| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2020/00398/И |
| Дугаар | 208/МА2020/00056 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 208/МА2020/00056
Э.Баатархуягийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 148/2020/00398/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгч Э.Баатархуяг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Э.Баатархуягийн нэхэмжлэлтэй Ц.Мөнхсоёлд холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги 9.372.714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр Ц.Байгалмаагийн нэр дээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү Ц.Мөнхсоёл ирж Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан. Тухайн үедээ хэрвээ үндсэн зээлдэгч Ц.Байгалмаа гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хугацаандаа зээл төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүрэг хүлээх талаар тайлбарлаж өгсөн. Би уг зээлийг Их баян хаан уул ХХК-ийн нэр дээр хийгээгүй, харин компанийхаа удирдлагуудтай ярьж байгаад зарим хэсгийг нь компаниас, мөн өөрийн мөнгөнөөсөө гаргаж Зээлийн гэрээ хийн мөнгө зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу Ц.Байгалмаа нь зээлээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал зээлээ төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэг ч төлөлт хийгдэлгүй одоог хүрч байна. Тухайн үедээ зээл төлөх талаар Ц.Байгалмаатай удаа дараа утсаар ярихад эгч нь зээлээ төлнө. Одоохондоо өвчтэй эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь түүнийг нь ойлгон нилээн хүлээсэн боловч сүүлдээ утсаа авахаа байсан. ...Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх гэсэн үндэслэлээр Ц.Мөнхсоёлыг хариуцагчаар татан оролцуулж байна. Тухайн үед зээлээ аваад Ц.Байгалмаа, Ц.Мөнхсоёл нар нь хэрхэн яаж хэрэглэсэн талаар миний хувьд мэдэхгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Байгалмаа, Ц.Мөнхсоёл нартай хийсэн Зээлийн гэрээ-нд заасан зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхсоёлоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би зээлийн гэрээний дагуу зээлдэгч биш юм. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Ц.Байгалмаа гэдгийг хүлээн зөвшөөрч гэрчилж байна. Мөн миний бие нэг төгрөг ч аваагүй тул төлөх үндэслэлгүй юм. Аливаа гэрээ хоорондын тохиролцооны үндсэн дээр үйлдэгдэж эрх, үүргийн харилцаа үүсдэг гэж үздэг. Тэгвэл зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд 6 сая төгрөг өгч, авснаар гэрээний заалт хэрэгжиж Ц.Байгалмаа 6 сарын төлөлт хийж ирсэн болохыг зээлдүүлэгч нотолсон байна. Мөн зээлдэгчийн данс, гарын үсгээр зээл хэн авсан болох нь тогтоогддог. Зээлдэгч нь авсан зээлээ хүлээн зөвшөөрч төлнө гэдэг. Энэ талаар маргаан байхгүй, хүү, алданги үндэслэлтэй эсэхийг өөрөө нягтлах байлгүй. Би хамтран зээлдэгчийн үүрэг хүлээгээгүй тул төлөхгүй, зохих хуваариар ч төлөх үндэслэлгүй гэж үзнэ. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар авч үзэж болзошгүй юм. Тэгвэл энэ хүнд эрх эдлүүлэх ёстой гэж үзнэ. Надад үүргээ ойлгож мэдсэн болон үүргийг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаар бичгээр мэдэгдээгүй тул гэрээ хүчин төгөлдөрт тооцогдож үйлчлэх эсэх хуулийн заалт яригдах ёстой гэж үзэж байна. Хилийн хорио 2020 оны 8 дугаар сарын дундуур тавигдаж болзошгүй тул энэ хугацааг хүлээн авч харгалзан үзнэ үү. Иймд Ц.Мөнхсоёл миний гаргасан тайлбар болон хүсэлтийг хүлээн авч талуудыг эрхийг хуулийн хүрээнд тэгш хамгаалан шийдвэрлэж өгөхийг хүсэе гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрээр:
1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4, 242.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхсоёлд холбогдуулан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 164,913 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал: Иргэн Э.Баатархуяг болон зээлдэгч Ц.Байгалмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхсоёл нарын хооронд 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4,8% хүүтэй зээлдэгч Ц.Байгалмаагийн 5675279238 дугаартай дансанд шилжүүлж зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Үүнийг анхан шатны шүүх зөвөөр тодорхойлж зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн юм. Иргэдийг хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь МУ-ын Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулж агуулгыг нь өөрсдөө тогтоох эрхтэй гэсэн заалтын дагуу байгуулагдсан хууль зүйн дагуу эрх зүйн баримт болсон байдаг юм. ...Миний бие өмгөөлөгчтэй хамтран МУ-ын Иргэний хуулийн 242-р зүйлд заасны дагуу уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Ц.Байгалмаагийн төрсөн дүү Ц.Мөнхсоёлоос үүргийн гүййцэтгэлийг хангуулахаар нэхэмжпэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анх Зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн ойрын төрөл садны хүн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Ц.Байгалмаа нь төрсөн дүү Ц.Мөнхсоёлыг дагуулж ирсэн. Энэ үед би иргэн Ц.Мөнхсоёлд хэрэв Ц.Байгалмаа зээлийн эргэн төлөлт хийж чадаагүй, чадахгүй тохиолдолд та энэ үүргийг гүйцэтгэх учиртай юм. Тиймээс таныг байнгын ажпын байртай, тогтмол орлоготой эсэхийг нотлох хэрэгтэй байна гэхэд Нийгмийн даатгалын дэвтэр-ийг гарган өгч түүнийг нь би хуулбарлан авч сүүлд хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн байгаа. Мөн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тодорхой заалтууд байгаатай зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь танилцан зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон юм. Мөн утсаар удаа дараа үүргийн гүйцэтгэлийн талаар хэлж мэдэгдэж байсан.
