Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 120

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01144/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.А-д холбогдох

“5.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Н.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие С.Э- нь иргэн Н.А-д 5.000.000 төгрөг хүүтэй зээлдүүлээч гэж гуйсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Үүнээс хойш Н.А-ээс 2 сарын хүү 1.000.000 төгрөг авсан. Одоо хүртэл үндсэн мөнгөө өгөөгүй авъя гээд шаардахаар өгнөө түр хүлээгээч гэдэг шалтаг тавьсаар өгөхгүй удааж байна. Иймээс Н.А-ээс үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

...Би зээлсэн мөнгөндөө нэг ч удаа мах авч байгаагүй. Зээл аваад 2 сарын дараа 500.000 төгрөгийн хүүг нэхэж байж авсан. Дараа нь зах дээр эхнэртэй нь таараад мөнгөө нэхсэн чинь би зах дээр мах зарсан мөнгөө авахаараа өгье гэсэн тэгээд эхнэр нь надад 500.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш юу ч аваагүй гэжээ.

Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:

... Миний бие Н.А- нь С.Э-ээс 5.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Харин би хөдөөгөөр явж олсон бөөний махаа зөвхөн Э-т найдвартай гэж итгэж өгдөг байсан. Би түүнээс авсан тооцоогоо мах өгөхдөө тооцоог нь хасч явдаг байсан. Хоёр удаа 1.500.000 буюу 3.000.000 төгрөгийг бэлнээр Ихэр могойн үүднээс өгдөг. Мөн 1.000.000 төгрөгийг махны үнээс суутгасан. 500.000 төгрөгөөр 5 удаа махнаас суутгасан. Нийт 6.500.000 төгрөг Э- надаас авсан. Тооцоо дууссан. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.А-ээс 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.А- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан явуулахдаа анх өмгөөлөгч оролцуулна гэсэн хүсэлтийг хангаад эхний удаа хойшлогдсоны дараа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хурал товлогдсон байсан. Энэ цаг хугацаанд короновирус цар тахлын дотоодын халдвар Дархан-Уул аймагт илэрч бүртгэгдсэнээс 2020 оны 12 дугаар сарын 01 -ны өдөр хүртэл манай аймагт хатуу хөл хорио тогтоосон байсан. Хөл хорио тогтоосонтой холбогдуулж өмгөөлөгч нар ажиллаагүй, өмгөөлөгч сонгон авах боломж надад гараагүй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-нд би аймгийн онцгой комиссын гаргасан журмыг баримтлан гэрээсээ гараагүй. Гэтэл шүүх бүх нийтийн хөл хориотой цагт шүүх хурал хийхдээ намайг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаа ирээгүй гээд миний эзгүйд шүүх хурал хийснийг би зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Э- хариуцагч Н.А-д холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан 5.000.000 төгрөгийг 6.500.000 төгрөг болгож буцаан төлсөн тул одоо тооцоо байхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу хариуцагч Н.А-ээс 4.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоод үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар талууд хоорондоо 5.000.000 төгрөгийн зээл авахаар аман хэлцэл хийж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч С.Э- ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5046325985 дугаартай данснаас хариуцагч Н.А-ийн эзэмшлийн 5073054206 дугаартай данс руу 5.000.000 төгрөг 2 хувааж шилжүүлж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд харин мах зарсан мөнгөнөөс зээлсэн мөнгөө буцааж 6.500.000 төгрөг болгож төлсөн гэж тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч С.Э- зээлүүлсэн мөнгөний 2 сарын хүү 1.000.000 төгрөгийг хариуцагчаас авснаа хүлээн зөвшөөрдөг.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талууд харилцан тохиролцож хүү тогтоож болох боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн заалтыг зөрчсөн, хариуцагч Н.А- зээлийн төлбөрийг буцаан төлсөн талаарх баримтаа хэрэгт ирүүлээгүй, шүүхэд нотлоогүй болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Н.А- давж заалдсан гомдолдоо шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийнхээ  талаар огт дурдаагүй бөгөөд  бүх нийтийн хөл хориотой үед шүүх хуралдаан товлосныг надад мэдэгдсэн боловч хөл хорионы улмаас өмгөөлөгч сонгон авах боломж гараагүй, шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол хэрэгжиж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/А370 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хөл хорио тогтоох тухай” захирамжаар  2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагаас 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06 цаг хүртэл  Дархан-Уул аймагт ТЭГ зогсолт хийжээ.

Бүх шатны шүүх Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын үед тасралтгүй үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтад орж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан болно.

Хэргийн 30 дугаар талд авагдсан баримтаар шүүх хуралдааны товыг хариуцагч Н.А- болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Н.А- нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож, эрхээ хамгаалах бүрэн боломжтой байсан байна.

Иймд хариуцагч Н.А-ийн хөл хорионы үед шүүх хуралдаан товлон зарлаж, эрхээ хамгаалах боломжоор хангаагүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.А-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                                                                                Л.АМАРСАНАА