Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00105

 

  

Д.Батзоригтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2020/00341 дүгээр шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

 

Д.Батзоригтын нэхэмжлэлтэй,

З.Анхбаярт холбогдох,

 

29,750,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

8,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Батзоригт, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаягалан оролцов.

 

1. Нэхэмжлэгч Д.Батзоригт нь хариуцагч З.Анхбаярт холбогдуулан худалдан авсан моторт завины үнэ 28,000,000 төгрөг, торх хийхээр авсан 1,750,000 төгрөг, нийт 29,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...моторт завь нь эвдэрхий байсан бөгөөд засч өгнө гээд засаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...гэж маргаж, ...харин би өөрийнхөө Прогресс маркийн завийг моторт завины үнэд тооцон шилжүүлсэн тул завины үнэ 10,000,000 төгрөгөөс торх барьж өгнө гэж авсан 1,750,000 төгрөгийг хасаад 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ...Прогресс маркийн завийг 10,000,000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлгээчнээр үнэлүүлэхэд 2,000,000 гаруй төгрөг болсон гэж маргажээ.

 

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2020/00341 дүгээр шийдвэрээр: ...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэмэмжлэгчийн моторт завины үнэ 28,000,000 төгрөг дээр торх бариулахаар өгсөн 1,750,000 төгрөгийг нэмж, нийт 29,750,000 төгрөгөөс хариуцагчийн Прогресс завины үнийн үлдэгдэл 8,250,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 21,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй... гэж дүгнэн, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч З.Анхбаяраас 21,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батзоригтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,750,000 төгрөгийг, хариуцагч З.Анхбаярын нэхэмжлэгч Д.Батзоригтод холбогдуулан гаргасан 8,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар магадлалаар: ...хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийг моторт завины өмчлөгч гэж үзэх боломжгүй, завины өмчлөгч, эзэмшигчийг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх, ...түүнчлэн Прогресс завины үнийн талаар зохигч маргаантай байх тул эрх бүхий байгууллагаар үнийг тогтоолгосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй... гэж дүгнэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2020/00341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Д.Батзоригт, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Батзоригт нь М.Цэрэнтогтохын нэр дээр Япон улсаас оруулж ирсэн, 1974 онд үйлдвэрлэгдсэн, Ямаха маркийн, зэрэгцээ 2 суудалтай, цагаан шаргал өнгөтэй, 2 метр өргөн, 6.5 метр урттай завийг бусдад худалдсаны үнэ нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу болжээ... гэж үндэслэсэнд гомдолтой байна.

Учир нь 2017.07.03-ны өдөр нэхэмжлэгч Д.Батзоригт иргэн М.Цэрэнтогтохоос Япон улсад үйлдвэрлэгдсэн завийг худалдаж авсан тухай тодорхойлолтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгааг давж заалдах шатны шүүх үнэлээгүй орхигдуулсан. Мөн нэхэмжлэгч Д.Батзоригт шүүхийн хэлэлцүүлэгт З.Анхбаярт худалдан борлуулахдаа М.Цэрэнтогтохоос худалдаж авсан гэрээг хүлээлгэн өгсөн тухайгаа тайлбарласныг давж заалдах шатны шүүх орхигдуулсан. Далай захиргааны газарт завь бүртгэж, дугаар олгож өгөх тухай хүсэлтийг хариуцагч З.Анхбаяр гаргаж өгсөн байдаг. Хариуцагч З.Анхбаяр нь 2017, 2018 онд тус завиар Хөвсгөл далай дээр орлого олсныг нэхэмжлэгч бусдаар дамжуулж мэдсэн тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Давж заалдах шатны шүүх тус завины хууль ёсны өмчлөгчөөр Д.Батзоригт байгаагүй гэж үндэслэсэн нь учир дутагдалтай юм.

4.2. ...Ямаха маркийн моторт завины үнэнд оролцуулж өгсөн М71ХӨ улсын дугаартай Прогресс маркийн завины үнийн талаар зохигч маргаантай байх тул энэхүү завины үнийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй... гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Батзоригт тус завинд үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэ нь 2,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгч Ямаха завиа зарахдаа Газар, прогресс завь авахаар тохиролцсон ба тухай үед завиа хариуцагч З.Анхбаяр 1,500,000 төгрөгт бодож өгсөн тухай удаа дараа нэхэмжлэгч тайлбарласныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй шууд үнэлэх ёстой байдлаар тайлбарласанд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017 оны 09 дүгээр сард хариуцагч нь Япон улсад үйлдвэрлэсэн моторт завийг 28,000,000 төгрөгөөр худалдаж авахаар, төлбөрт нь өөрийн өмчлөлийн Прогресс завь, зуслангийн газраа өгөхөөр тохиролцсон, 2018 онд төлбөрийг төлөхөөр тохирсон боловч Жанхайд эзэмшдэг өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлж өгнө гээд шилжүүлэлгүй алга болсон, мөн тус газарт торх барьж өгөхөөр 1,750,000 төгрөгийг авсан боловч тохиролцсон хугацаандаа торхоо барьж өгөөгүй тул завины үнэ, торхны төлбөрт нийт 29,750,000 төгрөгийг нэхэмжилж байна, ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан,

 

хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...моторт завь эвдэрхий байсан, өөрөө засч өгнө гэсэн боловч засаагүй, харин завины үнэд өөрийн Прогресс завийг 10,000,000 төгрөгт тооцож өгсөн тул торхны ажлын хөлсөнд өгсөн 1,750,000 төгрөгийг хасаад зөрүү 8,250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна... гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд арилжааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...хариуцагч гэрээнээс татгалзах саналаа нөгөө талдаа мэдэгдээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож... гэсэн утгатай дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Тус шүүхийн энэ дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

8. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдснаас гадна хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.1.-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагч доголдлын талаар хуульд заасан хугацаанд худалдагчид мэдэгдсэн, улмаар худалдагч буюу нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, завийг засч өгнө гэж хэлсэн, улмаар дараа 2018 оны 07 сард ирж завиа засч, завины хошууг тайрсан байсан, тийм завь далайд явах боломжгүй гэж эрх бүхий этгээд хэлсэн тул нэгэнт завийг худалдан авах боломжгүй болсон үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сард өөрийн зуслангийн газрыг бусдад худалдсан гэх хариуцагчийн тайлбар, 2018 оны 7 сард газраа авахаар Хөвсгөлд ирэхэд газраа өөр хүнд зарсан байсан, газраа өгөөгүй зугтааж алга болсон талаарх нэхэмжлэгчийн тайлбарын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагчийг доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Батзоригт, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Батзоригоос 2020.05.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД