Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 37

 

А.С-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, шүүгч Л.Н, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэртэй

            А.Сийн  нэхэмжлэлтэй

А.Бд холбогдох

машин болон засварын зардалд 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч А.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Анх Чд 1 сарын хугацаатай 2 500 000 төгрөг зээлээд мөнгөө өгөхгүй байсан болохоор хүү, алданги нь бодогдоод нийтдээ 4 000 000 төгрөг болсон байсан. Өмнө нь шүүх дээр тохиролцоод 4 000 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл 3 500 000 төгрөгт нь хүү А.Бы нэр дээр байгаа Nissan маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлж, дахин зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн асуудлаа шийдэж байсан. Машины мотор нь эвдэрсэн тул 1 800 000 төгрөгөөр засуулна гэсэн. Уг машиныг засварын хөлс 1 800 000 төгрөгийн хамтаар хүлээн авах хүсэлттэй байна. Эвдэрхий машины зах зээлийн үнэ нь 2 500 000 төгрөгөөс хэтрэхгүй учраас 2 500 000 төгрөгөөр үнэлж байна.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би А.Сээс 2019.01.08-ны өдөр 3 500 000 төгрөгийг бэлнээр тоолж аваагүй бөгөөд манай ээж Чын урьд авсан зээлийг л намайг авсан гэж зээлийн гэрээ байгуулан миний машиныг барьцаалсан. Манай ээж А.Ст зээлийн өрийн үлдэгдэлтэй. А.С өмнө нь зээлүүлсэн мөнгөн дээрээ хүү тооцоод 3 500 000 төгрөг болгосон бөгөөд дахин хүү тооцож буй нь үндэслэлгүй байна. Би А.Сийн мөнгийг хариуцахгүй. Хариуцагч биш гэж үзэж байна.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч А.Баас 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машин болон түүний моторыг засах зардал  1 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ст олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас улсын тэмдэгтийн хураамж 83 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ст олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч А.Бы давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 658 тоот шийдвэрээр тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух А.С-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн ТОСК-ийн байрны 42-15 тоотод оршин суух А.Б надад хариуцагдах машин болон засварын зардал 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцээд А.Сийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт зөв өгсөнгүй. Нэг зээлд хоёр өөр гэрээ байгуулаад байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж  үзэхэд эргэлзээтэй байна. Ч гэх хүнд 3 500 000 төгрөгийг хүү, алданги тооцож зээлдүүлсэн бөгөөд түүнийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр мөнгийг авахын тулд өөр гэрээг бусадтай байгуулж буй нь ойлгомжгүй байна.

            2. Автомашиныг барьцаалсан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн моторын үнэ 1 800 000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлоогүй. Ийм байхад шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.С нь А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн машин болон түүний засварын зардал 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.Баас “Хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт зөв өгсөнгүй... шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргасан нь үндэслэл бүхий байх тул гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй алдаа гаргажээ.

Анхан шатны шүүх “Хариуцагч А.Б машинаа А.Ст барьцаалсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, машин хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр 2020 оны 06 сарын 17-нд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна. Мөн хариуцагч А.Бы эзэмшилд буй 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машиныг нэхэмжлэгч А.С хариуцагч А.Бд шилжүүлэх үүрэгтэй нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч А.С Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч А.Баас өөрийн өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй юм” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар.Сайнбилэг нь А.Бы эх Ч.Чд холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00030 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх хэрэгт Ч.Ч А.Ст 4 000 000 төгрөг төлөхдөө 500 000 төгрөгийг бэлнээр төлж, 3 500 000 төгрөгт өөрийн хүү А.Бы эзэмшилд буй 94-69 АРА улсын дугаартай Nissan маркийн машиныг шилжүүлсэн тул нэхэмжлэгч А.С машиныг А.Бы хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь машины засварын зардал 1 800 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлдөө шилжүүлэн авсан машины засварын зардал 1 800 000 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийг 1 800 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэсгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын машин гаргуулах хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “болон түүний моторыг засах зардал 1 800 000 төгрөг” гэснийг хасаж, “олгосугай” гэснийг “олгож” гэж өөрчилж, “олгож” гэсний дараа “1 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын “83 750” гэснийг “54 950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч А.Б-ы гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 550 төгрөгөөс 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

                                        ШҮҮГЧИД                                      Л.Н

                                                                                               Г.У