Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 119

 

“З- Н- О-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00720/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- Т-” ХК,

Хамтран хариуцагч С.Н- нарт холбогдох

“Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.033.954.550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн нар онлайнаар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал биечлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК-ийн төлөөлөгч О.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д- Т-” ХК нь 2018 оны 07 сарын 23-ны өдөр тус “З- Н- О-” ХХК-тай 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан хэмжээний дизель түлшийг зээлийн нөхцөлөөр худалдан авч, төлбөрийг энэ гэрээний салшгүй
хэсэг болох хавсралтуудаар тогтоосон хугацаанд төлөхөөр тохирсон болно. Зээлийн гэрээний №1 хавсралтаар “Д- Т-” ХК нь 120 000.00 литр, нэгж үнэ 1950 
төгрөг, 234.000.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2018 оны 7 сард багтаан авч, ачигдсан түлшний төлбөрийг тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн дагуу 2018 оны 12 сарын 03-ны дотор “З- Н- О-” ХХК-ийн хаан банкны 517601731 дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн тухайн сард багтаан авч амжаагүй түлш үлдсэн тохиолдолд үлдэгдэл түлшний үнийг 2018 оны 8 сарын үнээр авахаар тохиролцож, 7 сарын 23-ны өдрөөс 8 сарын 06-ны өдрийн хооронд 5 удаагийн ачилтаар 129 620 литр 252.759.000 төгрөгийн дизель түлш “Д- Т-” ХК-д нийлүүлэгдсэн.

“Д- Т-” ХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 9 сарын 01-ний өдөр зээлийн гэрээний №2 хавсралтаар 600 000 литр нэгж үнэ 1970 төгрөг, 1.182.000.000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлж, төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор барагдуулахаар тохиролцсон. Дээрх №2 хавсралтын дагуу 2018 оны 9 сарын 04-ний өдрөөс 10 сарын 01-ний өдрийн хооронд 24 удаагийн ачилтаар 481 560 литр 948.673.200 төгрөгийн түлш нийлүүлэгдсэн. Гэвч “Д- Т-” ХК гэрээний үүргээ үл биелүүлж төлбөрийг зохих хугацаанд барагдуулаагүй болон авч амжаагүй дизель түлш дээр нэмж 300-500 тонн түлшийг зээлээр олгох хүсэлтийг 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 11/137 дугаартай албан бичгээр тус компанид тавьсан. “З- Н- О-” ХХК хүсэлтийг нь хүлээн авч мөн сарын 25-ны өдөр зээлийн гэрээний №3 хавсралтаар 150 000 литр нэгж үнэ 2250 төгрөг, 337.500.000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлж, төлбөрийг 2019 оны 03 сарын 01-ний дотор барагдуулахаар тохиролцсон. Чингэхдээ түлшийг 11 дүгээр сарын 15-ны дотор авахыг “Д- Т-” ХК-д анхааруулсан тэмдэглэл хийсэн бөгөөд 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш мөн сарын 29-ний өдрийн хооронд 6 удаагийн ачилтаар 87 250 литр 204.537.500 төгрөгийн түлш нийлүүлсэн. Энэ №3 хавсралтыг баталсан 2018 оны 10 сарын 25-ны өдөр “З- Н- О-” ХК, “Д- Т-” ХК-ийн хооронд 108/2018/ДГТ-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж “Д- Т-” ХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор соёл, урлаг, олон нийтийн зориулалттай 936.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг мөн гэрээний №1,2,3 дугаар хавсралтын дагуу нийлүүлэгдсэн дизель түлшний төлбөр болох 1.534.460.300 төгрөгийн барьцаанд тавьсныг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 сарын 26-ны өдөр бүртгүүлсэн болно.

Ийнхүү “Д- Т-” ХК нь нийт 698 430 литр дизель түлшний төлбөр болох 1.405.969.700 төгрөгөөс 2018 оны 12 сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг “З- Н- О-” ХХК-ийн дансанд шилжүүлж, 1.355.969.700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг удирдлага болгон тооцвол “Д- Т-” ХК-ийн тус “З- Н- О-” ХХК-д төлбөл зохих үндсэн төлбөр 1.355.969.700 төгрөгийн торгуулийн 50 хувь 677.984.850 төгрөг гэж тооцвол гүйцэтгээгүй үүргийн дүн 2.033.954.550 төгрөг болж байна. Дээрх дүнд бариулж 2019 оны 7 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцвол №1 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 234 хоног, №2 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 159 хоног, №3 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 145 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. 2.039.797.446,90 төгрөг болж байна.

“Д- Т-” ХК 2019 оны 7 сарын 08-ны өдөр 1/164 дугаартай албан бичгийг мэйлээр ирүүлж гэрээний дагуу нийлүүлэгдсэн 698 430 литр дизель түлшний төлбөр 1.405.969.700 төгрөгийн төлбөр /өмнө төлсөн 50.000.000 төгрөгийг оруулж тооцсон байсан/-ийг барагдуулах боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 1200 м.кв оффисын барилга барих зориулалттай газар 650.000 төгрөг, Бумбат вилла амины орон сууцны хотхонд 140 1.кв хаус 350.000 төгрөг, Баянзүрх аппартмент хотхонд 66.8 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг, эсхүл 2019 он дуустал графикийн дагуу 5 удаагийн гүйлгээгээр төлбөрийг барагдуулах саналыг ирүүлсэн байна. Энэ хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Б-, түүний эхнэр С.Н-, тэдний хүү Б.Т-, хүргэн менежер Д.Э- нартай байнга утсаар холбогдож Б.Т-өөс бусад хүмүүстэй биечлэн уулзаж асуудлыг ярьсан боловч шийдэлд хүрэлгүй, элдэв шалтгаан тоочсоор өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр барагдуулаагүй болно.

Иймд 2018 оны 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 355 969 700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677.984.850 төгрөг, нийт 2.033.954.550 төгрөгийг хариуцагч “Д- Т-” ХК-аас гаргуулж тус “З- Н- О-” ХХК-д олгуулах, эсхүл барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэв.

“Д- Т-” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Д- Т-” ХК нь намрын ургац хураалтын үед харилцагч тариалангийн компаниудын улаан буудайны төлбөрт дизель түлш өгч, гурилын үйлдвэрийнхээ хэвийн ажиллагааг хангах зорилгоор “З- Н- О-” ХХК-тай 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч “З- Н- О-” ХХК-ийн нийлүүлсэн дизель түлшийг газар тариалангийн компаниуд чанар нь муу гэж аваагүйгээс бидний ажил зогсож арга буюу бусад алт олборлогч болон компаниудад гэрээний үнээс доогуур өгч алдагдалд орсон. Баян хулстай ХХК нь техникийн хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгаан болон учирсан хохирлыг хэмжээг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгэж байгаа гэдэг хариу өгдөг.

Нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК нь дизель түлш импортоор оруулж ирдэггүй, харин ОХУ-аас импортолж оруулж ирсэн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр Монголд хийсэн стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байсан нь хожим тодорхой болсон. Гэтэл тус компани нь анх гэрээ байгуулахдаа дизель түлшнийхээ гарал үүслийн талаар мэдээлэл өгөөгүйн улмаас бид нар ОХУ-д үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан дизель түлш гэж ойлгож, бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын талаар төөрөлдсөн. ОХУ болон бусад улсаас олон улсын болон Монгол улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн дизель түлшний үнэ өртөгт гаалийн болон онцгой албан татвар шингээсэн байдаг. Гэтэл “З- Н- О-” ХХК нь гаалийн болон онцгой албан татвар төлөөгүй атлаа төлсөн мэтээр уг татваруудыг шингээсэн өндөр үнээр гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал анхнаасаа дизель түлшнийхээ гарал үүслийг нуун дарагдуулж хууран мэхэлсний улмаас манай компани дизель түлшний гарал үүсэл, чанар, үнийн талаар төөрөгдсөн. Дизель түлшний чанар, үнийг хэрхэн тогтоох, ямар байгууллагыг шинжээчээр тогтоолгох талаар судалж үзсэний дараа хариуцагч талаас шүүхэд тусад нь хүсэлт гаргах болно. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч талууд нийлүүлсэн шатахуун, төлсөн төлбөр, төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэх шаардлагатай ба ийнхүү тооцоо нийлсний дараа нэхэмжлэлийн талаар хэдэн төгрөгийг төлөх талаар тайлбар өгөх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“З- Н- О-” ХХК нь “Д- Т-” ХК-тай 2018 оны 7 сарын 23-ны өдрийн байгуулсан 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа иргэн С.Н- намайг хамтран хариуцагчаар татсан нь гэрээтэй холбоотой маргаанд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч иргэнийг хариуцагчаар татан оролцуулж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

“Дархан гурил тэжээл” ХК, хариуцагч С.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 7 сарын 23-ны өдөр “З- Н- О-” ХХК-тай гэрээ хийж шатахуун авч тариалангийн компаниудад нийлүүлэх оронд нь улаан буудай авч үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангасан. Тухайн шатахуун нь тариалангийн компаниудад нийлүүлэлт хийхэд түлшний чанар нь муу гэж аваагүйгээс бидний ажил зогсож арга буюу бусад алт олборлогч болон бусад компаниудад гэрээний үнээс доогуур өгч алдагдалд орсон. Ийм учраас алданги болон үндсэн үнийн төлбөрөөс хасалт хийлгэж, зохих хэмжээний төлбөрийг “З- Н- О-” ХХК-тай харилцан тохиролцох. Нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа иргэн С.Н- намайг хамтран хариуцагчаар татсан нь гэрээтэй холбоотой маргаанд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч иргэнийг хариуцагчаар татан оролцуулж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5, 156 дугаар зүйлийн 156.2-д тус тус зааснаар хариуцагч “Д- Т-” ХК-аас 1.355.969.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК-д олгож, алданги 677.984.850 төгрөг гаргуулах, хариуцагч С.Н-т холбогдох шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.397.923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д- Т-” ХК-аас 6.937.798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т- давж заалдсан гомдолдоо:

            Т.Т- миний бие Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 1030 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. шийдвэрт “...Анзыг нэг гэрээний үүрэгт давхардуулан ногдуулахгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч алданги шаардсан нь үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл “З- Н- О-” ХХК болон “Д- Т-” ХК нарын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд зааснаар талууд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь тодорхой байтал шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд “Д- Т-” ХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийн хэмжээг тогтоосон учир анхан шатны шүүхийн 1031 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...алданги 677,984,850 төгрөгийг гаргуулах шаардлагыг...” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “...барьцааны зүйл нь хэний өмчлөлд бүртгэлтэй болохыг нотолсон баримт болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй...” байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ. Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг өмчлөгчийн гаргасан мэдүүлгийн хамтаар хүлээн авч бүртгэлийг хийж өөрийн архивд хадгалдаг бөгөөд бүртгэл хийсэн гэрээг гэрээний талуудад олгодоггүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс бүртгэлийн тамга бүхий гэрээний хуулбарыг анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчид мэдүүлсэн боловч хүлээн аваагүй буюу нотлох баримтаар үнэлээгүй. Мөн тус хөрөнгийг хэний өмчлөлийн хөрөнгө болох талаар ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн байна. Гэтэл 2020 оны 09 сарын 29-ний өдрийн анхан шатны шүүхээс хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч уг барьцаа хөрөнгүүдийг өөрийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд тус хөрөнгүүдийг нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК-д барьцаалсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбараар илэрхийлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн зүгээс гаргаж өгөх боломжтой бүхий л баримтыг гаргаж өгсөн төдийгүй барьцаа хөрөнгийг барьцаалсан болохоо хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн байхад шүүх ойлгомжгүй нөхцөл байдал, гэрээг бүртгүүлээгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй бөгөөд зөвхөн бараа, бүтээгдэхүүний доголдлын талаар маргаж тайлбар өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс тус үйл баримттай холбоотойгоор хариуцагчийн маргаагүй үйл баримтын талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй юм. Гэтэл Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргаагүй зүйлийн талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн мэтгэлцэх, нэмэлт баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “...Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно...” гэж заасны дагуу шүүх мэтгэлцээнийг тэгш эрхийн хүрээнд явуулалгүй талуудын маргаагүй үйл баримтыг маргасан мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх “ алданги 677.984.850 төгрөгийг гаргуулах шаардлага...” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын талаар:

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр № 108/2018/ДГТ дугаартай “Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т “Худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ноогдуулна” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” 232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан хуулийн заалтуудтай нийцдэггүй.

Нэхэмжлэгч тал гэрээний дээрх заалтыг “Анзыг торгууль эсвэл алданги гэж нэрлэснээс үл хамааран нэг удаагийн шинжтэй үйлдэлд ноогдуулах нь торгууль, удаан хугацааны туршид буюу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ноогдуулан төлөх мөнгөн төлбөрийг алдангид тооцдог...” гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Энэхүү гэрээний 3.3-т заасны дагуу торгууль ноогдуулах эрхтэй” гэж гэрээний 3.3-т заасан анз нь торгууль болох нь тодорхой байна.

Мөн нэхэмжлэгч нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь “З- Н- О-” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтаар нотлогддог. Талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь нэхэмжлэгч компани үндсэн үйл ажиллагаандаа байнга хэрэглэгдэх урьдчилсан нөхцөлийг тогтоосон стандарт нөхцөл байсан тул хариуцагч уг стандарт нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан ба зөвхөн уг гэрээний хавсралтад заасан барааны үнэ, хэмжээ, төлөх хугацааны талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж зааснаар маргаан бүхий гэрээний 3.3 дахь заалтыг “алданги” гэж тодорхойлох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн “алданги 677.984.850 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хоёр. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын талаар:

Иргэний хуулийн 156 дугаар 156.1-д “Барьцаалж гэрээг бичгээр байгуулна.” 156.2-  т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Гэтэл барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүх “барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

Учир нь шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэн өгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй нь  түүний хуульд заасан мэтгэлцэх эрхийг зөрчихөд хүргэсэн байна. 

Тус хэргийн нэхэмжлэгч “З- Н- О-” ХХК нь шүүхэд зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг “Д- Т-” ХК-д  болон түүний захирал С.Н- нарт холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн гэж дурдаж дээрх гэрээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбаруудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч тал буюу “Дархан гурил тэжээл” ХК болон иргэн С.Н- нар нь шүүхэд  хариу тайлбар гарган мэтгэлцэхдээ “Д- Т-” ХК  нь ...нэхэмжлэгч талын нийлүүлсэн дизель түлш нь стандартын шаардлага хангаагүй чанар муутай түлш байсан , уг түлшний гарал үүслийн талаар бидэнд үнэн зөв бодитой мэдээлэл өгөөгүйгээс бид худалдан авах зүйлийн чанарын талаар төөрөлдсөн. Мөн гаалийн болон онцгой албан татвар төлөөгүй атлаа уг зардлыг шингээсэн гэмээр өндөр үнээр гэрээ байгуулсан тул бид гэрээг хийхдээ ноцтой төөрөгдлийн улмаас гэрээг хийсэн, биднийг залилан мэхэлсэн энэ талаар шүүхэд баримт бүрдүүлнэ гэх агуулгатай, хариуцагч  С.Н- нь ... хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд иргэнийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй  гэх зэргээр тус тус  тайлбар гарган  мэтгэлцэж байжээ.

Харин үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, түүнийг байгуулсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  маргаагүй байна.

Нотолгооны үндсэн чиг үүргийн хувьд нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотлох үүрэг нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, маргасан тайлбар болон үүнтэй холбоотой баримт нотолгоонууд гарсан тохиолдолд хэрэгждэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн 2 дахь үндсэн шаардлагын талаар буюу барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлсэн эсэх талаар хариу тайлбар гарган мэтгэлцээгүй байна.

Харин шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдсаны дараа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан байна.

Дээрх тайлбартай холбогдуулан шүүх хуралдаан  даргалагч нэхэмжлэгч талын барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх тайлбар мөн бүртгэлтэй гэрээ өөрт нь эх хувиараа байгаа зэрэг тайлбарт ач холбогдол өгч тодруулга хийж гэрээг шүүхэд авах үзлэг явуулах,  шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах хүртэлх хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй  нь хэргийн оролцогчийн шүүхэд эдлэх эрхийг хязгаарласан үндэслэлд хамаарах юм.

Хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий шаардлагатай  баримт байгаа эсэх нь тодорхой болоогүй  энэ нь талуудын дунд үүссэн маргааны зүйл  болсон байхад  гэрээг бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан үүсгээгүй асуудлаар шүүх хуралдаанд шинээр үндэслэл тайлбар гаргаж  мэтгэлцэх нь хэргийн оролцогч аль нэг талын эрх байх хэдий ч энэ талаар нөгөө талын байр суурийг сонсох,  шаардлагатай бол шинэ нотлох баримт гаргах  агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д байх бөгөөд ийнхүү хэрэг маргааны үйл баримтыг бодитой, үнэн зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь нэг талаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нөгөө талаас шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж бүрэн эдлүүлэхэд чиглэсэн байх юм.

Түүнчлэн шүүхэд бичгийн нотлох баримтыг ирүүлсэн тохиолдолд түүнд тавигдах хуулийн шаардлага хэлбэрийг хангуулж авах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бөгөөд шүүх энэ ажиллагааг бүрэн дүүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаалаа.

Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчдын дунд үүссэн   гэрээний харилцааг үндэслэлтэй зөв тодорхойлж,  үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн тайлбарлаж  шийдвэрлэх нь зүйтэй байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.618.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                         

                                                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.АМАРСАНАА

                                                                                                                   ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА               

                                                                                                                                                                  О.НАРАНГЭРЭЛ