Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01027

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэр,

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

А.Баярсайханд холбогдох

 

Машин болон засварын зардалд 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******ээс*******д холбогдуулан машин болон засварын зардалд 1,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машин болон түүний моторыг засах зардал 1,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 83,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын болон түүний моторыг засах зардал 1,800,000 төгрөг гэснийг хасч, олгосугай гэснийг олгож гэж өөрчилж, олгож гэсний дараа 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, 2 дахь заалтын 83,750 гэснийг 54,950 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч*******ы гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх тус хэргийн хэлэлцээд нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь би Сайнбилэгээс бодитойгоор огт мөнгө төгрөг аваагүй, үүнтэй Сайнбилэг өөрөө ч маргадаггүй. Би Сайнбилэгийн мөнгийг хариуцахгүй, хариуцагч биш гэж үзэж байна. Хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт зөв өгсөнгүй. Нэг зээлд хоёр өөр гэрээ байгуулаад байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн миний машиныг зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөгтөө нийцүүлэн доогуур үнэлж байгаа нь учир дутагдалтай байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь 3,500,000 төгрөгийн зээл авахдаа 9469 АРА улсын дугаартай Ниссан икстрайл маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн, унаж явахаар барьцаанд тавьсан, машины мотор нь эвдэрсэн, 1,800,000 төгрөгөөр засуулна гэсэн тул автомашиныг, засварын зардлын хамт гаргуулах хүсэлтэй байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч нь: ...нэхэмжлэгчээс мөнгийг зээлж, бэлнээр тоолж аваагүй, манай ээжийн өмнө авсан зээлд хүү тооцож 3,500,000 төгрөг болгоод дахин хүү тооцож намайг авсан мэтээр гэрээ байгуулж, миний машиныг барьцаалсан. Би энэ мөнгийг хариуцахгүй, миний машин зах зээлд 8,000,000 төгрөгийн үнэтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчийн маргаж буй үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй байх бөгөөд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтад дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашин, түүнд хийгдэх засварын зардлын хамт гаргуулахаар шаардлага гаргасан ба хариуцагч нь зээл аваагүй, автомашиныг зээлийн үүрэгт барьцаалсан гэж маргасан.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3, 493 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэсэн ба дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлээ шийдвэрт тодорхой заагаагүй байна.

 

10. Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан баримтаар тухайн автомашины эзэмшигч, өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэгдсэн болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх боловч зохигч хэн аль нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд автомашиныг барьцаалж, бүртгэлийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх тул зохигчийн хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан эсэх, дээрх хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар шүүх тодруулаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа түүний эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэлийн талаар дүгнээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт автомашиныг шаардсан, эсхүл өмчлөх эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасны аль нь болох нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00658 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ы гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.11.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                            П.ЗОЛЗАЯА

                                           Д.ЦОЛМОН

                                                    Х.ЭРДЭНЭСУВД