Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00021

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

Л.Б-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Б.Гр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 575 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Л.Б-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Гт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бат-Эрдэнэ нь 2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоотод байрлах хашаа бүхий газрыг иргэн Г.Батпүрэвээс худалдан авч 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 0372830 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Улмаар нэг удаа газар өмчлөн авах эрхээ эдэлж хүсэлт гарган 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр              Б-1723002747 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан юм. Гэтэл дээрх хашаа бүхий газрыг эзгүй байх хооронд Бумбын Ганбаатар гэгч этгээд дураараа авирлан бууж улмаар өнөөдрийн байдлаар төрсөн эгчийнх нь гэх айл нэмэгдэж хоёр айл миний газрыг хууль бусаар эзэмшин газраа эзэмшихэд минь саад учруулж байна.

... Иймд Б.Гаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоот хашаа бүхий газрыг албадан чөлөөлүүлж иргэн Д.Б миний бодит эзэмшилд шилжүүлж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ газрыг 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 6 тоотод зуны амбаарт амьдарч байхдаа Цэцэнбаяр гэдэг хүнээс 2004 онд газар байхад нь аваад 2 тал хашаа барьж, жорлон ухсан. Газрын гэрчилгээ авах боломжгүй байсан. Манайх одоо 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 7 тоот гэсэн хаягаар явдаг. Одоо болтол амьдарч байна.  ... Д.Б гэгч нь надаас 9 дүгээр багийн 25-08 тоот газрыг нэхэмжилж өргөдөл гаргасан байна. Би Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоот хашаанд 2010 оны 11 дүгээр сард Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийсэн юм. Газрын албанаас явж байна гээд бичиг баримт дээр гарын үсэг зур гэсэн би өөрөө ч танилцаж амжаагүй байхад гарын үсэг зуруулан, газраа гурав хоногийн дотор сулла гэсэн, үүнд гэр бүлийн хүн бид хоёр гомдолтой байна. Үүнийг та бүхэн шийдвэрлэж өгнө үү. Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоотоор гэрчилгээ гаргачихаад яагаад Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоотыг нэхэмжлээд байгаа учрыг олж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар гуай 2004 онд энэ газрыг Цэцэнбаяр гэж хүнээс худалдаж аваад хашаа болон жорлон барьж өөрөө тохижуулж амьдарсан гэдэг. Тэгээд эхнэрийнх нь биеийн байдал муу, амьдралынх нь боломж бололцоо муу байснаас болж Улаанбаатар хотод нэлээд олон жил амьдарч энэ газрынхаа гэрээ, гэрчилгээний асуудлыг шийдэж чадахгүй хугацаа алдаж олон жил өнгөрсөн юм байна лээ. 2018 оны 4 дүгээр сард газрын албанд хандахад өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөлийн газар дээр буусан байна гэсэн асуудлаас болоод гэрээ гэрчилгээнийхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй ийм байдалд хүрсэн байгаа юм. Анх газар худалдаж авахдаа Цэцэнбаяр гэдэг хүнээс гэрээ хийж гарын үсэг зурсан зүйл байхгүйгээр авсан учраас одоо ийм байдалд хүрсэн байгаа. Бат-Эрдэнэ гэдэг хүн Батпүрэв гэдэг хүнээс 2010 онд худалдаж аваад 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж аваад 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Энэ хугацаа нь өнгөрсөн байна гэж үзэж байна. Үүнээс хойш шүүхэд гомдол хүсэлтээ гаргаад явж байсан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй, 2018 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч энэ хугацаанд нэхэмжлэл гаргах үед шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлах 737,4м2 өмчлөлийн газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Гт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Л.Б-ийннэхэмжлэлтэй хариуцагч Б.Гт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч миний гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна. Учир нь: 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01526 дугаартай шүүгчийн захирамжид: “...н.Батпүрэвийн хаяг тодорхой бус, мөн хэргийн зохигч нь уг хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дуусч байхад гаргаж байх бөгөөд энэ нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзав...” гэжээ. Уг хүсэлтэд н.Батүрэвийн албан ёсны оршин суух хаягийг тодорхой бичсээр байтал хаяг тодорхой бус гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь ойлгомжгүй. Мөн зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлтээ гаргах эрхтэй байхад “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дуусч байхад ...” гэх үндэслэлээр хууль бусаар татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчлөө. Гэрч асуулгах хүсэлт гаргаад буй гол шалтгаан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан “Миний бие Д.Бат-Эрдэнэ нь 2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоотод байрлах хашаа бүхий газрыг иргэн Г.Батпүрэвээс худалдан авч .... газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан юм” гээд “...гэтэл дээрх хашаа бүхий газрыг эзгүй байх хооронд Бумбын Ганбаатар гэгч этгээд дураараа авирлан бууж улмаар өнөөдрийн байдлаар төрсөн эгчийнх нь гэх айл нэмэгдэж хоёр айл миний газрыг хууль бусаар эзэмшин газраа эзэмшихэд саад учруулж байна” гэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага, агуулга үндэслэлтэй эсэхийг нотлох, улмаар Г.Батпүрэв нь Д.Бат-Эрдэнэд газрыг худалдахаас өмнө маргаан бүхий газрыг Бумбын Ганбаатар Г.Батпүрэвээс давуу эрхээр худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхэд шаардлага гарган шүүхээр эрхээ хамгаалуулах, хэргийн оролцогчийн хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэн мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан ч эрхийг нь ноцтой зөрчсөн. Бодит байдал дээр маргаан бүхий газрын эзэмшигч, өмчлөгч гэх Д.Бат-Эрдэнэ болон Г.Батпүрэв нар нь тухайн газрыг огт эзэмшиж байгаагүйн дээр газар дээрээ нэг ширхэг ч шонгийн мод хатгаж, жорлон 00-ийн асуудал шийдээгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийж Газрын тухай хуульд зааснаар газраа бодитоор эзэмшээгүй бөгөөд Бумбын Ганбаатарын хийсэн хөрөнгө оруулалт, хөдөлмөр хөлсийг өөрсдийнх нь юм шиг нэхэмжлэлдээ дурьдан маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг буруу тогтоон хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр ч бодит байдалд нийцэхгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 575 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Гт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот хашаа бүхий газрыг албадан чөлөөлүүлж, эзэмшилд шилжүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “ ...Манайх  Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07 тоотод оршин суудаг. Гэтэл 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотоор гэрчилгээ гаргачихаад 07 тоотыг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжийн дагуу  Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлах газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болжээ.

Харин хариуцагч Б.Г Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07 тоотод оршин суудаг нь багийн Засаг даргын албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, иргэний үнэмлэх дэх бичилтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлах газрыг өмчлөх эрхтэй атал тус гудамжны 07 тоотод оршин сууж буй Б.Гыг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нь ойлгомжгүй, уг газрууд дугаарлалт өөр нэг кадастртай газар эсхүл өөр өөр газар эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан Мөрөн сумын Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А-02 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.2-т зааснаар хүргүүлсэн тус сумын Засаг даргын  2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  01/924 дугаартай албан бичгийг өмчлөх эрх олгосон захирамж, кадастртай холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэх  үндэслэлгүй.    

Иймд Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07, 08 гэж дугаарлагдсан   газрын  талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүд давхацсан эсэх талаарх газрын кадастртай холбогдсон асуудлаа Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан “... газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар” шийдвэрлүүлсний дараа газар өмчлөх эрхтэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх нь  зүйтэй. Учир нь кадастр, хашааны дугаарлалт давхацсан эсэх, түүнтэй холбоотой өөрчлөлт хийх эсэх  нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал юм.  

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангаагүй дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь бурууг дурдах нь зүйтэй. Мэргэжилтэн Б.Энхмаагийн ирүүлсэн “Шинжээчийн дүгнэлт” нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүйгээс гадна мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан дүгнэлтэд тусгавал зохих зүйлийг тусгаагүй, тухайлбал: шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар тодорхойгүй,  шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл тусгаагүй, “шинжээчийн бүрэлдэхүүнд:” гэж гарын үсэг зурснаас шинжилгээг дангаар эсхүл хэд хэдэн шинжээч хийсэн эсэх нь тодорхойгүй учир түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс нарын гаргасан хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийнХөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот хашаа бүхий газрыг албадан чөлөөлүүлж, эзэмшилд шилжүүлж, зөрчигдсөн эрх сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийннэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 28,550 төгрөг, мөн зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 28,550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                                       Б.СОСОРБАРАМ