Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт А.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн А сумын Засан даргын Т.Г холбогдох

9.436.323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2020/00155/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Баттүшиг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Б миний бие 2016 оны ээлжит сонгуулиар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгон, багийн Засаг даргаар иргэдийн олонхийн саналаар сонгогдож, сумын Засаг дарга Т.Г захирамж гарган томилож, батламж гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2018 оны 12 сарын 05-ны өдрийн хуралдаанаар 6 дугаар багийг татан буулгасан тогтоолыг надад Хатгал тосгоны захирагч Г өгсөн болно. Би тухайн үед уг тогтоолыг үндэслээд сумын Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаж өгөх байх гээд ажил үүргээ гүйцэтгэн явж байтал 3 сард ажлаа хийгээд явж байтал цалин олгогдоогүй болно. Би нягтлангаас асуутал Захирагчийн ажлын албаны дарга зогсоо гэсэн гэхэд нь Ц.Б даргад тухайн үед ажил үүргээ гүйцэтгээд явж байна цалинг яахаар шийдвэр гаргаагүй байхад зогсоодог юм гэсэн аймгийн Аудитын зогсоо гэж хэлсэн. Би тэгэхээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байна, тэр албан ёсны шийдвэрээ өгөөч гэхэд өгөөгүй болно. Мөн сумын Засаг дарга Т.Г утсаар хандаж ямар нэгэн шийдвэр гаргаж өгөх юм байгаа биз дээ, шийдвэрээ өгөөч, цалинг зогсоосон тул би шийдвэрээ аваад ажлаа албан ёсоор өгч, тамга тэмдэгээ өгий, ажилгүйдлийн тэтгэмжээ хүртэл авий гэж нэхтэл надад хариу агөөгүй болно. Миний цалингийн төсөв 2019 онд суусан, мөн 2020 оны төсөвт ч суусан байгаа. Тэгээд миний цалинг ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр олгогдоогүй байгаа байгаа сарын  үндсэн цалин болох 725.871 төгрөгийг 2019 оны 3 дугаар сараас эхлэн 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийт 13 сарын цалин буюу нийт 9.436.323 төгрөгийг засаг дарга Т.Г гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос 2012 он, 2016 онуудад улиран сонгогдож багийн даргаар ажиллаж байсан. 2018 оны сүүлээр Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хатгал тосгоныг багийн статусаас хасах шийдвэр гарсан. Тухайн үед миний бие сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд, мөн багийн даргын хувьд иргэд намайг засаг захиргааны анхан шатны нэгж юу болж байна, энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандаад яв гэсэн. Захиргааны хэргийн шүүхэд миний бие хамгийн сүүлд 10 дугаар сар хүртэл хөөцөлдөж явсан. Хөөцөлдөж байх хугацаандаа Хатгал тосгоны захирагч Г халагдсан тушаал шийдвэрээ авъя гэж удаа дараа хэлсний эцэст Г дарга 4 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Г ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргаж өгнө үү гэсэн тоот явуулж байсныг шүүх дээр ирж мэдсэн. Тухайн үед би сумын иргэдийн төлөөлөгчийн хувьд удаа дараа утсаар болон өөрийн биеэр уулзаж Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ганболдоос ажлаас халагдсан тушаал, шийдвэрээ аъя гэхэд чи захиргааны хэргийн шүүхээр явж байгаа, энэ захиргааны хэргийн шүүх нь эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа учраас өгөх боломжгүй гэсэн утгатай хариуг өгч байсан. Тиймээс арга буюу би хохирч иргэний хэргийн шүүхэд хандсанаар ажлаас халагдсан тухайгаа мэдсэн байгаа.  Одоо 3 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Г захирагчийн зүгээс нөүтбүүк болон бусад эд зүйлүүдээ өг гэж нэхэмжилсний дагуу бүх эд зүйлүүдийг нь хүлээлгэж өгсөн байгаа. Хавтаст хэрэгт 01, 02 дугаар сард ажиллаж байсан цагийн блансыг гаргаж өгсөн байгаа. 3 дугаар сард аудитын газраас миний цалинг зогсоо гэж хэлсэн гэж тамгын газрын дарга хэлээд цалин маань ороогүй учраас 3 дугаар сараас хойших цалингаа нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Т.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т би нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн иргэдийн хүсэлт, Тосгоны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Алаг- Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Улмаар уг тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн даргаар ажиллаж байсан А.Б 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартайгаар гаргаж гал тосгоны захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Тус захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаартай ажил хүлээлцэх тухай захирамжаар Б ажлыг хүлээлцсэн байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны  12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай тогтоолд: Татан буугдсан Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргын цалин, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгуулахыг аймгийн Засаг дарга /Л.Г/-д үүрэг болгосугай гэж заасан бөгөөд А.Б нэхэмжилж буй цалин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад бус Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгагдсан байх боломжтой. Өөрөөр хэлбэл А.Б нь цалин гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон байна.

Иймд А.Бс Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөвсгөл айтгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан байдаг. Тухайн багийг татан буулгах тухай тогтоолыг үндэслэж Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан А.Б 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай захирамжаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/3 дугаартайгаар гаргаж Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд уг захирамжийг хүргүүлсэн байгаа. Энэхүү захирамжийг захирагчийн ажлын албанаас 6 дугаар сарын 05-ны өдрийн Б123 дугаартай ажил хүлээлцэх захирамж гарч ажлыг хүлээлцсэн байдаг ба энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаартай тогтоол татан буугдсан 6 дугаар багийн Засаг даргын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэхийг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгуулахыг аймгийн Засаг дарга Г үүрэг болгосугай гэж тогтоолд дурдсан байгаа. Ийм учраас Алаг-Эрдэнэ сумын засаг дарга нь хариуцагч биш гэж үзэж байна. Сая нэхэмжлэлийн шаардлагыг цалин юм уу? тэтгэмж юм уу? гэж тодруулж асуухад ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Ажилгүй байсан хугацааны цалин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож, ажилд нь эргүүлэн татсан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно гэж заасан байгаа. Тиймээс энэ хүн нэгэнт ажлаа хийгээгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан ч гэсэн ажилдаа буцааж тогтоолгох тухай хүсэлтийг гаргаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч А.Б нэхэмжилж байгаа 13 сарын цалин болох 9.436.323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

    Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2019  оны төсвийг батлахдаа багийн төсөв, цалин батлаагүй. Батлагдсан орон тоонд Багийн засаг дарга гэсэн орон тоо батлаагүй байна. Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2019 оны төсвийг батлахдаа багийн төсөв, цалин батлаагүй. Батлагдсан орон тоонд багийн засаг дарга гэсэн орон тоо батлаагуй байна. Сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний 19, Сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний 54 дүгээр тогтоолоор батлагдсан 2019, 2020 оны төсвийг “Төсвийн тухай хуулийн 41.2.2-т “ батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;” гэсэн заалтын дагуу төсвийн захирагч нь батлагдсан зардлаас өөр зардал гаргах эрх байхүй учир батлагдаагүй орон тоонд цалин олгох боломжгүй байсан юм. Харин харьцуулбал: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2017 оны               12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2018 оны төсвийг батлахдаа багийн Засаг даргын цалин гэж баталсан байдаг. /2018. 2019. 2020 оны төсвүүдийг баталсан тогтоолуудыг хавсаргав / Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 13-р тогтоолын 1 дүгээр заалтаар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Тус тогтоолын 2 дугаар заалтаар Хатгал тосгоны иргэдэд төрийн үйлчилгээг тасралтүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулалт хийж ажиллахыг Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарт үүрэг болгосон. Мөн Сумын засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон, Байгууллагын дотоод журмын 1.4, 4.2, 4,2 дэх заалтыг хэрэгжүүлэлгүй А.Б нь Багийн засаг даргаар ажиллах 2019, 2020 онд боловсруулж батлуулсан төлөвлөгөө байхгүй, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, “Байгууллагын дотоод журмын 4.1”-д заасан ямар нэг чөлөө аваагүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17.1.4. “Баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх” гэсэн байна. Хэрэв А.Б нь 2019 онд ажилласан бол үйл ажиллагаагаа багийнхаа ИНХ-аар хэлэлцүүлж дүгнэлт тогтоол гарах байсан боловч дүгнүүлээгүй. 2019 оны 1 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд албан бичиг авч яваад эргэж ажилдаа огт ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1   дэх заалтад “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээрхөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно”, 49.8. “Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно” гэжээ. А.Б 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэл ажилласан цагийн бүртгэл тайлан байхгүй байна. Сумын Засаг дарга Т.Г томилох, чөлөөлөх захирамж гаргахдаа чөлөөлсөн шийдвэрээ А.Б өөрт нь гардуулж өгөх нь ажил олгогчийн үүрэг байдаг. Хуулбарыг нь А.Б болон Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд ирүүлээгүй байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/163 албан бичгийг хүргүүлсэн /хавсаргав/. Сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авч ажил хүлээлцэх Хатгал тосгоны Захирагчийн ажил хүлээлцэх тухай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамж гаргасан боловч ажлаа хүлээлцэхээр ирээгүй байна. 6 дугаар Багийн засаг даргаар ажиллаж байсан А.Б нь баг татан буугдсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 21-нд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байгаа нь тухайн шийдвэрийг тухай үед нь олж мэдсэн байсан боловч цаашид өөрийнхөө төлөө ямар нэг ажлын байранд орох тухай сумын Засаг даргын тамгын газар, тосгоны Захирагчийн ажлын албанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй, боломж байгааг удаа дараа хэлж байсан болно. /шүүхийн шийдвэрийг хавсаргав/. “Төрийн албаны түхай хүүлийн 52.2.Төрийн жинхэнэ апбан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.” гэсний дагуу үзэхэд 2019 он, 2020 онд А.Б ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох байгуулсан гэрээ, төлөвлөж батлуулсан, хийсэн ажлын хамгаалсан тайлан огт байхгүй учир цалин хөдөлмөрийн хөлс олгогдоогүй болно. “Төрийн алба”-ны тухай хуулийн 38.1.3-т “цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих;” гэсний дагуу А.Б албан ёсоор Сумын засаг даргын Тамгын газар болон тосгоны Захирагчийн ажлын албанд саналаа тавих боломж байгааг удаа дараа хэлж байсан.

