Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/00880

 

 

 

                             2023      03         07    

                            182/ШШ2023/00880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... Ж /РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... байранд байрлах, Ш холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Ш холбогдуулан тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Т.Ж нь Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд 23 жил шүүгчээр ажиллаад Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022.10.31-ний өдрийн 204 дугаартай зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

... Нэхэмжлэгчийн 36 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 2022.11.13-ны өдөр Төрийн банк дахь 240000112335 тоот дансанд нь “тэтгэвэрт гаргахад олгов гээд 104,400,000 төгрөг” шилжиж орсон байдаг...

2021.03.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг үдаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан...

Ш-өөс дээрх тэтгэмжийг олгохдоо үндсэн цалин болох 2,900,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй тул тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Ж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Ш 2022.06.30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.10.31-ний өдөр 204 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Ш хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно...

...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог бөгөөд 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон байдаг. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан “сарын дундаж цалин” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл, тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна...

Мөн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид  докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн,  төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог...

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин...” гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацаа”-ны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй.

Шийн хувьд 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж-ы сүүлийн 1 жилийн цалингийн түүвэр /хх-ийн 3 х/,

- Цалингийн карт /хх-ийн 4-5 х/,

- Ш-ийн 2022.11.18-ны өдрийн 03/1609 дугаартай “Хүсэлтийн хариу” /хх-ийн 6 х/,

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.10.31-ний өдрийн 204 тоот “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг /хх-ийн 7 х/,

- Нэхэмжлэгчээс Б.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/ зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.12.30-ны өдрийн 01/1815 тоот албан бичгээр Б.И, Н.Г, 2023.01.20-ны өдрийн 01/134 тоот албан бичгээр Б.Б нарт олгосон итгэмжлэлүүд, 2023.02.14-ний өдрийн “Итгэмжлэлд өөрчлөлт оруулах тухай” 01/332 тоот албан бичиг /хх-ийн 11, 15, 28 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ш холбогдох тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай Т.Ж-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндлэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Т.Ж нь 2022.03.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу тэтгэмж олгохдоо албан тушаалын цалингийн сүлжээ дэх 2,900,000 төгрөгөөр тооцсон үндэслэлгүй тул зөрүү 50,905,872 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин...” гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин бөгөөд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацаа”-ны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй. Ш-ийн хувьд 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэж маргасан.

 

3.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, -т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.

 

3.б. Талууд хэн аль нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, хариуцагч тайлбартайгаа холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Т.Ж-ы нэхэмжлэлтэй Ш-д холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж-ы сүүлийн 1 жилийн цалингийн түүвэр /хх-ийн 3 х/, Цалингийн карт /хх-ийн 4-5 х/, Шийн 2022.11.18-ны өдрийн 03/1609 дугаартай “Хүсэлтийн хариу” /хх-ийн 6 х/ зэрэг баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.а. Зохигч 36 сарын хугацаатай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжид 104,400,000 төгрөг олгосон болон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан талаар маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

4.б. Нэхэмжлэгч нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.9-д заасан шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр ... тооцно..., хариуцагч нь 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээ буюу 2,900,000 төгрөгөөр тооцно гэж маргасан бөгөөд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

 

4.в. Учир нь Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын тэтгэмжийг олгохоор нарийвчлан зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан өрсөлдөөний /зөрчилдөөний/ хэм хэмжээнээс илүү нарийвчлан зохицуулсан болон сүүлд батлагдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.

 

4.г. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэжээ.

 

4.д. Ш нь бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах эрхтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2015.11.13-ны өдрийн “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай” 101 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ 2,900,000 төгрөгөөр,

2021.01.14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолоор Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг үндэслэн шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар сар бүр, төрийн алба хаасан хугацааг нь харгалзан нэмэгдлийг 5-25 хувиар тус тус тогтоосон. /Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=208151&showType=1, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16147374340851/

 

4.е. Нэхэмжлэгч Т.Ж нь Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа үндсэн цалин 2,900,000 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-ын 2.1-д заасны дагуу үндсэн цалингийн 40 хувь болох 1,160,000 /2,900,000 х 40 хувь/ төгрөг, 2 дугаар хавсралт “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ын 2.2-т заасны дагуу 25 хувь болох 725,000 /2,900,000 х 25 хувь/ төгрөг буюу нийт 1,885,000 /1,160,000 + 725,000/ төгрөгийн нэмэгдлийг авч байсан байна.

 

4.ё. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг албан тушаалын сарын цалингийн хэмжээ 2,900,000 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь 1,160,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь 725,000 төгрөг буюу нийт 4,785,000 төгрөг гэж ойлгоно.

 

4.ж. Үүнийг 36 сарын хугацаагаар тооцоход нэг удаагийн тэтгэмж нь 172,260,000 /4,785,000 х 36/ төгрөг болж байхад албан тушаалын цалин 2,900,000 төгрөгөөс тооцож 104,400,000 төгрөгийг олгож, зөрүү 67,860,000 төгрөг /172,260,000-104,400,000/-ийг дутуу олгосон нь үндэслэлгүй  байна.

 

4.з. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасны дагуу нэхэмжлэгч нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Шөөс тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулан Т.Жд олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш-өөс 412,474 /дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч Ш-өөс тэтгэмжийн зөрүү 50,905,872 /тавин сая есөн зуун таван мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Жд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш-өөс 412,474 /дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Х.ДАШДЭЧМАА