...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...уг зээлийг анх Ц. Байгалмаагийн дансанд шилжүүлсэн, эргэн төлөлтийг Ц.Байгалмаа хийж байсан нь нотлогдож байна. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. Мөнхсоёлд холбогдуулан гаргасан 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгпдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь МУ-ын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан заалттай шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэсэн заалтууд илт зөрчилдөж байна. Мөн анхан шатны шүүх нь Иргэний хуулийн ямар заалтыг хэрэглэснээ тайлбарлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна гэж үзэн гомдолтой байна.
Жич: Түүнчлэн тус шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөр оролцсон А.Отгонбаярыг шүүх хуралдаанд оролцсон талаар дурьдаагүй, шүүх хурлын ирцэнд нэр байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдлыг дэмжин оролцож байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар нэхэмжлэгч тодорхой дурьдсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч Ц.Мөнхсоёлыг зээлийн гэрээний хамтран зээлдэгч үзэх боломжгүй. Зээлийг гэрээний агуулга заалт бүрийг уншаад үзвэл энэ нь тодорхой байгаа. Анх гэрээгээр Ц.Мөнхсоёлын дансанд мөнгө шилжүүлнэ гэж тохирсон байдаг. Гэтэл мөнгийг Ц.Байгалмаад шилжүүлсэн байгаа, гэрээний дагуу зээлийг авч ашиглах эрхтэй боловч мөнгийг өөр дансанд шилжүүлсэн тул тэр эрхээ эдлээгүй. Мөн гэрээгээр мөнгийг ашиглах, зээлдүүлэгчээс мөнгө шаардах эрхийг нь хассан. Гэтэл гэрээгээр үүрэг үүсээгүй байхад хамтран зээлдэгч гэж гэрээний үүргийг бүхэлд нь хангуулахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Баатархуяг нь Ц.Мөнхсоёлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,372,714 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх Иргэний хуулийн ямар заалтыг хэрэглэснээ тайлбарлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж тайлбарлажээ.
Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Э.Баатархуяг нь иргэн Ц.Байгалмаатай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулсан ба гэрээнд хамтран зээлдэгчээр Ц.Мөнхсоёл оролцсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлдэгч Ц.Байгалмаа гэрээнийн дагуу зээлээ графикийн дагуу эхний 6 сар төлж байсан боловч 2019 оны 11 сараас эхлэн төлөлт огт хийгээгүй тул хамтран зээлдэгч Ц.Мөнхсоёлоос зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулах гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай гэрээ авагдсан байх ба тус гэрээнд талууд зээлдүүлэгчээс зээлийн мөнгийг Ц.Мөнхсоёлын дансаар шилжүүлэх, гэрээний 3.2.11-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний ..3.1.1-д 3ээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах, ...3.1.5-д Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зээлдүүлэгчээс шаардах/ зааснаас бусад эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Гэрээний үүрэг нь талуудын зөвшилцөл, итгэлцэл дээр үндэслэн бий болдог. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал үүргээ биелүүлснээр нөгөө талд үүрэг үүсдэг гэж ойлгож болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний заалтаас үзвэл зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Э.Баатархуяг нь Ц.Мөнхсоёлын дансанд мөнгийг шилжүүлнэ гэсэн атлаа хамтран зээлдэгч Ц.Мөнхсоёлд зээлийг авч ашиглах болон зээлдүүлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэхийг шаардах эрх олгоогүй байхаар заажээ.
Дээрхи гэрээний агуулга өөр хоорондоо зөрчилтэй хийгдсэн байх ба хамтран зээлдэгч Ц.Мөнхсоёлын хувьд зээлдүүлэгчид холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргах, зээлийн мөнгийг ашиглах эрх олгоогүй байх тул түүнд тус гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. гэж тус тус заасан. Гэтэл зээлдүүлэгч Э.Баатархуяг нь гэрээгээр тохирсны дагуу Ц.Мөнхсоёлын дансанд мөнгийг шилжүүлсэн бол түүнд үүрэг үүссэн гэж үзэхээр байгаа боловч зээлдүүлэгч Э.Баатархуяг нь гэрээнийхээ заалтыг зөрчин Ц.Байгалмаагийн дансанд мөнгийг шилжүүлсэн байна.
Иймд Ц.Мөнхсоёл нь нэхэмжлэгч Э.Баатархуяг иргэн Ц.Байгалмаа нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээгээр үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 164.914 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН
Top of Form
Bottom of Form