Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 658

 

                 129/ШШ2020/00658

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: А.С-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: А.Б-д холбогдох

Машин болон засварын зардал 1.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээл авсан. Гэвч зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул үндсэн зээл 3.500.000 төгрөг, хүү 2.100.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Амарсайхан овогтой А.Б-нь С.А-тэй уулзаж тухайн мөнгийг хэрхэн төлөх талаар ярилцах хүсэлттэй байна. Эхлээд 2.500.000 төгрөг авсан. Авсан мөнгөнөөсөө 500.000 төгрөг өгсөн. 2.000.000 төгрөгөнд дахин гэрээ байгуулсан. Яг үндсэн зээл 3.500.000 биш юм. Үлдэгдэл мөнгөн дээрээ хүү тооцож 3.500.000 болгож гэрээ байгуулсан. Үндсэн зээл 2.000.000 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгч А.С-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээл авсан. Энэ зээлийг авахдаа 94-69 АРА улсын дугаартай Xtrail маркийн автомашины нэхэмжлэгч А.С-миний нэр дээр шилжүүлсэн. Унаж явдагаар барьцаанд тавьсан. Машины мотор нь эвдэрсэн тул 1.800.000 төгрөгөөр засуулна гэсэн. Уг машины засварын хөлс 1.800.000 төгрөгний хамтаар хүлээн авах хүсэлттэй байна. Эвдэрхий машины зах зээлийн үнэ нь 3.500.000 төгрөгөөс хэтрэхгүй учраас 2.500.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. 

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б- нь А.С.А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би С.А-ээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлэн тоолж аваагүй бөгөөд урьд авсан манай ээж Чанцалдуламын зээлийг л намайг авсан гэж зээлийн гэрээ байгуулж миний машиныг барьцаалсан. Манай ээж С.А-т зээлийн өрийн үлдэгдэлтэй. С.А- нь өмнө нь зээлүүлсэн мөнгөн дээрээ хүү тооцоод 3.500.000 болгоод дахиад хүү тооцож буй нь үндэслэлгүй байгаа. Би С.А-ийн энэ мөнгийг хариуцахгүй. Хариуцагч биш гэж үзэж байна гэжээ. 

Нэхэмжлэгч А.С-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх н.Ч-д 1 сарын хугацаатай 2.500.000 төгрөг зээлээд мөнгөө өгөхгүй байсан болохоор хүү, алданги нь бодогдоод нийтдээ 4.000.000 төгрөг болсон байсан. Өмнө нь шүүх дээр тохиролцоод 4.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 3.500.000 төгрөгөнд нь хүү А.Б-ы нэр дээр байгаа X-Trail маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлээд дахиж зээлийн гэрээ байгуулаад өмнөх зээлийн асуудлаа шийдэж байсан байгаа. Миний хувьд автомашиныг засварын хөлстэй авах хүсэлттэй байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх А.С.А-, н.Чанцалдулам гэдэг хоёр хүний хооронд зээлийн гэрээ хийгдсэн байгаа. Тухайн гэрээний үлдэгдэл мөнгөн дээр А.Б-, А.С-нар гэрээ хийсэн байдаг. Гэрээг хийх үедээ ээжийнхээ зээлсэн мөнгийг төлөлцөнө гэснээ сүүлдээ би энэ 3.500.000 төгрөг гардаж аваагүй, надтай ямарч хамаагүй, ээжтэй хамааралтай асуудал байгаа гэж тайлбарласан. X-Trail маркийн автомашин нь надад байгаа ганц эд хөрөнгө байсан бөгөөд тухайн мөнгийг төлөх боломжтой эд хөрөнгө гэж өөрийн нэр дээр байсан X-Trail маркийн автомашинаа А.С.А-ийн нэр дээр шилжүүлж байсан. Тэрнээс би 3.500.000 төгрөгийг аваагүй, энэ хэргийн хариуцагч биш гэж хариуцагч А.Б- тайлбарласан. н.Чанцалдулам, нэхэмжлэгч А.С-нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан ба хүү, алданги тооцогдоод 4.000.000 төгрөг болсныг төлсөн гэж татгалзлаар батлаад хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа. Энэ нь нэг л эх сурвалж байгаад байна. Өмгөөлөгч миний зүгээс энэ хэргийг шүүх шийдсэн байна гэж үзэж байна. Нөгөө талаар хоёр дахь зээлийн гэрээ А.Б-тай хийгдсэн байдаг болохоор зээлтэй юм шиг харагдаж байна. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл нь мөнгө, алданги биш, автомашин, засварын хөлс 1.800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Автомашиныг барьцаанд тавьсан гэхдээ автомашиныг өөрөө унахаар барьцаанд тавьсан гэсэн боловч автомашины барьцааны гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн автомашины засварын хөлс 1.800.000 төгрөг гээд байгаа мөнгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй нотлох баримтууд хангалтгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад: 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С-нь хариуцагч А.Б-д холбогдуулан 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машин болон түүний моторыг засах зардал 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлд дурдаж буй үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, автомашин барьцаалсан гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, засварын хөлс 1800000 төгрөг болохыг батлах баримт байхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

1.Нэхэмжлэгч А.С.А-ийн шүүх хуралдааны шатанд өгсөн “... өмнө нь шүүхэд хандаж Чанцалдуламд холбогдуулан нэхэмжлэл гаргахад нэхэмжилсэн 4 сая төгрөгийн төлбөрт 500000 төгрөгийг бэлэн өгч үлдсэн төлбөрт өөрийн хүү А.Б-ы Nissan Xtrail машиныг надад шилжүүлэн өгсөн учир эвлэрч хэргийг шийдвэрлүүлсэн” гэсэн тайлбар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамж, Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 151 дугаартай албан бичгээр ирүүлсэн 9469АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн мэдээллээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч А.С- иргэн Чанцалдулам нарын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэсэн нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгч А.С-өөрийн өмчлөлд авсан Nissan Xtrail маркийн машиныг хариуцагч А.Б-аас нэхэмжилсэн маргааны үйл баримтыг шийдвэрлээгүй гэж дүгнэлээ.

2.Хариуцагч А.Б- машинаа А.С.А-т барьцаалсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, машин хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр 2020 оны 06 сарын 17-нд өгсөн тайлбараар тайлбараар тус тус тогтоогдож байна. Мөн хариуцагч А.Б-ы эзэмшилд буй 9469АРА улсын дугаартай дугаартай Nissan Xtrail маркийн машиныг нэхэмжлэгч А.С-хариуцагч  А.Б-д шилжүүлэх үүрэгтэй нь нотлогдохгүй байна. Иймд  нэхэмжлэгч А.С-Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч А.Б-аас өөрийн өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй юм.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч А.С.А-ийн нэхэмжлэлийн шаардлага болох машин болон машины моторын засварын зардлыг өгөхийг зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-т заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машин болон түүний моторыг засах зардал 1.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.С.А-т олгох нь зүйтэй. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч А.С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 83.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.С.А-т олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч А.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд  оролцохгүй, өөрийнх нь эзгүйд шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 94-69 АРА улсын дугаартай Nissan Xtrail маркийн машин болон түүний моторыг засах зардал 1.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.С.А-т олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 83.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.С.А-т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН