Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00562

 

 

2021           05            27                                          001/ХТ2021/00562

 

.................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2020/00724 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалтай,

.................нэхэмжлэлтэй

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга ................., Хатгал тосгоны захирагч .................нарт холбогдох

9,436,323 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол 2,111,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч .................гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны ээлжит сонгуулиар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгон багийн Засаг даргаар иргэдийн олонхийн саналаар сонгогдож, сумын Засаг дарга ................. захирамж гарган томилж, батламж гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2018.12.05-ны өдрийн хуралдаанаар 6 дугаар багийг татан буулгасан тогтоолыг надад Хатгал тосгоны захирагч .................өгсөн болно. Би тухайн үед уг тогтоолыг үндэслээд сумын Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаж өгөх байх гээд ажил үүргээ гүйцэтгэн явж байтал 3 сард цалин олгогдоогүй болно. Тухайн үед миний бие сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд, мөн багийн даргын хувьд иргэд намайг засаг захиргааны анхан шатны нэгж юу болж байна, энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандаад яв гэсэн. Захиргааны хэргийн шүүхэд миний бие хамгийн сүүлд 10 дугаар сар хүртэл хөөцөлдөж явсан. Хөөцөлдөж байх хугацаандаа Хатгал тосгоны захирагч Ганбаатараас халагдсан тушаал шийдвэрээ авъя гэж удаа дараа хэлсний эцэст Ганбаатар дарга 4 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ганболдод ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргаж өгнө үү гэсэн тоот явуулж байсныг шүүх дээр ирж мэдсэн. Тухайн үед би сумын иргэдийн төлөөлөгчийн хувьд удаа дараа утсаар болон өөрийн биеэр уулзаж Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ганболдоос ажлаас халагдсан тушаал, шийдвэрээ авъя гэхэд чи Захиргааны хэргийн шүүхээр явж байгаа, шүүхийн шийдвэр гаргаагүй байгаа учраас өгөх боломжгүй гэсэн утгатай хариуг өгч байсан. Тиймээс арга буюу би хохирч иргэний хэргийн шүүхэд хандсанаар ажлаас халагдсан тухайгаа мэдсэн. Иймд 2019.03 дугаар сараас эхлэн 2020.03 дугаар сарыг дуустал хугацааны нийт 13 сарын цалин буюу нийт 9,436,323 төгрөгийг засаг дарга .................оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг дарга .................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .................нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018.12.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн иргэдийн хүсэлт, Тосгоны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Алаг- Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Улмаар уг тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн даргаар ажиллаж байсан ............... үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг чөлөөлсөн Захирамжийг 2019.04.01-ний өдрийн Б/03 дугаартайгаар гаргаж Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Тус захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2019.06.05-ны өдрийн Б/12 дугаартай ажил хүлээлцэх тухай захирамжаар Баттүшигийн ажлыг хүлээлцсэн байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018.12.05-ны өдрийн 13 дугаартай тогтоолд: Татан буугдсан Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргын цалин, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны төсөвт тусгуулахыг аймгийн Засаг дарга /........../-д үүрэг болгосугай гэж заасан бөгөөд .................нэхэмжилж буй цалин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад бус Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны төсөвт тусгагдсан байх боломжтой. Өөрөөр хэлбэл ................. нь цалин гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон байна. Ажилгүй байсан хугацааны цалин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож, ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно гэж заасан байгаа. Тиймээс энэ хүн нэгэнт ажлаа хийгээгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан ч гэсэн ажилдаа буцааж тогтоолгох тухай хүсэлтийг гаргаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч .................нэхэмжилж байгаа 13 сарын цалин болох 9,436,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагч .................шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2018.12.19-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2019 оны төсвийг батлахдаа багийн төсөв, цалин батлаагүй. Батлагдсан орон тоонд Багийн засаг дарга гэсэн орон тоо батлаагүй байна. Харин харьцуулбал: Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын 2017.12.29-ний өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2018 оны төсвийг батлахдаа багийн Засаг даргын цалин гэж баталсан байдаг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018.12.05-ны өдрийн хуралдааны 13-р тогтоолын 1 дүгээр заалтаар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан. Тус тогтоолын 2 дугаар заалтаар Хатгал тосгоны иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулалт хийж ажиллахыг Хатгал тосгоны захирагч .......... үүрэг болгосон. Мөн Сумын засаг даргын 2017.03.20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон, Байгууллагын дотоод журмын 1.4, 4.2, 4,2 дэх заалтыг хэрэгжүүлэлгүй ................. нь багийн засаг даргаар ажиллах 2019, 2020 онд боловсруулж батлуулсан төлөвлөгөө байхгүй, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, Байгууллагын дотоод журмын 4.1-д заасан ямар нэг чөлөө аваагүй. Хэрэв ................. нь 2019 онд ажилласан бол үйл ажиллагаагаа багийнхаа ИНХ-аар хэлэлцүүлж дүгнэлт тогтоол гарах байсан боловч дүгнүүлээгүй. .................... нь баг татан буугдсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018.12.18-нд Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүхээс 2019.03.21-нд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байгаа нь тухайн шийдвэрийг тухайн үед нь олж мэдсэн байсан, цаашид өөрийнхөө төлөө ямар нэг ажлын байранд орох тухай сумын Засаг даргын тамгын газар, тосгоны Захирагчийн ажлын албанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй, боломж байгааг удаа дараа хэлж байсан болно. Төрийн албаны тухай хуулийн 52.2-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ. гэсний дагуу үзэхэд 2019 он, 2020 онд .................ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож байгуулсан гэрээ, төлөвлөж батлуулсан, хийсэн ажлыг хамгаалсан тайлан огт байхгүй учир цалин хөдөлмөрийн хөлс олгогдоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 38.1.3-т цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих гэсний дагуу .................т албан ёсоор сумын засаг даргын Тамгын газар болон тосгоны Захирагчийн ажлын албанд саналаа тавих боломж байгааг удаа дараа хэлж байсан. Иймд .................нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч .................шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ................. нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн ажилдаа ирээгүй, ажлын цагийн бүртгэл дээр цаг бүртгүүлсэн тэмдэглэл байхгүй болно. Тухайн албан хаагч нь Байгууллагын дотоод журмын 4.1-д заасны дагуу Захирагчийн ажлын албанд хандаж чөлөө, амралт авах тухай хүсэлт огт ирүүлээгүй. Мөн сумын Засаг даргын 2017.03.20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийн 6 дахь заалтад үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байхад ................. нь 2019 онд байгуулсан Үр дүнгийн гэрээ байхгүй, гэрээний дагуу биелэлт гаргаагүй, ажилласан үр дүнгээ тооцуулаагүй, Байгууллагын дотоод журмын 1.4, 4.1, 4.2-ыг зөрчин утсаар цагаа бүртгүүлэн өөрийн буруутай үйлдлээрээ алдаа дутагдал гаргаж 01 дүгээр сар, 02 дугаар сард цалин авсан байна. Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.4-д баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэсний дагуу багийн ИНХ-аараа сар, улирал бүр тооцуулж цалин авах ёстой байдаг. Иймд ...Захирагчийн ажлын албанд учруулсан хохирол болох нийт 2,111,542 төгрөгийг багийн Засаг дарга асан .................ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагч .................шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч .................нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга ................., Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч .................нарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 9,436,323 /есөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч .................нь нэхэмжлэгч .................т холбогдуулан гаргасан захирагчийн ажлын албанд учруулсан хохирол 2,111,542 /хоёр сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ................. нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч .................нь тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2020/00724 дугаартай шийдвэрийн удирдлага болгох хэсгийн 115.2.3, гэснийг 115.2.2, гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 725.871 /долоон зуун хорин таван мянга найман зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч .................т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.710.452 /найман сая долоон зуун арван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .................улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 21.971 /хорин нэгэн мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч .................т олгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 165,931 /нэг зуун жаран таван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ................. хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Магадлалын 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа төрийн албаны хууль, засаг захиргааны нэгж түүний удирдлагын хууль, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн оролцуулсан мэдүүлэг зэргийг хууль тогтоомжийн хүрээнд үнэлж, дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байгаа болно. Багийг татан буулгасан аймгийн ИХ-ын 2018.12.05-ны өдрийн хуралдааны тогтоолыг, аймгийн ИХ-ын тэргүүлэгч Хатгал тосгоны захирагч Б. Ганбаатар өгч улмаар улмаар уг Алаг-Эрдэнэ сум 6-р баг, Хатгал тосгон гэсэн хаяг Улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт ороогүй, ямар нэгэн багийн Засаг даргаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй байхад цалинг зогсоож, ажлын ширээ сандлыг хурааж одоо энд ирэх шаардлага байхгүй гэж албан өрөөнд сууж ажиллах нөхцөл бололцоо алдагдуулсан болно. Гэсэн хэдий ч миний бие ажлаас чөлөөлсөн шийдвэр гардаагүй улсын бүртгэлд баг татан буугдсан өөрчлөлт ороогүй, ажлын тамга, тоног төхөөрөмж хүлээлгэж өгөөгүй болохоор төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж 2020.03.30 болтол иргэдэд үйлчилгээ хүргэж ирсэн. Тухайлбал миний бие Багийн Засаг даргын албан тушаал эрхэлж байсан бөгөөд энэ албан тушаал нь төрийн албаны хуулийн 11.1.9 заасан байгаа. Мөн хуулийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Иймд улс төрийн албан хаагчийн тухай нарийвчилсан хууль одоогоор гарсан юм байхгүй гол дагаж мөрдөх хууль бол Төрийн албаны хууль, Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдлөг болгохоор хуульчилсан байгаа болно. Улс төрийн албан хаагч, сумын ИХ-ын төлөөлөгчийн хувьд иргэдийн хүсэлтээр аймгийн ИХ-ын баг татан буулгасан хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж гаргасан мөн шийдвэрийг давж заалдах шатанд гомдол гаргахад анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захиргааны хэргийн хяналтын шатанд хандахад давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Анхан шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэх ёстой субъект биш шийдвэрийг хэрэг үүсгэж шийдвэрлэсэн гэсэн л шийдвэр гарсан байгаа болно. Энэ талаар хавтаст хэрэгт шийдвэрүүд байгаа болно. Миний бие холбогдох албан тушаалтан нараас удаа дараа чөлөөлсөн шийдвэр гарах ёстой гаргаж өгөөч би тамга тэмдэг, тоног төхөөрөмжөө шийдвэрээ аваад хүлээлгэж өгий гэдгийг удаа дараа уулзаж болон утсаар шаардахад шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа учир чөлөөлсөн шийдвэр гаргахгүй гээд л Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга хариулт өгч байсан болно. ................. миний биеийг 6-р багийн Засаг даргаас чөлөөлсөн сумын засаг даргын Б/03 тоот захирамж 2019.04.01-ний өдөр гаргасан гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд дээр дурдсанаар баг татан буулгасан асуудлаар захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргааныг эцэслэсэн шийдвэр 2019.09.16-ны өдөр захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор гарсан. “Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа учир чөлөөлсөн шийдвэр гаргахгүй” гэж байсан Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга ................. 2019.04.01-ний өдөр ажлаас чөлөөлөх захирамж гаргасан байгаа нь хуулийг зөрчсөн нөхөн гаргасан байна гэж миний бие үзэж байгаа болно. Арга буюу нэгд чөлөөлсөн шийдвэр байхгүй хоёрт Алаг-Эрдэнэ б-р баг, Хатгал тосгоны улсын бүртгэл мэдээллийн санд өөрчлөлт орохгүй 2020 гарахад шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийг 2020.01 сард гаргаж 2020.03-р сар дуустал хугацааны цалин нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлд хэрэг үүсгэснээр шүүхэд хариуцагч тал нотлох баримт гаргаж өгснөөр 2019.04.01-нд ажлаас чөлөөлсөн захирамж мөн оны 2019.06.07-нд ажил хүлээлцүүлэх тухай Хатгал тосгоны Захирагч ........... нарын захирамж гаргасанг мэдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1. ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана гэж заасан байгаа. Би улс төрийн албан хаагч хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй ард иргэдээс сонгогдож томилогддог албан тушаалтан бөгөөд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргатай батламж гэрээ байгуулж ажилладаг албан хаагч уг шийдвэртээ батламж гэрээг хүчингүй болгосон нэг ч заалт байхгүй ажил хүлээлцүүлэх сүүлчийн өдөр заагаагүй байгаа болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй батламж гэрээг 4 жилийн хугацаатай байгуулан ажилладаг бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлж байгаа шийдвэрийг өдөрт нь өгөх үүрэгтэй энэ үүргээ Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019.04.01-нд гаргасан захирамжаа миний биед огт гардуулаагүй мөн энэ шийдвэрийг үндэслэн Хатгал тосгоны Захирагч .................нь ажил хүлээлцэх захирамж 2019.06.07 гаргасан мөртөлөө мөн миний биед гардуулаагүй дээрх шийдвэрүүдийг шүүхээс мэдсэн болно. Шүүхийн мэтгэлцээнд миний өмгөөлөгч .......... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... ажлаас чөлөөлсөн захирамжийг ........... гардуулсан юм байна уу гэхэд байхгүй мөн хариуцагч .................ажил хүлээлцүүлэх захирамжийг ............. гардуулсан юм байна уу гэхэд байхгүй гэж тус тус хариулт өгсөн байгаа болно. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019.04.01-нд гаргасан захирамж, Хатгал тосгоны Б.Ганбаатарын мөн оны 6-р сарын 07 өдөр гаргасан ажил хүлээцүүлэх тухай захирамж, ажил хүлээлцсэн хурлын тэмдэглэл нь нөхөж гаргасан бөгөөд огт гардуулаагүй хууль бусаар гаргасан гэж миний бие үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргахад өөрөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй гээд хүсэлтийг Хөвсгөл аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн туслах Баттүшиг нь хүлээж авахгүй шийдвэрлэсэн. Шүүхийн хавтас хэрэгт баримтанд ажлаас чөлөөлсөн захирамж, ажил хүлээлцүүлэх захирамжийг миний биед гардуулсан талаархи нотлох баримт нэг ч байхгүй байгаа. Давж заалдах шатны шүүх магадлалдаа 2019.04.01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй гэж буруу шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг ажил олгогч ажилтанд гардуулаагүй бөгөөд анхан шатны шүүхэд хууль зөрчиж шийдвэр гардуулаагүй гэдгийг өмгөөлөгч хүртэл асууж маргаж, мөн гомдолдоо хүртэл хугацаандаа аваагүй улмаас олон эрх ашиг хохирч байгаа гэдгийг тэмдэглэн хэлж маргаж байсан болно. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тодорхой заасан байгаа. Баг татан буугдсан тогтоол гаргуулаад албан ёсоор албажаагүй миний цалингийн сан байгаад байхад миний орон тоон дээр ямар ч сонгон шалгаруултгүйгээр 3 албан хаагч томилон ажиллуулж байгаа болно. Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28.4.Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна гэж заасан байгаа. Чөлөөлсөн шийдвэртээ багийн Засаг даргаар томилоод батламж гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгосон заалт байхгүй. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хатгал тосгоны Улсын Бүртгэгч ......... мэдүүлэгээс Алаг-Эрдэнэ 6-р баг албан ёсоор татан буугдаж хаягийн өөрчлөлт ороогүйг, 2019 оны 3-р дуустал хугацаанд хамт зэрэгцэн сууж төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан бөгөөд ширээ сандал хураан авсан цагаас төрийн үйлчилгээг гэрээр иргэдэд хүргэж байгааг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байгаа бөгөөд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж л ажлаас чөлөөлсөн шийдвэр, ажил хүлээлцэх шийдвэрийг мэдэж 2020.03.30 нь өдөр өөрийн эзэмшилд байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүхийн хавтас хэрэгт хүлээлгэж өгсөн албан ёсны тоот нотлох баримт байгаа болно. Шийдвэрийг үндэслэх гээд байгаа бол 6 сарын 07 ны өдөр ажил хүлээлцүүлэх шийдвэр гарсан байгааг шүүх үнэлж дүгнэж шийдвэр гаргахгүй байгаа болно. Иймд доорхи үндэслэлээр: 1.Ажлаас чөлөөлсөн захирамж, ажил хүлээлцүүлэх захирамжийг хуулийн хугацаанд аль аль нь гардуулаагүй шүүхээс л 2020.1-р сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхдэд хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас л мэдсэн байдлыг үнэлэн дүгнэж, 2. Алаг-Эрдэнэ 6-р баг аймгийн ИХ-ын тогтоол гарсан хэдий ч хууль бус тогтоолыг албан ёсоор Улсын бүртгэлийн нэгдсэн системд оруулж албан ёсоор хаягийн өөрчлөлт одоо болтол оруулаагүй нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, 3.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж хуульд заасны дагуу 2020.03.30 нь өдөр өөрийн эзэмшилд байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зэргийг тус тус үнэлэн дүгнэж, Төрийн албан тухай хуулийн холбогдох заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож миний гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч .................гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ................. нь хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч нараас цалин 9,436,323 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан ба Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.12.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор багийг татан буулгасан боловч ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, багийн иргэдийн оршин суугаа хаягт өөрчлөлт ороогүй, үүрэгт ажлаа боломжоороо хийж байсан, Захиргааны хэргийн шүүхэд багийг татан буулгасан асуудлаар нэхэмжлэл гаргах явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019.04.01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг мэдсэн, миний цалин Хатгал тосгоны 2019, 2020 оны төсөвт суусан байгаа, иймд хариуцагч нараас 2019.03-2020.3 сарыг дуустал хугацааны цалинг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын ажлын алба Тамгын газраас 725,871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хатгал тосгоны захирагч хохирол 2,111,542 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүх татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөж гаргасан, ...тушаалыг гардуулж өгөөгүй, ...тушаалыг хүлээж авч 2020.03.30-ны өдөр хариуцсан эд хөрөнгийг өгч, ажил хүлээлцсэн, ...ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан хуулийн заалтын дагуу нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэх үндэслэлийг заажээ.

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь хуулийн үндэслэлтэй  гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 сард ажилласан үйл баримтыг талууд маргаагүй тул  цалин 725,871 төгрөгийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй, уг магадлалд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг 2018.12.05-ны өдрөөс татан буулгасан боловч тус багийн Засаг дарга болох ................. нь 2019.03 сарыг дуустал ажилласан, хариуцагч 2019.01.02 сарын цалинг олгосон, тус сумын 6-р баг Хатгал тосгонд харьяалагдан 2019, 2020 оны төсөвт нэгтгэн тусгагдсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.12.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор татан буугдсан, ажил олгогч энэ үед тушаал гаргаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, хожим нь буюу 2019.04.01-ний өдөр Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан нь буруу боловч энэ нь цалин шаардах үндэслэл болоогүй юм. Учир нь засаг захиргааны нэгж болох баг татан буугдсан үйл баримтыг талуудын хэн аль нь мэдсэн, ажил олгогч тухайн үед тушаал гаргаагүй, ажил хүлээлцээгүй хэдий ч нэхэмжлэгч нь албан үүргээ бодитой биелүүлэх боломжгүй, улмаар цалин хөлсөөр хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ утгаар нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

3.Нэхэмжлэгч нь багийг татан буулгасан аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрийг 2018.12 сард хүлээн авсан, энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан эсэхээс үл хамаарч энэ үеэс эрх зөрчигдсөнөө мэдсэн нь тогтоогджээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан, нэхэмжлэгч энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болсон ба эрх зүйн дүгнэлт хийх замаар алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

4. Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, байгууллага татан буугдсан, нэхэмжлэгч нь ажил үүргээ бодитой биелүүлэх боломжгүй тул цалин гаргуулж нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 165,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                      Б.МӨНХТУЯА

 

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