Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2019/00018

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00483 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Авто замын засвар арчлалт ТӨХК,

Хариуцагч******* ХХК нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хариуцагч Төв аймгийн Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч “Төв аймгийн Авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцанм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Манай компани нь Төв аймгийн Лүн сумын төвд “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд “Төв АЗЗА” ТӨХК, “Анусервис” ХХК нь туслан гүйцэтгэх гэрээтэй хамтран ажилласан, энэ хугацаандаа ажлаа хийж дуусгаж чадахгүй байсан тул манай “*******” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Төв АЗЗА” ТӨХК-тай асфальтбетон хучилттай замын ажил гүйцэтгэх 40 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “Төв АЗЗА” ТӨХК нь төслийн санхүүжилтийг “Анусервис” ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр “Анусервис” ХХК хариуцна гэх тайлбар өгдөг. “Анусервис” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгөөс Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг 25 000 000 төгрөгт тооцож, мөн 5 000 000 төгрөг бэлнээр нийт 30 000 000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Төв авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Тодруулбал хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нь ямар үндэслэлээр энэ хоёр компаниас нэхээд байгаа, чухам аль компаниас нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь ойлгомжгүй шүүхийг ялгаж зааглаад учрыг нь олоод гаргуулж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байна. Мөн манай компани нь Төв аймгийн Зуунмод суманд байрладаг тул нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ өргөдөлд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай “Төв АЗЗА” ТӨХК-тай асфальт бетон хучилтын замын ажлыг гүйцэтгэхээр 40 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. “Төв АЗЗА” ТӨХК нь төслийн санхүүжилтийг "Анусервис” ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр "Анусервис” ХХК хариуцна гэдэг тайлбар өгдөг гээд "Анусервис  ХХК -иас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгөөс Ниссан Навара маркийн авто машин 25 000 000 төгрөгт тооцон авсан. Мөн 5 000 000 төгрөгийг бэлнээр нийт 30 000 000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй гэж өөрсдөө гэрээ байгуулаагүй “Анусервис” ХХК-тай үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж энэ компаниас үлдэгдэл 50 000 000 төгрөгийн зарим хэсгийг авсан гэж бичсэн нь “Төв АЗЗА” ТӨХК-ийн хэлээд байгаа төслийн санхүүжилтийг "Анусервис” ХХК хариуцна гэснийг баталж байна. Мөн хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн шүүхэд захиалагч “ТЗМ” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатараас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 26 тоот гэрээгээр тохиролцсон ажлын санхүүжилт болох нийт 428 043 228 төгрөгийн үлдэгдэл 72 865 445 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч “ТЗМ” ХХК шүүхэд хариу тайлбар өгөхдөө “Төв аймгийн Лүн сумын төвийн шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэхээр “Анусервис” ХХК шалгарч, “ТМЗ” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. "Төв АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэсэн ажлын сүүлийн санхүүжилтээс 50 000 000 төгрөг санхүүжигдээгүй дутуу байгаа бөгөөд энэ санхүүжилтийг ерөнхий гүйцэтгэгч "Анусервис" ХХК-иас аваагүй байгаа. “Төв АЗЗА” ТӨХК-ий нэхэмжилж байгаа 50 000 000 төгрөгийг одоо авах боломжтой боловч одоо болтол ерөнхий гүйцэтгэгч компани санхүүжилт хийгээгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч "Анусервис" ХХК-д гадна зам талбайн ажилтай холбоотой санал, гомдол гарч байгаа тул санхүүжилтийг түр хойшлуулсан байгаа гэсэн тайлбар бидэнд өгдөг” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн хариуцагч “ТМЗ” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд дахин тайлбар өгөхдөө “2017 оны 02 дугаар сарын сүүлээр санхүүжилтийн зарим болох 8 000 000 төгрөг орсон,  үүнийг  нэхэмжлэгчид өгсөн. Мөн ерөнхий гүйцэтгэгч барилгын материал өгснийг 9 400 000 төгрөгийн материалыг нэхэмжлэгч байгууллагад өгөхөөр тохирсон. Одоо 3 500 000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид өгнө. Ингээд 22 900 000 төгрөгийн төлбөр барагдана. Үлдэгдэл санхүүжилт 50 000 000 төгрөгийг "Анусервис" ХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч "*******” ХХК-д өгөхөөр харилцан тохирсон, одоо өр төлбөргүй болно” гэж бичиж өгсөн. Манай компани нь Төв аймгийн анхан шатны шүүхэд хариуцагч “ТЗМ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх явцад 8 000 000 төгрөг, “Анусервис” ХХК нь 50 000 000 төгрөг, мөн “ТЗМ” ХХК нь 9 495 280 төгрөгийг тус тус "******* ХХК-д туслан гүйцэтгэхээр ажилласанд шилжүүлэхээр албан тоотуудыг хүргүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбар өгсөн. Ингээд Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хариуцагч хэлж тохирохдоо үлдэгдэл санхүүжилтийг "Анусервис" ХХК нь туслан гүйцэтгэгч "*******" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 412 тоот шүүгчийн захирамж гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн хариуцагч нь “Төв АЗЗА” ТӨХК биш харин "Анусервис” ХХК уг мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэж “Төв АЗЗА” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Анусервис” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2014-2015 онд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээ байгуулан ажилласан. Дээрх ажлын хүрээнд манай компани “Төв АЗЗА” ТӨХК болон “*******” ХХК-тай ажлын гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй болно. “*******” ХХК-тай төлбөр төлөх протоколыг манай компанийн менежер байгуулсан бөгөөд автозамын ажлын төлбөрийг “ТЗМ” ХХК-тай хийсэн, одоо тооцоогүй болно. Төлбөр төлөх үндэслэлгүй тул маргааныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Төв авто замын засвар арчлалт” ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Анусервис” ХХК-иас татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч “Анусервис” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “Төв авто замын засвар арчлалт” ТӨХК-иас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч “Төв аймгийн Авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Лүн сумын төвийн шинэчлэлтийн ажлын тендерт ялсан Ерөнхий гүйцэтгэгч******* ХХК нь улсын төсвөөс дээрх ажлын санхүүжилтийг авч туслан гүйцэтгэгч компаниуд буюу ТЗМ ХХК-д өгч, ТЗМ-ээс шилжүүлсэн мөнгийг манай компани авч туслан гүйцэтгэгч “******* ХХК-д шилжүүлэх ёстой.

Манай компани гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн дутууг ТЗМ ХХК-иас нэхэхээр ерөнхий гүйцэтгэгч******* компани санхүүжилт өгөөгүй гэдэг тайлбар өгдөг байсан.

Үндэслэл нэг. нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: хоёр хариуцагч буюу******* ХХК, Төв АЗЗА ТӨХК-уудыг татахаар мөн хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК-нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн өргөдөлд:******* ХХК-с 2017  оны 07 сарын 09-ний өдрийн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгөөс Ниссан Навара маркийн 07-40 УНА машиныг 25,000,000 төгрөгт тооцож авсан. Бэлнээр 5,000,000 төгрөг авсан. Нийт 30,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан гэж бичсэн байдаг.

Нэхэмжлэгч иргэний хэрэг үүссэн хойно*******ыг хариуцагчаар татахаас татгалзсан хүсэлт гаргасан боловч зөвхөн Төв АЗЗА ТӨХК-ийг хариуцагчаар татаж энэ компаниас 20,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор өөрчлөн бичгийн хэлбэр оруулж өгөөгүй тодруулбал өөрчлөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн амаар өгсөн нэхэмжлэгчийн мэдүүлгийг үндэслэн ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1 ,62-р зүйлийн заалтыг зөрчсөн.

Үндэслэл хоёр. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд :Нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс Хавтас хэргийн 11,12,13,14-р хуудсанд байгаа нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хавтас хэргийн 13, 14-р хуудсанд байгаа тооцооны үлдэгдэлийн баталгаа нь 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх тооцоог баталгаажуулсан.

Үүнээс хойш шаардах эрхийн 3-н жилийг тооцоолон үзвэл 2018 оны 09 сарын 14-ний өдөр гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан байна.

Дээрх тооцооны баталгаануудаас харахад нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхээр шаардах эрх нь 2018 оны 09 сарын 14-ний өдөр дууссан байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн өргөдлөө 2019 оны 01 сарын 25-ны өдөр өгсөн байна. Энэ нь ИХ-ийн. 75.2.1-ийг зөрчсөн гэж,

Хавтас хэргийн 11,12-р хуудсанд байгаа Төв АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын 2017 оны 04 сарын 18-ны өдөр******* ХХК-д дээрх ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 50,000,000 төгрөгийг хамтран ажилласан ******* ХХК-д тус тус шилжүүлж авлага,өглөгийг барагдуулж өгөхийг хүссэн албан бичгүүд нь *******д өгөх санхүүжилтийн мөнгийг аваагүй, дээрх компаниудаас мөнгө шилжин ирсэний дараа ******* ХХК-д өгнө, энэ мөнгийг дээрх газрууд өгөх ёстойг нотолсон баримт юм.Түүнээс ******* ХХК өгөх өглөгөө баталгаажуулсан албан бичиг гэж ойлгож Иргэний хуулийн 79.1-д заасан үүрэг хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн баримт гэж мушгин гуйвуулах ёсгүй. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардах эрх зөвхөн нэхэмжлэгчид бий.

Харин ч Төв АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар дээрх албан бичгүүдийг төслийг санхүүжүүлэгч байгууллагуудад явуулснаар******* ХХК болон ТМЗ ХХК-уудаас нэхэмжлэгч ******* ХХК-д 9,495,280 төгрөг 2017 оны 07 сарын 09-ний өдөр******* ХХК-ийн захирал Б.Инжинаш нь ******* ХХК- ийн ерөнхий инженер Ганбаатарын Архадад 5,000,000 төгрөгийг бэлнээр,******* ХХК-ийн жолооч Ш.Батхишигийн нэр дээр бүртгэлтэй Ниссан Навара маркийн 07-40 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машиныг ажлын гүйцэтгэл 50,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгнд тооцож хүлээлгэн өгсөн байдаг. Aну сервис одоо болохоор ******* ХХК-тай ямар нэгэн ажил хийлгэх гэрээгүй гэх боловч ******* ХХК-ийн ерөнхий инженер Г.Архадад удаа дараа ажлын гүйцэтгэлийн мөнгө, машиныг хүлээлгэн өгөөд байгаа нь Төв АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын манай компани ******* ХХК-тай хийсэн 40 тоот гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтыг өгөхгүй, уг мөнгийг Ерөнхий гүйцэтгэгч******* ХХК өгнө гэж тайлбарлаад байгаа нь дээрх******* ХХК, ******* ХХК-ийн тооцоо нийлсэн протоколоор батлагдаж байдаг.

Мөн Хавтас хэргийн 16,17,18-р хуудсанд байгаа ажилчдын хөдөлмөр зарцуулалт, цалингийн тооцоо, механизм, материал, тээврийн зардлын төсвийн задаргаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байхад шүүхээс түүнийг нотлох баримтаар үнэлэх ёсгүй байсан.

Үндэслэл гурав. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж түүнийг нотлохын тулд******* ХХК-ны туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгчээс орж ирсэн мөнгийг дахин хувиарладаг ТЗМ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатарыг шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр оролцуулсан.

Гэрч шүүх хуралд тухайн үед хэд хэдэн компани нийлж ТЗМ гэх нэг компани болоод төсөлд оролцож байсан.******* ХХК-нь ерөнхий гүйцэтгэгч, ТЗМ бол туслан гүйцэтгэгч компани байсан.

 Ерөнхий гүйцэтгэгч*******ээс орж ирсэн санхүүжилтийг аваад туслан гүйцэтгэгч компаниудад хувиарладаг.******* өгөх ёстой мөнгөнөөсөө 50,000,000 төгрөгийг барьцаа болгон аваад үлдсэн, 20,000,000 төгрөг өгсөн гэж хэлээгүй тэмдэглэлд буруу бичсэн байна.

 Гэхдээ******* нь Төв АЗЗА ТӨХК-ийн *******д өгөх 50,000,000 төгрөгийг өгнө гэж тохиролцож байсан удаа байдаг.*******  авах материалын мөнгө дутуу байгаа, ТЗМ ХХК нь*******тэй тооцоо хийхдээ ******* ХХК-д өгөх 50,000,000 төгрөгийг хасаж тооцоо хийсэн үү гэхэд хасаж тооцоо хийсэн.******* ХХК-иас гаргасан акт байдаг гэв.

Төв АЗЗА ТӨХК нь туслан гүйцэтгэгчийн туслан компани гэж хариулсан байдаг.

Шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзлаа нотолсон “үлдэгдэл санхүүжилтийг******* ХХК нь ******* ХХК-д өгөхөөр тохиролцсон”  гэх тайлбар нь гэрч ТЗМ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатарын /хх-34-47/ тайлбар, /хх-129-131/ гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үззж болох боловч тайлбар, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Гэрчийн мэдүүлэг, тайлбар нь тодорхой эх сурвалжид үндэслэх ёстой бөгөөд эх сурвалж болох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Учир нь :Шүүх хавтас хэргийн 10-р хуудсанд байгаа*******, Төв АЗЗА ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн Протоколд ямар ч ач холбогдол өгч гэрч Л.Эрдэнэбаатарын мэдүүлэгтэй уялдуулан бусад үгүйсгэсэн нотлох баримт гэж үнэлээгүй. Энэ протоколоор маргааны эх үүсвэр болсон анхны 50,000,000 төгрөгийг хэн төлөх, талаар яаж төлөх талаар нарийн зааж 30,000,000 төгрөгийг төлсөн идэвхтэй үйлдэл харагддаг.

Энэ протоколд. Төлбөр төлөгч "Анусервис ХХК

Төлбөр хүлээн авагч: Төв АЗЗА ТӨХК-ийн өмнөөс төлбөр авагч Борхойн Зам ХХК буюу гүйцэтгэгч Ганбаатарын Архад гээд: Төслийн ажлын тендерт Төв аймгийн ТЗМ ХХК-тай туслан гүйцэтгэгчээр хамтран оролцсон ТӨВ АЗЗА ТӨХК-ийн ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг Төв АЗЗА ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаа гарын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 116 тоот албан бичгийн дагуу ******* ХХК буюу Ганбаатарын Архадад 2017 оны 07 сарын 09-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцсоны дагуу автомашиныг 25,000,000 төгрөгнд тооцож, бэлнээр 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөв.

Тооцооны үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 07 сарын 17-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлнө гэж харилцан тохиролцож төлбөр төлөгч төлбөр хүлээн авагч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энз нь одоогийн нзхзмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлээд байгаа 20,000,000 төгрөгийн маргаан юм. Дээрх маргаан бүхий 20,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх 40 тоот гэрээнээс хойш буюу 2017 оны 07 сары 09-ний өдөр гүйцэтгэгч буюу ******* ХХК нь хэн төлөх талаар тохиролцож гарын үсэг зурсан хэлцэл хавтас хэрэгт хийсэн байхад эх сурвалж болох нотлох баримт хэрэгт авагдаагүй, бусад нотлох баримтаар нотлогдохгүй гэж шүүх энэ протоколд ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн үгэнд хэт их хөтлөгдөж хэргийг хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Дээрх хэлцэл иргэний хуулийн 39.1,42,2,43.1.2.43.3 заасан шаардлагыг хангасан байна. Гэтэл******* нь Дээрх ажлын хүрээнд манай компани Төв АЗЗА ТӨХК болон, "******* ХХК-тай ажлын гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй болно.

Харин ******* ХХК- тай төлбөр төлөх протоколыг манай компанийн менежер байгуулсан гэдгээ хүлээсэн байж энэхүү төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй гээд төлбөрийг Төв АЗЗА ТӨХК төлөх ёстой гэж маргадаггүй, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараас энэ мөнгө ******* ХХК-д очих ёсгүй мөнгө гэж ойлгогдохоор байна.

Үндэслэл дөрөв. Хавтас хэрэгт хариуцагч******* ХХК нь 3-н удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдаг. 2019 оны 02 сарын 15-ны өдөр 19/48 тоотоор компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Батнасан овогтой Баттулгыг, 2019 оны 03 сарын 13-ны өдөр 19/66 тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дорж овогтой Ганцэцэгийг, 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 19/71 тоотоор Буднямын Инжиннашийг томилсон байна. Гэтэл шүүхээс энэ талаар тодруулж асуугаагүй хамгийн анх 2019 оны 02 сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Баттулгыг шүүх хуралд оролцуулсан байна.

Энэ нь Иргэний хуулийн 64.2 -т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байна. Б.Баттулгад олгосон итгэмжлэлээс хойш******* ХХК нь дахин өөр хоёр он сартай итгэмжлэл үйлдсэн. Энэ итгэмжлэлээсээ татгалзсан дэмжсэн хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

Үндэслэл тав. Анхан шатны шүүх 2014 оны 10 сарын 27-ны өдрийн 40 тоот гэрээг байгуулсан учир иргэний хуулийн 343.1 зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн үндэслэлээр Төв АЗЗА ТӨХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Ажил гүйцэтгэгч явц дундаас гэрээгээр тохирсон захиалагч тал болох Төв АЗЗА ТӨХК тай бус, Төслийн ерөнхий гүйцэтгэгч санхүүжүүлэгч болох******* ХХК-тай төлбөр төлөх талаар харилцан тохиролцон 50,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгнд тооцож машин, бэлнээр 5,000,000 төгрөг авч, Үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 07 сарын 17-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон нь урьд байгуулсан 40 тоот гэрээний үүргийн гүйцэтгэгч өөрчлөгдөж урьд үүрэг шилжиж дуусгавар болсон байхад шүүхээс үүнд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөхгүйгээр анхны гэрээг үндэслэн 20,000,000 төгрөгийг Төв АЗЗА ТӨХК иас гартуулахаар шийдвэрлэх ёсгүй байсан. Харин шүүх Иргэний хуулийн 343.1-ээр Төв АЗЗА ТӨХК иас гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс нотлох баримтыг дутуу авч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

******* Төв АЗЗА ТӨХК-ний хийсэн замын ажлын үр дүн гүйцэтгэл ямар байсан. Ажил хүлээлцэх актыг хэн үйлдсэн, ажил хүлээлцэх комиссын ямар шийдвэр гарсан зэрэг нотлох баримтуудыг харалгүйгээр зөвхөн захиалагчийн гэрээнд заасан ажлын үр дүн, юуг үндэслэн ажлын хөлсийг бүгдийг нь олгохоор заасан нь учир дутагдалтай.Тухайлбал гэрч Л.Эрдэнэбаатар ерөнхий гүйцэтгзгч******* ХХК нь ажлыг хүлээн авахдаа Борхой замд өгөх ёстой 50,000,000 төгрөгийг барьцаанд авч үлдсэн гэдэг.

Үндэслэл зургаа. Шүүх хуралд хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ: Төв АЗЗА ТӨХК-ний хувьд 50,000,000 төгрөг  яагаад барьсан бэ гэхээр хийгдсэн ажлын барьцаа болгож авч үлдсэн гэж ойлгож байгаа.******* ХХК-иар дамжин ТЗМ ХХК-руу санхүүжилт орж байсан нь үнэн, улсын төсөвтэй холбоотой учир жил дамжсан ажил хийж байсан. Ану төсөвт заасан санхүүжилтийг аваад орж ирсэн мөнгийг туслан гүйцэтгэгч компаниудад хувиарладаг. Мөнгө төгрөгийн маргаан байсан. Эдгээр хүмүүсийн хэлснээр ажлын гүйцэтгэлийг дутуу хийчихээд авах ёсгүй мөнгийг зөвхөн гэрээ нотлох баримт болгон өгч нэхэмжилсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Мөн 40 тоот гэрээний 2 2.1-д заасан ажлын нийт хөлсийг 145,000,000 төгрөгөөр гүйцэтгэнэ. Гэрээний 2.2-д Нийт ажлын хөлснөөс асфальтбетоны үнэнд 72,707,320 төгрөг / Далан хоёр сая долоон зуун долоон мянга гурван зуун хорин /-ийг Дэвжих-Эрдэнэ ХХК-д шилжүүлнэ.

Гэрээний 2.6-д Гүйцэтгэгчийн буруугаас болж эвдрэл гэмтэл гарвал гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварлана.

2.4-д Ажлын гүйцэтгэлийг актаар баталгаажуулан тооцоог бодуулна. Дээрх заалтуудтай холбоотой ямар ч нотлох баримт нэхэмжлэгчээс өгөөгүй байхад шүүх юуг үндэслэн ажлын гүйцэтгэлийн үр дүнг 100% хийсэн юм шиг үлдсэн мөнгийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Үндэслэл долоо. Хавтас хэрзгт авагдсан маргааны үйл баримт болсон "ажил гүйцэтгэх 40 тоот гэрээний дараа энэ ажлын үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон******* ХХК, ******* ХХК-уудын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэлээс харахад энэ хэргийн хариуцагч нь******* ХХК байх ёстой гэж үзэж байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү?” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд  тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК болон “Анусервис ” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон шүүхэд анх  нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК нь шаардлагыг эс зөвшөөрч, “Анусервис” ХХК болон “*******” ХХК-иуд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч “Анусервис” ХХК, төлбөр авагч “*******” ХХК үлдэгдэл 20 000 000 төгрөгийг “Анусервис”ХХК-иас авна гэж харилцан тохиролцож протокол үйлдсэн байдаг тул энэ протокол нь төлбөр төлөгч нь “Анусервис” ХХК гэдгийг нотолж байна. Гэрээний төлбөр 50 000 000 төгрөгнөөс “Анусервис” ХХК нь 25 000 000 төгрөгт машин тооцож өгч, 5 000 000 төгрөгийг бэлнээр тус тус  нэхэмжлэгч компанид өгсөн байдаг  гэж мэтгэлцжээ.

Хариуцагч “Анусервис”ХХК нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа “*******” ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй, протоколыг манай менежер байгуулсан бөгөөд автозамын ажлын төлбөрийг “ТЗМ” ХХК-тай хийсэн  тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж шаардлагыг татгалзжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Анусервис ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Төв аймгийн Лүн сумын төвийн асфальтбетон хучилттай замын ажил гүйцэтгэх 40 тоот ажил гүйцэтгэх гэрээг шийдвэрийн үндэслэл болгож, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад нотлох баримтад эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас хойш тухайн ажлын онцлог, уг гэрээтэй холбоотой бусад этгээдийн хоорондын гэрээний харилцаатай холбоотойгоор гэрээний талуудын эрх, үүрэг өөрчлөгдөх, үүрэг өөр этгээдэд шилжих зэрэг үйл баримт болсон эсэхийг тогтоох  нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна

Тухайлбал, “Анусервис” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн гэх  “Анусервис ” ХХК болон “ Төв Авто Замын Арчлалт” ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол”, “Төв АЗЗА” ТӨХК болон “ТЗМ” ХХК-ийн хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00412 дугаар захирамж, хариуцагчаас “Анусервис ” ХХК-д авлага, өглөг барагдуулах тухай явуулсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 116 дугаартай албан бичиг зэрэг баримтын талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь: 

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч “Төв АЗЗА”ТӨХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар  улсын орлогоос буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР