Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00057

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00057

 

 

А.Мөнхсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00401/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Хариуцагчийн төлөөлөгч С.Цэвээнролом

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлоор А.Мөнхсанаагийн нэхэмжлэлтэй Баян модот ХХК-д холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас 2 хүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 02 дугаар баг, 02 дугаар хэсгийн 048 тоотод байрлах, бүртгэлийн Ү-1317001163 дугаартай 62.2 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, манай нөхөр Х.Бат-Эрдэнийн 118584566825235 нэгж талбарын дугаартай 1043 мкв талбайтай газарт үнэлгээг дээрх хариуцагч компаниар хийлгүүлсэн ба уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй байна. Миний дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 41.925.000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь зөвхөн нэг талыг барьсан банкны зээлийн үлдэгдлийн хэмжээнд тааруулж үнэлсэн үнэлгээ байна гэж би хувьдаа үзэж байна.

...Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/854 тоот мэдэгдлээр гомдлоо үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд бичгээр гаргаж болно гэсэн учраас 2020 оны 05 дугаар сарын үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баян модот ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом анхан аштын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 048 тоотод байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй 1043 мкв талбайтай газар, 62.2 мкв талбайтай хувийн орон сууцад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийж гүйцэтгэсэн. Уг үнэлгээг хийж гүйцэтгэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хууль бусад хууль тогтоомж дүрэм журмын дагуу үнэн зөв хийж гүйцэтгэсэн. Манай байгууллага уг үнэлгээг гаргахдаа маш олон удаа шинжилгээ судалгаа, харьцуулалт хийж байгаад гаргасан. Хөрөнгийг үнэлгээг гаргах хандлага арга маш олон байдаг. Зах зээлийн хандлага хөрөнгийн орлоыг хандлага, өртөгийн хандлага зэрэг хандлагуудыг үндэслээд үнэлгээ гаргах ёстой байдаг.

...Манай байгууллага тухайн хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гаргах гэж ажилладаг болохоос биш хэн нэгний хараат байдал байхгүй. Нэхэмжлэгчийн банкны зээлийн төлбөрт тааруулаад үнэлгээ гаргасан. Бид нар А.Мөнхсанаа гэдэг хүний банкны мэдээллийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй. Энэ хүнийг банкны зээлтэй гэдгийг ч мэдэхгүй, мэдэх ч боломжгүй байдаг. Гэтэл яагаад ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Тийм ч учраас уг үнэлгээг гаргахдаа хөрөнгө үнэлгээний тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу гаргасан учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаартай шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А.Мөнхсанаагийн нэхэмжлэлтэй Баян модот ХХК-д холбогдуулан гаргасан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо : ...Миний бие нь Баян модот ХХК-д холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин анх нэхэмжлэлийг хүлээн авахгүй атал хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Баян модот ХХК нь үнэлгээ гаргасан ба дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.05.21-ний өдрийн 01/854 тоот мэдэгдлээр Гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан даруй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч биш гэдэг утгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болох байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулан улмаар Баян модот ХХК-ийг хариуцагч биш гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн хувьд хохиролтой болсон. Анх нэхэмжлэл гаргаж байхад та гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргах ёстой гэдгийг тайлбарласан бол иргэн ядаж тэмдэгтийн хураамжаараа хохирохгүй байсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3,117 дугаар зүйлийн 117.1 -д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 09-ны өдрийн 452 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдол гаргаж байна. Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх шаардлагагүй байх. Харин эд хөрөнгийн үнэлгээний талаар бол холбогдох хууль дүрэм журмын дагуу үнэлгээ тогтоосон гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Мөнхсанаа нь хөрөнгө үнэлгээний Баян модот ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч А.Мөнхсанаа шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөр төлөх үүрэгтэй, төлбөр төлөх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг хэрхэн явуулах үндэслэл, журмыг тодорхойлсон бөгөөд төлбөр авагч болон төлбөр төлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай 04/04 тоот тогтоолоор хариуцагч Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу А.Мөнхсанаагийн хөрөнгөнд үнэлгээ хийжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болохоор заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх тухай эрхийг нь тайлбарлан 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 01/855 дугаартай мэдэгдлийг хүргүүлснээр нэхэмжлэгч А.Мөнхсанаа нь хөрөнгө үнэлгээний Баян модот ХХК хариуцагчаар татан гомдол гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа холбоотой гэж ойлгох ба энэхүү ажиллгааны оролцогч Баян модот ХХК нь тус хэргийн хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн хураан авсан эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа явагддаг бөгөөд нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг харвал шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, үнэлгээ тогтоосон нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэнэмжлэлийн шааардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн бол тэдгээрийг сэргээлгэх, мөн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хуульд нийцээгүй талаар тус тус шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг туйлын эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих тухай хүсэлт гаргавал шүүх хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих боломжийг хуулиар олгосон. Гэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдэх ажиллагаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн туйлын эрхтэй холбоотой юм.

Шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан этгээд нь тухайн шаардлагыг хариуцах этгээд биш бол түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ба хариуцагч биш гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзах хуулийн үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас нэхэмжлэл /гомдол/ гаргах хугацаа хэтрүүлсэн талаар шүүхэд албан ёсны хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний дараа жинхэнэ хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл /гомдол/ гаргах эрх нээлттэй юм.

 

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН