Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2019/00219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч А.Энхтөр, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, нэгдүгээр баг, Буурал, билүүт 16 дугаар гудамж, 05 тоотод оршин суух Урианхай овогт Батсүхийн Рагчаа /НМ95101518/-ийн нэхэмжлэлтэй

Хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд 35,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба, прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Рагчаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Батсүхийн Рагчаа миний бие 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хорооны дэвсгэрт Туул голын эрэг орчим найзынхаа хамтаар салхинд гарч амарч байх үед Төр-Орших нь архи уусан согтуу үедээ С.Пүрэв-Очирын биед хүнд хохирол санаатай учруулсан юм. Гэтэл Төр-Оршихын хохирогч С.Пүрэв-Очир нь бусдад зодуулсан хор хохирлоо надтай хуваалцан төлүүлөх зорилгын үүднээс нүүрэндээ шивээстэй хүн намайг Төр-Оршихтой хамт зодсон гэж мэдүүлэг өгч намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татуулж 2017 оны 10 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг хамтран оролцсон гэж таван жилийн хорих ял шийтгүүлсэн юм.

Анхан шатны шүүх хурлаар шийтгүүлэх шүүх хуралд Төв аймгийн өмгөөлөгч Б.Энхтуяагаар өмгөөлүүлэхээр гэрээ байгуулан 2,000,000 төгрөг төлсөн боловч тусыг эс олж хоригдсон учир давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Г.Энхтүвшинг 5,000,000 төгрөгөөр, мөн өмгөөлөгч С.Цэдэндамбыг 500,000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр гэрээ хийх мөнгийг төлж оролцуулснаар 2018 оны нэгдүгээр сарын 11-нд намайг хохирогч С.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгсөн юм.

Б.Рагчаа намайг хохирогч С.Пүрэв-Очирыг зодож хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт огт оролцоогүй түүнд гар хүрээ ч үгүй харин би Төр-Оршихыг чи хүнийг ингэтлээ зодохдоо яадаг юм бэ? гэж зэмлэн буруушааж байсан юм. Гэтэл Б.Рагчаа намайг бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 22-нд яллагдачаар татан мөн өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авснаар Төв аймгийн Жаргалант суманд гэртэй намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон прокурор шүүх дээр өглөө бүр 09 цагт ирж бүртгүүлэх үүрэг өгөгдсөнөөр би гэр орондоо ч очих эрхгүй болж Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй явах, зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулж хохирлоо. Түүгээр ч барахгүй 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл 78 хоног хорих ялаар хилсээр шийтгүүлэн хоригдлоо.

Ийнхүү хийгээгүй хэрэгт хоригдож ял шийтгүүлсэндээ 3,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэх болно.

Б.Рагчаа намайг хилс хэрэгт шийтгүүлсэн тухай албан ёсоор хэн ч зарлаагүй учраас манай нутгийн таньж мэдэх хүмүүс, зарим холын садан төрлийн хүмүүс гэмт хэрэгт холбогдоод тэнсэгдээд гарсан гэдэг ойлголтоор одоог хүрч байна. Түүгээр ч барахгүй гэмт хэрэгт холбогдон хоригдож байсан гэдэг үндэслэл шалтгаанаар намайг ямар нэгэн ажил албанд авч ажиллуулах хувь хүн, компани, албан байгууллага олдохгүй байна.

Би гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэхээсээ өмнө хавартаа хүнсний ногоо тарьж зунжингаа түүнийг услах, зэрлэг ургамлаас хамгаалах, тарьсан хүнсний ногоогоо хураан авах, худалдах зэрэг ажил бүрэн хэмжээгээр зогссоноос болж миний ахуй амьдрал эрс дордон доошилсон юм. Зөвхөн үүнээс болж 8,000,000 төгрөгийн орлого олдог байсан орлогоо алдаж хохирсон.

Энэ хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан цагаас эхлэн мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсанаас болж хүнсний ногоо тариалах, хураах, борлуулах, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан техник хэрэгслээ хямдханаар худалдан борлуулж амьдралынхаа үндсэн эх сурвалж, багаж зэвсгээсээ салсан учраас энэ хохирлоо нөхөн олж чадахгүй, ажилгүй өдий хүрч бүтэн нэг жил гурван сар хохирсоор явж байна. Хүнсний ногооны техник хэрэгсэлээ 7,000,000 төгрөгөөр зарж хохирсон.

Мөн нөгөө талаар төрүүлсэн ээж, аав дүү нартаа тусалдаг байсан үйл ажиллагаа бүрэн зогсож харин тэдний санаа сэтгэл давхар давхар хохирч хүнд байдалд орсны гадна гадуур мөрдөгдсөн хоёр сарын хугацаанд Бямба, Ням гаригуудад Улаанбаатараас Жаргалант явах унаа, хоол ундны зардал, байнга гарч байсан бөгөөд хотод ах дүү садан байхгүй учраас хоноглох газар олдохгүй байсны гадна аав, ээжээсээ хотод хямдхан буудал, гуанзны мөнгө авч ам бүлээ хүнд байдалд оруулан эд материалын хохиролд оруулсаар байлаа.

Намайг хилс хэрэгт хоригдсон хоёр сар 17 хоногийн хугацаанд аав, ээж маань долоо хоногийн хоёр өдрийн эргэлтийн үеэр 22 удаа ирж уулзахад унаа хоолны мөнгөнд 1,000,000 гаруй төгрөг зарцуулсан.

