Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 308

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 1-р баг, Оргих гэх газар үйл ажиллагаа яуулдаг БД /РД:3734315/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 1-р баг, Оргих гэх газар оршин суух хаягтай, Үржин овогт Д.Б/РД: МХ58112810/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 1-р баг, Оргих гэх газар оршин суух хаягтай, Ням овогт Д.Б /РД:МХ64112408/ нарт холбогдох

Үнээ болон бярууны нийт үнэ 44.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхнаран, хариуцагч Д.Б, Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, гэрч Т.Мөнхзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БД-ийн гүйцэтгэх захирал Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... "Баяндулаан-Уул" ХХК болон иргэн Д.Б, Д.Б нарын хооронд 2014 оны 08 сарын 12-ны одор 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг төслийн гэрээний дагуу БД нь иргэн Д.Б. Д.Б нарт 1 ширхэг нь 3,000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой хээлтэгч үнээг маллуулж. нийт хээл тогтоолтын үр дүнгийн 75 хувьтай тэнцэх тугалыг Захиалагч авах бөгөөд 25 хувьтай тэнцэх тооны тугалыг болон шар тосноос бусад цагаан идээг гүйцэтгэгч ажлын хөлсөнд авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу манай компани нь Д.Б, Д.Б нарт 2014 оны 12 сарын 05-ны өдөр 4 толгой хээлгүй, 2 толгой тугалтай, 24 толгой хээлтэй, нийт 30 толгой гунжин үнээг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээний хугацаанд манай компаниас гэрээнд заасны дагуу шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, талууд харилцан тохиролцон 2016 оны 10 сарын 24-ний өдөр өмнө нь хүлээлгэн өгсөн үнэн дээр нэмж 30 толгой гунжин үнээг хүлээлгэн өгсөн. Төсөл хэрэгжиж байх явцад Д.Б, Д.Б нарын сүрэгт хорогдол ихээр гарах болсон тул төслийг хугацаанаас нь өмнө зогсоох шийдвэр гарч 2017 оны 04 сарын 30-ны өдөр компаниас томилогдсон комисс очиж, үхрийг хүлээн авсан байдаг. Хүлээн авах үед нийт 60 толгой үнээнээс 52 толгой, 2016 оны 06 сарын 07-ны өдөр тугал хүлээн авах үедээ үлдээсэн байсан бяруу /үлдээх үед тугал байсан/ 6 байх ёстой байснаас 2 толгой байсан бөгөөд үнээ 8 толгой, бяруу 4 толгойг дутаасан байсан. Уг дутаасан малын 1 бүрийн үнэн нь 3.000.000 төгрөг, бяруу 5.000.000 төгрөг байгаа бөгөөд манай компанид нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Д.Б, Д.Б нараас компанид учруулсан хохирлоо төлөхийг шаардсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болоод байна. Иймд иргэн Д.Б, Д.Б нараас 1 толгой нь 3.000.000 төгрөгийн үнэ бүхий нийт 8 толгой үнээний хохирол 24.000.000 төгрөг, 1 толгой нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий нийт 4 толгой бярууны хохирол 20.000.000 төгрөг, нийт 44.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Гацуурт ХХК-нд хуулийн мэргэжилтэн ажилтай, Булган овогт Баатар-Очирын Энхнаран /ИЭ-86091322/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... хариуцагч нар хохирол учруулсан гэж хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн тайлбарыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Энэ төслийн зорилго нь мал маллаж байгаад үр төлөөс нь өрсдөө малжаад явах төсөл байсан. Манай компанийн зүгээс цаашид дахин хохирол учруулахгүйн үүднээс үлдсэн малаа буцааж авсан. Нэхэмжлэлийн гол шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний хохиролд иргэн Батаа, Бурмаа нарын маллаж байсан малаас 8 үнээ, 4 тугал нь үрэгдсэн. Үүнээс болоод ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас үнээ 3.000.000 төгрөг, тугал 5.000.000 төгрөгийн үнэтэй 12 үхрийн нийт үнэ болох 44.000.000 төгрөг гаргуулах гэх.

 

Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2014 оны 8 дугаар сард 30 үхэр авсан. Төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн. Түүнээс хойш 2016 онд 30 үхэр нэмж авсан. Тэгээд тэр жилийн өвөл их зуд болсон. тэр мал аа жил ч маллаж чадаагүй байсан. Тэр зуднаар 8 үхэр хорогдсон. Их мал хорогдуулахгүйн тулд ууланд гарч байж 8 үхэр үргэдсэн. Тухайн мал бол муу мал байсан учраас зуданд үрэгдсэн. Адаглаад тэр малаа цааш нь маллаад байсан бол энэ хохирлоо бүрэн төлж чадах байсан. 200-300 малаас захаас нь 30 үхэр таслаад л өгсөн. Тэгээд бид хоёроос зуднаар үрэгдсэн 8 үхрийн үнэ төлбөрийг нэхэмжлээд байгаа. Одоо бид хоёрт төлөх чадвар байхгүй. Бид хоёр тухайн үедээ малаа цаашид маллаад хохирлоо төлье гэж олон удаа гуйсан. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Эхний үхэр үрэгдээд эхлэхэд өвс тэжээл өгөөд байхад хорогдоод, малын эмч ирээд үзсэн боловч ямар ч акт өгөөгүй. Өөрсдөө зургийг нь хүртэл аваад явсан. 4 бяруу гэж 4 тугал байсан. Хавар орой тугалсан хэнз тугалыг яагаад бяруу гэж тооцоод байгааг мэдэхгүй байна. Өмнө жил нь гарсан тугал дараа жилийн тухайн өдөртөө ойндоо хүрдэг баймаар юм. Одоо нэхээд байгаа өр төлбөрийг бид хоёр төлж чадахгүй. Боломж ч байхгүй тэтгэврээс өөр орлогогүй. Тэтгэврээ аваад хүүхдийн сургалтын зардалд өгдөг. Үнэхээр төлж чадахгүй гэх.

 

Хариуцагч Д.Бнь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... анх авахад энэ компани Цагааннуурын ард түмнийг сайн үйлдвэрийн малаар малжуулна гэх төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд өөрсдөө ирээд намайг 5 жил маллаад өгөөч гэж ирсэн. Тэгээд би тоолоод гарын үсэг зураад аваад авсан. Тухайн үед надад 8 төл өгнө гэж байснаас манайд 3 тугал л үлдээсэн. Түүнийгээ нэг жил малласан. Тэгээд малын зоо техникч ирээд танайх сайн маллаж байна. Та ахиад 30 үхэр авчих гээд өгсөн. Тухайн үед нь зуд болсон.Тэр зуднаар 8 үхэр үрэгдсэн. Эхний мал үрэгдээд эхлэхэд эмч нарыг нь дуудаад үзүүлсэн. Өөрсдөө ирж зургийг нь аваад л явдаг байсан. Гэхдээ муу өвчтэй мал байсан учраас л үхсэн байгаа. Бид хоёр хүлээж авахдаа гаднаас нь хараад өвчтэй эрүүлийг нь ямар мэдэх биш дээ. Тэр жил их хүйтэн өвөл болсон. Тухайн үед гэрээ гэж хийгээгүй. Намайг гарын үсэг зурсан л гээд байгаа боловч надад гарын үсэг зурсан зүйл байхгүй. Анх 30 үхэр авахдаа гэрээ байгуулаад гарын үсэг зурсан түүнээс хойш миний гарын үсгийг зураад яваад байсан байх. Бид хоёрт малд өгөх тэжээл ч өгөөгүй. Манайх өөрсдөө бэлддэг байсан. Тэгээд сүүлд 8 үхэр үрэгдсэн гээд төлбөрөө нэхээд байгаа үүнийг төлөх чадвар байхгүй. 8 үхэр зуданд үрэгдсэн. 4 хэнз тугал байж байгаад зуднаар үрэгдсэн. Тэр тугалыг гэрээнд зааснаар надад үлдэх байх гэж бодсон. Одоо нэхээд байгаа 44.000.000 төгрөгийг төлж чадахгүй, чадвар байхгүй гэжээ.

 

Гэрч; Баяндулаан уул ХХК-д мал аж ахуй хариуцсан нягтлан бодогч ажилтай, Бэсүд овогт Түмэн-Өлзийгийн Мөнхзол /РЯ-89030414/ нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

... Анх Батаа болон Бурмаатай БД -д нягтлан бодогчоор ажилд ороод иргэдэд мал олгодог төсөл явагдаж байх үеэс мэддэг болсон. Үнэлгээний хувьд захирлын журам байгаа. Энэ үнээ нь өөрөө Сэлэнгэ болон халимаг үйлдвэрийн үхэр гэж явдаг. Энэ нь Ангус бухын төл гэсэн үг юм. Ашиг шимийн хувьд илүү болохоор 3.000.000 төгрөг гэж үнэлгээ гаргасан. Зах зээл дээр борлуулж байгаа үнэ нь ийм үнэтэй байгаа. Уг тогтоосон үнээр зах заалд борлуулалт хийдэг. Тугал болохоор эхээс төрөөд 8-9 сартай үед нь эхээс салгадаг. Эхээс салгаснаар тугалыг бяруу болсон гэж үздэг. Гэхдээ үнэлгээг гаргахад би оролцоогүй тухайн үед миний өмнө ажиллаж байсан нягтлан бодогч гаргасан. Сүүлийн 30 үхэр дээр нэмэлт гэрээ байгуулсан өөрсдөө гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зуруулахад гэрчлэх хүн байгаагүй. Батаа гуайн хувьд бичиг үсэгтээ тааруухан хүн. Бурмаа гуай бичиг үсэг мэддэг хүн. Сүүлд гэрээ байгуулахдаа өмнө бэлдсэн гэрээгээ авч очиж гарын үсэг зуруулсан. Уг гэрээний зорилго нь малчинд мал хүлээлгэж өгөөд тодорхой 25 хувийг нь малчиндаа өгөх зорилготой байсан. Тугалыг бяруугаар үнэлсэн гээд яриад байна. Өмнө жил нь тугал байсан төл дараа очиход биеийн жингийн хувьд нас зүс нь бяруу болсон байсан. Тухайн үед мал хорогдсон гэх үед би байгаагүй. Сүүлд малаа буцааж авахад очсон. Сүүлийн 30 үхрийг 2016 оны 10 сарын 24-нд мал хүлээлгэж өгсөн нь үнэн. Малыг үрэгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар зудаас болж үхсэн гэж хэлсэн. Анх хүлээлгэж өгсөн 30 үхрийг сайн маллаж буцаан өгсөн. Сүүлийн 30 үхрээс 8 үнээ үрэгдсэн. Гэхдээ ямар нэгэн өвчтэй мал байгаагүй эрүүл мал хүлээлгэж өгсөн. Тухайн үед яаж үрэгдсэнийг үзэх боломжгүй байсан гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч БД- ийн хариуцагч Д.Б, Д.Б нараас 2014 оны 08 сарын 12-ны өдрийн №14/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ мөн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн №14/02-01 тоот нэмэлт гэрээний дагуу тэдэнд нийт 60 толгой үнээ / 2 удаа гуч, гучаар / хүлээлгэн өгч маллуулсан ба гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэх явцад малчин Д.Б, Д.Б нарын сүрэгт хорогдол ихээр гарсны улмаас 2019 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл хугацаа / 5 жилийн хугацаатай /-тай гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 04 сарын 30-ны өдөр захиалагч компанийн санаачилгаар цуцалж, нийт хүлээлгэн өгсөн 60 толгой үнээнээс 52 толгой монгол үнээ, 2016 оны 06 сарын 07-ны өдөр үхэр хүлээн авах үед Батаад үлдээсэн /үлдээх үед тугал байсан/ 6 бяруунаас 2 толгой эрлийз эр бяруу, 16 толгой эрлийз тугал, нийт 70 толгой үхэр хүлээн авснаас, 8 толгой үнээ, 4 толгой бяруу, нийт 12 толгой үхрийг дутагдуулсан тул дээрх 2 малчнаас 1 толгой монгол үнээ 3.000.000 төгрөгөөр үнэлж, нийт /8*3/ 24.000.000 төгрөг, 1 толгой эрлийз бяруу - 5.000.000 төгрөгөөр үнэлж, нийт /4*5/ 20.000.000 төгрөг, нийт 44.000.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн ба хариуцагч нар нь дээрх 12 толгой үхрийг гэрээ байгуулж хүлээн авсан болон дутагдуулсан болохоо хүлээн зөвшөөрч байх ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх, дээрх тооны үнээ, мал хүлээн авсан эсэх дээр мөн маргаангүй бөгөөд хавтаст хэргийн 6-34, 61-62, 98, 100, 101, 106 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ / 2014, 2016 он / - үүд, хохирлын үнэлгээ, малчин Батаад 30 толгой гунжин үнээг 2016 оны 10 сарын 24-нд хүлээлгэн өгсөн акт, 2017 оны 04 сарын 30-нд Батаагаас үхэр хүлээн авсан акт, малын эмч Д.Бадамын тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, 2016 оны 10 сарын 07-нд Батаагаас 13 толгой тугал хүлээн авч, 6 толгой тугал үлдээсэн тухай акт, 2014 оны 12 сарын 03-нд малчин Д.Б, Д.Б нарт 30 толгой гунжин хээлтэй монгол үнээ хүлээлгэн өгсөн бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр талуудын хооронд дээрх хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна гэж үзнэ.

Хариуцагч нараас ...12 толгой үхэр /8 үнээ, 4 бяруу/ -ийг дутагдуулсан шалтгааныг тухайн үед цас их орж, үхрүүд муудаж, цаг зудын улмаас үхсэн нь үнэн бөгөөд мал /үхэр/ үхэж байгаа талаар компанид мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй, ... бид хохирлыг малаа гэрээний хугацаа дуустал маллаад барагдуулъя гэж гуйсан боловч шууд үхрээ аваад явсан, ... одоо энэхүү хохирлыг бид 2 төлөх чадваргүй хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь тэднийг дээрх гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нараас энэхүү татгалзлаа шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Мөн хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан 2016 оны 10 сарын 24-ний өдрийн №14/02-01 тоот ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнд ажил гүйцэтгэгч тал Д.Б, Д.Б нар нь гарын үсэг зураагүй хэмээн маргаж, хх-ийн 123-131, 175-180 талд авагдсан шинжээчийн 11, 044 тоот дүгнэлтүүдээр гарын үсэг зураагүй байна гэх боловч талуудын хооронд 2014 оны 08 сарын 12-ны 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу мал хүлээн авч, өгөлцсөн акт, бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хариуцагч нарын энэхүү татгалзал нь няцаагдаж, уг гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна гэж үзэв.

Харин хэргийн 25 дугаар талд авагдсан талуудын хооронд үхэр хүлээлцсэн актаар 8 толгой монгол үнээ, 4 толгой бяруу, нийт 12 толгой үхрийг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох малчин Д.Б, Д.Б нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч шүүхэд хариуцагч талаас дээрх 8 үнээ, 4 бярууны үнэ хэт өндөр үнэлгээтэй, мөн 4 бяруу нь бяруу биш 4 тугал байсан хэмээн маргаж байгаа бөгөөд хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаар 2016 оны 10 сарын 24-нд малчин Д.Бд тус компани 30 толгой, 3 нас / гунжин / - тай монгол үнээ хүлээлгэн өгсөн ба 2017 оны 04 сарын 30-нд дээрх 30 үнээн дээр өмнө нь хүлээлгэн өгсөн 30 үнээ, нийт 60 үнээ хүлээлгэн өгч, авалцсанаас, 52 толгой үнээг тус компанид буцаан авч, 8 үнээ дутагдуулсан нь тогтоогдсон боловч уг 8 үнээг нэг жилийн хугацаанд өөрөөр хэлбэл; 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 сарын 30-ны хооронд нас гүйцсэн үнээний /хх-ийн 7, 90 тал/ үнэлгээгээр 3.000.000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд 3 настай / гунжин / үнээний үнэлгээ /1 гунжин үнээ -1.800.000 төгрөг/ - ээр хохирлыг тооцох нь үндэслэлтэй гэж үзэж /8*1.800.000= / 14.400.000 төгрөгийн хохирол төлүүлэх.

Мөн хэргийн 25 дугаар талд авагдсан баримтаар 4 толгой эрлийз бяруу дутагдуулсан гэх боловч хэргийн 100 -101 дүгээр талд авагдсан 2016 оны 10 сарын 07-ны өдрийн тус компанид Д.Б, Д.Б нараас нийт эр 8, эм 5, нийт 13 толгой тугал хүлээлгэн өгснөөс 6 толгой тугалыг Батаад тэжээлгэхээр үлдээсэн бөгөөд 2017 оны 04 сарын 30- нд уг 6 толгой тугалаас хоёрыг / хх-25 /- нь хүлээн авч, 4 тугал дутуу хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх тул хэргийн 7, 90 дахь талд авагдсан үнэлгээний баримтаар 4 толгой бярууг нийт /4*5.000.000/ 20.000.000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй тул уг 4 бярууг 4 тугалын үнэлгээгээр нэгийг нь 3.000.000 төгрөгөөр үнэлж /4*3.000.000/ нийт 12.000.000 төгрөгийн хохирол төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 44.000.000 төгрөгийн хохирлоос /14.400.000+12.000.000/ 26.400.000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж, үлдэх /44.000.000-26.400.000/ 17.600.000 төгрөгийн хохирол төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс хэргийн 7, 90 дэх талд гаргасан малын үнэлгээ дээр маргаагүй бөгөөд шүүхэд энэхүү үнэлгээг эс зөвшөөрсөн тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул уг үнэлгээг шүүх үнэн зөв, бодит үнэлгээ гэж үзэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба үүнд талууд маргаангүй бөгөөд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 221.3, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 355.3-т тус тус зааснаар ... гэрээний талууд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, цуцлах, захиалагч тал гэрээг хэдийд ч цуцлах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 26.400.000 төгрөгт ногдох 289.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б, Д.Б нараас 26.400.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч БД -нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 289.950 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН