Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02857

 

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02857

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо,0 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧИ00000000, Б овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамж, 29-10 тоотод байрлах, регистр 0000000, Л ХХК-д холбогдох орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2014 оны 07 сарын 07-ны өдөр Ласти ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны А блокийн 9 давхарын 36 тоотод байрлах, 62.7 м.кв 2 өрөө байрыг 62 700 000 төгрөгөөр бариулсан. Төлбөрийг бүрэн төлсөн. Харин Ласти интернэшнл ХХК нь гэрээ дагуу барилгыг барьж гүйцэтгээд дууссаны дараа шууд үл хөдлөх хөрөнгийг Г.Б-д шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Б.Б нь орон сууцандаа орсон, амьдарч байгаа боловч үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүртэл эрх, ашгийг нь зөрчиж байгаа юм. Мөн орон сууц захиалан бариулах гэрээтэй хамт авто зогсоол бариулах гэрээ байгуулж 16 000 000 төгрөгийг компанид шилжүүлсэн байдаг. Гэтэл Л ХХК нь авто зогсоолын гэрчилгээг ч гаргаж өгөөгүй. Иймд Б.Б-ийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г овогтой Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дархан-Уул аймаг Дархан сумын 11-р баг, 13-р хороолол Ласти таун 144-н айлын орон сууцнаас А-36 тоот 62,87 м,кв талбайтай 2 өрөө байр, 05 тоот 20 м.кв автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Иргэн Г.Б, Л ХХКомпанитай 2014 оны 07-р сарын 07- ны өдөр Орон сууцны захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. Ц.Б нь 144-н айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч, Т.Ч миний бие нягтлан бодогчоор ажилладаг. Зээл төлөлтийн графикийн сүүлийн хугацаа 2017 оны 05 сарын 30-ний өдөр байсан. Захирал А.Л нь графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй. Бид олон удаа уулзсан, утсаар ярьсан. Иргэн Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж Л ХХКомпанийн захирал А.Л-тэй уулзаж 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсаны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан Л ХХКомпанийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л 2017 оны 12 сарын 31 нд иргэн Ц.Б-д зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан. Ц.Б захирал гадаад томилолтоор явахаар болсон тул Л ХХКомпанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Чимэддулам миний нэр дээр шилжүүлсэн болно. Улсын бүртгэлийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас компанийн шилжих хөдөлгөөнд хориг тавьсан байгаа Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсаныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Л-тэй уулзаж, (хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн кариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28 нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А. Л-д 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Л нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Компанийн санхүүгийн оичиг баримт, зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл Г.Б Л ХХКомпанитай 2014 оны 07-р сарын 07- ны өдөр Орон сууцны захиалгаар бариулах гэрээ, автозогсоолын гэрээ нь байхгүй шүүхэд өгсөн материалаас танилцсан болно. Иргэн Г.Б нь Л ХХКомпанийн ХХБанкны 464004610 гоот дансанд байрны төлбөрийг 2014 оны 07 сарын 07 нд 20,000,000 төгрөг, 2015 оны 9 сарын 29 нд 20,000,000 төгрөг, 2016 оны 02 сарын 05 нд 20,000,000 төгрөг ХААН банкны 5088065798 тоот дансанд 2016 оны 02 сарын 08 нд 1,700,000 төгрөг 2016 оны 12 сарын 02 нд 1,000,000 төгрөг, нийт 62,700,00 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Г.Б-ийн амьдарч байгаа А-блокын 36 тоот, 62,76 м,кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. Л ХХК нь А-36 тоот 2 өрөө байрны төлбөр Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Б-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн. Д.Б-ийн нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба Д.Б нар А-36 тоот 2 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд Г.Б гэрээгээ бүртгүүлээгүй байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шийдвэрийн биелүүлсэн болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь Л ХХК-д холбогдох орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Г.Б нь Л ХХК-тай 2014 оны 07 сарын 07-ны өдөр оны 6-р сарын 17-ны өдөр 020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ДарханУул аймгийн Дархан сумын 11-р баг, Ласти таун 144 айлын орон сууцны хотхоны А блокийн 9 давхарын 36 тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалж, 62 700 000 төгрөгийг төлөхөөр /хх 10-13/, 2016 оны 2-р сарын 5-ны өдөр 05 тоот Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, 05 тоот 20 м.кв талбай бүхий авто зогсоолыг захиалж, 16 000 000 төгрөг төлөхөөр /хх / тус тус тохирчээ.

 

Г.Б нь орон сууцны 62 700 000 өгрөг, автозогсоолын 16 000 000 төгрөгийг бүрэн төлсөн нь ХААН, Худалдаа хөгжлийн банкны баримтаар /хх 15, 29/ тогтоогдсон байна.

 

Ажил гүйцэтгэгч нь орон сууц болон авто зогсоолыг ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгсөн, одоо хүртэл тус сууцанд амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Орон сууц захиалгын гэрээний 2.3, Автозогсоол захиалгын гэрээний 3.5-д зааснаар...өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргийг Ласти интернэшнл ХХК хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, улсын бүртгэлийн Ү-2003021859 дугаартай 10а байрны 36 тоот сууцны өмчлөгчөөр Д-ийн Б бүртгэгджээ.

 

Л ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулснаар 36 тоот 2 өрөө сууцыг захиалагч Г.Б-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, түүнчлэн автозогсоолын бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь сууцны болон авто зогсоолын үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн, өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй боловч сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б бүртгэгдсэн, энэ тохиолдолд түүний өмчлөгчийн асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, Г.Б-ийг өмчлөгчөөр бүртгэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоох нь зүйтэй.

 

Дээрх сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Б-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийсэн боловч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Г-ийн Б нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 10а байрны 36 тоот сууц, 05 тоот авто зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 527 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА