Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02965

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2022/02965 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар баг, 9 дүгээр байрны 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, 00 регистртэй, Н ,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 дүгээр байрны 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, 00 регистртэй, Н ,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам, Үйлдвэрийн баруун бүс 00 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн 00 регистртэй Н ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 403,323,600 /дөрвөн зуун гурван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Н , Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ХХК-тай харилцан тохиролцож Дундговь аймгийн Сайнцагаан сумаас ямааны ноолуур нийлүүлэхээр болж, тус компани нь ямааны ноолуурыг 1 кг нь 126,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Н , Н.Н нар 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,369.6 кг ямааны ноолуурыг Н ХХК-д хүлээлгэн өгч, хариуцагч нь 676,569,600 төгрөгийг Б.Н , Н.Н нарт төлөхөөр болсон. Тухайн үед Н ХХК нь ямааны ноолуурын үнийг 3 хоногийн дараа өгнө гэсэн боловч хэлсэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй.

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 18,500,000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг Н.Н д, мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг Б.Н д шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нарын зүгээс Н ХХК-тай үлдэгдэл төлбөрөө авахаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулзаж, хариуцагч нь банкнаас зээл хөөцөлдөж байгаа, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлнө, өнөөдөр 28,500,000 төгрөгийг Б.Н гийн дансанд шилжүүлнэ гэж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан. Гэтэл хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэх байсан 28,500,000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй, 11,000,000 төгрөгийг л шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Н д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 44,246,000 төгрөгийг төлж, нийт 273,246,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь үлдэгдэл 403,323,600 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу хариуцагч Н ХХК-иас 403,323,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н , Н.Н нарт олгож өгнө үү.

Хариуцагч тал хариу тайлбартаа энэ төлбөрийг нэхэмжлэгч нар нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй, төлбөр мөнгө байхгүй гэж бичсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагчийн хувьд худалдаж авсан барааны харилцан тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй. 1 кг ноолуурын үнийг 126,000 төгрөгөөр авъя гээд амаар ярилцаж тохиролцсон байсан. Худалдаж авсан баримт дээр бичигдээгүй байна. Нэхэмжлэгч нар хариуцагч талд цайвар ноолуур нийлүүлсэн. Тэр жил ноолуурын үнэ өндөр байсан учраас Дундговь аймгаас оруулж ирсэн ноолуурыг 126,000 төгрөгөөр авъя ягэж тохиролцсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дуламсүрэн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Н.Н нь тус шүүхэд хандаж манай Н ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Манай компани нэхэмжлэгч талтай ямар нэг бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд өр төлбөрийн асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

3.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №02 тоот Орлогын баримтын эх хувь /хх-7/, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н ХХК-ийн Н , Н нартай хийсэн Тооцоо нийлсэн актын эх хувь /хх-8/, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №223 тоот ноолуурын ханшийн мэдээлэл бүхий албан бичгийн эх хувь /хх-54/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай аливаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин Н ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, тус компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар /хх-14-17/, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлттэй холбоотой баримтууд /хх-33-35, 50-53/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Б.Н , Н.Н нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагчтай ямааны ноолуур худалдахаар аман хэлбэрээр харилцан тохиролцож, хэлцлийн дагуу 5,369.6 кг хэмжээтэй цайвар ямааны ноолуур нийлүүлсэн ба нэг кг ноолуурыг 126,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, хариуцагч Н ХХК-ийн орлогын баримтаар хүлээлгэн өгсөн. Нийт 676,569,600 төгрөг төлөхөөс 273,246,000 төгрөг төлж, үлдэх 403,323,600 төгрөгийг төлж барагдуулаагүй. Б.Н , Н.Н нар хамтдаа хариуцагч Н ХХК-д нийлүүлсэн учир хариуцагчаас 403,323,600 төгрөгийг хамт шаардах эрхтэй... гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дуламсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгчтэй бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, өр төлбөргүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

4.Зохигчид орлогын баримтаар түүхий ямааны ноолуур нийлүүлэгдсэн, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн, ноолуурын төлбөрийг Н ХХК-иас Б.Н , Н.Н нарт актад дурдсанаар 170,500,000 төгрөг, нэхэмжлэлд тодорхойлсноор 273,246,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин талуудын хооронд бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар маргасан.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Орлогын баримт, тооцоо нийлсэн акт, Хөдөө аж ахуйн биржийн ямааны ноолуурын ханшийн мэдээлэл, зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Н , Н.Н нар хариуцагч Н ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,396.6 кг түүхий ямааны цайвар ноолуур нийлүүлж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талууд харилцан тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар Н ХХК нь Б.Н д 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд 62,000,000 төгрөг, Н.Н д 80,000,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Н д 28,500,000 төгрөг, нийт 170,500,000 төгрөг төлж, үлдэгдэл тооцоог 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон, мөн нэхэмжлэгч нарын ямааны ноолуур нийлүүлсэн өдөр 1 кг цайвар ямааны ноолуур 124,000 төгрөгийн ханштай байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

6.Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч нар хариуцагчид ноолуур нийлүүлсэн болох нь Н ХХК-ийн орлогын баримтаар тогтоогдсон бөгөөд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар хуульд тусгайлан зохицуулаагүй, мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж тус тус заасны дагуу талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийг аман хэлбэрээр байгуулсан байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б.Н , Н.Н нар Н ХХК-д цайвар ямааны 5,369.6 кг ноолуур нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хүлээн авсан ноолуурны төлбөрийг Н ХХК нь нэхэмжлэгч нарт төлөх үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь хэлцлийн дагуу 273,246,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийн зарим хэсгийг биелүүлжээ.

8.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талууд нэг кг ноолуурыг 126,000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж маргахын зэрэгцээ гэрээний зүйлийн үнийн талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. Иймд шүүх ноолуур нийлүүлэгдэх үеийн буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар цайвар ноолуурын зах зээлийн үнэ ханш 124,000 төгрөг байсан талаар тодорхойлсон Хөдөө Аж Ахуйн Биржээс шүүхэд ирүүлсэн лавлагааг үндэслэн гэрээний зүйлийн үнийг 124,000 төгрөгөөр тооцож, 5,639.6 кг ноолуурын нийт үнэ 665,830,400 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 273,246,000 төгрөгийг хасаж, үлдэх 392,584,400 төгрөгийг нэхэмжлэгч нар нь хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 392,584,400 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нарын илүү шаардсан 10,739,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 2,174,568 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжид 2,120,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 392,584,400 /гурван зуун ерэн хоёр сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н , Н.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,739,200 /арван сая долоон зуун гучин есөн сая хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 2,174,568 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,120,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА