Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00179

 

Б.Р-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2019/00219 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00013 дугаар магадлалтай,

Б.Р-гийн хүсэлттэй

Хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд 35.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч Б.Р-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хорооны дэвсгэрт Туул голын эрэг орчим найзынхаа хамтаар салхинд гарч амарч байх үед Төр-Орших нь архи уусан согтуу үедээ С.Пүрэв-Очирын биед хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Гэтэл Төр-Оршихын хохирогч С.Пүрэв-Очир нь бусдад зодуулсан хор хохирлоо надтай хуваалцан төлүүлэх зорилгын үүднээс нүүрэндээ шивээстэй хүн намайг Төр-Оршихтой хамт зодсон гэж мэдүүлэг өгч намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татуулж 2017 оны 10 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж таван жилийн хорих ял шийтгүүлсэн юм. Анхан шатны шүүх хурлаар шийтгүүлэх шүүх хуралд Төв аймгийн өмгөөлөгч Б.Энхтуяагаар өмгөөлүүлэхээр гэрээ байгуулан 2.000.000 төгрөг төлсөн боловч тусыг эс олж хоригдсон учир давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Г.Энхтүвшинг 5.000.000 төгрөгөөр, мөн өмгөөлөгч С.Цэдэндамбыг 500.000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр гэрээ хийж мөнгийг төлж оролцуулснаар 2018 оны 01 дүгээр сарын 11-нд намайг хохирогч С.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгсөн юм. Б.Р- намайг бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 22-нд яллагдагчаар татан мөн өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авснаар Төв аймгийн Жаргалант суманд гэртэй намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон прокурор шүүх дээр өглөө бүр 09 цагт ирж бүртгүүлэх үүрэг өгөгдсөнөөр би гэр орондоо ч очих эрхгүй болж Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй явах, зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулж хохирлоо. Түүгээр ч барахгүй 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл 78 хоног хорих ялаар хилсээр шийтгүүлэн хоригдсон. Б.Р- намайг хилс хэрэгт шийтгүүлсэн тухай албан ёсоор хэн ч зарлаагүй учраас манай нутгийн таньж мэдэх хүмүүс, зарим холын садан төрлийн хүмүүс гэмт хэрэгт холбогдоод тэнсэгдээд гарсан гэдэг ойлголтоор одоог хүрч байна. Түүгээр ч барахгүй гэмт хэрэгт холбогдон хоригдож байсан гэдэг үндэслэл шалтгаанаар намайг ямар нэгэн ажил албанд авч ажиллуулах хувь хүн, компани, албан байгууллага олдохгүй байна. Би гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэхээсээ өмнө хавартаа хүнсний ногоо тарьж зунжингаа түүнийг услах, зэрлэг ургамлаас хамгаалах, тарьсан хүнсний ногоогоо хураан авах, худалдах зэрэг ажил бүрэн хэмжээгээр зогссоноос болж миний ахуй амьдрал эрс дордон доошилсон юм. Зөвхөн үүнээс болж 8.000.000 төгрөгийн орлого олдог байсан орлогоо алдаж хохирсон. Энэ хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан цагаас эхлэн мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсанаас болж хүнсний ногоо тариалах, хураах, борлуулах, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан техник хэрэгслээ хямдханаар худалдан борлуулж амьдралынхаа үндсэн эх сурвалж, багаж зэвсгээсээ салсан учраас энэ хохирлоо нөхөн олж чадахгүй, ажилгүй өдий хүрч бүтэн нэг жил гурван сар хохирсоор явж байна. Хүнсний ногооны техник хэрэгслээ 7.000.000 төгрөгөөр зарж хохирсон. Мөн нөгөө талаар төрүүлсэн ээж, аав дүү нартаа тусалдаг байсан үйл ажиллагаа бүрэн зогсож харин тэдний санаа сэтгэл давхар давхар хохирч хүнд байдалд орсны гадна гадуур мөрдөгдсөн хоёр сарын хугацаанд бямба, ням гаригуудад Улаанбаатараас Жаргалант явах унаа, хоол ундны зардал, байнга гарч байсан бөгөөд хотод ах дүү садан байхгүй учраас хоноглох газар олдохгүй байсны гадна аав, ээжээсээ хотод хямдхан буудал, гуанзны мөнгө авч ам бүлээ хүнд байдалд оруулан эд материалын хохиролд оруулсаар байлаа. Намайг хилс хэрэгт хоригдсон хоёр сар 17 хоногийн хугацаанд аав, ээж маань долоо хоногийн хоёр өдрийн эргэлтийн үеэр 22 удаа ирж уулзахад унаа хоолны мөнгөнд 1,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Мөн хилс хэрэгт яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон дөрвөн сар 18 хоногийн хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулахад төлсөн 7.500.000 төгрөгийг төлж хохирсон юм. Иймд миний хилс хэрэгт яллагдагчаар татагдсан, хоригдсон хугацааны эд материалын болон сэтгэл санааны хохирлоо доор дурдсан үндэслэлээр нэхэмжилж байна. Үүнд хилс хэрэгт хууль бусаар 78 хоног хоригдсоны хохирол 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9.000.000 төгрөг, хилс хэрэгт яллагдагчаар татагдан улмаар хоригдсон хугацаандаа ногоо тариалж түүнээсээ олох ёстой байсан орлогоо алдсаны хохирол 8.000.000 төгрөг, амьдрахын аргагүй эрхэнд хүнсний ногоогоо тариалах, хураах багаж хэрэгсэл техникээ зарж борлуулан амьдралаа залгуулж ажил амьдралын гол эх сурвалжаа алдсанаас болж 7.000.000 төгрөг, хоригдож байсан хоёр сар 18 хоногийн хугацаанд аав Батсүх, ээж Ц.Туяацэцэг хоёр 22 удаа Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод ирж очих унааны болон эргэлтийн зардал 1.000.000 төгрөг, хилсээр яллагдагчаар татагдаж улмаар хоригдсон хугацаанд гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулан 7.500.000 төгрөг төлсөн, нийт 35.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Нэргүйгийн төрийг төлөөлөн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Р-гийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201725011741 дугаартай хэрэгтэй танилцахад Б.Р-г дээрх хэрэгт холбогдуулан шалгахдаа, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шалгаад, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 637 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Р-г бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хорьсон байна. Харин Б.Р-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 78 хоногийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр оролцогч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож , шийдвэрлэсэн байгаагаас дүгнэхэд Б.Р-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд заасан хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан гэх үндэслэлээр Б.Р-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийн хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Б.Р-гийн 35 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 151/ШШ2019/00219 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг баримтлан Б.Р-гийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар Б.Р- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00013 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 151/ШШ2019/00219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийн баримтлан Б.Р-гийн нэхэмжлэлтэй хууль бусаар ял шийтгүүлсний хохиролд 35.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 8.100.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Р-д олгож, нэхэмжлэлээс 27.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Р- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Б.Р- нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хариуцлагагүй хууль бус тогтоол, шийдвэрийн улмаас учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол болох нийт 35.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн билээ. Б.Р-г 2017.08.22-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын 201725011741 тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад гарын үсэг зуруулчихсан тогтоол хэрэгт байна. Мөн 2017.08.22-ны өдрөөс Б.Р-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад, шүүх, прокурор, мөрдөгчөөс дуудсан цагт хугацаандаа саадгүй хүрэлцэн ирж ЭБША-нд ямар саад урчуулахгүй байх үүрэг хүлээлгэн гарын үсэг зуруулсан мөрдөгчийн тогтоол мөн хэрэгт байна. Б.Р- нь Төв аймгийн Жаргалант суманд байнга оршин суудаг бөгөөд тус сум УБ хотоос 130 гаруй км байдаг өөрийн гэсэн унаагүй хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж чаддаггүй учраас Улаанбаатар хотод эрүүгийн хэргээ эцэслэн шийдвэрлүүлэхээс нааш гэр орондоо очиж чаддаггүй байдал байсаар байхад 2017.08.22-ноос 2017.10.25 хүртэл 64 хоногийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөд ноогдох 51:2.000 төгрөгийн хасч хэрэгсэхгүй болгосон нь иргэний хуулийн 498-р зүйлийн 498.4-д хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн иргэний хуулийн 505-р зүйлийн 505.2-д “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Б.Р- нь 2017.08.22-нд эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдан эрүүгийн хэрэгт шалгагдаж хоригдох хүртэл хугацаанд Төв аймгийн Жаргалантад тарьсан төмс хүнсний ногоогоо бүрэн хураан авч чадаагүй алдагдалд орсон төдийгүй хүнсний ногоо тарихад хэрэглэдэг амьдралынхаа гол эх сурвалж болж байсан газар хагалах зориулалттай техник, тарьж ургуулсан төмсөө ил гаргаж хураан авч шуудайлахад бэлэн болгодог капатал гэдэг техникээ нийтэд нь 7 сая төгрөгөөр худалдаж мөнгийг нь Улаанбаатар хотод ах дүү хамаатан садангүй очих айлгүйн улмаас хоол унд унаа унтаж амрах хоноглох ойр зуурын хэрэглээнд зарцуулсан учир хууль бусаар яллагдагчаар татагдсанаас болж амьжиргааны эх үүсвэрээсээ салж хохирсон нь тодорхой болсон нь хэрэгт тодорхой байхад түүнийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3-р зүйлийн 1.1-д заасныг зөрчиж шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуулинд тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 9.000.000 төгрөг нэхэмжилсан шаардлагыг хангах боломжгүй гэж хууль зөрчсөн буруу дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 511-р зүйлийн эдийн бус гэм хорын хохирлыг арилгах тухай тодорхой заагаад өгчихсөн байхад энэ заалтыг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн доорхи заалтыг зөрчлөө. Тухайлбал Б.Р-г бусдын биед санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай 637 тоот шийтгэх тогтоол интернетэд тавигдан цацагдсан юм. Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.1, 511.2-т сэтгэл санааны хохирыг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд шүүх мөнгөөр тооцож тогтоохыг тодорхой заачихсан байхад Иргэний хуулийн энэ заалтыг зөрчлөө. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.1-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй гэжээ. Аливаа томоохон салбар эрх зүй нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр ангиас бүрдэн буй болдог. Ийнхүү салбар эрх зүйн доторхи ерөнхий ангид заасан заалт тусгай ангид заасан заалт хоёр нь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд ерөнхий ангид заасан заалтыг үндэслэн тухайн асуудлыг шийдвэрлэдэг журам нөхцөл төрийн эрх зүйн онол болон практикт тогтсон олон улсын нийтлэг жишиг байдаг. Үүний баримталж асуудлыг шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 4-р зүйлийн 4.1-д иргэний хуульд тусгайлсан харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Мөн 4.2-т төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна. Иймээс иргэний хуулийн 511-р зүйлийн 511.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээн дотор багтаан шүүх мөнгөөр тооцож эдийн бус хохирлыг Б.Р-д олгох ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар иргэний хуульд тусгайлан тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боловч мөн зүйлийн 4.3-д зааснаар бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж буруугаар тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт болжээ. Б.Р- нь тухайн гэмт хэрэгт шалгагдан мөрдөгдөж байсан хугацаандаа мөнгө төгрөггүй олсон орлогогүй болсон учраас арга буюу Д.Энхтөр гэдэг хүнд газар хагалагч, тарьсан төмсийг нь газар доороос ухаж ил гаргадаг капатал гэдэг техникийг нийтэд нь 7 сая төгрөгнөөр худалдсанаас болж 2019 онд олох ёстой байсан 8 сая төгрөгний орлогоо алдсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3-р зүйлийн 1.1.-д заасны дагуу гаргуулан нийт 32.612.000 төгрөг олгуулж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Р- шүүхэд хандаж, Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар яллагдагчаар татаж, ял шийтгүүлсний улмаас учирсан гэм хорд 35.500.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа, 78 хоног хоригдсны хохирол 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9.000.000 төгрөг, олох байсан орлого 8.000.000 төгрөг, амьдрахын эрхэнд ногоо тариалах, хураах техник хэрэгслээ худалдсны хохирол 7.000.000 төгрөг, хоригдож байх хугацаанд ар гэрээс эргэлт оруулахад гарсан зардал 1.000.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7.500.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Б.Р-д холбогдох хэргийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй гэсэн дүгнэлт хийж, Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаварыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заажээ.

Б.Р-г, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсээс 2017.08.22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар түүнийг уг хэрэгт гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял оногдуулсныг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.11-ний өдрийн  34 тоот магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон тул тэрээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээдэд хамаарна. Иймээс Б.Р- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирол гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д ямар хохирлыг эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэж нөхөн төлөхийг заажээ.

...Хууль бус ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарах бөгөөд нэхэмжлэгч Б.Р- хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрээний үндсэн дээр өмгөөлөгч авч, 7.500.000 төгрөгийн хөлс төлсөн нь тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангасан нь хуулийн үндэслэлтэй байна.

Амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн орлого эд хөрөнгөд учирсан хохирол мөн учир давж заалдах шатны шүүх орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй хэдий ч хугацааг Б.Р-гийн  эрүүгийн хэрэгт шалгагдан яллагдагчаар татагдснаар бус зөвхөн цагдан хоригдсон 78 хоногоор тодорхойлсныг өөрчилж, 2017.08.22-2017.10.25-ны өдөр хүртэл 2 сар, 3 хоногийн орлогод 504.000 төгрөгийг нэмж, нийт 1.104.000 төгрөг гаргуулах нь хууль зөрчихгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хэмжээнд гэж үзнэ. Энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Б.Р- сэтгэл санааны хохиролд 9.000.000 төгрөг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан байна. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах боломжгүй.

Процессын эрх зүйг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэйг журамласан явдал нь тухайн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй тул сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорд 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Хохирол гаргуулах бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Дурдсан үндэслэлээр Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 7.500.000 төгрөг, олох байсан орлого 1.104.000 төгрөг, нийт 8.604.000 төгрөг гаргуулж Б.Р-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00013 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “8.100.000” гэснийг “8.604.000” гэж, “27.400.000” гэснийг “26.896.000” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