Мөн хилс хэрэгт яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон дөрвөн сар 18 хоногийн хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулахад төлсөн 7,500,000 төгрөгийг төлж хохирсон юм.

Иймд миний хилс хэрэгт яллагдагчаар татагдсан, хоригдсон хугацааны эд материалын болон сэтгэл санааны хохирлоо доор дурдсан үндэслэлээр нэхэмжилж байна. Үүнд:

  1. Хилс хэрэгт хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол 3,000,000 төгрөг
  2. Сэтгэл санааны хохирол 9,000,000 төгрөг
  3. Хилс хэрэгт яллагдагчаар татагдан улмаар хоригдсон хугацаандаа ногоо тариалж түүнээсээ олох ёстой байсан орлогоо алдсаны хохирол 8,000,000 төгрөг
  4. Амьдрахын аргагүй эрхэнд хүнсний ногоогоо тариалах, хураах багаж хэрэгсэл техникээ зарж борлуулан амьдралаа залгуулж ажил амьдралын гол эх сурвалжаа алдсанаас болж 7,000,000 төгрөгийн хохирол учирсан.
  5. Намайг хоригдож байсан хоёр сар 18 хоногийн хугацаанд аав Батсүх, ээж Ц.Туяацэцэг хоёр 22 удаа Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод ирж очих унааны болон эргэлтийн зардал 1,000,000 төгрөг
  6. Хилсээр яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулан мөнгийг нь төлсөн 7,500,000 төгрөг

Бүгд нийтдээ 35,500,000 төгрөгийг гарган өгөхийг хүсч байна” гэжээ.

Прокурор Д.Нэргүй нь төрийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Б.Рагчаагийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Тус аймаг дахь иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201725011741 дугаартай хэрэгтэй танилцахад Б.Рагчааг дээрх хэрэгт холбогдуулан шалгахдаа, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шалгаад, хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 637 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Рагчааг “бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хорьсон байна.

Харин Б.Рагчаад холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 78 хоногийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр оролцогч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож , шийдвэрлэсэн байгаагаас дүгнэхэд Б. Рагчаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд заасан хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан” гэх үндэслэлээр Б.Рагчаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийн хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Б.Рагчаагийн 35 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Рагчаа нь хилс хэрэгт хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,000,000 төгрөг, хилс хэрэгт яллагдагчаар татагдан улмаар хоригдсон хугацаандаа ногоо тариалж түүнээсээ олох ёстой байсан орлогоо алдсаны хохирол 8,000,000 төгрөг, амьдрахын аргагүй эрхэнд хүнсний ногоогоо тариалах, хураах багаж хэрэгсэл техникээ зарж борлуулан амьдралаа залгуулж ажил амьдралын гол эх сурвалжаа алдсанаас болж 7,000,000 төгрөгийн хохирол, хоригдож байсан хоёр сар 18 хоногийн хугацаанд аав Батсүх, ээж Ц.Туяацэцэг хоёр 22 удаа Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод ирж очих унааны болон эргэлтийн зардал 1,000,000 төгрөг, хилсээр яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулан мөнгийг нь төлсөн 7,500,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар

зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлдээ гэм хорын хохирлыг төрөөс нэхэмжилж байгаагаа дурдсан байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн нэрийн өмнөөс прокурорыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Рагчаа нь хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд 35,500,000 төгрөгийг төрөөс гаргуулна гэж, төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах ... болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заажээ. Б.Рагчаа нь гэм хорын хохиролд нийт 35,500,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зохигч, хэргийн бусад оролцогч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх эрхтэй. 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар, Батсүхийн Рагчааг 2017 оны 5 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчим болсон С.Пүрэв-Очирын биед хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 201725011741 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж /75-76/;

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 637 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Рагчааг “бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хорих ял оногдуулж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хх-61-66/;

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогч нарын давж заалдах гомдлоор тус эрүүгийн хэргийг хянаад, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Б.Рагчаад холбогдуулан ... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагдан хорих байрнаас суллаж” өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  34 дүгээр магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа: “шүүгдэгч Б.Рагчааг гэм буруутай үйлдэл хийсэн талаар хохирогч С.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд байдаг боловч энэ хэрэгт гэрчээр байцаагдсан бүх гэрчүүд шүүгчдэгч Б.Рагчаа нь хохирогч С.Пүрэв-Очирыг зодож, цохисон талаар харсан, мэдсэн тухай мэдүүлэг огт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн өгсөн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг болон бичгийн өөр нотлох баримтаар давхар батлагдан нотлогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэсэн гэж тайлбарлажээ. /хх-103/

Б.Рагчаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна. /xх-61-66, 87-105/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан”, мөн зүйлийн 2.2-д “хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон” гэж заасан хоёр үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рагчаад холбогдох хэсгийг түүнд ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан” гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан ... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэх үндэслэл буюу түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйлдэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн “хууль бус” үйл ажиллагаа байгаа, эсхүл тэдгээрийн шийдвэр нь хууль зөрчсөн гэх байдал нь бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Рагчаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг төрөөс шаардах эрхгүй, хохирлыг төр хариуцан арилгах үүрэг үүсээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар Б.Рагчаагийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг баримтлан Б.Рагчаагийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар Б.Рагчаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН

                                         ШҮҮГЧИД                             А.ЭНХТӨР

                                                                                           Д.АЛТАНТУУЛ