Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00224

 

                                 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                       хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09  дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,372,714 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4, 242.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09  дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.  Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 492 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 56 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019.04.05-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай сарын 4,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, оролцон гарын үсэг зурж зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн юм. Уг зээлийн төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 10 дугаар сарыг дуустал эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2019 оны 11 сараас эхлэн хуваарийн дагуу төлөлт огт хийгээгүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь утсаар, бичгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт зээлээ төлөхийг мэдэгдэж байсан. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг байсан юм. Сүүлд сонсоход ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй болсон тул уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нь хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан, энэ талаар гомдолдоо бичиж, шүүх хурал дээр тодорхой ярьсан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасан заалтыг зөрчин өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцсон А.Отгонбаярын нэрийг шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсоноор тэмдэглээгүйгээс өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргах эрх нь хязгаарлагдахад хүрсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөөр атал энэ асуудалд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой...

4.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт “..., ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэр дээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан” гэж зөв тодорхойлсон атлаа, магадлалын үндэслэх хэсэгт “..., гэрээнд хамтран зээлдэгчээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, оролцсон байна” гэж гэрээнд зааснаас тэс өөрөөр, тухайлбал “хамтран үүрэг гүйцэтгэгч”-ийг “хамтран зээлдэгч” гэж томьёолж хамтран зээлдэгчийн тухайд хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн хууль зүйн үндэслэл буюу тухайлбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4, 242.5 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж оролцогчийн хуулиар олгогдсон эрх зүйн байдлыг дордуулсан, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран зээлдэгчээр оролцсон гэж дүгнэлт хийснээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхэд хүргэсэн зэрэг байдлуудад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал гомдолд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,372,714 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...2019.04.05-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэйгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэр дээр зээлүүлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан... Зээлийн гэрээнд заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал төлж байгаад 2019.11.05-ны өдрөөс нэг ч төлөлт хийгээгүй... Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх гэсэн үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагчаар татан оролцуулж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Солонгос улс руу явсан... Иймд зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос гаргуулж өгнө үү...” гэж,

хариуцагчаас “... Би зээлийн гэрээний дагуу зээлдэгч биш, зээлдэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Мөн миний бие нэг төгрөг ч аваагүй тул төлөх үндэслэлгүй. Аливаа гэрээ хоорондын тохиролцооны үндсэн дээр үйлдэгдэж эрх, үүргийн харилцаа үүсдэг гэж үздэг. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд 6 сая төгрөг өгч, авснаар гэрээний заалт хэрэгжиж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 6 сарын төлөлт хийж ирсэн болохыг зээлдүүлэгч нотолсон. Мөн зээлдэгчийн данс, гарын үсгээр зээл хэн авсан болох нь тогтоогддог. Зээлдэгч авсан зээлээ хүлээн зөвшөөрч төлнө гэдэг, энэ талаар маргаан байхгүй. Би хамтран зээлдэгчийн үүрэг хүлээгээгүй тул төлөхгүй, зохих хуваариар ч төлөх үндэслэлгүй...” гэж маргасан.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд 2019.04.05-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн байна, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч зээлийг авч ашиглах эрхгүй байх бөгөөд хэрэгт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийг хамтран авч ашигласан талаар нотолсон баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Зээлийн гэрээнд заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 10 дугаар сарыг дуустал зээлээ төлж байгаад 2019.11.05-ны өдрөөс нэг ч төлөлт хийлгүй одоог хүрч байна... Би зээл өгөхдөө мөнгөө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу шилжүүлэх гэсэн боловч тухайн үедээ түүний эгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Гэрээгээ засаагүй, данс эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэсэн байгаа хэдий ч гэрээнд бичигдсэн 5675....38 дансны дугаар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийнх бөгөөд түүний данс руу мөнгөө шилжүүлсэн...” гэснээс үзэхэд зээлийг бүхэлд нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн данс руу шилжүүлэн, зээлийг төлж байсан болох нь нотлогдсон тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсгийг хэргийн үйл баримтад буруу дүгнэсэн, мөн хэрэглэх ёстой 242 дугаар зүйлийн 242.3. дахь хэсгийг хэрэглээгүй нь буруу байна.

11. Хариуцагч нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр “зээлийн мөнгийг би аваагүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, авсан, иймд би төлөхгүй” гэж маргаж байгаа нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй, учир нь зээлийн мөнгийг гэрээнд заагаагүй хэн нэгэн этгээд биш, харин нөгөө зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, авсан энэ тохиолдолд хариуцагчийн уг тайлбар ач холбогдолгүй юм.

12. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нар хэсэгчлэн үүрэг хүлээгээгүй байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

13. Иймээс энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.1,.4.3-т) хангах үндэслэлтэй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.2.) үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан баримт болох зээлийн эргэн төлөх хуваариас үзвэл (хавтаст хэргийн 5 дахь талд), зээлдэгч нь гэрээ байгуулагдсан 2019.05.05-аас 2020.03.05 хүртэл зээлээ төлсөн бөгөөд түүнээс хойш төлөлт хийгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 4,204,457 төгрөг, 2 сарын хүү 403,618 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4,607,975 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасны дагуу 50 хувиар тооцоход алданги 2,303,987 төгрөг, нийт 6,911,962 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалын тогтоох хэсгийг 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 242 дугаар зүйлийн 242.3., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 6,911,962 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,460,752 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамжид 125,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 164,914 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