    Иймд А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан А.Баттүшигийн цалин нэхэмжилсэн нэхэмжлэл нь 2019 он, 2020 оны багийн Засаг даргын төсөвт суугдсан байгаа урчаас нэхэмжилж байна гэсэн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн энэ аймгийн Засаг даргад үүрэг болгосон хэдий ч аймгийн Засаг даргын оруулсан санал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж, ерөнхийлөн захирагч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсвийг зарцуулдаг байгаа. Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь хэсэгт зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэдгээр хэсгийн зохион байгуулалтын хүрээнд зарцуулагдсан байгаа юм. 2018 он болон түүнээс өмнөх жилүүдэд батлагдсан төсөвт багийн Засаг даргын цалин гэж онцолж оруулсан байдаг. Үүнээс хойш 2019 он, 2020 оны төсөв дээр багийн засаг даргын цалин гэсэн төсөв батлагдаагүй учраас энэ цалинг гаргах боломжгүй юм. Тушаал, шийдвэрийн хувьд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр би төлөөлж ажилладаг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан шийдвэр гарсан, баг татан буугдах тухай тогтоол гарсны дараа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж багийн төсвийг үндсэн төсвөөс хасч баталсан байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол дээр Хатгал тосгоны иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй шуурхай хүргэж, зохион байгуулах ажлыг Хатгал тосгоны захирагч Ганбаатарт үүрэг болгосугай гэсэн. Үүний дагуу ажилласан байгаа. Энэ баг татан буугдсан тогтоолтой заргалдаж багийн засаг даргаар ажиллаж байсан А.Б захиргааны хэргийн шүүхэд хандахад энэ тогтоолыг мэдэж байсан. Сумын засаг дарга болгон багийн засаг дарга нэхэмжлэгч А.Баттүшиг нар нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч нар, энэ 2019 он, 2020 онуудын төсвийг батлаж байхад хуралдаанууд дээр сууж байсан учраас эдгээр хүмүүс энэ бүх процессыг мэдэж батлаж байсан гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-т зааснаар ажилтны цалинг хийснээр цагийн хэлбэрээр үр дүнд нь тохируулан олгоно гэсэн байгаа. Тийм учраас 01 дүгээр сар, 02 дугаар сарын цалин ажлын цагийн бүртгэл дээр байгаа. Ийм байдлаар олгогдсон байсан. Харин сумын засаг дарга багийн засаг даргыг томилсон захирамжиндаа тосгоны захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана гэсэн. Тиймээс 2019 он, 2020 онуудад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй. Дараагийн нэг асуудал нь нэгэнт 6 дугаар баг татан буугдсан болохоор үүнд иргэд оршин суугчдын хурал болохгүй, тайлан гаргаж чадахгүй учраас энэ хүнд ажиллах боломж байхгүй юм. Иймээс энэ хүнд цалин гарах боломжгүй учраас 13 сарын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: А. Б нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн ажилдаа ирээгүй, ажлын цагийн бүртгэл дээр цаг бүртгүүлсэн тэмдэглэл байхгүй болно. Ажлын албанд бүртгэлтэй 98875456 дугаарын утас нь холбогдох боломжгүй байсан. Тухайн албан хаагч нь “Байгууллагын дотоод журам”-ын 4.1-ийн дагуу Захирагчийн ажлын албанд хандаж чөлөө, амралт авах тухай хүсэлт огт ирүүлээгүй. Мөн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байхад А.Баттүшиг нь 2019 онд байгуулсан “Үр дүнгийн гэрээ” байхгүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, “Байгууллагын дотоод журмын 1.4, 4.1, 4.2”-ийг зөрчин, утсаар цагаа бүртгүүлэн өөрийн буруутай үйлдлээрээ алдаа дутагдал гаргаж 01 дүгээр сар, 02 дугаар сард цалин авсан байна. Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17.1.4. “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” гэсний дагуу багийн ИНХ-аараа сар, улирал бүр тооцуулж цалин авах ёстой байдаг.

