Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 122

 

С.Згийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Ц-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:С.Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Цд холбогдох,

“Гэм хорын хохирол 850.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нэхэмжлэгч С.З нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Захиргааны 2-р байрны гадаа миний 10-91 УНЭ авто машин дотор миний толгойны үснээс зулгааж улмаар нүүрэн хэсэг газарт минь цохиж зодож, надад гэмтэл учруулсан. Уг гэмтлээс болж миний зүүн нүдний доор сорив тогтсон. Мөн тухайн үед Б.Цгээс өөрийгөө хамгаалах гэж бусдаас тусламж

болно. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Цгийн надад учруулсан хохирол болох 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...С.З надад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодуулсны улмаас зүүн нүднийх нь доод талд сорви тогтсон, надаас зугтаах гэж машиныхаа хаалгыг онгойлгосноор зүүж явсан ээмэг нь алга болсон гэж нийт 850 000 төгрөгийг өр үндэслэлгүйгээр нэхэмжилжээ. Би түүний биед огт гар хүрээгүй болох нь түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай актаар нотлогдох бөгөөд өөрөө ч нэхэмжлэлдээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдсан гэж намайг торгосон тухай бичжээ. Түүний биед гэмтэл учруулаангүйн дээр би түүнд огт гар хүрээгүй бөгөөд түүний өөдөөс эвгүй бүдүүлэг үг ч хэлээгүй байхад яахаараа С.Згийн зүүн нүднийх нь доод талд сорви тогтдог билээ. Намайг 100 000 төгрөгөөр торгосон нь үнэн бөгөөд би гомдол гаргаагүйн шалтгаан гэвэл тухайн үед хэрэг шалгаж байсан байцаагчийг надтай хуйвалдаж шударгаар хэрэг шалгасангүй гэж хэл ам хийгээд мөн шүүхэд өгч хохирлоо гаргуулж авна гээд байсан учир төрд орж байгаа мөнгө гээд зүгээр орхисон болохоос гэм буруутайдаа зүгээр байгаагүй юм шүү. Би С.Згийн биед гар хүрэх нь битгий хэл эвгүй үг хэлээгүй намайг гүтгэж байгаа хүн энэ гүтгэлгээ өөрөө нотлох учиртай. Харин намайг маш ихээр доромжилж байсан” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Цгээс 322.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 24.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгч С.Згийн нэхэмжлэлийн шаардлагаас өрөөсөн ээмэгний үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Хавтаст хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С.З Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо ээмгээ гээгдүүлсэн талаар огт дурьдаагүй байдаг. /биед халдсан нүүр маажсан гэдэг/. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ нүүр урж, толгой зулгааж, утсыг минь шидсэн  бие сэтгэл санаа, мөнгө төгрөгний хохирол учруулсан гэсэн байдаг. Мөн хацар маажихад ээмэг алга болсон гэсэн атлаа /машины хаалга онгойлгох үед ээмэг алга болсон/ гэсэн байдаг. “Ашид билгүүн” ХХК-ийн ээмэг үнэлсэн үнэлгээнээс харахад уг өрөөсөн ээмгийг үнэлэхдээ харьцуулаагүй мөрдөгчийн тогтоолыг үндэслэв гэжээ. Хэрэгт С.Зд алга болсон гээд байгаа ээмэг нь түүнд байсан эсэх нь тодорхойгүй, тухайн үед ээмэгтэй байсан эсэх нь нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зүйд нийцсэнгүй. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С:Золзаяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. ....Энэ хэрэгт авагдсан Зөрчлийн арга хэмжээ авсан материалд Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Батсүх нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан гэж үзэж 0026209 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Цд 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Б.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас миний зүүн нүдний доод зовхинд зулгаралт үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шийдвэртээ “хариуцагч Б.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Золзаяад гэм хор учирсан. Б.Цгийн гэм буруу нь Золзаяад гэм хортой шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэсэн хэрнээ гоо сайхны салонд 500.000 төгрөгний төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Иймээс хариуцагч Б.Ц нь Золзаяа надад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Хавай гоо сайхны салоны тодорхойлолтод “Золзаяа нь зүүн нүдний доод талын сорвиндоо 2019 оны 05 сараас лазер эмчилгээнд орж эхэлсэн” гэж бичсэн нь цаг хугацааны хувьд андуурч бичсэн, алдаа гарсан гэж үзэхээр байх бөгөөд ингэж бичсэн нь Золзаяа намайг тус салонд эмчилгээ хийлгээгүй, эмчилгээнд 500.000 төгрөгний зардал гаргаагүй байна гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байна.

Иймээс шүүх Хавай салоноос ирүүлсэн баримтыг цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж үзэж байгаа бол хэргийг үнэн зөвөөр, үндэслэл бүхий шийдвэрлэхийн тулд шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий, эргэлзээгүй талаас дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгч надад учруулсан гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэнд нийцэхгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01100 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Б.Цгээс “Гэм хорын хохиролд 850.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч С.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр маргалдсаны улмаас С.Згийн зүүж явсан өрөөсөн ээмэг алга болсон, зүүн нүдний доор шарх үүссэн үйл баримтад үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Ц нь С.З руу утастаж 1.600.000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу 1.600.000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй өгч зээлийг чөлөөлсөн ба Б.Цгийн дахин авах гэсэн зээл тухайн өдрөө гараагүйгээс худал хэлж мөнгө авсан гэсэн маргаан үүсч С.Згийн зүүн нүдний доор урагдсан шарх бий болсон ба өрөөсөн монетон ээмэг нь алга болсон үйл баримт тогтоогджээ.

Орхон аймаг дахь Цагдаагийн газар Б.Цд “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Зд гэм хор учирсан, Б.Цгийн гэм буруу нь С.Зд учирснаас хортой шалтгаант холбоотой гэсэн дүгнэлт хийж, “Ашид билгүүн” ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон өрөөсөн ээмэгний үнэ 322.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 497., 510 дугаар зүйлд нийцжээ.

Нэхэмжлэгч С.З нь “ОТЖАК” ХХК-ны Хавай гоо сайхны салонд эмчилгээ хийлгэж, 500.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй, цаг хугацааны зөрүүтэй нотлох баримт гаргаж өгчээ. /119 дүгээр хуудас/

Хариуцагч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь нэхэмжлэгч С.Зг тухайн үед ээмэг зүүж явсан эсэх нь тодорхойгүй, түүнд ээмэг байсан эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  нь зүйд нийцээгүй гэсэн гомдол нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч С.З нь маргаан болохын өмнө Б.Цтэй машинд сууж байхдаа ээмэгтэй байсан фото зургаа шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.Ц нь үгүйсгэсэн болон нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзсан татгалзал тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбар татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”.гэж заасан бөгөөд хариуцагч Б.Ц нь өөрийнхөө гэм буруугүй болохыг нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг даахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа  нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч С.Згийн 16.490 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн 10.310 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