Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2020/00193

 

 

 

 

 

 

 

 

     2020        05              15                                    136/ШШ2020/00193                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Найрамдал гудамж, 145-05 тоотод оршин суух, Боржигин овогт Усаннахиагийн Солонго /РД:ЕЕ76071503/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Төв-0 оршин байрлах, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар /РД:9028668/-т холбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 839 442 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2016 оны 2 сард анх нягтлан бодогчоор орж ажиллаж байгаад Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 3 сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу аймгийн Байгаль орчин, Аялал жуучлалын газарт нягтлан бодогчоор 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шилжин ажиллаж ирсэн. Аймгийн Байгаль орчин, Аялал жуучлалын газар нь намайг анх ажилд орсон цагаас эхлэн жил бүр надтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг байсан. Би ч жил бүр хөдөлмөрийн гэрээ сунгагддаг болохоор урьдын адил хөдөлмөрийн гэрээ сунгагдана гэж бодож байсан. 2019 онд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа өнгөрчихсөн байхад гэнэт л намайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Анх шилжүүлэн ажиллуулж байсан албан бичигт ямар нэгэн хугацаа заалгүйгээр шилжүүлэн ажиллуулсан юм. Миний хувьд ажлаас халагдахаар ямар нэгэн алдаа, зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй, үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Би ажлаас халагдсан талаарх гомдлоо байгууллагынхаа даргад болон Төрийн албаны салбар зөвлөлд гаргахад аймгийн Төрийн албаны салбар зөвлөл эндээ хүлээж авахгүй хот руу явуул гэсэн хариуг амаар өгсөн. Мөн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Д.Сүрэн надад албан бичгээр хариуг өгөхдөө “Таны хүсэлтийг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт албан бичгээр мэдэгдээд байна” гэсэн хариуг өгсөн. Энэхүү албан бичгийнх нь дагуу би Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү даргаас асууж лавлахад: ... байгууллагын нягтлан бодогчдыг эргүүлэн шилжүүлэх эцсийн шийдвэр нь гараагүй байна, буцаан шилжүүлэхээр бол заавал албан бичгээр чиглэл өгч мэдэгдэж байж шилжүүлнэ” гэсэн. Үүнээс харахад ч гэсэн намайг төөрөгдүүлэн ажлаас халж байна. Ямар ч хариу шийдвэр гараагүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний 1 сарын үндсэн цалин ТҮ-8-1 зэрэглэлээр 700895 төгрөг, хоолны 66000 төгрөг нийт 766.895 төгрөгийн цалин авдаг. Иймд би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулан авах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тасалдлыг нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонго нь манай байгууллагад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу Хүүхэд гэр бүл, залуучууд хөгжлийн газраас шилжин ирж ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хувьд ажилд орохдоо өөрөө манайд ажиллах хүсэлт гаргаагүй, мөн манай байгууллагаас ажилд авах талаар хүсэлт гаргаагүй. Дээрх дурдсанаар томилогдож ажилласан, тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчид ажиллаж байх хугацаанд нягтлан бодогчийн хувьд удаа дараа үүрэг өгч байсан. Манай ажилчид удаа дараа хоолны мөнгө олгохгүй талаар гомдол гаргаж байсан. Энэ талаар хамт олны хурал дээр удаа дараа гомдол, санал ирсний дагуу дээрх асуудлыг шийдвэрлэх талаар нягтлан бодогчид хэлээд төрийн сангийн даргатай уулзсан. Тухайн үед миний зүгээс төрийн сангийн дарга тооцоог нь гаргаад төрийн санд оруул гэх үүрэг өгч байна гэж нягтлан бодогчид хэлсэн боловч удааширсаар жилийн эцэст болсон. Иймд үүрэг даалгавар биелээгүй, гэрээний хугацаа дууссан учраас ажлаас халсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Солонго нь  хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт холбогдуулан урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин  1 839 442 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт түүний урьд ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцож зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Байгаль орчин, Аялал жуучлалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч У.Солонго нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу Хүүхэд гэр бүл, залуучууд хөгжлийн газраас шилжин Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд ажилласан байна.

 

            Ажил олгогч буюу Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар нь ажилтан У.Солонготой нягтлан бодогчийн ажилд  2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. /хх-7-р тал/

 

Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн б/02 дугаартай, У.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-9-р тал/,

 

Хөдөлмөрийн гэрээнд: Ажил үүргийг гүйцэтгэж эхлэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, Хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил  гэж заажээ.

 

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “гэрээ байгуулагч хоёр тал энэхүү гэрээний биелэлтийг улирал бүр тооцож, шагнал урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох, ажлын хариуцлага тооцох арга хэмжээ авч, шаардлагатай бол өөрчлөлт, тодотгол хийж байна. 6.2-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад аль нэг тал нь гэрээг цуцлах санал тавиагүй нөхцөлд дахин нэг жилээр сунгагдсанд тооцно гэжээ.

 

Ажил олгогч тал санаачлагаараа гэрээг цуцалсан байна.

 

Хариуцагч тал: Ажилчдын хоолны мөнгийг олгоогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ дууссан үндэслэлээр тушаал гарсан,

Нэхэмжлэгч тал: Хоолны мөнгө олгох зөвшөөрөл өгөөгүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж байсан, Д.Сүрэн өөрөө нэгдүгээр гарын үсэг зурдаг хүн, энэ талаар хоолны мөнгө олгох үгүйг нь цаанаасаа шийдвэр нь гараагүй байсныг мэднэ.

 

Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргана.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.

23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй,

23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэж заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчөөгүй, хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээ мөн.

 

Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн б/02 дугаартай, “У.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22 дахь заалтуудыг тус тус үндэслэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Хэдийгээр талууд өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хоолны мөнгө бодож олгоогүй гэж маргасан боловч Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай, У.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэлд хамааралгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч У.Солонгыг урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 839 442 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт түүний урьд ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцож зохих бичилт хийхийг Дорноговь аймгийн Байгаль орчин, Аялал жуучлалын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 160  дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 839 442 төгрөгийг гаргуулах,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт холбогдох нэхэмжлэгч У.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Нэхэмжлэгч У.Солонгын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.НАРАНЦЭЦЭГ