Иймд дээрх үндэслэлийг зөрчсөн тул үндэслэлгүйгээр авсан цалинг нь нэхэмжилж байна. Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас гаргуулсан 2019 оны 01, 02 дугаар сарын цалин болон бүгд 1.451.742 төгрөг болно. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Багийн засаг даргаар ажиллаж байсан А.Б нь ажил хүлээлцэх тухай гаргасан шийдвэрийн дагуу дуудахад огт ирээгүй. А.Б эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлээр тооцоо хийгдээгүй хөрөнгө болох:

1. Ноотбоок 1 ш балансын үнэ / 545.600төгрөг /

2. Хэвлэгч машин /принтер/ 1ш блансын үнэ /107.800 төгрөг /

3. Тамга 1 ширхэг /биетээр хүлээж авах/

4. Хавтас 40 хуудас /3500/

5. Хавтас 20 хуудас /2900/, бүгд: 659.800 төгрөг,

Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох нийт 2.111.542 төгрөгийг багийн Засаг дарга асан А.Б гаргуулж өгнө үү, 

Сумын ИТХ-аар 2019, 2020 онуудад Багийн засаг даргын төсөв нь батлагдаагүй тухай шүүхэд гаргасан тайлбарт мэдүүлсэн болно гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Т.Г, Хатгал тосгоны захирагч Ганбаатар нарт холбогдуулан 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийт 13 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.436.323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Г нь  нэхэмжлэгч А.Б холбогдуулан Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох нийт 2.111.542 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

  Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дугаар “Багуудын засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Боржигон овогт А.Б 01312417 дугаар  “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 256 дугаар “Тогтоол” эх хувиар 5 хуудас,  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/581 дугаар албан бичиг эх хувиар 1 хуудас,  Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ц.Б 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/168 дугаар албан бичиг 1 хуудас,  эд хариуцагч Ё.М 2020 оны 3 сарын 30-ны өдрийн байдлаар эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэгдсэн “Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл” 1 хуудас, нэхэмжлэгчийн 2019 оны 01, 02 дугаар саруудын цагийн бүртгэлийн Хатгал тосгоны захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 4 хуудас, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар “Багийн засаг даргын тайланг хэлэлцсэн тухай” тогтоолын эх хувь 1 хуудас, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 115/003194 дугаар нэхэмжлэгчийн  “Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт” 1 хуудас,  Чулуунбатын Отгонбаатарын “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбар 1 хуудас,

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар “Баг татан буулгах тухай”  хуралдааны тогтоолын “ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн  Б/12 дугаар “Ажил хүлээлцэх тухай” захирамжийн Хатгал тосгоны захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, Ажил хүлээлцсэн тухай хурлын тэмдэглэлийн  Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, Хатгал тосгоны захирагчийн  2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/163 дугаар албан бичгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл 1 хуудас,

