Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2019/00028

 

“Хангарьд” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Морьтхангай” ХХК, болон “Ганбат тулга” ХХК-д тус тус холбогдох,

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”-ний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 567 068 580 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт илүү төлсөн 166 591 408 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржаны гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батцэцэг, хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч “Ганбат тулга” ХХК-ийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Хангарьд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хангарьд” ХХК нь хариуцагч “Морьтхангай” ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдахаар 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан.

 

Тус гэрээгээр “Хангарьд” ХХК нь “А” тал буюу худалдагч, “Морьтхангай” ХХК нь “Б” тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400 000 ам доллар буюу 577 544 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч “Морьтхангай” ХХК нь гэрээний үнэ болох 400,000 ам доллар буюу 577 544 000 төгрөгийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу “Хангарьд” ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор “Морьтхангай” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн.

 

“Хангарьд” ХХК-ийн зүгээс гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “Морьтхангай” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг үүгээр дуусгавар болсон. Харин хариуцагч “Морьтхангай” ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл худалдан авсан 400,000 ам долларын төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх байдлаар шинэчлэн тогтоож “Нэмэлт гэрээ”-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн.

 

Хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн зүгээс 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 5.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400,000 ам доллараас дараах байдлаар төлж барагдуулсан. Тодруулбал:

1. 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам доллар.

2. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 85 000 ам доллар.

3. 2009 оны 05 дугааар сарын 01-ний өдөр 16 000 ам доллар.

4. 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20 000 ам доллар.

5. 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 000 ам доллар.

6. 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 000 ам доллар нийт 166 000 ам долларыг худалдагч “Хангарьд” ХХК-д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосон бөгөөд үлдэгдэл 234 000 ам долларыг 2009 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Морьт хангай” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуульд бүхэлдээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн.

 

Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Морьтхангай” ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсч, улмаар хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн зүгээс “Хангарьд” ХХК-аас худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. 

Гэсэн ч хариуцагч “Морьтхангай” ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш “Хангарьд” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж, улмаар 2016 онд “Ганбат тулга” ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Хангарьд” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болоод байна.

Иймд талуудын дунд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”-үүдийг үндэслэж хариуцагч “Морьтхангай” ХХК-аас гэрээний үүрэгт 567 068 580 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Хангарьд” ХХК нь “Ганбат тулга” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ:

...Хариуцагч “Морьтхангай” ХХК нь гэрээний зүйл болсон 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд хамтран хариуцагч “Ганбат тулга” ХХК-д шилжүүлсэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариу тайлбарт ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн төлбөр болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан үйл баримтыг... илтэд үгүйсгэж 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Ганбат тулга” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцох зайлшгүй шаадлагатай гэж үзэж байна. 

Иймд талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-үүдийг үндэслэж хариуцагч “Морьтхангай” ХХК болон хамтран хариуцагч “Ганбат тулга” ХХК-аас гэрээний үүрэгт 567 068 580 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Морьтхангай” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “Хангарьд” ХХК нь манай компанид холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ” гэсэн баримтыг үндэслэн үлдэгдэл 166 000 ам доллар буюу 567 068 580 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ дор дурдсан байдлаар тайлбарлаж байна.

1. Манай компани нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө-хэрлэн гол нэртэй газарт байрлах /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий “Хангарьд” ХХК-ийн эзэмшилд байсан 7969А дугаартай лицензийг 400 000 ам доллараар худалдан авахаар тохирч гэрээ байгуулмагц 15,000 ам доллар болон 3 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам долларын төлбөрийг тус тус төлсний үндсэн дээр 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тухайн лицензийг “Морьтхангай” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн болно. Улмаар “Морьтхангай” ХХК нь гэрээний үүрэг ёсоор тус компанид 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 221 000 ам долларын төлбөрийг төлсөн боловч 2010 оны 4 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь УИХ-аас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компанийн худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд “Хангарьд” ХХК, захирал Л.Сэргэлэн нар манайхаас 221 000 ам долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулан ашиглаж болохгүй хоосон лицензтэй үлдсэн.

 

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох манай компанийн худалдан авсан /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий 7969А лицензийг үндэслэн олборлолт явуулах боломжгүй болж цаашид талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

 

2015 онд УИХ-аас урт нэртэй хуульд зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг шинээр олж авсан болно. Шинээр гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202.7 гектар болгож өөрчилсөн. 

 

Эндээс үзэхэд “Хангарьд” ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн манай компаниас гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гэх мэтчилэн төлбөр шаардах эрхгүй болно.

 

2. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч “Хангарьд” ХХК нь 2010 оноос хойш /хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авсан байна/ ямар ч холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод удаа дараа шаардлага тавьж байсан гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 7969А дугаартай лицензийг худалдан авч 221,000 ам долларыг төлсөн нь манай компани, худалдан авсан лицензийг ашиглаж олборлолт явуулж чадахгүй 6-7 жил болж хохирсон нь мөн л манай компани бөгөөд харин ашиглаж болохгүй, хориглосон гэдгийг мэдсэн даруйдаа “Хангарьд” ХХК-ийн захирал Л.Сэргэлэнд мэдэгдэж асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцахыг хүссэн боловч тэрээр холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон юм. Энэ хугацаанд буюу 2010 оноос 2017 оныг хүртэл хугацаанд “Хангарьд” ХХК-ийн зүгээс манай компанид талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг ирүүлж байгаагүй болно.

Гэсэн атлаа 2017 оны хавраас эхлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн явсан.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй

холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

“Морьтхангай” ХХК болон “Хангарьд” ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолоход 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхаар байна.

Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд “Хангарьд” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Ганбат тулга” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Худалдагч тал болох “Хангарьд” ХХК болон худалдан авагч тал буюу “Морьтхангай” ХХК нарын хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг үндэслэн гэрээний үүрэгт 567 068 580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Манай “Ганбат тулга” ХХК-нь уг гэрээнд аль нэгэн тал болж оролцоогүй. Гэрээг “Хангарьд” ХХК-тай байгуулсан зүйл байхгүй. Улмаар бидний хооронд уг гэрээнээс үүдэлтэй ямар нэгэн үүрэг яригдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд манай компанийг хамтран хариуцагчаар тодорхойлж, үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт 567 068 380 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

“Морьтхангай” ХХК нь “Хангарьд” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

“Морьтхангай” ХХК нь  2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Хангарьд” ХХК-тай 01 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ” байгуулах замаар тус компанийн эзэмшилд байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Хүнгүйч-Зүр” хүзүүгийн хэсэгт орших нийт 265 гектар талбай бүхий 530 кг алтны /511 кг-ын цэвэр нөөц/ нөөц бүхий алтны шороон орд ашиглах ашигт малтмал ашиглах эрхийн 7969А дугаартай лицензийг 400 000 ам доллараар худалдан авахаар тохирсон болно.

 

Улмаар “Худалдах худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйл, “Нэмэлт гэрээ”-ний 2 дугаар зүйлд заасны дагуу 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 206 000 ам долларыг төлсөн ба энэ хугацаанд 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл манай компанийн нэр дээр шилжсэн.

 

Ийнхүү талуудын хувьд харилцан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байх явцад 2010 оны 4 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан.

 

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компанийн худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба энэ нь урт нэртэй хууль болон Засгийн газраас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй хориглосон бүсэд уг тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдаж байсантай холбоотой юм.

Энэ хугацаанд “Хангарьд” ХХК болон тус компанийн захирал Л.Сэргэлэн нар манайхаас 206 000 ам долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулах боломжгүй хоосон лицензтэй хоцорсон.

 

Гэхдээ 2015 онд Улсын Их Хурлаас “урт нэртэй хууль”-д зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг “шинээр” олж авсан болно. “Шинээр” гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202,7 гектар болгож өөрчилсөн, улмаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16-13-05 дугаартай дүгнэлтээр ашигт малтмалын нөөцийн хэмжээг багасгаж 189,2 кг болгон баталсан.

 

Манай компанийн хувьд бүх эрсдэлийг дангаараа үүрч холбогдох яам, газруудад удаа дараалан хүсэлт гаргаж байсан ч 2010 оны 4 дүгээр сараас 2016 он хүртэл хугацаанд “Хангарьд” ХХК болон захирал Л.Сэргэлэнтэй нэг ч удаа холбогдож чадаагүй болно.

 

Гэсэн хэдий боловч бид уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин гаргуулж авч чадсан бөгөөд тусгай зөвшөөрлийн талбай болон нөөцийн хэмжээ тус бүр дээр дурдсан шалтгаанаар бага хэмжээтэй болсон. Өөрөөр хэлбэл “Хангарьд” ХХК-тай байгуулсан гэрээний зүйл өөрчлөгдөж багассан болно.

 

Энэ тохиолдолд бид анхны тохиролцоо ёсоор тухайн лицензийг худалдан авсны төлбөр 400 000 ам доллар биш, харин 142 000 ам доллар төлөх ёстой болж, илүү /206 000-142 800=63 200/ 63 200 ам доллар төлсөн байдаг.

