Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00855

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаар шийдвэр, 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаар магадлалтай,  

*******гийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох 

Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдуулан гаргасан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 09-ний өдрийн 452 дугаартай шийдвэрээр хариуцагч нь ******* ХХК биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна гэж үзэж мөн нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг туйлын эрхтэй гэсэн. Миний бие нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас томилсон ******* ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин хийлгэхээр гомдлоо тус байгууллагад гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас 2020.05.21-ний өдрийн 01/854 тоот мэдэгдлээр үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гарга гэсэн учраас улсын тэмдэгтийн хураамж төлж гаргасан юм. Тэрнээс биш хариуцагчаа өөрөө сонгож эрхээ эдэлсэн асуудал биш юм. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй асуудлаас болж нөгөөтээгүүр 7 хоногийн дотор л шүүхэд үнэлгээний байгууллагын талаар гомдол гаргахгүй бол хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн давчуу байдлаас болж нэхэмжлэл гаргасан. Анхнаасаа ******* ХХК хариуцагч этгээд биш байсан бол анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр хэрэг үүсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 т заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож болох байсан. Ингэснээрээ миний бие анхан шатанд төлсөн 174,950 төгрөгөө буцааж авах боломжтой байсан.

4.2 Хэрвээ давж заалдах шатны шүүх нь хэнийг хариуцагчаар тодорхойлж, хэнээс юу шаардах нь нэхэмжлэгчийн туйлын эрх гэж үзсэн юм бол энэ эрхийг яагаад хангахгүй шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Учир нь би ******* ХХК-ийг үнэлгээ буруу хийсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байхад шүүх хариуцагч нь ******* ХХК биш харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хариуцагч болно гэж зааж байгаа нь шийдвэр болон магадлалын утга, үндэслэлтэй таарахгүй байна. Миний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүх шийдвэрлэх ёстой байтал хариуцагчийг нэрлэн зааж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна.

4.3 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч хариуцагчаа солих хүсэлт гаргаагүй гэсэн ба миний бие нь шүүхийн шийдвэрийг ямар журмаар гарахыг урьдчилан таах боломжгүй юм. Нөгөөтээгүүр хариуцагч ******* ХХК нь энэ хэргийн хариуцагч нь биш гэж маргаагүй байхад хариуцагчаа солих асуудал яригдахгүй гэж үзэж байна.

4.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар дахин татаж оролцуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бус мэргэжлийн байгууллага гаргадаг учраас анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх байсан гэж үзэж байна

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлүүлж өгнө үү. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийсэн үнэлгээг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрөн маргажээ.  

7. Анхан ба давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагаа байх тул энэ талаарх шаардлагыг хариуцах этгээдийг зөв тодорхойлж чадаагүй, хариуцагч бус этгээд болох ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буруу болсон гэх агуулга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

8. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тогтоох туйлын эрхтэй гэх атал энэ эрхийн дагуу тодорхойлсон ******* ХХК-ийг хариуцагч биш гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон гэжээ. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болжээ. Тодруулбал, хариуцагчаа сонгох, хариуцагчаас юуг, ямар үндэслэлээр шаардаж буйгаа чөлөөтэй тодорхойлох эрх хэнд ч болов тэгш олгогдсон хууль ёсны эрх мөн боловч энэ эрхийн дагуу гаргасан шаардлага нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч нь тухайн асуудлаар хариуцлага үүрэх этгээд мөн эсэх асуудал нь дээр дурдсан хариуцагч ба шаардлагаа тодорхойлох эрхээс тусдаа ойлголт юм. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг болох эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг хууль бус болсон гэж маргаж байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий бол энэ шаардлагыг хариуцах этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг, 2-р хэсэг 048 тоот хаягт байрлах газар эзэмших эрх болон хувийн сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн энэ ажиллагааны нэгэн үе шат тул үүсэн гарах үр дагаврыг ******* ХХК шууд хүлээх боломжгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

9. Энэ үндэслэлээр ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар дахин татаж оролцуулах үндэслэлгүй гэж маргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                            ДАРГАЛАГЧ,

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ  

                                                             ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                        Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