Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 115

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00131/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.А-т холбогдох

"Орон сууцнаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Я.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, хариуцагч Я.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.А- миний бие нь иргэн О.Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2333 тоот арилжааны гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байр, 37 тоот 62.7м.кв орон сууцыг 51.600.000 төгрөгөөр худалдан авч, тухайн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ү-2003020718 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А- надад олгосон юм. О.Б- нь тухайн орон сууцыг худалдан авах үед ашиглалтад бүрэн ороогүй, хоосон байсан гэх тайлбарыг надад өгсөн ба би худалдаж аваад 2018 оны 12 дугаар сард орон сууцыг бусдад худалдан борлуулах гэсэн боловч үл таних айл хууль бусаар эзэмшиж байлаа.

Энэ үйлдэл нь иргэн миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн Я.А- болон түүний гэр бүлийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байр, 37 тоот, улсын бүртгэлийн Ү-2003020718 дугаартай орон сууцнаас нүүлгэн гаргаж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү.

“Л- И-” ХХК, иргэн О.Б-ээс 2016 онд 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авч, хугацаандаа зээлээ төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлдээ 9 байр авсан байдаг. 9 орон сууц өгөхдөө бүгдийг нь О.Б-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Үүнийг иргэн О.Б- Б.А-т 2018 оны 11-р сарын 23-ны өдөр арилжааны гэрээгээр борлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Уг гэрээг нь өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа, мөн “Л- И-” ХХК-ийн ерөнхий захирал А.Л-гийн О.Б-т өгсөн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өөр баримт байхгүй. Тийм учраас уг байрнаас иргэн Я.А-ыг албадан гаргуулж байр чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.А- анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь иргэн Я.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Л- И-” ХХК-тай 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын 1.800.000 төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон болно. Нийт 81.510.000 төгрөгөөс 6.800.000 төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр 23.329.800 төгрөг, нийт 30.129.800 төгрөг төлсөн байна.

Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, “Л- И-” ХХК-аас худалдаж авсан. Иргэн Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би уг байрыг “Л- И-” ХХК-аас авсан. Мөн “Л- И-” ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан гэхдээ хүчингүй болгосон гэсэн, гэхдээ би олж хараагүй. Одоо болтол уг байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж “Л- И-” ХХК-аас надад хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ласти-Интернэшл” ХХК-тай 48 тоот гэрээ байгуулан 10/А байрны 37 тоот 62,7м.кв орон сууцыг урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын зардал 1.800.000 төгрөг хасуулан нийт 81.510.000 төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар 21 удаагийн төлөлтийг хийсэн, урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт 30 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа.

Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл Б.А- гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна.

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Л- И-” ХХК-тай 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын 1.800.000 төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон. Нийт 81.510.000 төгрөгөөс 6.800.000 төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр 23.329.800 төгрөг, нийт 30.129.800 төгрөг төлсөн байна. Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, “Л- И-” ХХК-аас худалдаж авсан. Мөн “Л- И-” ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан, гэхдээ хүчингүй болгосон гэсэн гэхдээ би олж хараагүй. 9 байрыг эзэмшигч гээд шүүх хурал явагдаж байгаа, би өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа. Одоо болтол уг байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж “Л- И-” ХХК-аас надад хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ласти-Интернэшл” ХХК-тай 48 тоот гэрээ байгуулан 10/А байрны 37 тоот 62,7м.кв орон сууцыг урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын зардал 1,800,000 төгрөг хасуулан нийт 81.510.000 төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар 21 удаагийн төлөлтийг хийсэн, урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт 30 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл Б.А- гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л- И-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэн Я.А- нь “Л- И-” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж 6.800.000 төгрөгийн урьдчилгаа төлөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байр, 37 тоот 2 өрөө, 62.7м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа, хууль ёсны өмчлөгч юм.

Иймд иргэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би “Л- И-” ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. “Л- И-” ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32.890.000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81.510.000 төгрөгийн үнэлгээтэй 62,7м.кв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А- нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, плита, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А- хийгээд үндсэн төлбөрөөс 1.800.000 төгрөг хасуулж авсан.

Я.А- манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан явж байгаа. Улсын комиссын актыг хүчингүй болгох нь тодорхой. А.Л-, О.Б- нар үгсэн хуйвалдаж байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад авсан мэтээр хуурамч баримт үйлдэж гэрчилгээ гаргаж бусдыг залилсан байна. Энэ байрны маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү.

Иргэн Я.А- нь Л- И- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж 6.800.000 төгрөгийн урьдчилгаа төлөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байрны 37 тоот 2 өрөө, 62.7м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа болно. Я.А- нь уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Иймд иргэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би “Л- И-” ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. “Л- И-” ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32,890,000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81.510.000 төгрөгийн үнэлгээтэй 62,7м.кв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А- нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, ариун цэврийн өрөө, угаалтуур, ванн, хатаагч, плита, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А- хийгээд үндсэн төлбөрөөс 1.800.000 төгрөг хасуулж авсан. Я.А- манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийг би чадамжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл өгсөн нэхэмжлэлийг нь би уншсан. Б.А- нь Б-гийн хүүхэд, энэ бол жоохон хүүхэд байгаа, тийм учраас энэ хүүхдийг өөрийг нь хуралд оролцуулаач гэсэн юм. 2018 оны 03 дугаар сард Б-, О.Б- нар над дээр ирсэн, энэ цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй байгаа. Тийм учраас энэ гэрээ дүр эсгэсэн хуурамч гэрээ, залилан юм. Улсын комисс хүлээж аваагүй байхад яагаад гэрчилгээ гаргуулаад бусдад зарсан байгааг ойлгохгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.А-ын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10/А байрны 37 тоот 62,7м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020718 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Миний бие нь “Л- И-” ХХК тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээг хийж байрны үнэд нийт 30.129.800 төгрөг төлсөн байгаа. Энэ байрыг би анхдагч эзэн болох “Л- И-” ХХК-аас худалдан авсан ба байрыг авахаар гэрээ хийх үед уг байранд ямар нэгэн айл байгаагүй, хүн амьдрах боломжгүй дотоод засал нь хийгдээгүй дөнгөж ашиглалтад орж байгаа байр байсан бөгөөд би өөрөө хүн амьдрах боломжтой орон сууц болгон иж бүрэн засварыг хийж ороод өнөөг хүртэл уг байранд амьдарч ирсэн.

Гэтэл нэхэмжлэгч Б.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.Б-ээс миний эзэмшиж байгаа байрыг арилжааны гэрээ байгуулан 51.600.000 төгрөгт тооцож авсан гэдэг. Цаг хугацааны хувьд би түрүүлж орон сууц захиалан бариулах гэрээг анхдагч эзэн компанитай нь хийж маргаан бүхий байрыг шударгаар эзэмших эрхийг олж авсан байхад анхан шатны шүүх намайг байрнаас албадан гаргахаар шийдвэр гаргасан нь бодит байдалд болон шударга ёсонд нийцэхгүй байна.

О.Б- гэгч нь нь “Л- И-” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд орон сууцыг худалдан борлуулсан ашгаас хүртэх агуулгатай гэрээ хийсэн байдаг юм билээ. Сүүлд өр төлбөртөө тооцон орон сууцнаас хэсэг байрыг “Ласти-Интернэшл” ХХК өгсөн гэдэг. Хэдийгээр өр төлбөртөө “Л- И-” ХХК нь байрыг О.Б-т өгсөн ч гэсэн одоо үл хөдлөх хөрөнгийн маргаан үүсээд улсын бүртгэлийн газарт О.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байдаг юм билээ. О.Б-, “Л- И-” ХХК-ийн хооронд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэний дараа Б.А- бид хоёрын хоорондын маргааны асуудал шийдэгдэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийг давж заалдах шатны журмаар хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.А- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байрны 37 тоот 62.7м.кв орон сууцыг хариуцагч Я.А-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж шаардлагаа нотлох баримтуудаа ирүүлснийг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Л- И-” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг, засварын 1.800.000 төгрөг буюу нийт 6.800.000 төгрөгийг байрны үндсэн үнэ болох 81.510.000 төгрөгөөс хасуулан тооцуулж сар бүр төлөлт хийдэг, нийт 30.129.800 төгрөгийг төлсөн учир уг байрыг чөлөөлөх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу /хх-ийн 29-р тал/ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу “Л- И-” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Я.А- нь тус компанитай байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу уг байрны хууль ёсны өмчлөгч, гэрээнд заасны дагуу 32.890.000 төгрөг төлсөн, А.Л-, О.Б- нар үгсэн хуйвалдаж байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад хуурамч баримт үйлдэж гэрчилгээ гаргаж бусдыг залилсан. Энэ байрны маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү хэмээх тайлбарыг тус тус гарган маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлон хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх, хуульд заасны дагуу түүнийг эзэмших эрхтэй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин хавтаст хэргийн 4-р талд авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000690612 дугаар гэрчилгээ”-гээр нэхэмжлэгч Б.А- нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй ба хариуцагч нь орон сууцыг чөлөөлж хууль ёсны эзэмшигчид нь буцаан шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасантай нийцжээ.

Мөн хариуцагч нь тухай орон сууцыг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл нэгэнт тухайн байрны анхны хууль ёсны өмчлөгч О.Б- нь нэхэмжлэгч Б.А-т байраа худалдан борлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснийг үнэн зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу өмчлөгчийн өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмшиж ашиглан захиран зарцуулах эрхэд нь бусад этгээд саад болох үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л- И-” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан тул орон сууцыг нь чөлөөлж өгөх боломжгүй гэх тайлбар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                  ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН       

                                                                                                                                                                   М.МӨНХДАВАА