         Хариуцагч Б.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт албан бичгээр, ажилчин, албан хаагчийн хэрэглэж байсан эд хөрөнгийн бүртгэлийн хуулбар 1 хуудас,  Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын  Хатгал тосгоны захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 6 хуудас, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар  “Шийдвэр”  эх хувиар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар “Тосгоны 2018 оны төсөв батлах тухай” Тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 54 дүгээр “Хатгал тосгоны 2019 оны төсөв батлах тухай” Тогтоол,  2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Хатгал тосгоны 2020 оны төсөв батлах тухай” Тогтоол зэргийн  Хатгал тосгоны захирагчийн ажлын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 7 хуудас зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

      Хэрэгт авагдсан дээрхи баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн /Хатгал тосгон хамаарч байсан/ засаг даргаар сонгогдон ажиллаж байсан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тухайн багийг татан буулгасан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч А.Б ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

     Нэхэмжлэгч А.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа ... Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоолд Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн засаг даргын цалингийн төсвийг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгаад явж байгаа, мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй байгаа, Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг нь татан буугдаагүй нь оршин суугаа иргэдийн хаягийн бүртгэл мөн иргэдэд газар өмчлүүлж байгаа гэрчилгээ зэргээс харагдаж байна, одоог хүртэл Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг гэсэн хаягтай байгаа нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буугдаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилж байна...,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... энэ хүнийг хуульд зааснаар ажлын байраар хангах ёстой байсан, мөн ажилгүйдлийн тэтгэмжээ хүртэл аваагүй хохирч яваа юм Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй, гэхдээ ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна ... гэжээ.

           Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

    Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн албан тушаалын ангилал, төрлийн талаар хуульчилсан бөгөөд 10.1-дТөрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:

10.1.1-д төрийн улс төрийн албан тушаал… гэж,

        Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:...

11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч... гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч  А.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар багийн засаг даргын сонгуульт ажлыг эрхэлж байсан бөгөөд дээрхи хуулийн зохицуулалтаас үзвэл А.Б нь улс төрийн албан тушаалтны ажлыг эрхэлж байсан байна.

         Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтны дээрхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл баталгаа зэргийг нарийвчлан  зохицуулаагүй байна.

      Харин мөн хуулийн  41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж хуульчилжээ.

     Түүнчлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжид ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт... тус тус үндэслэн гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг татан буугдсантай холбоотойгоор тус багийн засаг даргаар ажиллаж байсан А.Бг үүрэгт ажлаас  чөлөөлсөн гэх үйл баримттай  тохирч байна.

      Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг одоо ч хүртэл багийн иргэдийн оршин суугаа хаягт өөрчлөлт ороогүй... зэргээс баг татан буугдаагүй хэмээн маргаж байх боловч энэ нь нэхэмжлэгч А.Б ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

      Хөдөлмөрийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт цалин хөлс олговрын талаар хуульчилсан бөгөөд үүнээс  Ажилтанд хөдөлмөрлөх үүргээ биелүүлсний төлөө цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгож буй үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг цалин хөлс гэж үзэхээр байна.

       Гэтэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн байх ба тухайн хугацаанд нэхэмжлэгч нь ажил албан үүргээ гүйцэтгээгүй гэдэг, энэ талаар маргаагүй болно.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байх боловч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж,

     Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус  байх бөгөөд дээрхээс дүгнэвэл хөдөлмөрийн тухай хуульд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилтанд нөхөж олгох тухай хуулийн зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон ажилтныг хувьд л хамааралтай.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлаагүй үеийнхээ цалин хөлсийг гаргуулах талаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

      Иймд нэхэмжлэгчийн ажлаагүй үеийн цалин хөлс 9.436.323 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

      Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г нь захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох 2.111.542 төгрөгийг нэхэмжлэгч А.Б гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдлаа.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г нь  тус тус  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.931 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч Б.Г нарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт  9.436.323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б. нь нэхэмжлэгч А.Баттүшигт холбогдуулан гаргасан захирагчийн ажлын албанд учруулсан хохирол 2.111.542 /хоёр сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар нь  тус тус  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА