Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 202/МА2021/00001

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О,

 

Хариуцагч: Д.И нарт холбогдох,

 

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах, 00000000 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд /зайнаас/, өмгөөлөгч Г.Ганцэцэг /зайнаас/, хариуцагч Д.О /зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Дорноговь аймгийн Ссумын 1-р багт Ш төвийг баригдаж ашиглалтад ороход тус төвд байрлалтай үйлчилгээний зориулалттай 32,4 мкв талбай бүхий 1 өрөөг 27600000 төгрөгөөр худалдан авч 2013 оны 09-р сарын 02-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн 000215955 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн 00000000дугаарт бүртгэгдэн өмчилж авсан. Манай нөхрийн төрсөн дүү Г.А 2015 оны 09-р сард надтай уулзаад дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж хэрэглэж байгаад өгье гээд гэрчилгээг эх хувиар нь авсан. Дүү Г.А зээл өгч байгаа газрын ажилтан Д.О гэгч эмэгтэйн хамт ирээд нэг бичиг харуулаад үүн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан. Энэ үед би ажилтай яаруу явсан учир зээлийн барьцаанд тавьж хэрэглэж байгаад өгнө гэсэнд нь итгээд уг бичиг баримттай уншиж танилцаагүй, ямар нэр төрлийн бичиг баримт болохыг үзэж нягтлаагүй болно. Тэгээд энэ оны эхээр дүү Г.Атай утсаар ярьж нөгөө зээл чинь юу болж байна гэж асуухад төлөөд дууссан, харин зээл өгсөн хүмүүстэйгээ жаахан асуудалтай байгаа гэсэн. Ингээд миний үл хөдлөх хөрөнгө Д.И гэдэг хүний нэр дээр шилжсэнийг мэдсэн. Аймгийн Цагдаагийн газарт 2020 оны 02 сард өргөдөл гаргаж шалгаад иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан гэж хэргийг хаасан. Миний өмчлөлийн Дорноговь аймгийн Ссумын 1-р баг Ш төвд байрлалтай үйлчилгээний зориулалттай 1 өрөө, 32,4 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь Д.От 2015 оны 09-р сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр, Д.Оээс 2017 оны 01-р сарын 10-ны өдөр  О.Нд олгосон итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 09-р сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх Д.Иад шилжин үл хөдлөх хөрөнгийн 00000000 дугаарын гэрчилгээ олгогдсон байна. Би нөхрийнхөө төрсөн дүү Г.Ад тусалж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгсөн, түүний Д.О гэгчтэй хамт барьж ирсэн бичиг баримтыг үзэж танилцахгүй гарын үсэг зурсан гэнэн байдал, итгэлд дөрөөлөн хууран мэхэлж гэрээ хийсэн, миний өмчлөлийн эд хөрөнгийг надад огт мэдэгдээгүй хууль бусаар Д.И-н өмчлөлд шилжүүлсэн учир худалдах, худалдан авах 2015 оны 09-р сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгөө гаргуулж  өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийн дагуу миний шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө, түүнийг өмчлөх эрхэд хариуцагч нь илтэд хууль бусаар эрээ цээргүй халдаж, өөрийн өмчлөлд авч, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. Худалдах, худалдан авах 2015 оны 09-р сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Д.Оийг оролцоогүй байхад нэрийг нь ашиглан бэлэглэлийн гэрээг хийсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн хангалттай үндэслэлтэй тул 2018 оны 09-р сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 00000000дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...” гэжээ.

 

           Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие И ХХК-ийн  З дэх 1-р салбарт 2011 оноос 2015 онд зээлийн мэргэжилтнээр, 2015 оноос 2018 оны хооронд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. И ХХК-ийн захирал  О.Н гэж хүн байсан бөгөөд Д.О миний бие ерөнхий захирлын шууд удирдлага дор ажиллаж байсан. 2012 оноос Г.А нь  З 1-р салбарын харилцагч болж эргэлтийн хөрөнгийн зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Г.Ад анх зээл олгохдоо барьцаа хөрөнгө аваагүй ба барьцаагүй зээл олгосон. Энэхүү зээл өдөр бүр төлөлт хийгддэг өдрийн зээл юм. Алтанзаяагийн урд нь авсан зээлийн хүү алданги болон зээлийн үлдэгдэл нь нийлээд 74.000.000 төгрөг болж, зээлийн анхан шатны баримт үйлдсэн. Ингэхдээ тухайн үед Г.А өөрөө байхгүй учир хүү болох Оргилболд гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн. Тухайн үед Д.О миний бие нь зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд шийдвэр гаргах хэмжээний биш байсан. Учир нь салбарын эрхлэгчээр А.Болор гэж хүн ажиллаж байсан. 2014 оноос Алтанзаяагийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед захирал Нансалмаа нь намайг Алтанзаяагаас зээлийг нь төлүүлж дуусгахыг шахаж шаардаж хэрэв ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөрэй хэмээн дарамталж байсан. Тухайн үед миний бага хүү ой гарантай нялх байсан учир зарим тохиолдолд мөнгөө авч чадахгүйд хүрдэг байсан. Өдөр бүр шөнө оройн цагаар зээлийн хойноос хөөцөлдөж 37000000 гаруй төгрөгийг төлүүлсэн.  О.Н нь Алтанзаяаг зээлээ төлж чадахгүй бол ямар нэгэн барьцаа хөрөнгийг байршуулахыг шаардаж байсан. Мөн Д.О надад Алтанзаяагаас төлөгдөхгүй байгаа зээлэнд барьцаа хөрөнгө хөрөнгө авахыг удаа дараа сануулж шахаж байсан. 2015 оны 9-р сард Нансалмаа намайг чи Алтанзаяатай хамт яваад Сайншандад байгаа байрыг нь өөрийн нэр дээр шилжүүлээд ир гэж хэлсэн. Үүнийг ямар учиртайг Алтанзаяагаас асуухад эгч нь зээлээ төлж чадахгүй нь танай захирал барьцаа байршуул гээд байна. Ахаасаа байрыг нь түр хугацаагаар барьцаанд тавья гэж гуйхад зөвшөөрсөн юмаа гэж хэлсэн. Ингээд Алтанзаяатай хамт Сайншандад ирээд намын хороон дээр байрлах нотариат дээр очиход нэг танихгүй эмэгтэй хүн их яаруу ирж худалдах, худалдан авах гэрээтэй огт уншиж танилцаагүй, шууд гарын үсгээ зураад явсан. Ингээд Д.О миний нэр дээр С сумын Ш үйлчилгээний төвийн 567 тоот 32.4 мкв байр шилжсэн болно. Нансалмаа нь энэхүү байранд И ХХК-ийн 2-р салбарыг нээж үйл ажиллагаагаа явуулах болсон. Нансалмаа захирал нь анхнаасаа татвараас зайлсхийж өөрийн зээлийн төвөөс гаргасан зээлийн барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгөө хувь хүний нэр дээр шилжүүлсэн. Учир нь үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн татвар жил бүр хувь хүн буюу Д.О миний нэрээр төлөгдөж байсан. Мөн И ХХК-ийн орлого зарлагын гүйлгээнүүд нь компанийн дансаар огт хийгддэггүй бөгөөд бүгд хувь хүний дансаар явуулдаг. И ХХК нь 2018 оны байдлаар нийт 15 салбартай байсан бөгөөд бүх салбарын зээлийн олголт зээлийн тооцолт зээлийн сунгалт гэх мэт ашиг орлогууд нь тухайн салбарын эрхлэгч буюу хувь хүний дансаар үйл ажиллагаагаа явуулж байдаг. Хувь хүн болон иргэн дээр татвар огт төлөгддөггүй болно. 2017 оны 01 сард Нансалмаа нь “чи миний нэр дээр итгэмжлэл хийж өг. Энэ бол чиний байр биш миний мэдлийн манай компанийн байр тийм болохоор надад энэ байрыг захиран зарцуулах эрхийг хуулийн хүрээнд эрхийг итгэмжлэлээр хийж өг” хэмээн шаардсан. Тухайн үед миний бие нь захирал Нансалмаагийн удирдлага дор ажилладаг байсан тул үгүй гэж хэлэх эрх байгаагүй. Ингээд миний бие нь байрны гэрчилгээ эх хувь болон итгэмжлэлийн хамт Нансалмаад өгсөн. 2018 оны 7 сард ажлаас гарахдаа өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг яаж шийдэх вэ, Алтанзаяад хэлж байраа яахыг нь асуух уу гэж Нансалмаад удаа дараа хэлж сануулж асууж байсан. Гэтэл Нансалмаа нь энэ чиний шийдэх асуудал биш чамд хамаагүй би өөрөө шийдчихнэ гэж хэлсэн. Намайг ажлаас гарснаас хойш 2 сарын дараа Нансалмаа нь өөрийн нөхөр болох Итгэлбуянт гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Миний бие нь Итгэлбуянт гэх хүнийг танихгүй бөгөөд бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй болно. Нансалмаа нь үл хөдлөх хөрөнгөө өөрийн нөхөр дээр шилжүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн татвараа Д.О миний нэр дээрээс шилжүүлээгүй бөгөөд мөн үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөлгүй хугацаа хэтэрч Д.О миний нэр төрд санаатайгаар халдаж татварын дарамтад удаа дараа оруулсаар байна. 2020 оны 09 сарын байдлаар татвараа төлөөгүйн улмаас татвар дээр удаа дараа дуудагдаж ажил төрөл хийхэд саад үчруулж байна. Иймд Д.О миний зүгээс Алтанзаяагийн гэх зээлийн барьцаанд түр хугацаагаар байршуулсан Ссум Ш567 тоот 32.4 м.кв байрыг анхны эзэн болох Наранжаргалд буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Наранжаргал нь  З 1 салбарын харилцагч биш бөгөөд И ХХК-иас зээл аваагүй. И ХХК нь барьцаат зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн барьцаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог болно. /үл хөдлөх хөрөнгө барьцаанд авах эрх үүсээгүй болно/ Г.А нь авсан зээл нь эрсдэлд орж төлж чадахгүйд хүрвэл энэхүү зээлийн үүргийг хангуулахаар Сайн шанд сум Шинэзуун 567 тоот 32.4 м.кв байрыг барьцаанд байршуулна гэсэн ямар нэгэн барьцааны гэрээ хуулийн хүрээнд хийгдээгүй. Алтанзаяад гаргасан эргэлтийн хөрөнгийн зээл нь харилцагчаас барьцаа хөрөнгө шаардахгүйгээр барьцаагүй олгосон зээл болно...” гэжээ.

 

           Хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.И нь 2018 оны 09 сарын 29-ны өдөр  О.Нтай бэлэглэлийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн С сумын 1 дүгээр баг, шинэ ахуй үйлчилгээний 567 тоотод байрлах улсын бүртгэлийн 00000000дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авсан болно. Тухайн үл хөдлөх хөрөнгөд 2015 оноос хойш “Их мөнх наран’' ХХК-ийн Дорноговь аймаг, С сум дахь салбар ‘"68 зээлийн төв” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоо ч ажиллаж байгаа юм. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан гэх Б.Н-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл саруул хүн байж нотариат дээр өөрийн биеэр ирээд хөрөнгөө бусдад шилжүүлж буй худалдах худалдан авах гэрээг уншиж танилцаагүй, ямар төрлийн бичиг баримт болохыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь мөн 201 5 оноос хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрөө биш, байгууллага ашиглаад үйл ажиллагаа явуулж байхад мэдэхгүй байна гэх ямар ч боломжгүй зэргээс үзэхэд Б.Н нь тухайн үеийн үйл баримтыг мэдсээр байж мэдэхгүй дүр үзүүлэн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Г.А нь И ХХК-ийн Дорноговь аймгийн  З сум дахь салбараас 2014 оны 10-р сарын 15-ны өдөр 76,900,000 төгрөгийн зээлийг барьцаагүйгээр, 50 хоногийн хугацаатай, 12 хувийн хүүтэйгээр зээлсэн ба зээлийг өдөр бүр төлж 2014 оны 12 сарын 04-ны өдөр дуусгах байсан боловч төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Г.А нь зээлийг авснаас хойш өөрийн ажиллуулж байсан дэлгүүрийн орлогоос төлж байсан ба 36,900,000 төгрөгийг төлсөн байсан, 2015 оны 09 сарын 11-ний өдөр тооцоо нийлж үзэхэд 35,725,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 1.175,000 төгрөгийг нэмж аван нийт 40.000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Г.А нь дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байх тул ах дүү нараасаа тусламж гуйсан, ах нь үл хөдлөх хөрөнгө өгье гэсэн, түүнийг танай нэр дээр шилжүүлж 27,500,000 төгрөгийн өр төлбөрийг хаая, үлдэгдэл 12,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон.  И  ХХК нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхэлдэг тул бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх олгогдоогүй, барьцаалж байгаагүй, Б.Н-ын үл хөдлөх хөрөнгийг ч зээлийн барьцаанд авах асуудал үүсэх боломжгүй юм. 2015 оны 09 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Ссум дахь нотариат дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан Б.Н, И ХХК-ийн  З салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.О, зээлдэгч Г.А нар уулзаж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дорноговь аймгийн С сумын 1 дүгээр баг, шинэ ахуй үйлчилгээний 567 тоотод байрлах улсын бүртгэлийн 00000000дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн. Тэр цаг үеэс эхлэн  И  ХХК нь тухайн хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Харин 2018 онд И ХХК-ийн захирал  О.Н нь эргэлтийн хөрөнгийн зээл авах шаардлага үүсэж, үл хөдлөх хөрөнгө барьцаалахаар Д.О-ээс итгэмжлэл хийлгэж авсан ба тухайн итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж Д.И-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн болно.  З салбарын захирлаар ажиллаж байсан Д.О нь 2019 оны 07 сард өөрийн албан тушаалын байдлыг ашиглан компанийн мөнгөн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо Дорноговь аймгийн  З сум дахь цагдаагийн хэлтэст мөрдөн шалгагдаж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийг Г.А өөрийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаа өнгөрсөн, 2018 онд Д.И-н нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн, 2015 оноос хойш тухайн хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байхад ямар ч гомдол санал гаргаагүй, чимээгүй байсан хүмүүс өнөөдөр цагдаа болон иргэний шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж байгааг Д.О-ийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах компанийг шантаачлах зорилгоор хийж байгаа арга ядсан үйлдэл гэж үзэж байна. Б.Н нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн хариуцах чадвартай, насанд хүрсэн иргэний хувьд өөрийн биеэр Дорноговь аймаг, С сум дахь нотариат дээр ирж үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан, өнгөрсөн жил гаруйн хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгийг  И  ХХК ашиглан үйл ажиллагаа явуулж байхад нэг ч удаа ирж санал гомдол гаргаагүй зэргээс дүгнэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах санаа зорилго байсан бөгөөд гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Д.И-н өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжсэн харилцаа нь хууль зөрчөөгүй байх тул түүний өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардах эрх Б.Н-д байхгүй. Иймд Б.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09-р сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн С сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн С сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

 

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Дорноговь аймгийн С сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.И-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр,

 

            Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 00000000дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 295450 төгрөг, Д.Иаас 378150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нар давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09-р сарын 22-ны өдрийн Дорноговь аймаг, Ссум, 1-р баг, Шинэ ахуй үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09-р сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.И-н хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09-р сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, харин Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09-р сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа урьд өмнө огт хууль зүйн үндэслэлээ тодорхойлохгүй байж байгаад шүүх хуралдаан дээр тодорхойлсон. Хариуцагчийн зүгээс  ч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн хууль зүйн шаардлагаас давж худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар, бэлэглэлийн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх, талуудын мэтгэлцэх эрх тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг хийхдээ гэрээг уншаагүй, ач холбогдол, үр дагаврыг нь ойлгоогүй, түр барьцаанд тавьж байгаа гэж ойлгосон гэж тайлбарласан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч уг гэрээг байгуулсан цагаас хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс гадна эзэмших эрхийг ч шилжүүлэн өгч, хөрөнгийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн. 2015 оноос хойш Д.И болон түүний эхнэр  О.Нгийн компанийн салбар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн ба хариуцагч Д.И ч 2018 оноос өөрийн металл хайгч худалдан борлуулах үйлчилгээгээ давхар явуулсаар байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Н нь өөрийн үл хөдлөх хөрөнгөд өөр компани үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан талаар мэдүүлдэг ба тухайн газарт ямар нэгэн байдлаар гомдол, шаардлага тавьж байсан удаа байхгүй гэдгээ хэлдэг. Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Н нь өөрөө худалдах, худалдан авах гэрээнд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан гэдэгтэй маргадаггүй. Мөн Наранжаргал нь эрх зүйн бүрэн чадамжтай, уншиж, бичиж чаддаг хүн юм. Барьцааны гэрээ гэдэг бол тодорхой эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалан уг барьцаагаа баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлдэг харилцаа болохоос эд хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэн өгөх харилцаа огт биш. Нэхэмжлэгч Б.Н нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл бүтэн 5 жил гаруй хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн талаар нэг ч удаа маргаан гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад болон хариуцагч нарт хандаж байсан удаа байхгүй. Харин Д.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан хэрэгт холбогдон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа анх удаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь өөр зорилготой гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Бэлэглэлийн гэрээний тухайд Д.О нь 2017 оны 01-р сарын 10-ны өдөр  О.Нд Дорноговь аймаг, Ссум, 1-р баг, Шинэ ахуй үйлчилгээний 567 тоот хаягт байрлах 32,4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн 00000000дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг хийж, нотариатаар баталгаажуулсан. Уг итгэмжлэлийг Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан бүхий л хууль зүйн шаардлагыг хангаж хийсэн хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Уг итгэмжлэлийг Д.О нь  О.Нд олгосноос хойш бүтэн нэг жил найман сарын дараа бэлэглэлийн гэрээ хийж Д.И руу шилжүүлсэн. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл тул Д.О нь хэдийд ч уг итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй боловч итгэмжлэлээсээ татгалзсан асуудал байхгүй. Мөн нэхэмжлэгч нь уг итгэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Дээрх хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу  О.Н нь иргэн Д.Итай бэлэглэлийн гэрээ байгуулж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байна гэж үзнэ. Улсын бүртгэл үнэн зөв, Д.И нь хууль ёсны өмчлөгч байхад үл хөдлөх эд хөрөнгийг Д.И-н эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг үл хөдлөх хөрөнгөд нэхэмжлэгч эзэмшил, өмчлөлөө шилжүүлж өгснөөс хойш засвар үйлчилгээ хийж, багагүй хэмжээний салгаж үл болох хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн байсныг харсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний шүүхийн харьяаллын маргаан биш бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг үндэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагч Д.И-н өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Дорноговь аймгийн Ссумын тойргийн 333 дугаартай нотариатч Ц.Дарханбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь талуудын эрх тэгш байдал болон мэтгэлцэх эрхээр хангаагүй, оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа ямар ч хүн гэрч байж болно.”, 43.2 дахь хэсэгт “...Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна.” гэж заасан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд маргаан бүхий Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ болон Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Ц.Дарханбаатарын гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхэд хамгийн чухал, ач холбогдолтой баримт болох байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах үедээ ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, үр дагаврыг нь мэдээгүй, нотариат тайлбарлаж өгөөгүй, барьцаанд түр тавьж байна гэж ойлгосон гэж маргадаг, харин хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрт бодож худалдан авсан, барьцаанд авсан асуудал огт байхгүй гэж маргадаг, нотариатыг гэрчээр асууснаар нэхэмжлэгч үнэхээр гэрээний үр дагаврыг ойлгосон эсэх, нотариат түүнд гэрээний үр дагаврыг тайлбарлан өгсөн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой баримт байх байсан. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа талаар лавлагаа авагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс Голомт банкийг гуравдагч этгээдээр татаагүй нь банкны эрх ашгийг ноцтой зөрчсөн явдал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Итгэлбуянтын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой дурдаагүй, ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байсан. Тэгээд анхан шатны шүүх хуралдааны өдөр гэрээг дүр үзүүлэн хийсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн үндэслэл шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд талууд мэтгэлцэх боломжоор хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй байсан тул энэ талаар мэтгэлцэх, үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх нөхцөл боломж олгогдоогүй. Мөн худалдах худалдан авах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийхдээ нэхэмжлэгч нь уншаагүй, ач холбогдол, үр дагаврыг ойлгоогүй болон барьцаанд тавьж байгаа гэж ойлгосон гэдэг. Гэтэл бодит байдал дээр уг гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс гадна эзэмших эрхийг шилжүүлэн өгч, хөрөнгийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь өөрийн үл хөдлөх хөрөнгөд өөр компани үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан талаар мэдүүлдэг ба тухайн газарт ямар нэгэн гомдол, шаардлага тавьж байсан удаагүй гэдэг. Нэхэмжлэгч Б.Н нь өөрөө худалдах худалдан авах гэрээнд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан гэдэгт маргадаггүй, мөн эрх зүйн бүрэн чадамжтай, уншиж, бичиж чаддаг хүн юм. Барьцааны гэрээ гэдэг нь тодорхой эд хөрөнгийг үүргийг гүйцэтгэлд барьцаалан, уг барьцаагаа баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлдэг харилцаа болохоос эд хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэн өгөх харилцаа огтоос биш юм. Гэтэл 2015 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байхад ямар нэгэн маргаан үүсгээгүй, холбогдох хууль хяналтын байгууллага болон хариуцагч нарт хандаж байгаагүй. Мөн анхан шатны шүүх нь хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзсэн. Тэгвэл хэн хууран мэхэлсэн юм бэ гэдэг дээр ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Итгэмжлэлийг Д.О нь  О.Нд олгосноос хойш бүтэн 1 жил 8 сарын дараа бэлэглэлийн гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийг Д.Иад шилжүүлсэн. Итгэмжлэл нь 1 талын хүсэл зорилгыг илэрхийлсэн хэлцэл тул Д.О нь хэдийд ч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй боловч итгэмжлэлээсээ татгалзсан удаа байхгүй. Уг хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу  О.Н нь Д.Итай бэлэглэлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байна гэж үзнэ. Мөн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш бөгөөд анхнаасаа нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2-т заасан эрхийнхээ хүрээнд нотариатч Ц.Дарханбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар уг үл хөдлөх хөрөнгө нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа талаар лавлагаа авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Голомт банкийг гуравдагч этгээдээр татаагүй нь банкны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Д.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсоныхоо дараа эд нарыг өдөөн хатгасан гэх зүйл яриад байна. Гэтэл үнэндээ албан тушаалаа урвуулан ашигласан зүйл надад байхгүй гэдгийг наад хүмүүс чинь мэдэж байгаа. Энэ хэрэгт ямар холбоотой юм бэ, ямар ч холбоогүй зүйл яриад байна. Намайг буруутгаж хариуцагчаар татаад байна. Гэтэл надад хувийн ашиг сонирхол үнэндээ байхгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө надаас салгуулсан боловч татварын асуудлаа надаас салгаагүй би бүтэн 2 жил татвар төлөөд явсан. Өнөөдөр би яагаад албан тушаалаа урвуулан ашигласан бэ гэвэл энэ байгууллага хувь хүний данс ашиглах нь зөв юм уу, би өөрийнхөө дансыг ашиглаж өөр хүний данс руу мөнгө шилжүүлснээрээ өнөөдөр буруутан болж эрүү үүсгээд явж байгаа. Би өөрөө өөрийгөө өмгөөлөх гэж энэ шүүх хуралдаанд орж байна. Тэрнээс биш энэ шүүх хуралдааны шийдвэр яаж гарах нь надад ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй. Харин зөвхөн үнэнийг ярих гэж, энэ компанийг яагаад ийм үйлдэл хийлгүүлсэн юм бэ гэдгийг ярих гэж энд сууж байгаа. Би  О.Нгийн шууд удирдлага дор ажилладаг байсан. Ажлаас гарсны дараа  О.Н захиралд энэ үл хөдлөх хөрөнгийг яах вэ гэдэг асуудлыг удаа дараа гаргаж байсан. Гэтэл энэ чиний шийдэх асуудал биш, энэ хөрөнгө компанийн өмч гэдэг үүднээс надад хандаж байсан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 436 дугаартай шийдвэрт хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Зохигчид давж заалдсан гомдолдоо шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас давж худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар, бэлэглэлийн гэрээг 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх, талуудын мэтгэлцэх эрх тэгш байдлыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд гаргана гэж заасан. Иймд уг шийдвэр үүний үндсэн дээр гарсан гэж ойлгож байна. Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан байдаг. Мөн хариуцагчийн өмгөөлөгч “өмнө нь хуулийн байгууллагад огт хандаагүй” гэж ярьж байна. Би үүнийг ойлгохгүй байна. 2020 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байсан. Тэгээд дараа нь иргэний хэргийн шүүхэд хандсан. Үүнийг яагаад олж харахгүй байгаа юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан тэгш эрхийн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан мэтгэлцэх зарчмууд зөрчигдөөгүй. Мөн хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн. Энэ нь туйлын үнэн, хавтаст хэргээс харагдана. Давж заалдсан гомдолд нэхэмжлэлийн шаардлагаа урьд нь хууль зүйн үндэслэлээр огт тодорхойлохгүй байж байгаад шүүх хуралдаанд тодорхойлсон гэж байгаа нь маш ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг анх шаардлагын хэмжээг ихэсгэж гаргахдаа үндэслэлээ тодорхойлсон, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн. Тэгэхээр анхнаасаа шаардлага тодорхой байсан. Тухайн 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулъя, тэгээд үл хөдлөх хөрөнгийг хууль бус өмчлөлөөс гаргуулж авъя гээд маш ойлгомжтой байсан. Мэргэжлийн бус хүн ч хараад ойлгохоор шаардлага байсан. Худалдах худалдан авах 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.О нарын хооронд хийгдсэн. Харин И ХХК-иас томилогдсон төлөөлөгчийн нэрээр гэрээ хийгдээгүй юм. Хариуцагч Д.О нь “захирал  О.Н энэ үл хөдлөх хөрөнгө компанийн хөрөнгө тул надад итгэмжлэл хийж өг гэсний дагуу би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн. Би Д.Итай 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулаагүй, захирал  О.Н нь надаас олгосон итгэмжлэлийг үндэслээд гэрээг хийсэн. Дээрх гэрээ нь миний хүсэл зориг биш байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэж анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа маш тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх Б.Н Дорноговь аймгийн Ссум, 1 дүгээр баг, Шүйлчилгээний төвийн 567 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.От худалдах, Д.О нь уг эд хөрөнгийг Б.Наас худалдах авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, гэрээ бодитой хийгээгүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзээд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Б.Н, Д.О нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон учраас үүнийг үндэслэж хийсэн бэлэглэлийн гэрээг мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Энэ бэлэглэлийн гэрээг хийхэд хүртэл хууль бус үйлдлүүд зөндөө гарсан байдаг. Хавтаст хэргээс харагддаг, Д.Оийг оролцуулаагүй байж, Д.Оийн нэрээр гэрээ хийгээд  О.Н гарын үсгээ зурсан байдаг. Ингэж гэрээ, хэлцэл хийгддэг юм уу, Энэ хүчин төгөлдөр гэрээ байх юм уу, иймэрхүү ойлгомжгүй зүйлүүд зөндөө байдаг. Голомт банкийг би ойлгохдоо бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж үзэж байна. Энэ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахаар талуудаас аль нь ч хүсэлт гаргаагүй. Тийм учраас шүүх оролцуулаагүй шийдсэн тул эрх нь зөрчигдөөгүй гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.О, Д.И нарт холбогдуулан Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хууль бус өмчлөлөөс эд хөрөнгөө гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2020.10.23/  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-121/ Д.О, Д.И нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Ү-071003321 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.

 

            Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй зөвшөөрсөн бөгөөд энэ тухай үндэслэлээ “... И  ХХК-ийн захирал  О.Нгийн шаардсанаар Г.Агаас төлөгдөхгүй байгаа зээлийн барьцаанд Ссумын Шинэзуун үйлчилгээний төвийн 567 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан, ... 2017 оны 1 сард уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг  И  ХХК-ийн захирал  О.Нд итгэмжлэлээр олгосон...” гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Эрүүл саруул хүн байж нотариат дээр өөрийн биеэр ирээд хөрөнгөө бусдад шилжүүлж буй худалдах худалдан авах гэрээг уншиж танилцаагүй, 2015 оноос хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө биш, байгууллага ашиглаад үйл ажиллагаа явуулж байхад мэдэхгүй байна гэх ямар ч боломжгүй зэргээс үзэхэд Б.Н нь тухайн үеийн үйл баримтыг мэдсээр байж мэдэхгүй дүр үзүүлэн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан, ... Д.Оээс олгосон итгэмжлэлээр Д.И-н өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн харилцаа нь хууль зөрчөөгүй ... “ гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг тус тус хэрэглэж нэхэмжлэлээс “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болохыг тогтоолгох тухай болон өмчлөлөөс эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, үлдэх улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шийдвэрийг хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нар эс зөвшөөрч “ ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохгүй байж байгаад шүүх хуралдаанд тодорхойлсон ба шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагаас давж ... талуудын мэтгэлцэх эрх, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн, ... улсын бүртгэл үнэн зөв, Д.И нь хууль ёсны өмчлөгч байхад  эзэмшлээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, ... гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй ... эрхийг зөрчсөн, ... Голомт банкийг гуравдагч этгээдээр татаагүй нь банкны эрх ашгийг ноцтой зөрчсөн ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь дүү Г.Агийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг  И  ХХК-аас авсан зээлийн гэрээний үүрэгт /хх-169/ тооцуулахаар өөрийн өмчлөлийн Дорноговь аймгийн Ссумын 1 дүгээр баг Шүйлчилгээний 567 тоот 00000000улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг /хх-9/ 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан гэрээгээр /хх-5/ хариуцагч Д.От буюу  И  ХХК-ийн ажилтны нэр дээр шилжүүлэн өгсөн /хх-10/, хариуцагч Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  О.Нд итгэмжлэл /хх-6/ олгосноор  О.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр /хх-7/ уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Иад шилжүүлсэн /хх-11/, одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь  И  ХХК-ийн Голомт банкнаас авсан зээлийн гэрээнд барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн /хх-8, 102/ тухай үйл баримт тогтоогдсон зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н болон хариуцагч Д.О нар худалдах худалдан авах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэснийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон давж заалдсан гомдолдоо нэхэмжлэгчийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг “хариуцагч Д.Оийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан хэрэгт холбогдсонтой буюу хариуцагч Д.Оийн  И  ХХК-д ажиллаж байгаад халагдсантай холбоотой, өөр зорилготой” гэсэн агуулга бүхий тайлбарыг хийсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Н өөрөө нэхэмжлэлээ гаргаагүй, түүнийг нэхэмжлэгч биш гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог тул нэхэмжлэгч Б.Нын дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэх, улмаар шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд “Ү-071003321 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага нь  “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагын үр дагавар гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй болно.

 

Анхан шатны шүүх энэ талаар “... улсын бүртгэлийн дугаар дахин давтагдахгүй, өмчлөгч өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөггүй, ... иргэний хэргийн харьяаллын маргаан биш ...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас улсын бүртгэлийн дугаар хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулиудад болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т нийцсэн.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл гэдэг бол нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал гэж ойлгож болно.

 

Энэ утгаараа нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Отэй байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Д.О, Д.И нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгох шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө Д.От бодитоор худалдаагүй, дүү Алтанзаяагийн зээлийн барьцаанд тавьсан, буцаан авна гэж ойлгосон боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд буюу Д.Иад дахин шилжсэн нь өөрийнх нь эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэл, агуулга тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг дурдаагүйг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлоогүй гэж үзэх үндэслэл болохгүйн гадна нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлдог тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэснийг буюу ийнхүү шүүх хэрэг маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж хууль хэрэглэснийг мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэн үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Наас хариуцагч Д.От худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримтыг хэлбэрийн хувьд харвал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй харагдах боловч агуулгын хувьд ийнхүү гэрээ байгуулах болсон шалтгаан нь үл хөдлөх эд хөрөнгийг Г.Агийн  И  ХХК-аас авсан зээлийн гэрээний үүрэгт тооцуулах зорилготой байсан байх ба  И  ХХК нь тухайн хөрөнгийг бусдаас шилжүүлэн авахдаа буюу өмчлөх эрхийг олж авахдаа өөрийн ажилтан Д.Оийн нэр дээр шилжүүлэн авчээ.

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэжээ.

 

Энд зааснаас үзэхэд аливаа хөрөнгө олж авах явдал нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшлаагүй байх бөгөөд тухайн хуулийн этгээд нь өөрийн шаардлага бүхий  гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах, ийнхүү авахдаа худалдах, худалдан авах гэрээг үндэслэх нөхцөлийг хуулиар хориглоогүй хэдий ч тухайн эд хөрөнгийг өөрийн нэр дээр биш бусдын нэр дээр шилжүүлэн авч байгаа үйлдлийг дээрх хуульд нийцсэн гэж үзэх буюу  хуульд заасны дагуу хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тодруулбал тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг   И  ХХК олж авах зорилготой атлаа эд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах худалдан авах гэрээг хариуцагч Д.О байгуулсныг  И  ХХК-д өмчлөх эрх шилжих ёстой байсан гэж дүгнэх, улмаар энэ нь хариуцагч Д.О болон тухайн хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.

 

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг бол зөвхөн тухайн хэлцэлд оролцогч  иргэн хуулийн этгээдийн хүсэл зорилго, эрмэлзэл байх буюу тухайлбал худалдах худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдож үүсдэг үүргийн харилцаа тул нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.О нарын хоорондох бодит хүсэл зориг, эрмэлзэл нь тухайн хэлцэл, гэрээний агуулгыг тодорхойлох учиртай юм.

 

Харин зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.О нарын хувьд ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Д.О  тухайн эд хөрөнгийг бодитоор  өөртөө худалдан авах зорилго байгаагүй бөгөөд харин  И  ХХК дээрх хөрөнгийг өмчлөх эрхийг олж авах зорилготой байсан нь тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч Б.Нын гэрээний агуулгыг ойлгоогүй, дүү Г.Агийн зээл төлөгдөж дууссаны дараа эд хөрөнгөө буцаан өөрийн өмчлөлд авах зорилготой байсан гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч Д.О үгүйсгээгүй боловч тэдний хооронд дурдсан агуулга бүхий гэрээ байгуулагдаагүй.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.О нарын хооронд байгуулагдсан  гэрээ нь хэлбэрийн хувьд гадаад илэрхийлэл нь худалдах худалдан авах шинжийг агуулсан хэдий ч гэрээнд оролцож байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь өмчлөх эрхийг бодитоор шилжүүлэх эрмэлзэлгүй, хариуцагч Д.Оийн хувьд өөрийн ажилладаг байгууллагын нэрийн өмнөөс хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу тухайн хэлцлийн үр дагаврыг хүсээгүй, хийх хүсэл зориг эрмэлзэлгүй байснаараа  талуудыг  дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх дээрх тохиолдолд хуульд заасан нөхцөлийн дагуу өмчлөх эрхийг олж авах үндэслэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан төлөөлөгчөөр дамжуулан хэлцэл хийх боломжтой байсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүйн гадна нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.О нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Нэгэнт хариуцагч Д.Оийн тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан үндэслэл болсон хэлцэл нь дүр үзүүлж хийснээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул хариуцагч Д.Оээс хариуцагч Д.И-н өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь дээрх худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээнүүд нэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хоорондоо салшгүй холбоотой үйл баримтууд төдийгүй хариуцагч Д.От өмчлөх эрх үүссэн үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр бус байсан тул түүнд тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүсэж чадаагүйгээс хариуцагч Д.Иад мөн тухайн хөрөнгийг өмчлөх эрх үүсэх хууль зүйн үндэслэл үгүйсгэгдсэн байна.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй” боловч хариуцагч Д.Оийн өмчлөлд эд хөрөнгө бодитоор байхгүй, харин хариуцагч Д.И-н өмчлөлд эд хөрөнгө байгаа нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “хууль бус өмчлөлөөс эд хөрөнгөө гаргуулж авах” тухай шаардлагын үндэслэлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах тухай буюу хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос нэхэмжлэгч Б.Н нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэж хариуцагч Б.Итгэлбуянтын эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банкинд зээлийн барьцаа хөрөнгөөр /ипотек/ бүртгэгдсэн нь тогтоогдсон ба шүүхээс гарах шийдвэр тухайн банкны эрх, үүргийг хөндөж болзошгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.” 29.3-т “...шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.”  гэж тус тус зааснаар энэхүү ажиллагаа шүүхийн санаачилгаар хийгдэх ажиллагаа биш бөгөөд зохигчид болон өөр этгээдүүдээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргаагүй байна.

 

Гэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.1, 172.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд  барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг буюу өөрөөр хэлбэл барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болдог.

 

Иймд нэхэмжлэгч Б.Н нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцлийн улмаас өмнөх эрхээр хохирох ёсгүй учир анхан шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэж хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба харин түүний үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан үүрэг хэвээр үлддэг тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Голомт банкийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, тухайн этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгээс гаргасан нотариатч Ц.Дарханбаатарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг /хх148/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9–д заасныг зөрчөөгүйн гадна зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хэлбэр болон түүнд дурдагдсан мэдээллийн үнэн зөвийн талаар маргаагүй, хэрэгт тухайн үйл баримтыг гэрчилсэн нотариатын баримт /хх-63/ авагдсан зэргээс гэрээг баталсан нотариатчийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаарх зохигчдын эрхийг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, хариуцагч Д.Иаас давж заалдах гомдол гарахад төлсөн 734800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрдугаар заалтад “Иргэний хуулийн 56.1.10-т ...” гэж хуулийн бичвэрийг алдаатай буруу бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.3-т заасан “... зүйлийг араб тоогоор, ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр дугаарлах ...” гэсэнтэй нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 56.1.10-т ...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Иаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуразамжид төлсөн 734800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