Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 118

 

“Г- П- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00897/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г- П- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Э-, Г.С- нарт холбогдох

“12.039.712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Ө.Э-, Г.С- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-, онлайнаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-, Ж.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Г- П- ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Э-, Г.С- нар нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Г- П- ББСБ” ХХК-д хандан 13.000.000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган, Банк бус санхүүгийн байгууллагад зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г- П- ББСБ” ХХК болон Ө.Э-, Г.С- нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ0102180027 тоот зээлийн гэрээ байгуулагдан 13.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй, махны дэлгүүрт тоног төхөөрөмж авах зориулалтаар зээл авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Ө.Э-, Г.С- нар нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЗБ0102180027 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд :

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 58 тоот хаягт байршилтай 39м.кв талбайтай Ү-2003004658 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Ө.Э-, Г.С- нар нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 10.100.000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 3.418.000 төгрөг, зээлийн хүүд 5.940.900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 741.100 төгрөг төлсөн.

Ө.Э-, Г.С- нар нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхлэн сар бүр үндсэн зээлээс 1.083.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан.

Үндсэн зээл 9.582.000 төгрөг, зээлийн хүү 2.031.831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406.381 төгрөг, нотариатын төлбөр 19.500 төгрөг, нийт 12.039.712 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 277.790 төгрөгийн хамт Ө.Э-, Г.С- нараас гаргуулах, Зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-т заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байрны 58 тоот хаягт байршилтай, 39м.кв талбайтай, Ү-2003004658 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С-, Ө.Э- нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.С- нь өндөр настан, Ө.Э- нь аваарт орсон ажил эрхэлдэггүй орлогогүй хүмүүс. Энэ зээлийг хүү Ө.С-ын барьцаанд тавьсан махны дэлгүүрийг үндэс болгон авсан. Энэ үед өрхийн тэргүүн Д.Ө- нь Худалдаа хөгжлийн банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй байсан, орлогогүй Г.С-, Ө.Э- нар төлбөрийн чадваргүй учир гагцхүү барьцаа гаргасан Ө.С- хүүдээ зээл төлөхөд хувь нэмэр боломжоо оруулаач гэхэд ажил нь бүтэмжгүй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын эхээр зээ хүү Ц.И- Хас банкнаас зээл авч нийтдээ 10.150.000 төгрөг төлсөн. Иймээс “Г- П- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлсэн 13.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1.800.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.Э-ээс зээлийн нийт төлбөр 12.020.212 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г- П- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох нотариатын зардал 19.500 төгрөг гаргуулах, хариуцагч Г.С-гээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2001000418 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 28 тоот 39м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 207,273 төгрөгийг, хариуцагч Г.С-, Ө.Э- нараас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г- П- ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Э-, Г.С- нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөрчиж хүсэл зоригийн илэрхийллийг буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т заагдсан сонголтоо хийж шилжүүлэг хийхдээ “Үндсэн зээл” гэсэн тодотголтой хийсэн учир Банк бус санхүүгийн байгууллага нь мөнгөн шилжүүлэг дээр бичигдсэн даалгаврыг гүйцэтгэх ёстой.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.4-т заасныг зөрчиж хийгдсэн банк бус санхүүгийн байгууллагын стандарт гэрээг хуулиас дээгүүр хүчтэй гэж ойлгосон нь буруу. Хуульд тэргүүн ээлжид “шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан заалт зөрчигдлөө. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан, мөн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа “үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг шүүх зөрчжээ. Шүүх Ө.Э-ээс төлбөрийг гаргуулж, Г.С-г хариуцлагаас чөлөөлсөн атлаа хариуцагч биш этгээдээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Г- П- ББСБ” ХХК нь хариуцагч Ө.Э-, Г.С- нарт холбогдуулан нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрт 12.020.212 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг буюу нийт 12.039.712 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нараас зээлийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 2019 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл нийт 10.150.000 төгрөг төлсөн, анх авсан зээл болох 13.000.000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг төлөхийн хүлээн зөвшөөрнө гэж мэтгэлцжээ.

Хариуцагч тал ийнхүү мэтгэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд “...шинээр нотлох баримт гаргуулах хүсэлтэй байгаа болон банк бус санхүүгийн байгууллагаас тэтгэврийн зээлийн гэрээний хуулбарыг гаргуулж авах хүсэлт...” гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн эрхийн акт гаргалгүй орхигдуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж хуульчилсан.

Дээрх тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамж гарган уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэхүү захирамжид талууд мөн хуулийн 170 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргах эрхтэй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэж заасан үндэслэлд хамаарна.

Мөн шүүхээс гарч буй шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүйгээр гарах ёстой.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн[2] Тодорхойлох нь болон Үндэслэх нь хэсгүүдэд бичигдсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, зээлдэгчид олгосон зээлийн зориулалт зэрэг нь эрс зөрүүтэй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.790 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА      

                                                                                                                                                                  М.МӨНХДАВАА