухайн хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт ач холбогдолтой болно. Тухайн хуулийн этгээдийг хэн төлөөлөх эрхтэй болох үйл баримт тодорхойгүй байна.

Дээрх байдлаар хэрэгт ач холбогдол бүхий  нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Д.Болормаагийн  төлсөн 527 350 төгрөгийг, хариуцагч “ЛИ” ХХК-ийн төлсөн 527 350 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