Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2019/00013

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

                  Дугаар 223/МА2019/00013

 

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 151/ШШ2019/00219 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Ргийн нэхэмжлэлтэй,

Хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд 35.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч C.Цэдэндамбын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч C.Цэдэндамба, төрийг төлөөлж прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

 

  Нэхэмжлэгч Б.Р  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “... 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хорооны дэвсгэрт Туул голын эрэг орчим найзынхаа хамтаар салхинд гарч амарч байх үед Төр-Орших нь архи уусан согтуу үедээ С.Пүрэв-Очирын биед хүнд хохирол санаатай учруулсан юм. Гэтэл Төр-Оршихын хохирогч С.Пүрэв-Очир нь бусдад зодуулсан хор хохирлоо надтай хуваалцан төлүүлэх зорилгын үүднээс нүүрэндээ шивээстэй хүн намайг Төр-Оршихтой хамт зодсон гэж мэдүүлэг өгч намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татуулж 2017 оны 10 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг хамтран оролцсон гэж таван жилийн хорих ял шийтгүүлсэн юм. Анхан шатны шүүх хурлаар шийтгүүлэх шүүх хуралд Төв аймгийн өмгөөлөгч Б.Энхтуяагаар өмгөөлүүлэхээр гэрээ байгуулан 2,000,000 төгрөг төлсөн боловч тусыг эс олж хоригдсон учир давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Г.Энхтүвшинг 5,000,000 төгрөгөөр, мөн өмгөөлөгч С.Цэдэндамбыг 500,000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр гэрээ хийх мөнгийг төлж оролцуулснаар 2018 оны нэгдүгээр сарын 11-нд намайг хохирогч С.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгсөн юм. Б.Р намайг бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 22-нд яллагдагчаар татан мөн өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авснаар Төв аймгийн Жаргалант суманд гэртэй намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон прокурор шүүх дээр өглөө бүр 09 цагт ирж бүртгүүлэх үүрэг өгөгдсөнөөр би гэр орондоо ч очих эрхгүй болж Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй явах, зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулж хохирлоо. Түүгээр ч барахгүй 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл 78 хоног хорих ялаар хилсээр шийтгүүлэн хоригдсон. Б.Р намайг хилс хэрэгт шийтгүүлсэн тухай албан ёсоор хэн ч зарлаагүй учраас манай нутгийн таньж мэдэх хүмүүс, зарим холын садан төрлийн хүмүүс гэмт хэрэгт холбогдоод тэнсэгдээд гарсан гэдэг ойлголтоор одоог хүрч байна. Түүгээр ч барахгүй гэмт хэрэгт холбогдон хоригдож байсан гэдэг үндэслэл шалтгаанаар намайг ямар нэгэн ажил албанд авч ажиллуулах хувь хүн, компани, албан байгууллага олдохгүй байна. Би гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэхээсээ өмнө хавартаа хүнсний ногоо тарьж зунжингаа түүнийг услах, зэрлэг ургамлаас хамгаалах, тарьсан хүнсний ногоогоо хураан авах, худалдах зэрэг ажил бүрэн хэмжээгээр зогссоноос болж миний ахуй амьдрал эрс дордон доошилсон юм. Зөвхөн үүнээс болж 8,000,000 төгрөгийн орлого олдог байсан орлогоо алдаж хохирсон. Энэ хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан цагаас эхлэн мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсанаас болж хүнсний ногоо тариалах, хураах, борлуулах, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан техник хэрэгслээ хямдханаар худалдан борлуулж амьдралынхаа үндсэн эх сурвалж, багаж зэвсгээсээ салсан учраас энэ хохирлоо нөхөн олж чадахгүй, ажилгүй өдий хүрч бүтэн нэг жил гурван сар хохирсоор явж байна. Хүнсний ногооны техник хэрэгслээ 7,000,000 төгрөгөөр зарж хохирсон. Мөн нөгөө талаар төрүүлсэн ээж, аав дүү нартаа тусалдаг байсан үйл ажиллагаа бүрэн зогсож харин тэдний санаа сэтгэл давхар давхар хохирч хүнд байдалд орсны гадна гадуур мөрдөгдсөн хоёр сарын хугацаанд бямба, ням гаригуудад Улаанбаатараас Жаргалант явах унаа, хоол ундны зардал, байнга гарч байсан бөгөөд хотод ах дүү садан байхгүй учраас хоноглох газар олдохгүй байсны гадна аав, ээжээсээ хотод хямдхан буудал, гуанзны мөнгө авч ам бүлээ хүнд байдалд оруулан эд материалын хохиролд оруулсаар байлаа. Намайг хилс хэрэгт хоригдсон хоёр сар 17 хоногийн хугацаанд аав, ээж маань долоо хоногийн хоёр өдрийн эргэлтийн үеэр 22 удаа ирж уулзахад унаа хоолны мөнгөнд 1,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Мөн хилс хэрэгт яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон дөрвөн сар 18 хоногийн хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулахад төлсөн 7,500,000 төгрөгийг төлж хохирсон юм. Иймд миний хилс хэрэгт яллагдагчаар татагдсан, хоригдсон хугацааны эд материалын болон сэтгэл санааны хохирлоо доор дурдсан үндэслэлээр нэхэмжилж байна. Үүнд:

