Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 202/МА2020/00021

У.С-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, У.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д байрлах, Д аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Б газарт  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1839442 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, З.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт 2016 оны 02 сард анх нягтлан бодогчоор орж ажиллаж байгаад Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу Аймгийн Б газар нягтлан бодогчоор 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн шилжин ажиллаж ирсэн. Аймгийн Б газар нь намайг анх ажилд орсон цагаас эхлэн жил бүр надтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг байсан. Би ч жил бүр хөдөлмөрийн гэрээ сунгагддаг болохоор урьдын адил хөдөлмөрийн гэрээ сунгагдана гэж бодож байсан. 2019 онд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа өнгөрчихсөн байхад гэнэт намайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Анх шилжүүлэн ажиллуулсан албан бичигт ямар нэгэн хугацаа заахгүйгээр шилжүүлэн ажиллуулсан. Миний хувьд ажлаас халагдахаар ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй, үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Би ажлаас халагдсан талаарх гомдлоо байгууллагынхаа даргад болон Төрийн албаны салбар зөвлөлд гаргахад Аймгийн төрийн албаны салбар зөвлөл эндээ хүлээж авахгүй хот руу явуул гэсэн хариуг амаар өгсөн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.С надад албан бичгээр хариу өгөхдөө “Таны хүсэлтийг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдээд байна” гэсэн хариуг өгсөн. Энэхүү албан бичгийн дагуу би Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.С даргаас асууж лавлахад “...байгууллагын нягтлан бодогчдыг эргүүлэн шилжүүлэх эцсийн шийдвэр нь гараагүй байна, буцаан шилжүүлэхээр бол заавал албан бичгээр чиглэл өгч мэдэгдэж байж шилжүүлнэ” гэсэн. Үүнээс харахад ч гэсэн намайг төөрөгдүүлэн ажлаас халж байна. Ямар ч хариу шийдвэр гараагүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний нэг сарын үндсэн цалин ТҮ-8-1 зэрэглэлээр 700895 төгрөг, хоолны 66000 төгрөг, нийт 766895 төгрөгийн цалин авдаг. Иймд би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах авах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч У.С нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Миний бие нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 2 сарын цалин хөлсөө нэхэмжилж, уг хугацаагаар тасалдсан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 515587 төгрөг гаргуулах, 2020 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Би 2019 оны 11, 12 сар, 2020 оны 01 дүгээр саруудад нийт 2425402 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд миний нэг сарын дундаж цалин хөлс 808467 төгрөг болж байгаа юм. /2425402/3=808467/ 2020 оны 02 дугаар сар ажлын 17 хоногтой, нэг сарын дундаж цалин хөлсөө ажлын 17 хоногт хуваахаар миний нэг өдрийн цалин хөлс 47555 төгрөг гарч байгаа ба үүнийг 17 хоногоор үржүүлэхэд 2020 оны 02 дугаар сарын цалин хөлс 808435 төгрөг болж байгаа юм. Үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 92970 төгрөг, хүн амын орлогын албан татварт 53546 төгрөг суутгагдахаар тооцоход миний гарт 661919 төгрөгийн цалин хөлс олгогдохоор байна. 2020 оны 03 дугаар сарын цалинг тооцохдоо 1 сарын дундаж цалин хөлс болох 808467 төгрөгийг ажлын 22 хоногтоо хуваахад миний нэг өдрийн цалин 36748 төгрөг болж байгаа бөгөөд үүнийгээ ажлын 22 хоногоор үржүүлэхэд 808456 төгрөг болно. Үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 92972 төгрөг, хүн амын орлогын албан татварт 53548 төгрөг суутгагдаж миний гарт 661936 төгрөгийн цалин олгогдохоор байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 1 өдрийн цалин 36748 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 17 хоногтой, үүнийг 1 өдрийн цалин 36748 төгрөгөөр үржүүлэхэд 624716 төгрөг болж байгаа ба үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 71842 төгрөг, хүн амын орлогын албан татвар 37287 төгрөг тус тус суутгагдаж 515587 төгрөг олгогдохоор тооцоологдож байна. Иймд би 2020 оны 02, 03 дугаар сар, 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох нийт 1839442 төгрөгийг нэхэмжилж, дээрх тоцооллоор 2, 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дашзэвэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1-т “Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, албаны дотоод журамд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх буюу хална. Мөн Төрийн албан хаагч архидан согтуурах, албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих, албан үүргээ хангалтгүй биелүүлэх, дотоод журам зөрчих, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх зэрэг нь ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. Нэгдүгээрт, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан 57 мэдээллийг хугацаа хоцроож 1 мэдээллийг байршуулаагүй, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, аж ахуйн материалын дансанд бичиг хэрэг, тусгай зориулалтын материалд хүнсний материалыг бүртгэж дансны ангиллын дагуу  бүртгэж тайлагнаагүй нь Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалыг зөрчиж санхүүгийн тайланг буруу гаргаж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Хоёрдугаарт, ажилтнуудаас хоолны мөнгө олгох талаар удаа дараагийн хурал болгон дээр санал гомдол гарч нягтлан бодогчид энэ талаар үүрэг өгсөн боловч санаачилга гарган тооцоо судалгаа гарган төрийн санд хандаагүйгээс хоолны мөнгө олгогдоогүй ажилтнуудад хохирол учруулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй. Ажилтнуудад 8793000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлтэй. Гуравдугаарт, хамт