Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00897/и

                                    

.Дархан-Уул.аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... давхарт байрлах, ...ХХК-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...аймаг, ... сум, … дугаар баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух Б овогт Ө.Э, Э овогт Г.С нарт холбогдох,

 

“12,039,712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Г.С, хариуцагч Ө.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө.Э, Г.С нар нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...ХХК-д хандан 13,000,000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБайгууллагад зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн.

...ХХК болон Ө.Э, Г.С нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ0102180027 тоот зээлийн гэрээ байгуулан 13,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, махны дэлгүүрт тоног төхөөрөмж авах зориулалтаар зээл авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Ө.Э, Г.С  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЗБ0102180027 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд :

...аймгийн Дархан сумын ... дугаар баг ... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Ө.Э, Г.С нар нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 10,100,000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 3,418,000 төгрөг, зээлийн хүүнд 5,940,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 741,100 төгрөг төлсөн.

Ө.Э, Г.С нар нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхлэн сар бүр үндсэн зээлээс 1,083,000 төгрөгөөс эхлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан.

Үндсэн зээл 982,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг, нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт 13,039712 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 277,790 төгрөгийн хамт Ө.Э, Г.С нараас гаргуулах, Зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох ...аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байрны 58 тоот хаягт байршилтай, 39 мкв талбайтай, Ү-2003004658 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.С, Ө.Э нар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “...зээл авахдаа өндөр настан Г.С, осол аваарт орсон Ө.Э нь ажил эрхэлдэггүй орлого байхгүй. Энэ бид хоёр хүү Ө.Соёлмандахын барьцаанд тавьсан махны дэлгүүрийг үндэс болгосон. Энэ үед гэр бүл өрхийн тэргүүн Д.Ө “Худалдаа хөгжлийн” банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй байсан. Орлогогүй Г.С, Ө.Э нар төлбөрийн чадваргүй учир гагцхүү барьцаа гаргасан С хүүдээ зээл төлөхөд хувь нэмэр боломжоо оруулаач гэхэд ажил бүтэмжгүй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын эхээр зээ хүү Ц.И “Хас” банкнаас зээл авч нийтдээ 10,150,000 төгрөг төлсөн.

Иймээс “ГКП ББСБ”-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлж авсан 13,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГКП” ББСБайгууллага нь хариуцагч Ө.Э, Г.С нарт холбогдуулан зээлийн төлбөр 12,020,212 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Ө.Э нь “ГКП” ББСБайгууллагатай 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр ЗГ0102180027 тоот зээлийн гэрээг байгуулан 13,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан Ө.Э зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч Ө.Э нь зээлийн төлбөрт 2018 оны 07 дугаар сарын 27-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөг, нийт 10,100,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “ГКП” ББСБайгууллага нь хариуцагч Ө.Э, Г.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,582,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 406,381 төгрөг, нийт 12,020,212 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нар нь “...дээрх 13,000,000 төгрөгийн зээлийг бид авч хэрэглээгүй, хүү Ө.Соёлмандахын махны худалдааны бизнесийг дэмжих зорилгоор авч өгсөн. Ө.Соёлмандах нь одоо сураггүй болсон. ...зээлийн төлбөрт өгсөн 10,100,000 төгрөгийг үндсэн зээл 13,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн төлбөрт авсан 10,100,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасахгүй, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрөө тооцож түрүүлж авсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, “ГКП ББСБ”, Ө.Э нарын хооронд байгуулагдсан ЗГ0102180027 тоот зээлийн гэрээний 3.5-т “зээлийн төлбөрийг хуваарилах аргачлал: 1-рт графикт хугацааны төлбөрт бодогдсон нэмэгдүүлсэн хүүг, 2-рт хугацааны зээлийн хүүг, 3-рт үндсэн зээлийн төлбөрийг авна” гэж тус тус заасан байх тул зээлдэгч Ө.Э нь зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ба хариуцагчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч ГКП ББСБайгууллага нь хариуцагч Г.Сгээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Г.С нь дээрх зээлийн гэрээний нэг тал биш, нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулаагүй байх тул Г.Сгээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох  үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,020,212 төгрөгийг хариуцагч Ө.Эээс гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал нотариатын зардал 19,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дээрх ЗГ0102180027 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ө.Э, Г.С, нэхэмжлэгч ГКП ББСБайгууллага нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЗБ0102180027 тоот барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2003004658 дугаарт бүртгэгдсэн, ...аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 28 тоот 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн                                  453.1-д зааснаар хариуцагч Ө.Эээс зээлийн нийт төлбөр 12,020,212 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГКП” ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох нотариатын зардал 19,500 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Сгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2001000418 дугаарт бүртгэгдсэн, ...аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 28 тоот 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Эээс улсын тэмдэгтийн хураамж 207,273 төгрөгийг, хариуцагч Г.С, Ө.Э нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ГКП” ББСБайгууллагад олгосугай.

                                                                                                                                                   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ...аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА