| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2020/00744/И |
| Дугаар | 201/МА2020/00028 |
| Огноо | 2020-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 201/МА2020/00028
Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Б.Оюунбатад холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэртэй, Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Б.Оюунбатад холбогдох 373 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 9 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Алтантуяа нь 2019 оны 8-р сарын 15-нд хань, үр хүүхдүүдийн хамт хадлан тэжээл бэлдэхээр гарсан. Оюунбат нь өвс авна, 1000 ширхэг гээд бид ярилцаад 500 ширхэг өвсний 1 500 000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Бид 9 сард өвсийг бэлэн болгоод ирж аваарай гэж удаа дараа хэлсэн боловч ирэхгүй байсаар 10-р сард ирж 700 ширхэг өвс авснаас 1ш х3500, 200ш 3500=700000 төгрөгөөс 250000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг өдий хүртэл өгөхгүй байна. Иймээс эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхгүй байгаа тул шүүхэд хандлаа. Оюунбатаас үлдсэн 450000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2500 төгрөг гэж огт ярьж тохироогүй. Бид хадлан буугаад өвс аваад явснаас хойш үлдэгдэл мөнгөө зөндөө нэхсэн, гэтэл нэг ч хариу өгөөгүй. Манай нөхөр зах дээр таараад миний дүү нэг уулзъя гэтэл за гээд зах руу ороод гарч ирээгүй. Иймд миний 350 000 төгрөг буюу эвлэрүүлэн зуучлалын 23 000 төгрөг нийт 373 000 төгрөгийг Оюунбатаас гаргуулж өгнө үү. Манай нөхөртэй 1 боодол өвсийг 2500 төгрөг гэж ярьж тохирсон юм байхгүй.
Бид 2019 оны 9 сарын эхээр 1000 боодол өвсийг бэлэн болгож Оюунбатыг ирж ав гэж хэлсэн. Гэтэл ирж авахгүй байсаар 10 сарын 01-нд хадлан бууж, үүнээс хойш 10 сарын 05-нд ирж өвсөө авсан. 500 боодол нь ногоон өвс байсан ба гадна тал нь шарласан байсан. Энэ өөрөө ирж авахгүй байсаар байгаад нар салхинд шарласан. Сүүлийн 200 боодол өвсийг шар байна гэж хэлэхэд нь авахгүй байж болно гэхэд авна гээд авсан. Нийт 700 боодол өвс өгсөн. Үлдсэн 200 боодол өвсний үнэ 600 000 төгрөгийг өгөх байсан. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрэхгүй гэсэн. Иймээс шүүхэд хандсан. Одоо 117 боодол өвсийг 3 000 төгрөгөөр бодож 350 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөг, нийт 373 000 төгрөг нэхэмжилж байна. Оюунбат нь өвс авах талаар манай нөхөр бид хоёртой тохирсон, бичгийн гэрээ хийгээгүй гэжээ.
Хариуцагч Б.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.Алтантуяа гэгч иргэнтэй 1 боодол өвсийг 3000 төгрөгөөр 1000 боодол өвс авахаар тохирч 2019 оны 8 сард түлш, тос, мяндас боолт ажлын хөлсний урьдчилгаа болгож 1 500 000 төгрөг шилжүүлсэн. 9 сард өвсөө авах байсан боловч миний бие Хятад улсад ажлаар явж байсан тул 2019 оны 10 сард өвсөө авах болсон. Тухайн өдөр 800 000 төгрөгөөр том машин хөлсөлж очсон боловч арай гэж 700 боодол шар өвс байсан. Би морь тэжээх зорилгоор яг 1000 боодол ногоон өвс авах ёстой байсан. Үлдэгдэл 300 боодол өвсөө Баяндун сумын иргэнээс 1 боодлыг 4000 төгрөгөөр авч унааны зардал 400 000 төгрөг дахин нэмэлтээр зарцуулсан. Тохирсон ёсоор 1000 боодол ногоон өвс өгөөгүй учир авсан бүх 700 боодол шар өвсийг 1 боодлыг 2500 төгрөгөөр тооцож үлдэгдэл мөнгө болох 250 000 төгрөгийг Д.Алтантуяад өгч, нөхөрт нь утсаар хэлсэн болно. Тухайн үед ингэж тооцоо дууссан.
Хариуцагч Б.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1000 боодол ногоон өвс авахаар тохирсон. Гэтэл 1000 боодол өвсөө өгөхгүй харин талбай дээрээс нь нуруулдаагүй 700 боодол шар өвс авсан. Тухайн үед таны өвс шар байна шүү гэдгийг хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Алтантуяагийн нөхөр болох Жааяа гэж дууддаг Жамсран ахтай өвс авахаар утсаар ярьж тохиролцсон. Надад өгсөн өвс нь шар байсан учраас 3000 төгрөгөөр биш 2500 төгрөгөөр тооцож байна шүү гээд зөрүү мөнгө 250000 төгрөгийг шилжүүлж энэ талаар Жааяа ахад утсаар хэлж байсан. Өвсний мөнгө болох урьдчилгаа 1,5 сая төгрөг болон зөрүү мөнгө 250000 төгрөгийг манай эхнэр шилжүүлж байсан. Энэ 2-ын хэнийх нь данс руу шилжүүлсэнийг мэдэхгүй, бодвол эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн байх. Би Алтантуяатай өвс авах талаар ямар ч тохиролцоо хийгээгүй. Өвс авах, өгөх, үнэ ханш, урьдчилгаа бүгд түүний нөхөртэй ярьж тохирсон асуудал. Утсаар 2 хүнтэй зэрэг ярих боломжгүй гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунбатаас 373 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Алтантуяагий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд Д.Алтантуяа миний бие нь 2019 оны хадлангийн ажлаараа Д.Оюунбатад өгсөн өвснийхөө үлдэгдэл мөнгө болох 350 000 төгрөг буюу шүүхэд хандсан 23 000 төгрөгийн хамт 373 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Б.Оюунбатаас өвсний үнэ 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвсний үнэ 350 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 000 төгрөг, нийт 373 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Оюунбат нь 2019 оны 08 сард нэхэмжлэгч Д.Алтантуяатай 1 боодол ногоон өвсийг 3000 төгрөгөөр тооцож, 1000 боодол өвс авахаар тохирч, төлбөрийн урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Алтантуяагийн дансанд шилжүүлсэн, мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын эхээр 700 боодол өвс авч, өвсний үнэ гэж 250 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Алтантуяагийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгч Д.Алтантуяаг нэхэмжлэх эрхгүй, гэрээний харилцааны оролцогч болоогүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзлээ, Тухайлбал хариуцагч Б.Оюунбат нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд хариу тайлбарыг бичгээр гаргахдаа Миний бие Б.Оюунбат Д.Алтантуяа гэгч иргэнтэй 1 боодол ногоон өвсийг 3000 төгрөгөөр 1000 боодол өвс авахаар тохирч, 2019 оны 08 сард түлш, тос, мяндас, боолт, ажлын хөлсний урьдчилгаа болгож 1 500 000 төгрөг шилжүүлсэн, ... мөн үлдэгдэл мөнгө болох 250 000 төгрөгийг Д.Алтантуяад өгч, нөхөрт нь утсаар хэлсэн болно. гэжээ. /хх-ийн 12 дахь тал/
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг харгалзахгүйгээр хариуцагч Б.Оюунбатын шүүх хуралдаан дээр би нөхөртэй нь ярьсан, Алтантуяатай яриагүй. гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.Алтантуяаг хэргийн оролцогч биш гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.
Хэрэв хариуцагч Б.Оюунбат нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар гаргахдаа би нэхэмжлэгч Д.Алтантуяатай биш нөхөр Жамсрантай нь өвс бэлдүүлэхээр тохирсон гэсэн тайлбар гаргасан бол шүүх талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Алтантуяа нөхрөөсөө итгэмжлэл авах, эсхүл хэргийн нэг талын оролцогч гэдгээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Тухайлбал нөхөр Жамсрангаас итгэмжлэл авах гэх мэтээр хэргийн нэг талын оролцогч болох боломжтой байсан. Нөгөө талаар Д.Алтантуяаг хэргийн оролцогч биш гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Түүнчлэн хариуцагч Б.Оюунбат нь нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын эхээр авсан өвс нь шарласан байсан. Гэхдээ шарласан эсэх нь хамаагүй, би өгсөн 700 боодол өвсийг нь авсан. Би 1000 боодол өвс худалдаж авахаар тохирсон байсан. Би Баяндун сум явж 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр худалдаж авсан. Надад илүү зардал гарсан учраас 700 боодол өвсийг, 1 боодлыг 2500 төгрөгөөр тооцож, үлдэх 250 000 төгрөгийг эхнэр Д.Алтантуяагийн дансанд шилжүүлсэн. гэж тайлбар гаргаж байна. Хариуцагчийн гаргасан энэ тайлбараас үзэхэд нэхэмжлэгчтэй 1 боодол өвсийг 3000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон атлаа би 700 боодол өвс авсан, үлдэх өвсийг худалдаж авахад надад илүү зардал гарна. гэж үзэж, нэхэмжлэгч талтай тохирохгүйгээр өөрөө дур мэдэн 1 боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцож үнийг төлсөн нь гэрээний нэг тал дангаараа гэрээгээр тохирсон үүргийг /үнийг/ өөрчлөх эрхгүй юм. Иймд хариуцагчийг 700 боодол өвсний үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Б.Оюунбатаас 700 боодол өвсний үнээс төлөөгүй үлдсэн 350 000 төгрөгийг шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгч Д.Алтантуяа нь Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 000 төгрөгийг хариуцагч Б.Оюунбатаас шаардах эрхгүй.
Иймд нэхэмжлэгч Д.Алтантуяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Алтантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... хариуцагч Б.Оюунбатаас 350 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг ... 14 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунбатаас 11 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
З.ЭНХЦЭЦЭГ