Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00594

 

 

 

У.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэр,

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2020/00021 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: У.Солонго

Хариуцагч: Дорноговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар

 

нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү нарын хяналтын журмаар 2020.07.27-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Засаг даргын 2018.03.20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нягтлан бодогчоор 2018.04.03-с эхлэн шилжин ажилласан бөгөөд анх ажилд орсон цагаас эхлэн жил бүр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Жил бүр хөдөлмөрийн гэрээ сунгагддаг болохоор урьдын адил хөдөлмөрийн гэрээ сунгагдана гэж бодож байсан. 2019 онд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа өнгөрчихсөн байхад гэнэт ажлаас халсан. Анх шилжүүлэн ажиллуулсан албан бичигт ямар нэгэн хугацаа заахгүйгээр шилжүүлсэн. Миний хувьд ажлаас халагдахаар ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Би ажлаас халагдсан талаарх гомдлоо байгууллагынхаа даргад болон Төрийн албаны салбар зөвлөлд гаргахад Аймгийн төрийн албаны салбар зөвлөл эндээ хүлээж авахгүй хот руу явуул гэсэн хариуг амаар өгсөн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн надад албан бичгээр хариу өгөхдөө Таны хүсэлтийг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдээд байна гэсэн хариуг өгсөн. Энэхүү албан бичгийн дагуу би Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү даргаас асууж лавлахад ...байгууллагын нягтлан бодогчдыг эргүүлэн шилжүүлэх эцсийн шийдвэр нь гараагүй байна, буцаан шилжүүлэхээр бол заавал албан бичгээр чиглэл өгч мэдэгдэж байж шилжүүлнэ гэсэн. Үүнээс харахад ч гэсэн намайг төөрөгдүүлэн ажлаас халж байна. Ямар ч хариу шийдвэр гараагүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний нэг сарын үндсэн цалин ТҮ-8-1 зэрэглэлээр 700,895 төгрөг, хоолны 66,000 төгрөг, нийт 766,895 төгрөгийн цалин авдаг. Иймд би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2020.04.23-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож цалин хөлс болох 515.587 төгрөг гаргуулах, 2020.04 сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Би 2019.11, 12 сар, 2020.01 саруудад нийт 2,425,402 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд миний нэг сарын дундаж цалин хөлс 808,467 төгрөг болж байгаа. 2,425,402/3=808,467 2020.02 сар ажлын 17 хоногтой, нэг сарын дундаж цалин хөлсөө ажлын 17 хоногт хуваахаар миний нэг өдрийн цалин хөлс 47,555 төгрөг гарч байгаа ба үүнийг 17 хоногоор үржүүлэхэд 2020.02 сарын цалин хөлс 808,435 төгрөг болж байгаа юм. Үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 92,970 төгрөг, хүн амын орлогын албан татварт 53,546 төгрөг суутгагдахаар тооцоход миний гарт 661,919 төгрөгийн цалин хөлс олгогдохоор байна. 2020.03 сарын цалинг тооцохдоо 1 сарын дундаж цалин хөлс болох 808,467 төгрөгийг ажлын 22 хоногтоо хуваахад миний нэг өдрийн цалин 36,748 төгрөг болж байгаа бөгөөд үүнийгээ ажлын 22 хоногоор үржүүлэхэд 808,456 төгрөг болно. Үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 92,972 төгрөг, хүн амын орлогын албан татварт 53,548 төгрөг суутгагдаж миний гарт 661,936 төгрөгийн цалин олгогдохоор байна. 2020.04.23-г хүртэлх 1 өдрийн цалин 36,748 төгрөг, 2020.04.23-г хүртэл ажлын 17 хоногтой, үүнийг 1 өдрийн цалин 36,748 төгрөгөөр үржүүлэхэд 624,716 төгрөг болж байгаа ба үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 71,842 төгрөг, хүн амын орлогын албан татвар 37,287 төгрөг тус тус суутгагдаж 515,587 төгрөг олгогдохоор тооцоологдож байна. Иймд би 2020.02, 03, 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох нийт 1,839,442 төгрөгийг нэхэмжилж, дээрх тооцооллоор 2, 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019.01.03-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1-т Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, албаны дотоод журамд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх буюу хална. Мөн Төрийн албан хаагч архидан согтуурах, албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих, албан үүргээ хангалтгүй биелүүлэх, дотоод журам зөрчих, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх зэрэг нь ажлаас халах үндэслэл болно гэж заасан. Нэгдүгээрт, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан 57 мэдээллийг хугацаа хоцроож 1 мэдээллийг байршуулаагүй, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, аж ахуйн материалын дансанд бичиг хэрэг, тусгай зориулалтын материалд хүнсний материалыг бүртгэж дансны ангиллын дагуу бүртгэж тайлагнаагүй нь Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалыг зөрчиж санхүүгийн тайланг буруу гаргаж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Хоёрдугаарт, ажилтнуудаас хоолны мөнгө олгох талаар удаа дараагийн хурал болгон дээр санал гомдол гарч нягтлан бодогчид энэ талаар үүрэг өгсөн боловч санаачилга гарган тооцоо судалгаа гарган төрийн санд хандаагүйгээс хоолны мөнгө олгогдоогүй ажилтнуудад хохирол учруулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй. Ажилтнуудад 8,793,000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлтэй. Гуравдугаарт, хамт олны эв нэгдлийг алдагдуулж, удирдлага хамт олныг сөргөлдүүлэн төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн. Ажилтнуудаас санал, гомдол гарч байсан. Төрийн байгууллагын нэр хүндийг гутаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтэд түгээж төрийн албан хаагчийн ёс зүйн журам зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д үзэл бодол, зан суртахуун, үг үйлдлээрээ хууль ёсыг сахин мөрдөх, 2.1.5-д албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх, 2.16-д албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн нам эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байх, 2.1.7-д захирах, захирагдах ёсыг сахин биелүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажилтнуудыг хохироосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулдаг, ёс зүйн зөрчил дутагдлууд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, аргагүй нөхцөл байдалд хүрч эдгээр байдлаас шалтгаалан үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэдийгээр нягтлан бодогчийн өөрийнх нь буруутай нөхцөлүүд байгаа хэдий ч хувь хүний цаашдын ирээдүйг бодож байгууллагын зүгээс анхаарч өмнө нь ажиллаж байсан байгууллагад нь шилжүүлэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон өөрт нь энэ талаар мэдэгдсэн, тус байгууллагад ажиллаж байх хугацаанд 2019 оны А/23 тоот тушаалаар мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад хамруулж, төлбөрийг байгууллагаас хариуцан дэмжиж тусалж ирсэн болно гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 136/ШШ2020/00193 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт холбогдох У.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2020/00021 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг өөрчлөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар У.Солонгыг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2,735,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар У.Солонго улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 128,917 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор зааж, нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ....Учир нь хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэгч буюу ажилтантай 2019.01.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жил байхаар хугацаа тогтоож заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, гэсэнтэй нийцээгүйн гадна мөн хуулийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаас тогтоогдсонгүй... гэж дүгнэсэн нь өөрөө хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан магадлал гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал Дорноговь аймгийн Засаг даргын 03.20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийг үндэслэн 2018.04.03-ны өдрөөс Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт нягтлан бодогчоор түр сэлгэн ажиллуулсан бөгөөд энэ хугацаанаас эхлэн нягтлан бодогч У.Солонготой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ирсэн бөгөөд анх гэрээ байгуулах үед гэрээний зүйл заалт бүрийг нэг бүрчлэн танилцуулснаар тухайн гэрээг байгуулсан ба хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг У.Солонго нь ухамсарлан ойлгож гарын үсэг зурсан нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурьдсан түүний тайлбараас харагдаж байна. Харин Байгаль орчин аялал жуулчлалын газар нь анхнаасаа У.Солонгыг мөн түр хугацаанд сэлгэн ажиллуулж байна гэх ойлголттойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах саналыг анх гаргасныг нягтлан бодогч У.Солонго нь хүлээн зөвшөөрч жил бүр хугацаатай гэрээ байгуулсаар ирсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтад тусгагдсаар байхад давж заалдах шатны шүүх харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцож болно гэж заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Тодруулбал нягтлан бодогч У.Солонго нь 2016 оноос Дорноговь аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын газарт нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд 2018 онд Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт түр хугацаагаар ажиллуулах Засаг даргын шийдвэрийн дагуу түр хугацаанд тухайн байгууллагад нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр томилсныг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал гаргасныг У.Солонго нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тухайгаа анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд нь энэ нь ИХ-н 189, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасан хуулийн зохицуулалтуудад бүрэн НИЙЦСЭН гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн давж заалдах шатны шүүх: Төсвийн тухай хуулийн 19.6.3-т ...төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөж томилж чөлөөлнө... гэж заасныг хариуцагч буюу ажил олгогч хэрэгжүүлээгүй нь түүний шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэх нэг үндэслэл болно гэж дүгнэсэн нь мөн л ИХШХШТХ-н 40-д заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодитой байх талаас нь дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Д.Сүрэн нь 2020.01.31-ний өдрөөс нягтлан бодогч У.Солонгыг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа тухай саналаа урьдчилан мэдэгдэж зөвшилцсөн бөгөөд 2020.01.31-ний өдрийн 41 тоот албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн бичгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байхад Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

У.Солонго 2020.02.21-ний өдөр Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорыг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар нь У.Солонготой 2019.01.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажиллуулж, 2020.01.30-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ...хугацаатай гэрээний хугацаа дууссан.. гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22-т заасныг баримтлан халсан байна.

Зохигчийн хооронд 2019.01.02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д ...хөдөлмөрийн гэрээний хугацаа: 1 жил..., 6.2-т ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад аль нэг тал нь гэрээг цуцлах санал тавиагүй нөхцөлд дахин нэг жилээр сунгагдсанд тооцно.. гэжээ.

Талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох бөгөөд үүнд ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигч нар харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-г зөрчөөгүй гэж үзлээ.

 

2. У.Солонгын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажил олгогч гэрээг цуцалсан тул ажилтан сахилгын зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

4. Шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2020/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