олны эв нэгдлийг алдагдуулж, удирдлага хамт олныг сөргөлдүүлэн төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн. Ажилтнуудаас санал, гомдол гарч байсан. Төрийн байгууллагын нэр хүндийг гутаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтэд түгээж төрийн албан хаагчийн ёс зүйн журам зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д үзэл бодол, зан суртахуун, үг үйлдлээрээ хууль ёсыг сахин мөрдөх, 2.1.5-д албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх, 2.16-д албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн нам эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байх, 2.1.7-д захирах, захирагдах ёсыг сахин биелүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажилтнуудыг хохироосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулдаг, ёс зүйн зөрчил дутагдлууд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, аргагүй нөхцөл байдалд хүрч эдгээр байдлаас шалтгаалан үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэдийгээр нягтлан бодогчийн өөрийнх нь буруутай нөхцөлүүд байгаа хэдий ч хувь хүний цаашдын ирээдүйг бодож байгууллагын зүгээс анхаарч өмнө нь ажиллаж байсан байгууллагад нь шилжүүлэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон өөрт нь энэ талаар мэдэгдсэн, тус байгууллагад ажиллаж байх хугацаанд 2019 оны А/23 тоот тушаалаар мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад хамруулж, төлбөрийг байгууллагаас хариуцан дэмжиж тусалж ирсэн болно...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дашзэвэг шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...Нягтлан бодогч нь даргыгаа бусад хүмүүст элдвээр муулж доромжлон, сошиалаар ажил эрхэлж байгаа байдлыг буруутган хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх чөлөөнд халдсан ба хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилд орсон Д.Болормаатай барьцаж энэ ажилтанд яагаад цалинг нь өндөр тогтоож байгаа талаар барьцаж, цалин нэмэхэд царай хардаг гэх зэрэг элдэв яриа гарган даргаас болоод л ажилтнуудын цалин нэмэгдэхгүй байгаа мэт ажилтнуудад ойлголт өгч хамт олны дунд хутган үймүүлж, байгууллагад сөрөг уур амьсгалыг бий болгон удирдлага хамт олны эв нэгдлийг алдагдуулсаар ирсэн. Нягтлангийн энэ байдлын талаар хамт олны зүгээс надад гомдол санал удаа дараа гаргаж байсан. Ажлын ур чадваргүйгээс төсөв тооцоог буруу хийж ажилтнуудад олгогдох хоолны мөнгө олгогдоогүйгээс ажилтнуудыг хохироож нийгмийн баталгааны хөтөлбөр хангагдаагүй нь нягтлангийн хариуцлагагүй байдлаас шууд шалтгаалсан. Нягтлан бодогч нь өөрөө манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргаагүй, манай байгууллагаас ч нягтланг ажилд авах санал тавиагүй, удирдлагын албан бичгээр байгууллага хооронд туршлага судлуулах зорилгоор шилжүүлсэн тул Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан...” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу Д-н Б газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1839442 төгрөгийг гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай хариуцагч Д аймгийн Б газар холбогдох нэхэмжлэгч У.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч У.С-н нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22 дахь заалтыг тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/535 дугаартай Д аймгийн Засаг даргын албан бичигт У.С-г Аймгийн Б газар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Уг захиргааны шийдвэрийг харахад У.С-г шилжүүлэн ажиллуулахаар тодорхой хугацааг зааж өгч тусгаагүй, харин ч албан бичигт тусгагдсан зүйлд ажил үүргийг гүйцэтгэн хэрэгжүүлэх зүйлийг тусгасан нэг талын буюу захиргааны үйл ажиллагааны шийдвэрээр шилжүүлэн томилон ажиллуулахаар болсон байдаг. Аймгийн засаг даргын албан бичгийн дагуу Б газар У.С-г ажилд авах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь захиргааны шийдвэрийг хууль ёсны болгон бэхжүүлж байгаа хэлбэр юм. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд дүгнэлт хийж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал буюу аймгийн Б газар нь нэхэмжлэгч У.Стой 2019 оны 01 сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хөдөлмөрийн гэрээнээс харахад У.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг юуг үндэслэж, ямар шалтгааны улмаас гэрээний хугацааг тодорхойлж тогтоосон гэх үндэслэл харагддаггүй. У.С-г анх ажилд авсан тушаалд энэ талаар дурдаагүй байдаг. Мөн аймгийн Засаг даргын албан бичигт хугацааг заасан зүйлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 7 дахь хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Ийнхүү У.Стой хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл, шаардлага үүсээгүй байхад хугацаатай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын албан бичигт хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг өгөөгүй. Мөн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6 дахь хэсэгт хуанлийн жилийг 12 сараар тоолно гэж заасан. У.С-г 2020 оны 01 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний 1 жилийн хугацаа дууссан гэх үндэслэл тодорхойлогдохгүй байна. Шүүх хөдөлмөрийн гэрээний хугацааг Иргэний хуулийн аль заалтаар дууссан гэж дүгнэсэн нь шийдвэрээс тодорхой харагдахгүй байна. Мөн Аймгийн Засаг даргаас У.С-г Аймгийн Б газар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажиллуулахгүй байх албан ёсны шийдвэр гараагүй байхад хариуцагч тал дангаараа гэрээг цуцалсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, 193 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасныг илтэд зөрчиж байгаа. Зөрчиж байгаа нэг үндэслэл нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг шууд хэрэглээгүй, хэрэглэхийг хүсээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлнэ гэснийг зөрчиж байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр нь хоорондоо авцалдаагүй, нэг зүйлээ нөгөө зүйлээр үгүйсгэсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байдаг. У.С-г үүрэг даалгавар биелүүлдэггүй тухай тушаалд байхгүй, тайлбарыг хариуцагчаас авсан учраас анхан шатны шүүх үүнийг үнэлсэн. Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг тушаал нь зөрчиж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн гэрээ сунгагдсан заалтыг илтэд зөрчсөн. Хөдөлмөрийн хугацаатай гэрээ сунгагдсан байхад дүгнэлт хийгээгүй. Дөрөвдүгээрт, Монгол улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар зохих ёсны санхүүгийн байгууллагын зөвшөөрлийг авч байж гэрээг цуцлах ёстой. Дорноговь аймагт 2019 онд бүх нягтлан бодогчийг сэлгэж ажиллуулсанюм уу, хуулиа мэддэггүй, хуулиа дээдэлдэггүй албан тушаалтны ажлаас болоод У.С-г Б газар 1 жилийн хугацаатай ажиллуулсан. Санхүүгийн газрын 55 тоот албан бичгээр энэ хүнийг ажиллуулсан байдаг. Танай албан бичгээр У.С-г 1 жилийн хугацаагаар ажиллуулаад халах боллоо гэдгийг Санхүүгийн байгууллагад танилцуулсан, мэдэгдсэн, зөвшилцсөн зүйл байхгүй байгаа нь хууль зөрчсөн. Иймд эдгээр 4 үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, У.С-г Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдаа, зөрчилдөөнтэй шийдвэрүүд байсан, түүнийг харсан. Агуулгын хувьд яагаад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж хэлж байна вэ гэхээр би хууль тайлбарладаг субъектийг шүүгч гэж ойлгодог. Хэргийн оролцогчид хууль тайлбарлах нь утгагүй. Иргэний хуульд тодорхой заасан байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь, нэхэмжлэл гаргаж байгаа шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох, эх сурвалжаа заах, хариуцагч тал татгалзаж байгаа үндэслэлээ нотлох, эх сурвалжаа заах гэж байгаа. Мэтгэлцэх зарчим өөрөө нотлох баримтан дээр тулгуурласан байх шаардлагатай тул хэргийн оролцогчид өөрөө нотлох баримт ярих ёстой гэж ойлгогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг өмгөөлөгч хүний хувьд тайлбарлах нь өөрөө зохимжгүй. Нэг зүйлийг онцгой анхаараасай гэж хүсэж байна. У.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээний маргааныг харахад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа асуудал харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үндэслэлээр тушаал огт гараагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаараасай гэж би бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэдгийг заасан байна. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа үндэслэл, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үндэслэл 2 хууль зүйн өөр үр дагавартай гэж үзээд агуулгын хувьд зөв дүгнэлт хийсэн. У.С-н ажлын байр нь байнгын ажлын байр мөн, биш гэдэг дээр маргаагүй. Байнгын ажлын байр байж болно гэдгийг хуулиар зохицуулсан. Гагцхүү байнгын ажлын байран дээр талууд харилцан тохиролцоод хугацаатай гэрээ байгуулж болох юм байна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талууд хугацаатай гэрээг байгуулсан. Энэ гэрээнд гэрээний хугацааг 1 жил байна гээд тодорхой заасан. Харилцан тохиролцоод байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Талуудад гэрээгээр харилцан тохиролцсон зүйл байна уу үгүй юу, нэгэнт хугацаатай ажлын байр байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд тухайн гэрээгээр сунгагдана гэдэг тохиролцоо энэ гэрээнд байна уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу дуусмагц, цуцлах санал гаргаагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдана гэдэг зохицуулалт нь байна. Гэхдээ энэ асуудлыг талууд гэрээгээр тохирсон зүйл байна уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарах ёстой гэж би хэлэх гээд байгаа юм. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний жилийн хугацаа дуусаж байгаа учраас, цаашид хамтран ажиллахгүй гэдэг үүднээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа юм. Үндэслэлгүй ажлаас халсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч, хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан асуудал дээр шүүх буруу дүгнэлт хийчихлээ гэсэн агуулга бүхий гомдлууд нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна гэж ойлгож байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч У.С хариуцагч Дорноговь аймгийн Б газар холбогдуулан ажлаас буруу халсан, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 1533790 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл /гомдол/ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны олговорт 1839442 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашзэвэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажилтнуудыг хохироосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулдаг, ёс зүйн зөрчил дутагдлууд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч үүрэгт ажлаас чөлөөлж гэрээг цуцалсан ...” гэж, хариуцагчийн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... үүрэг даалгавар биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан учраас ажлаас халсан...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэгч У.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн, ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэл тодорхойлогдохгүй тул ...нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч У.С нь Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн /хх-12/ дагуу Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчоор 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс шилжин ажиллаж /хх-36/ байгаад хариуцагч буюу  Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар /хх-9/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22-т заасныг үндэслэн “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ...” гэж заан ажлаас халжээ.

Зохигчдын тайлбар болон дээрх тушаалд баримталсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22-т зааснаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэснийг үндэслэсэн гэж үзэхээр байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг болон тушаалд заасан ажлаас халсан агуулгыг авч үзвэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч У.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Анхан шатны шүүх ажлаас халсан үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ үүрэг даалгавар биелүүлсэн эсэх талаарх маргаан нь ажлаас халсан тушаалын үндэслэлд хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Учир нь хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтантай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жил байхаар хугацаа тогтоож заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна.” гэсэнтэй нийцээгүйн гадна мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал дээрх хуульд заасан хөдөлмөрийн гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь талуудын хэн алины санаачилгаар тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хамаарахаас гадна тухайн шаардлага, шалтгаан, талуудын энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгагдсан байх ёстой болно.

Гэтэл зохигчид гэрээг ямар учир шалтгаанаар хугацаатай байгуулсан тухай болон энэ талаарх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд тусгагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээг ийнхүү хугацаатай байгуулах болсон үндэслэлээ өөр байгууллагаас шилжүүлж ажиллуулсан, өөрөө манай байгууллагад ажиллах хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан байх боловч энэ нь дээрх хуульд заасан талууд харилцан тохиролцсон гэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн талууд хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэж заан гэрээний хугацааг 1 жил гэснээс үзэхэд болон Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр цагаас эхлэн тоолох ба хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд энэхүү журмаар хугацааг тоолоход дурдсан 1 жилийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байна.

Улмаар хариуцагч буюу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж ажилтныг ажлаас халсан шийдвэрээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох тухай агуулгад нийцээгүй.

Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т “төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасныг хариуцагч буюу ажил олгогч хэрэгжүүлээгүй нь түүний шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх нэг үндэслэл болно.

Иймд Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй ба нэхэмжлэгч У.С-г ажлаас буруу халсан байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, буруу халсан үеийн олговрыг буюу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцнэ.

Нэхэмжлэгч У.С-н буруу халсан үеийн олговрыг тооцохдоо буюу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэвэл түүний сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж нь нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэнээр /хх-4/ 2019 оны 11 дүгээр сард 648977 төгрөг, 12 дугаар сард 1001074 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 766895 төгрөг, нийт 2416946 төгрөг болж байх ба нэг сарын дундаж цалин хөлс 805648,6 төгрөг /2416946:3/ буюу сарын ажлын дундаж хоногийг 21,5 гэж үзвэл 1 өдрийн дундаж цалин хөлс 37472 төгрөг /805648,6:21,5/, анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа 73 хоног гэж үзвэл нэхэмжлэгчийн буюу ажилтны ажлаас буруу халагдсан үеийн олговорт нийт 2735456 төгрөгийг /37472х73/ хариуцагчаас буюу ажил олгогчоос гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд нийт 128917 төгрөгийг /ажлаас буруу халсан тухай гомдолд 70200 төгрөг, цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлд 58717 төгрөг/ хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2-т тус тус нийцнэ гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч У.С-г Д аймгийн Б газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 2735456 төгрөгийг хариуцагч Д аймгийн Б газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч У.С-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Д аймгийн Б газар даалгасугай.” гэж,

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д аймгийн Б газраас улсын тэмдэгтийн хураамжид 128917 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БАТЧИМЭГ