Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00016

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Ат холбогдох ажил гүйцэтгэх болон арилжааны гэрээний үүргийн биелэлт 29,750,000 /хорин есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, завины үнийн үлдэгдэл 8,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 9 дүгээр сард З.А нь Япон улсад үйлдвэрлэсэн моторт завийг надаас 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед З.А эхнэр Эрдэнэтуяа бид нар 2018 оны хавар 28,000,000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар моторт завины мөнгөө авах гэтэл бид хоёр Жанхайд газар эзэмшдэг юм үүнийгээ таны нэр дээр шилжүүлье гээд огт шилжүүлэлгүй алга болсон. Иймд З.Ааас 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б анх надад завь зарахдаа Япон улсаас оруулж ирсэн, ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч завь хүлээн авч, далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон. Тэгээд би ийм завь авахгүй гээд бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй. Харин завийг нь буцааж авах хүртэл түр ахынхаа хашаанд тавиулсан ч одоог хүртэл аваагүй. Иймээс би Д.Бод 28,000,000 төгрөг төлөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: З.А нь удаа дараа торх барьж өгнө гэж 1,750,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Тухайн үедээ торхоо нэхэмжлэгчид барьж өгөөгүй, мөн нэхэмжлэгчээс Япон улсад үйлдвэрлэгдсэн завь худалдаж аваад төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. З.А сөрөг нэхэмжлэл гаргахдаа Д.Б надаас 1,750,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд З.А нь торх барьж өгнө гэж амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад тохиролцсон хугацаандаа торхоо бариагүй байсан тул З.Ааас ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчсөн төлбөр болох 1,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: З.А миний бие Д.Б гээд хотын хүнтэй 28,000,000 төгрөгийн үнэтэй завь худалдан авахаар тохиролцоод өлтгөнд нь өөрийнхөө хуучин ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завиа 10,000,000 төгрөгт өгөөд, үлдэгдэлд нь Жанхайн хойд талд байрлах газар өгөхөөр тохиролцоод баталгааны бичиг үйлдсэн юм. Тэгээд Д.Б манай завийг тэр өдөртөө ачаад Сэлэнгэд аваачиж тавина гээд аваад явсан. Энэ завийг 10,000,000 төгрөгөөр тооцож өгч байсан бөгөөд одоог хүртэл миний нэр дээрээс нэрээ шилжүүлээгүй байгаа. Тэгээд Д.Б завийг минь аваад явсны дараа нөгөө надад өгсөн Япон улсаас оруулж ирсэн хуучин завь нь асахгүй байсан учир наймаагаа буцахаар болж завиа ав гэтэл засаад өгнө, бага зэрэг юмандаа л байгаа \бэнкс араа нь эргэсэн байгаа наадах чинь\ гэсэн. Харин эхнэр маань завь эвдэрсэн тэр даруй нь эвдэрхий завь авч яах гэсэн юм гээд авахаа болихоор болоод та энэ завиа ав гэж утасдсан чинь ах нь 1000 километрийн цаанаас яаж очих вэ? дараа жил очоод засаад өгье, хэрэв засагдахгүй бол наймаагаа буцна, засагдвал бичиг баримтаа шилжүүлж өгнө гэж хэлээд ирж завиа аваагүй. Тэгээд миний зүгээс дараа жил нь ирээд засаад өгчих юм байгаа биз гээд тохиролцсон газраа өгнө гэдгээрээ тэр газарт нь 3 ширхэг шовгорын торх бэлтгэж өгөхөөр болоод нэгийг нь 700,000 төгрөгөөр тооцож модоо бэлдээд, барьж өгөөд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-нд 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-нд 400,000 төгрөг нийтдээ 1,750,000 төгрөг авсан. Гэтэл Д.Б нь өөрийн завиа өнгөрсөн жил буюу 2018 оны зун 6 дугаар сарын сүүлээр Хатгалд ирээд нилээд удаад явахдаа завиа засаж байна гээд байсан. Тэгэхээр нь за яахав засчихвал авчихна гэж бодож байсан. Тэгсэн чинь завиныхаа урд үзүүрийн дээд тагийг тайраад авсан, эд ангийг нь ухаж төнхөөд бүүр ажиллахааргүй болгоод явахдаа ч бидэнд хэлэлгүйгээр, уулзалгүйгээр яваад өгсөн. Тиймээс би бүүр наймаа буцсан гэж ойлгосон. Тэгээд наймаа буцсан учир манайх энэ торхоо ч, газраа ч өгөхөө болиод газраа 2018 оны 8 дугаар сард хүнд зарсан. Би одоо өөрийнхөө завины үнэ 10,000,000 төгрөгөөс торх барьж өгнө гэж авсан 1,750,000 төгрөгөө хасаад одоо манайх Батзоригтоос 8,250,000 төгрөг авах авцаатай байгаа.