1.Хилс хэрэгт хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол 3,000,000 төгрөг

2.Сэтгэл санааны хохирол 9,000,000 төгрөг

3.Хилс хэрэгт яллагдагчаар татагдан улмаар хоригдсон хугацаандаа ногоо тариалж түүнээсээ олох ёстой байсан орлогоо алдсаны хохирол 8,000,000 төгрөг

4.Амьдрахын аргагүй эрхэнд хүнсний ногоогоо тариалах, хураах багаж хэрэгсэл техникээ зарж борлуулан амьдралаа залгуулж ажил амьдралын гол эх сурвалжаа алдсанаас болж 7,000,000 төгрөгийн хохирол учирсан.

5.Намайг хоригдож байсан хоёр сар 18 хоногийн хугацаанд аав Батсүх, ээж Ц.Туяацэцэг хоёр 22 удаа Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод ирж очих унааны болон эргэлтийн зардал 1,000,000 төгрөг

6.Хилсээр яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулан мөнгийг нь төлсөн 7,500,000 төгрөг, бүгд нийтдээ 35,500,000 төгрөгийг.” гэжээ.

 

  Прокурор Д.Нэргүй нь төрийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ргийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201725011741 дугаартай хэрэгтэй танилцахад Б.Рг дээрх хэрэгт холбогдуулан шалгахдаа, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шалгаад, хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 637 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Рг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хорьсон байна. Харин Б.Рд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 78 хоногийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр оролцогч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож , шийдвэрлэсэн байгаагаас дүгнэхэд Б.Рд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд заасан хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан гэх үндэслэлээр Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийн хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Б.Ргийн 35 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэжээ.

 

  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг баримтлан Б.Ргийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар Б.Р нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг С.Цэдэндамба гаргасан давж заалдах гомдолдоо: “Батсүхийн Рагчаа нь 2017 оны 5-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг 20-р хорооны дэвсгэрт Туул голын эрэг орчим найз нарынхаа хамтаар салхинд гарч амарч байх үед Төр-Орших нь архи уусан согтуу үедээ С.Пүрэв-Очирын биед хүнд хохирол санаатай учруулсан юм. Оршихын хохирогч С.Пүрэв-Очир нь бусдад зодуулсан хор хохирлоо төлүүлэх зорилгын үүднээс нүүрэндээ шивээстэй хүн намайг Төр-Оршихтай хамт зодсон гэж мэдүүлэг өгснөөр Б.Рг хийгээгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татуулж улмаар 2017 оны 10 сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж 5-н жилийн хорих ял шийтгүүлж мөн өдрөөс эхлэн шүүх хурлын танхимаас авлуулан хорихын 461-р ангид төрийн албадлагаар цагдан хоригдсон юм. Ийнхүү хууль бусаар гарсан анхан   шатны шүүхийн 637 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Нийслэлийн шүүхэд давж заалдсанаар 2011 оны 01 сарын 11-нд 34 тоот магадлалаар Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн шийдвэрт доорхи байдлаар хууль зөрчсөн, хууль бус дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Үүнийг тодорхой дурьдвал: Үүнд

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дэх хуудасны дээрээсээ 3 дахь хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан. Мөн зүйлийн 2.2-д хууль бусаар баривчилсан эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хүчингүй болгосон" гэж заасан хоёр үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байна гэж үндэслэл муутай дүгнэжээ.

Дүгнэлтийн энэ хэсэгт: Хоёр үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байна гэж дурьджээ. Хуулийн 45.2-р зүйлийн 2 дэх заалтанд хохирлыг төлүүлэхээр 2 үндэслэл биш харин таван үндэслэл байгааг энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн олж харж чадсангүй ээ. Хуулийн энэ хэсэг дэх Б.Рд /холбогдолгүй/ хамааралгүй сүүлчийн хоёроос гурван заалтыг олж харчихаад ийнхүү хууль бус мөчид дүгнэлт хийсэн байна. Энэ зүйлийн эхний хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан гэж заасан заалтанд Б.Ргийн үйлдсэн гэх гэмт хэргийн үйлдэл хамаарч байна.

2.Анхан шатны шүүхийн дүгнэлтийн дараагийн хэсэгт :

Дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхээс ЭХХШТ хуулийн  39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ЭХХШТхуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рд холбогдох хэргийг түүнд ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь "Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан гэх үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгч нарын энэ дүгнэлт бол хуулийн дээрхи заалтыг хэт явцуу утгаар буруу ойлгож хэрэглэн Б.Рг илт байдлаар хохирлоо. Өөрөөр хэлбэл: Энэ хэрийг шийдвэрлэсэн гурван шүүгч давж заалдах шатны шүүх, шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Б.Рд хамаарахгүй байна.

Мөн “шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан гэх үндэслэлд хамаарахгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ. Б.Ргийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон гурван шүүгч бол: Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хуулийн дээрхи заалтанд хамаарах юм байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хуулийн дээрхи заалтанд хамаарахгүй юм байна гэж буруугаар ойлгож Б.Рг хохироосон хууль бус шийдвэр гаргалаа. Мөн шүүгдэгч /Б.Рг/ ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дээрхи заалтанд хамаарах юм байна. Шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийн /Б.Рг/ хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хуулийн дээрхи заалтанд хамаарахгүй юм байна гэж үзсэн нь хуулийн цаад мөн чанар агуулгыг буруу ойлгож хэргийг хууль зөрчиж шийдвэрлэлээ. Бүр тодорхой дурьдаж хэлвэл хэргийг нотлогдоогүйгээс хэрэгсэхгүй болгосон, хэргийг цагаатгасан гэдэг хоёр үг нь цаад утга агуулгаараа яг ижил үг юм. Өөрөөр хэлвэл хоёр өөр үгээр илэрхийлэгддэг нэгэн утгатай синоним үг юм. Энэ тухай бодитой жишээ дурьдая. Манай улсад 1936-38 онуудад улс төрийн хилс хэргээр маш олон иргэд хэлмэгдэж зарим нь олон жил хорих ялаар, зарим нь цаазаар авах ял шийтгүүлэн гүйцэтгэгдсэн байдаг. Эдгээр хүмүүсийн олонхи нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь жинхэнэ бодит байдлаар тогтоогдоогүй мөчид баримтаар ял шийтгүүлсэн байдаг тул Дээд шүүхийн эрүүгийн болон цэргийн хэргийг эрхэлсэн коллегиор төрийн эсрэг гэмт хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар төрийн эсрэг гэмт хэргийн үйлдэл нь тогтоогдоогүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоод л орхисон байдаг. Тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол магадлалуудад хэргийг цагаатгасугай гэсэн үг өгүүлбэр огт ороогүй байдаг. Гэтэл тийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр тогтоолыг нь үндэслээд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдээд цагаатгагдсан байна гэж үзээд л нөхөн олговор олгоод л одоо хүртэл явж байгаа шүү дээ.

Мөн нөгөө талаар хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг цагаатгах гэдэг нь яг ижил утгатай үг юм шүү гэдгийг батлахын тулд бас нэг жишээг дурьдая. Хүний амь нас хохирлыг

-Нас барах, бурхан болох, таалал төгсөх, үхэх, өөд болох гэх мэтээр Монгол хэлний олон үгээр илэрхийлдэг боловч эдгээр үгнүүд нь цаад нарийн утга агуулгаараа хүний амь хохирсон, яг л нэг агуулга утга санааг илэрхийлж байдаг. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг цагаатгах гэдэг хоёр үг чинь дээрхийн адил хоёр өөр үгээр илэрхийлэгддэг яг ижил утгатай синоним үг юм.

3. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 34 тоот магадлалын 18-р хуудасны эхэнд С.Пүрэв-Очирыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Б.Р бүлэглэн оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Рагчааг гэм буруутай үйлдэл хийсэн талаар хохирогч Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд байдаг боловч энэ хэрэгт гэрчээр байцаагдсан бүх гэрчүүд Рагчаа нь хохирогч С.Пүрэв-Очирыг зодож цохисон талаар харсан мэдсэн тухай мэдүүлэг огт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн өгсөн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг болон бичгийн өөр нотлох баримтаар давхар батлагдсан нотлогдоогүй байна гэж тодорхой дурьджээ.Үүнээс үзэхэд Б.Ргийн гэмт хэргийн үйлдэл тогтоогоогүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд тодорхой байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2-р зүйлийн 2 дэх хэсэгт:

Дараах тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэдгийг заагаад мөн зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан. гэж заасан байна. Тэгвэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөх эрх үүсдэг юм чинь шүүгдэгчийг үйлдсэн хэрэг нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Хуульчид бидэнд хууль зүйн их дээд сургуульд логикийн хичээл ордог явдал чинь дээрхи байдлаар оюун дүгнэлтийг хуульчдад үндэслэлтэй хийлгэх зорилгоор заадаг чухал хичээл шүү дээ. Анхан шатны шүүхийн шүүгчид үүнийг зөвөөр ойлгон дүгнэлт хийж чадалгүй, шүүгдэгч.ял шийтгүүлсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон заалт байхгүй байна гэсэн явцуу ухар мөчид ойлголтоос болж Б.Рг илтээр хохироосон шийдвэр гаргалаа.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дэх хуудасны дээрээсээ 5 дэх хэсэгт: Б.Рг хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн, түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэх үндэслэлгүй, түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйлдэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус үйл ажиллагаа байгаа, эсхүл тэдгээрийн шийдвэр нь хууль зөрчсөн гэх байдал нь бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэсэн хууль зөрчсөн илэрхий буруу дүгнэлт хийжээ. Эрх зүйт төртэй өнөөгийн үед Б.Ргийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл үйл ажиллагаа нь нотлогдон тогтоогдоогүй байхад түүнд 5 жилийн хорих ял шийтгэл оногдуулаад цагдан хориод 78 хоног хорьсон үйлдэл яахаараа хууль зөрчөөгүй тогтоол шийдвэр болчихдог байна. Б.Рг 78 хоног хорьсон таслан шийдвэрлэсэн 12 хуудас тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 хуудас бүхий магадлал яахаараа бичгийн нотлох баримт биш байдаг юм бэ?

6. Анхан шатны шүүх Б.Ргийн гэмт хэргийг үйлдэл тогтоогдоогүй байхад түүнд 5 жилийн хорих ял оногдуулчихаад уг тогтоолоор оногдуулсан ялаа эдлүүлж байсан нь яахаараа хууль зөрчөөгүй шийдвэр байдаг юм бэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2-р зүйлийн 2 дэх хэсэгт: Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан нөхцөлд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гээд маш тодорхой бөгөөд ойлгомжтой заачихсан байхад шүүх Б.Рд ЭХХШТхуулийн 45.2-р зүйлийн 2 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсээгүй байна гэж үзээд хууль бус шийдвэр гаргалаа.

7.Иргэний хуулийн 498-р зүйлийн 4-д: хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэргийг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхийг үл хамааран төр хариуцан арилгана гэсэн заалтыг анхан шатны шүүхийн шүүгчид эсрэг утгаар буруу ойлгож Б.Рг Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг төрөөс шаардах эрхгүй, хохирлыг төр хариуцан арилгах үүрэг үүсээгүй байна гэсэн хууль бус дүгнэлт хийгээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчлөө.

Иймд Батсүхийн Рагчаагаас 35.500.000 төгрөгийг нэхэмжилсэн хэргийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалт болон тухайн харилцаанд хамаарах бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн буруу дүгнэлтийг залруулан хууль хэрэглээний алдааг   зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэх боломжтой байна.  

Нэхэмжлэгч Б.Р  өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Рд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1., 153 дугаар зүйлийн 153.1.дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол үйлдсэн, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1.дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас 158 дугаар яллах дүгнэлт үйлдэж, Б.Рг П.Төр-Оршихтой бүлэглэн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийг зүйлчлэхээр тогтоож, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолоор Б.Рг  бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил хорих оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль,энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг баримтлан түүнд холбогдох эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “ гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий  байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцан арилгах үүрэгтэй болдог.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

 

            Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусд тооцогддог болно.

 

Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус  ажиллагаа”-нд хамааруулдаг.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт юм. Нөгөө талаар, уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл  ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно. Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлын хэмжээг нотлох үүргийг хүлээх ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх 2002 оны хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д “ хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан  шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Ргийн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдгоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог байна. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр, эсхүл төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтой юм.

Нэхэмжлэгч нь өөрт эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан гэж тус тус тодорхойлжээ. Тухайлбал,

-хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол  3 000 000 төгрөг,

-сэтгэл санааны хохиролд  9 000 000 төгрөг, 

-олох ёстой байсан орлогоо алдсаны хохиролд 8 000 000 төгрөг, 

-багаж хэрэгсэл техникээ зарж амьдралын эх сурвалжаа алдсаны хохиролд 7 000 000 төгрөг,

-унаа болон эргэлтийн зардалд 1 000 000 төгрөг, 

-өмгөөлөгчид төлсөн хөлс 7 500 000 төгрөг, нийт 35 500 000 төгрөг  гэж  нэхэмжлэлдээ  заасан байна.

 

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д заасан байна. Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах учиртай. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх  нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэм хорын  хохиролд 9 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хангах  боломжгүй.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй болно. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боловч мөн зүйлийн 4.3.-т зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Р нь өмгөөлөгч Б.Энхтуяатай 2017 оны 9 дүгээр сарын 15, өмгөөлөгч С.Цэдэндамбатай 2017 оны 11 дүгээр сарын 14, өмгөөлөгч Г.Энхтүвшинтэй 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өмгөөлөгч Б.Энхтуяад 2 000 000 төгрөг, өмгөөлөгч С.Цэдэндамбад 500 000 төгрөг, өмгөөлөгч Г.Энхтүвшинд 5 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон  өмгөөллийн хөлсөнд нийт 7 500 000 төгрөгийг төлсөн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөлс төлсөн баримтууд зэрэг хэрэгт авагдсаныг үндэслэн  өмгөөллийн хөлс 7 500 000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Р нь олох ёстой орлогоо алдсан гэж 8 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул тэрээр эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэхдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн биеийн байцаалтанд хувиараа тариа ногоо тариалдаг гэж мэдүүлснийг харгалзан хууль бусаар 78 хоног цагдан хоригдсоноос хувиараа үйл ажиллагаа явуулж, ногоо тарьж олох ёстой байсан орлогоо алдсан хохиролд  сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр 2 сар хагасын хугацаагаар тооцож 600 000 төгрөгийг гаргуулах  боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч нь тариа ногоо тариалах багаж, техник хэрэгслээ бусдад 7 000 000 төгрөгөөр худалдаж гэрээний дагуу төлбөрөө хүлээж авсан болох нь баримтаар нотлогдож байх тул амьдралын эх сурвалжаа алдсаны хохиролд 7 000 000 төгрөг нэхэмжилснийг гэм хор гэж  үзэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол 3 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэл болон шаардлагын агуулгаа тодорхойлоогүй,  мөн түүний ар гэрийнхэн 22 удаа Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу ирж , очсон унаа болон эргэлтийн зардалд 1 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд буюу нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдож байгаа хэмжээгээр гэм хорын хохиролд 8 100 000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэлээс 27 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 151/ШШ2019/00219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийн баримтлан Б.Ргийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохриолд 35 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 8 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Рд олгож, нэхэмжлэлээс  27 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5т зааснаар нэхэмжлэгч Б.Р давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР