Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 492

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг 5-8-2 тоотод оршин суух, эрэгтэй, Их баян хаан-Уул ХХК-ийн захирал, Э.Бнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 1 дүгээр хэсэг 122 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Ц.М холбогдох

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги 9,372,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Мын эгч Ц.Байгалмаатай цуг ажилладаг хүн над дээр ирж Энэ эгч надтай хамт ажилладаг, найдвартай хүн байгаа юм. Чи хэдэн төгрөгний зээл өгөөч гэж гуйхаар нь би Та хоёр хамт ажилладаг юм бол хамтран үүрэг гүйцэтгэгчээр хамаатан садан хүнээ авчирч гэрээ хий гэж хэлснээр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр Ц.Байгалмаагийн нэр дээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү Ц.М ирж Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан. Тухайн үедээ хэрвээ үндсэн зээлдэгч Ц.Байгалмаа гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хугацаандаа зээл төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүрэг хүлээх талаар тайлбарлаж өгсөн. Би уг зээлийг Их баян хаан уул ХХК-ийн нэр дээр хийгээгүй, харин компанийхаа удирдлагуудтай ярьж байгаад зарим хэсгийг нь компаниас, мөн өөрийн мөнгөнөөсөө гаргаж Зээлийн гэрээ хийн мөнгө зээлдүүлсэн.

Зээлийн гэрээнд заасны дагуу Ц.Байгалмаа нь зээлээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал зээлээ төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэг ч төлөлт хийгдэлгүй одоог хүрч байна. Тухайн үедээ зээл төлөх талаар Ц.Байгалмаатай удаа дараа утсаар ярихад Эгч нь зээлээ төлнө. Одоохондоо өвчтэй эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь түүнийг нь ойлгон нилээн хүлээсэн боловч сүүлдээ утсаа авахаа байсан. Гэтэл Ц.Байгалмаа нь 2020 оны 02 дугаар сард хил хаахаас өмнө Солонгос Улс явсан байсан. Би зээл өгөхдөө мөнгөө Ц.Мын данс руу шилжүүлэх гэсэн боловч тухайн үедээ түүний эгч Ц.Байгалмаагийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Гэрээгээ засаагүй данс эзэмшигчээр Ц.М гэсэн байгаа хэдий ч гэрээнд бичигдсэн 5675....38 дансны дугаар нь Ц.Байгалмаагийнх бөгөөд түүний данс руу мөнгөө шилжүүлсэн байгаа.

Мөн Ц.Байгалмаа нь энэ зээлийг авчихаад 2020 оны 01 дүгээр сард нөхрийнхөө нэр дээр зээл авч, өөрийн нөхрийн нэр дээрх машинаа барьцаа хөрөнгө болгон тавьж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон ба зээлээ хугацаа хэтрүүлсэн учир нөхөртэй нь ярьж нөхөр нь зээлээ бүрэн хэмжээгээр төлсөн. Анх шүүхэд Ц.Байгалмаагийн нэр дээр нэхэмжлэл гаргахад хариуцагч нь оршин суух хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тухайн үедээ Ц.Байгалмаа нь зээлээ төлөх сонирхолгүй байсан гэж үзэж байгаа. Би нэг удаа Ц.Мтой утсаар ярихад Манай эгч өвчтэй, эмчилгээтэй байгаа, зээлээ төлөх байхаа гэж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаар Ц.М руу зээл төлөх талаар Мэдэгдэл явуулсан. Үүнийг хүлээн авч гарын үсэг зурсан байсан. Мөн ээжтэй нь утсаар ярихад боломжгүй хариу сонссон.

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх гэсэн үндэслэлээр Ц.Мыг хариуцагчаар татан оролцуулж байна. Тухайн үед зээлээ аваад Ц.Байгалмаа, Ц.М нар нь хэрхэн яаж хэрэглэсэн талаар миний хувьд мэдэхгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Байгалмаа, Ц.М нартай хийсэн Зээлийн гэрээ-нд заасан зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Моос гаргуулж өгнө үү гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ц.Мын шүүхэд гаргасан тайлбараас:

Нэхэмжлэгч Э.Бийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Одоо хамтран зээлдэгч гэсэн үндэслэлээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн утга нь: Намайг өөрийн эгч Ц.Байгалмаатай хамтран 6 сая төгрөг 4,8 хувийн хүүтэй зээлж авсан гэжээ. Би зээлийн гэрээний дагуу зээлдэгч биш юм. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Ц.Байгалмаа гэдгийг хүлээн зөвшөөрч гэрчилж байна. Мөн миний бие нэг төгрөг ч аваагүй тул төлөх үндэслэлгүй юм. Аливаа гэрээ хоорондын тохиролцооны үндсэн дээр үйлдэгдэж эрх, үүргийн харилцаа үүсдэг гэж үздэг. Тэгвэл зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд 6 сая төгрөг өгч, авснаар гэрээний заалт хэрэгжиж Ц.Байгалмаа 6 сарын төлөлт хийж ирсэн болохыг зээлдүүлэгч нотолсон байна. Мөн зээлдэгчийн данс, гарын үсгээр зээл хэн авсан болох нь тогтоогддог.

Зээлдэгч нь авсан зээлээ хүлээн зөвшөөрч төлнө гэдэг. Энэ талаар маргаан байхгүй, хүү, алданги үндэслэлтэй эсэхийг өөрөө нягтлах байлгүй. Би хамтран зээлдэгчийн үүрэг хүлээгээгүй тул төлөхгүй, зохих хуваариар ч төлөх үндэслэлгүй гэж үзнэ. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар авч үзэж болзошгүй юм. Тэгвэл энэ хүнд эрх эдлүүлэх ёстой гэж үзнэ. Надад үүргээ ойлгож мэдсэн болон үүргийг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаар бичгээр мэдэгдээгүй тул гэрээ хүчин төгөлдөрт тооцогдож үйлчлэх эсэх хуулийн заалт яригдах ёстой гэж үзэж байна.

Хилийн хорио 2020 оны 8 дугаар сарын дундуур тавигдаж болзошгүй тул энэ хугацааг хүлээн авч харгалзан үзнэ үү. Иймд Ц.М миний гаргасан тайлбар болон хүсэлтийг хүлээн авч талуудыг эрхийг хуулийн хүрээнд тэгш хамгаалан шийдвэрлэж өгөхийг хүсэе гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь Ц.Мд холбогдуулан ...Анх шүүхэд Ц.Байгалмаагийн нэр дээр нэхэмжлэл гаргахад хариуцагч нь оршин суух хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...Ц.Байгалмаа нь 2020 оны 02 дугаар сард хил хаахаас өмнө Солонгос Улс явсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр Ц.Байгалмаагийн нэр дээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү Ц.М ирж Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан. Тухайн үедээ хэрвээ үндсэн зээлдэгч Ц.Байгалмаа гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хугацаандаа зээл төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүрэг хүлээх талаар тайлбарлаж өгсөн....Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх гэсэн үндэслэлээр Ц.Мыг хариуцагчаар татан оролцуулж байна. Тухайн үед зээлээ аваад Ц.Байгалмаа, Ц.М нар нь хэрхэн яаж хэрэглэсэн талаар миний хувьд мэдэхгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Байгалмаа, Ц.М нартай хийсэн Зээлийн гэрээ-нд заасан зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Моос гаргуулж өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр А-1902 дугаартай Зээлийн гэрээ байгуулан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээл олгох харилцаа үүссэн байна.

Зээлдэгч Ц.Байгалмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.М нар нь 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэй, А-1902 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нь зээл болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөөгүй байгаа зээлийн үлдэгдэл дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Э.Б, Ц.Байгалмаа нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-нд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ц.М нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Мд холбогдуулан гаргасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээс үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсаныг хангах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Зээлийн гэрээ-ний 3.1 Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрхийн 3.1.1-д 3ээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах,... 3.1.5-д Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зээлдүүлэгчээс шаардах гэж заасан атлаа 3.2.11-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 3.1.1, болон 3.1.5-д зааснаас бусад/-ыг эдэлж, үүрэг хүлээнэ. гэсэн байгаа нь Ц.М нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан хэдий ч зээлийг авч ашиглах эрхгүй байх бөгөөд хэрэгт Ц.М нь зээлийг хамтран авч ашигласан талаар нотолсон баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 1.1.5-д Зээлдэгч гэрээнд заасан дансанд мөнгө хүлээн авахыг зөвшөөрч, гарын үсэг зурснаар зээлдүүлэгчээс тухайн дансанд мөнгө шилжүүлэх үйлдэл баталгаажна. Дансаар мөнгө шилжүүлэх энэхүү үйлдлийг зээлдэгч тал өөрийн биеэр бэлэн мөнгө хүлээж авсантай адилтгаж үзнэ гэж заан зээлдэгчийн мөнгө хүлээн авах дансны дугаар: 5675.......38, данс эзэмшигчийн овог Цэнджав, нэр Мөнхсоёл гэсэн байна.

Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Зээлийн гэрээнд заасны дагуу Ц.Байгалмаа нь зээлээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал зээлээ төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэг ч төлөлт хийгдэлгүй одоог хүрч байна... Би зээл өгөхдөө мөнгөө Ц.Мын данс руу шилжүүлэх гэсэн боловч тухайн үедээ түүний эгч Ц.Байгалмаагийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Гэрээгээ засаагүй данс эзэмшигчээр Ц.М гэсэн байгаа хэдий ч гэрээнд бичигдсэн 5675....38 дансны дугаар нь Ц.Байгалмаагийнх бөгөөд түүний данс руу мөнгөө шилжүүлсэн байгаа... гэснээс үзэхэд зээлийг бүхэлд нь зээлдэгч Ц.Байгалмаагийн данс руу шилжүүлэн, зээлийг Ц.Байгалмаа төлж байсан болох нь нотлогдож байна.

Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Мд холбогдуулан гаргасан 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 164,913 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4, 242.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Мд холбогдуулан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 164,913 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА