Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00023

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

                                                                            

А.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням-Очир, хариуцагч Б.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 724 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: А.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г, Хатгал тосгоны Захирагч Б.Г нарт холбогдох 9,436,323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол 2,111,542 /хоёр сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны ээлжит сонгуулиар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгон багийн Засаг даргаар иргэдийн олонхийн саналаар сонгогдож, сумын Засаг дарга Т.Г захирамж гарган томилж, батламж гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2018 оны 12 сарын 05-ны өдрийн хуралдаанаар 6 дугаар багийг татан буулгасан тогтоолыг надад Хатгал тосгоны захирагч Б.Г өгсөн болно. Би тухайн үед уг тогтоолыг үндэслээд сумын Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаж өгөх байх гээд ажил үүргээ гүйцэтгэн явж байтал 3 сард цалин олгогдоогүй болно. Тухайн үед миний бие сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд, мөн багийн даргын хувьд иргэд намайг засаг захиргааны анхан шатны нэгж юу болж байна, энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандаад яв гэсэн. Захиргааны хэргийн шүүхэд миний бие хамгийн сүүлд 10 дугаар сар хүртэл хөөцөлдөж явсан. Хөөцөлдөж байх хугацаандаа Хатгал тосгоны захирагч Ганбаатараас халагдсан тушаал шийдвэрээ авъя гэж удаа дараа хэлсний эцэст Ганбаатар дарга 4 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ганболдод ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргаж өгнө үү гэсэн тоот явуулж байсныг шүүх дээр ирж мэдсэн. Тухайн үед би сумын иргэдийн төлөөлөгчийн хувьд удаа дараа утсаар болон өөрийн биеэр уулзаж Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ганболдоос ажлаас халагдсан тушаал, шийдвэрээ авъя гэхэд чи Захиргааны хэргийн шүүхээр явж байгаа, шүүхийн шийдвэр гаргаагүй байгаа учраас өгөх боломжгүй гэсэн утгатай хариуг өгч байсан. Тиймээс арга буюу би хохирч иргэний хэргийн шүүхэд хандсанаар ажлаас халагдсан тухайгаа мэдсэн.

Иймд 2019 оны 3 дугаар сараас эхлэн 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийт 13 сарын цалин буюу нийт 9,436,323 төгрөгийг засаг дарга Т.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн иргэдийн хүсэлт, Тосгоны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Алаг- Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Улмаар уг тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн даргаар ажиллаж байсан Андрейн Баттүшигийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг чөлөөлсөн Захирамжийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартайгаар гаргаж Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Тус захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаартай ажил хүлээлцэх тухай захирамжаар Баттүшигийн ажлыг хүлээлцсэн байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай тогтоолд: Татан буугдсан Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргын цалин, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгуулахыг аймгийн Засаг дарга /Л.Ганболд/-д үүрэг болгосугай гэж заасан бөгөөд А.Бийн нэхэмжилж буй цалин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад бус Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны төсөвт тусгагдсан байх боломжтой. Өөрөөр хэлбэл А.Б нь цалин гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон байна. Ажилгүй байсан хугацааны цалин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож, ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно гэж заасан байгаа. Тиймээс энэ хүн нэгэнт ажлаа хийгээгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан ч гэсэн ажилдаа буцааж тогтоолгох тухай хүсэлтийг гаргаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч А.Бийн нэхэмжилж байгаа 13 сарын цалин болох 9.436.323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2019 оны төсвийг батлахдаа багийн төсөв, цалин батлаагүй. Батлагдсан орон тоонд Багийн засаг дарга гэсэн орон тоо батлаагүй байна. Харин харьцуулбал: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2018 оны төсвийг батлахдаа багийн Засаг даргын цалин гэж баталсан байдаг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 13-р тогтоолын 1 дүгээр заалтаар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Тус тогтоолын 2 дугаар заалтаар Хатгал тосгоны иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулалт хийж ажиллахыг Хатгал тосгоны захирагч Б.Гт үүрэг болгосон. Мөн Сумын засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон, Байгууллагын дотоод журмын 1.4, 4.2, 4,2 дэх заалтыг хэрэгжүүлэлгүй А.Б нь багийн засаг даргаар ажиллах 2019, 2020 онд боловсруулж батлуулсан төлөвлөгөө байхгүй, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, Байгууллагын дотоод журмын 4.1-д заасан ямар нэг чөлөө аваагүй. Хэрэв А.Б нь 2019 онд ажилласан бол үйл ажиллагаагаа багийнхаа ИНХ-аар хэлэлцүүлж дүгнэлт тогтоол гарах байсан боловч дүгнүүлээгүй. ...А.Б нь баг татан буугдсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-нд Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 21-нд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байгаа нь тухайн шийдвэрийг тухайн үед нь олж мэдсэн байсан, цаашид өөрийнхөө төлөө ямар нэг ажлын байранд орох тухай сумын Засаг даргын тамгын газар, тосгоны Захирагчийн ажлын албанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй, боломж байгааг удаа дараа хэлж байсан болно. Төрийн албаны тухай хуулийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.” гэсний дагуу үзэхэд 2019 он, 2020 онд А.Бийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож байгуулсан гэрээ, төлөвлөж батлуулсан, хийсэн ажлыг хамгаалсан тайлан огт байхгүй учир цалин хөдөлмөрийн хөлс олгогдоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 38.1.3-т “цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих” гэсний дагуу А.Бт албан ёсоор сумын засаг даргын Тамгын газар болон тосгоны Захирагчийн ажлын албанд саналаа тавих боломж байгааг удаа дараа хэлж байсан.

Иймд А.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: А.Б нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн ажилдаа ирээгүй, ажлын цагийн бүртгэл дээр цаг бүртгүүлсэн тэмдэглэл байхгүй болно. Тухайн албан хаагч нь Байгууллагын дотоод журмын 4.1-д заасны дагуу Захирагчийн ажлын албанд хандаж чөлөө, амралт авах тухай хүсэлт огт ирүүлээгүй. Мөн сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байхад А.Б нь 2019 онд байгуулсан Үр дүнгийн гэрээ байхгүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, Байгууллагын дотоод журмын 1.4, 4.1, 4.2-ыг зөрчин утсаар цагаа бүртгүүлэн өөрийн буруутай үйлдлээрээ алдаа дутагдал гаргаж 01 дүгээр сар, 02 дугаар сард цалин авсан байна. Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.4-д “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” гэсний дагуу багийн ИНХ-аараа сар, улирал бүр тооцуулж цалин авах ёстой байдаг.

Иймд ...Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох нийт 2,111,542 төгрөгийг багийн Засаг дарга асан А.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч Б.Г нарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 9,436,323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г нь нэхэмжлэгч А.Бт холбогдуулан гаргасан захирагчийн ажлын албанд учруулсан хохирол 2,111,542 /хоёр сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г нь тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Б давж заалдах гомдолдоо: А.Б миний бие Хөвсгөл аймгийн иргэний хэргийн анхан шатны 2020 оны 3 дугаар сарын 31 өдрийн дугаар 724 шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Уг шийдвэрийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн заалтыг зөвшөөрөхгүй байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг хууль тогтоомжийн хүрээнд үнэлж, дүгнэж шийдвэр гаргасангүй. Тухайлбал, миний бие Багийн Засаг даргын албан тушаал эрхэлж байсан бөгөөд энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар Төрийн улс төрийн албан тушаалд хамаарна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан байгаа. Иймд улс төрийн албан хаагчийн тухай нарийвчилсан хууль одоогоор гарсан юм байхгүй гол дагаж мөрдөх хууль бол Төрийн албаны тухай хууль Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдлөг болгохоор хуульчилсан байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, батламж гэрээг 4 жилийн хугацаатай байгуулан ажилладаг бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлж байгаа шийдвэрийг өдөрт нь өгөх үүрэгтэй бол Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 01-нд гаргасан захирамжаа надад огт гардуулаагүй, мөн энэ шийдвэрийг үндэслэн Хатгал тосгоны Захирагч Б.Г нь ажил хүлээлцэх захирамж 2019 оны 6 дугаар сарын 07-нд гаргасан мөртлөө мөн надад гардуулаагүй, ямар нэгэн шийдвэр өгөхгүй багийг татан буулгасан шийдвэр нь албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээрх шийдвэрүүдийг шүүхээс мэдсэн болно. Шүүхийн мэтгэлцээнд миний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсөөс ажлаас чөлөөлсөн захирамжийг А.Бт гардуулсан уу? гэхэд байхгүй гэж, хариуцагч Б.Ганбаатар ажил хүлээлцүүлэх захирамжийг А.Бт гардуулсан юм байна уу? гэхэд байхгүй гэж тус тус хариулт өгсөн байгаа болно. Шүүхийн хавтас хэрэгт баримт гардуулсан талаарх нотлох баримт нэг ч байхгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тодорхой заасан байгаа. Баг татан буугдсан тогтоол гаргуулаад албан ёсоор албажаагүй миний цалингийн сан байгаад байхад миний орон тоон дээр ямар ч сонгон шалгаруултгүйгээр 3 албан хаагч томилон ажиллуулж байгаа болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна.” гэж заасан байгаа. Чөлөөлсөн шийдвэртээ багийн Засаг даргаар томилоод батламж гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгосон заалт байхгүй. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хатгал тосгоны Улсын бүртгэгч Д.Сайнбаярын “Алаг-Эрдэнэ сумын 6-р баг албан ёсоор татан буугдаж хаягийн өөрчлөлт ороогүй” гэсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан одоогийн байдлаар албан ёсоор татан буугдаж өөрчлөлт оруулаагүй байгаа гэх лавлагаа, иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргасангүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байгаа бөгөөд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж л ажлаас чөлөөлсөн шийдвэр, ажил хүлээлцэх шийдвэрийг мэдэж 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдөр өөрийн эзэмшилд байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүхийн хавтас хэрэгт хүлээлгэж өгсөн албан ёсны тоот байгаа. Иймд ажлаас чөлөөлсөн захирамж, ажил хүлээлцүүлэх захирамжийг хуулийн хугацаанд аль аль нь гардуулаагүй шүүхээс л мэдсэн нөхцөл байдал, Алаг-Эрдэнэ сумын 6-р баг албан ёсоор татан буугдаагүй нөхцөл байдал, Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тус тус үнэлэн дүгнэж анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 724 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож миний гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г, Хатгал тосгоны захирагч Б.Г нарт холбогдуулан 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 13 сарын цалин 9,436,323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Харин хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч А.Бт холбогдуулан Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох нийт 2,111,542 /хоёр сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн засаг даргаар томилогдон ажиллаж байсан байх ба Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13  дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгажээ.

Ингээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар 6 дугаар багийн Засаг дарга А.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуульд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилтанд нөхөж олгох тухай хуулийн зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон ажилтны хувьд л хамааралтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажиллаагүй үеийнхээ цалин хөлсийг гаргуулах талаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч А.Бийн тухайд эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ажиллаж байсан нэгж нь татан буугдсан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх маргааныг шүүхээр шийдвэрлүүлээгүй нь үнэн боловч шүүхээр цалин хөлсний маргаан шийдвэрлүүлэхэд заавал ажлаас үндэслэлгүй халагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд ажилтан цалин хөлстэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан маргаанаа шүүхээр шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлээр цалин нэхэмжлэх эрхгүй гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн 01312417 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 1, 2 дугаар цалин авсан нь тогтоогдсон ба 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй тул 2019 оны 3 дугаар сарын цалин 725,871 төгрөгийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж шүүхийн шийдвэрийн удирдлага болгосон хуулийн заалт болон тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч А.Бийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй үйл баримт тогтоогдож байх тул ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 3 дугаар сараас хойшхи хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалин 8,710,452 /найман сая долоон зуун арван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Бийн 9,436,323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж үзэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл биш бөгөөд эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хамаарах тул энэхүү магадлалаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 725,871 /долоон зуун хорин даван мянга найман зуун далан нэг/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 21,971 /хорин нэгэн мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгөөс үлдэх 143,960 /нэг зуун дөчин гурван мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт үг, үсгийн болон монгол хэл бичгийн дүрмийн, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн зэрэг алдаа гаргасан байх тул цаашид анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 155ШШ2020/00724 дугаартай шийдвэрийн удирдлага болгох хэсгийн “115.2.3,” гэснийг “115.2.2, гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 725.871 /долоон зуун хорин таван мянга найман зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.710.452 /найман сая долоон зуун арван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 21.971 /хорин нэгэн мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Гын гаргасан сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                    Н.БАЯРХҮҮ