... Иймд миний эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий завины үнийн үлдэгдэл 8,250,000 төгрөгийг Д.Боос гаргуулж өгнө үү. Энэхүү сөрөг нэхэмжлэлийг Д.Бын завины үнэ болох 28,000,000 төгрөг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлийн хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Тухайн үед З.А нь завины үнэнд оролцуулсан газар дээр 3 ширхэг торх барьж өгөхөөр тохиролцсон байсан юм. ... Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу би 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг руу өөрийн биеэр очиж арилжаа хийсэн газраа болон 3 ширхэг торхоо үзэхээр ирэхэд өөр хүнд зарчихсан байсан ба миний усан завь ч байхгүй болсон учир би тухайн өдрөө З.Аыг эрж хайж байгаад олж очиход ахынхаа хашаанд миний усан завийг аваачиж тавьсан байсан. Үүний дараа завиа асааж үзэх гэтэл мотор нь нам гацсан байсан. Анх З.А нь стартер /астачир/ нь эвдэрсэн гэж байсан боловч стартерыг нь солиод зүгээр болохгүй байсан учир тухайн газрынхаа цагдаад өргөдөл бичиж өгсөн. Гэтэл цагдаа энэ хүнийг хайгаад олдохгүй байна гэж хэлсээр 15 хоносон учир би арга бараад буцаад Улаанбаатар хот руу явах замаараа буюу Мөрөн сумаар дайрч өмгөөлөгч Д.Содномдорж гэх хүнтэй уулзаж өмгөөлөгчөөр авахаар болж, учир явдлыг бүгдийг нь ойлгуулж хэлээд өөрөө Улаанбаатар хот руу гэрлүүгээ явсан байгаа. Иймд одоо З.Ат торх бариулахаар шилжүүлсэн 1,750,000 төгрөг, завины үнэ 28,000,000 төгрөг, нийт 29,750,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд З.А нь Прогресс маркийн завиа 10,000,000 төгрөгөөр үнэлж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг завь нь Монгол улсад орж ирээд олон жил болсон. Ашиглах хугацаа нь бараг дууссан байсан. Би уг завийг улсын үнэлгээчнээр үнэлүүлэхэд 2 сая гаруй төгрөгөөр үнэлсэн байсан. Иймд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас завийг үнэлсэн үнэлгээчний мөнгөн дүнг хасаад үлдэх хэсгийг З.Ааас гаргуулах хүсэлтэй байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч З.Ааас 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,750,000 /найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, хариуцагч З.Аын нэхэмжлэгч Д.Бод холбогдуулан гаргасан 8,250,000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,900 /гурван зуун дөчин мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас 256,700 /хоёр зуун тавин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 146,950 /нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс хэрвээ З.Аын Прогресс маркийн завины үнийг 10 сая төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн бол Япон улсад үйлдвэрлэсэн завины үнэ 28,000,000 төгрөгөөс хасч тооцвол 18,000,000 төгрөг үлдэнэ. Харин нэмэгдүүлсэн шаардлага 1,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр талуудыг эвлэрсэн гэж үзээд улсын тэмдэгийн хураамжийг эвлэрч байгаа нэхэмжлэлийн шаардлагад хувааж гаргуулахаар шийдвэрлээд завины үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг дээр 1,750,000 төгрөгийг нэмэхээр 19,750,000 төгрөгийг гаргуулах тооцоолол гарч байхад 21,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх бүхнээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бүрэн тодорхойлж чадахгүй буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн моторт завины хувьд 2017 оны 7-р сарын 5-ны өдөр гэхэд өмчлөх эрх нь баталгаажсан, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө байсан эсэхээ нотолж чадахгүй, харин ч өмнөх эзэмшигчээс нь шилжүүлэн авсан тухай нотариатаар батлуулсан тодорхойлолтыг 2019 оны 11-р сарын 25-нд баталгаажуулж шүүхэд гаргаж өгч байгаа, мөн Цэрэнтогтох гэсэн нэрээр бүрдүүлэлт хийж гаалиар оруулсан мэдүүлэгтэй боловч одоог хүртэл Далайн захиргаанд бүртгэгдээгүй, З.А болон Цэрэнтогтох нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учир бүртгэх боломжгүй гэсэн баримтаас харахад одоог хүртэл дээрх завины үнийг нэхэмжлэх бодит боломж, хууль зүйн хувьд одоог хүртэл Д.Бод байхгүй байгаа тул нэхэмжлэх эрхгүй, эрхийн хувьд доголдолтой эд хөрөнгө байна.

Хэрвээ Д.Б энэхүү завины өмчлөгч нь мөн гэж үзвэл одоог хүртэл энэ эрхээ алдаагүй, 2018 оны зун ирэхдээ завины эд ангийг тайрч, эвдэж, хадгалалтын хөлсийг өөрөө төлж байгаа үйлдэл нь З.Ат бүр мөсөн хүлээлгэж өгөөгүй гэдгийг харуулж байна. Энэ талаар гэрч Ч.Нямдалайгийн мэдүүлэг, гэрэл зураг, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар олон янз эргэлзээтэй байгаа нь завийг эвдээгүй гэх тайлбарыг нотолж чадахгүй, өөр нотлох баримт байхгүй байна. Мөн завь нь эд хөрөнгийн хувьд доголдолтой бөгөөд түүнийг тухайн цаг хугацаанд хүлээн авсан боловч шалгах боломжгүй, илрээгүй доголдлыг 6 сарын дотор илрүүлсэн байна. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 254.6 дахь заалтыг буруу тайлбарлаж 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн завийг Д.Б тайрч зориулалтын бус болгосон гэх гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын хувьд ач холбогдолтой байх тул үүнийг эд хөрөнгийн доголдолтой гэж үзнэ. Харин эрхийн доголдолтой гэдгийг Далайн захиргаанаас мэдсэн, эд хөрөнгийн доголдолтой болохыг нь тухайн үед мэдээд худалдагчид хэлсэн ч засч өгөх хугацаа авч 2018 оны зун засахаар ирэхдээ дахин эвдээд хүлээлгэж өгөөгүй байдлууд нь дээр зөрчил, доголдолтой холбогдуулан худалдан авагч З.А гэрээг цуцлах эрх үүсэж байгааг харуулж байна. Иймд нэхэмжлэгч Д.Бын гаргасан 29,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс завины үнэ 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл 8,250,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2020/0341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч З.Ат холбогдуулан гэрээний үүргийн биелэлт болох завь худалдсаны үнэ 28 000 000 төгрөг, торх бариулсны хөлс буюу ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1 750 000 төгрөг, нийт 29 750 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч З.А нь нэхэмжлэгч Д.Бод холбогдуулан Япон улсад үйлдвэрлэсэн Ямаха маркийн завины үнэнд оролцуулж өгсөн М71ХӨ улсын дугаартай “Прогресс” маркийн завины үнээс үлдэх үнэ 8 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б нь М.Цэрэнтогтохын нэр дээр япон улсаас оруулж ирсэн, 1974 онд үйлдвэрлэгдсэн, Yamaha маркийн, зэрэгцээ 2 суудалтай, цагаан шаргал өнгөтэй, 2 метр өргөн, 6.5 метр урттай завийг бусдад худалдсаны үнэ нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу болжээ.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт М.Цэрэнтогтох, Д.Б нарын хооронд дээрх завины өмчлөх эрх шилжсэн талаарх баримт байхгүй, ямар баримтаар Д.Б нь тухайн завины өмчлөгч, эзэмшигч мөн болох нь тогтоогдохгүй байна.

Хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд авагдсан Д.Бод завь худалдсан тухай М.Цэрэнтогтохын “Миний бие М.Цэрэнтогтох ИА89122636 би 2017оны 7 сарын 4 өдөр иргэн Доржсүрэнгийн Батзоригтод япон улсад үйлдвэрлэсэн 8 хүний суудалтай завийг 28 сая төгрөгөөр зарж борлуулсан нь үнэн болно. Тухайн үед тус завийг бичиг баримт /гаалийн бичиг/ худалдах худалдан авах гэрээ байгуулж хүлээлгэж өгсөн. Тус завь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан болно” гэсэн тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй.

Усан замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 8.4, 16 дугаар зүйлд “Усан замын тээврийн хэрэгслийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч, шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгүүлэх”-ээр заасан ба эд хөрөнгийн өмчлөх эрх тодорхойлолтын үндсэн дээр нэхэмжлэгч Д.Бод шилжихгүй юм.

Хэрэгт авагдсан М.Цэрэнтогтохын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын хилээр дээрх завийг оруулж ирэхдээ бүрдүүлсэн “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” болон ханз бичвэр /япон/-тэй 5 хуудас баримтыг үнэлэн Д.Быг уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй.

Иймд завины өмчлөгч, эзэмшигч нь хэн болохыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Ямаха маркийн завины үнэнд оролцуулж өгсөн М71ХӨ улсын дугаартай “Прогресс” маркийн завины үнийн талаар зохигч маргаантай байх тул энэхүү завины үнийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосны эцэст хэргийг шийдвэрлэх зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2020/00341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 700 /гурван зуун зургаан мянга долоон зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                    Н.БАЯРХҮҮ