Иймд нэхэмжлэгч тал буюу худалдагч тал болох “Хангарьд” ХХК-аас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний дагуу худалдан авсан лицензийн төлбөрт илүү төлсөн 63 200 ам доллар буюу 166 591 408 төгрөг /1 ам доллар=2 632 94 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990 908 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 “Хангарьд” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Нэг: Хариуцагч “Морьтхангай” ХХК гаргаж буй дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шаардлагаа нотлон гаргаж буй үндэслэлүүд нь гэрээ болон бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй шаардлага болсон байна. Талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ" болон 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн "Нэмэлт гэрээ"-нд “...ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 265 гектар талбайтай 530 кг алтны нөөцтэй ...” тусгасан нэг ч заалт тодорхойлолт байхгүй. Өөрөөр хэлбэл талууд 2009 оны 02 дугаар сард харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ болон алтны нөөцөд үндэслэж байгуулаагүй болохыг дээр дурдсан гэрээний заалт нэг бүрээс тодорхой харж болно.

Нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-ийн зүгээс хариуцагч “Морьтхангай” ХХК-д 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээгээр “...Ашигт малтмал ашиглах 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн...” бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан ашигт малтмал ашиглах эрх юм. Гэтэл хариуцагч “Морьтхангай” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөөцийн тайлангаар тодорхойлогдсон 530 кг алтны нөөцийг шууд үнэлж гэрээний зүйл мэтээр тайлбарлаж илүү төлөлт хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Ашигт малтмал ашиглах болон хайх тусгай зөвшөөрөл гэдэг нь аливаа компани хуулийн этгээдийн хувьд ашиглах, хайх эрх олгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр болон бохир байдлаар тодорхойлогдож байгаа ашигт малтмалын нөөц нь тухайн тусгай зөвшөөрлийг сонирхогч этгээдэд зөвхөн үндэслэл бүхий мэдээлэл болдог хууль зүйн зохицуулалттай. Тиймээс ч талуудын дунд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-нд 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай болон нөөцийн хэмжээг дурдаагүй, дурдах ч хууль зүйн үндэслэлгүй гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч “Морьтхангай” ХХК нь нөөцийн болон талбайн хэмжээ багассан үйл баримттай холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж байгаа нь хууль бус байна. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодруулбал 2009 оны 7 дугаар сард УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон цаг хугацаанаас эхлэн цаашлаад Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоол гарсан цаг хугацаанаас эхлэн “Морьхангай” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, 2009 он болон 2011 онуудад Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж байсан хууль, тогтоолууд нь талуудын дунд байгуулсан гэрээний зүйлд шууд байдлаар нөлөөлж хариуцагч гэрээгээр худалдан авсан тусгай зөвшөөрлийн дагуу хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, гэрээний зүйл болох тусгай зөвшөөрөл нь хууль зүйн хувьд эрхийн зөрчилтэй болон хувирч байхад хариуцагчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-д холбогдуулж ямар ч шаардлага гаргаж байгаагүй байдал хариуцагчийг гэрээний үүрэгтэй холбоотой байдлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг нотлон харуулна.

2016 он болон 2017 онуудад Ашигт малтмалын газар болон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлүүдээс талбай болон нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоож байгаа үйл баримт нь “Морьтхангай” ХХК-д шинээр үүсч байгаа нөхцөл байдал биш бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт компани аж ахуй нэгжүүдэд 2009 оноос хойш нэгэнт тодорхой болсон үйл баримт учир хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд хохирол учирсан гэж үзвэл 2009 оны 7 дугаар сараас эхлэн шаардлага гаргах үндэслэл бүрдэж нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар эс зөвшөөрч маргах зохицуулалтай бөгөөд хариуцагч “Морьтхангай” ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн зүгээс гаргаж буй “...Талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” болон 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний зүйл болох ашигт малтмал ашиглах 7969А дугаартай тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлох талбайн хэмжээ, ашигт малтмалын нөөцийн хэмжээ төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр багассантай холбогдуулж гэрээний дагуу илүү төлсөн 63 200 ам доллартай тэнцэх 166 591 408 төгрөгийг гаргуулах...” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлан “Морьтхангай” ХХК, “Хангарьд” ХХК нарын хооронд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийг шаардах, сөрөг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасныг баримтлан хариуцагч “Морьтхангай” ХХК-аас 470 133 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-д олгож, “Хангарьд” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Хангарьд” ХХК нь хариуцагч “Ганбат тулга” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, “Ганбат тулга” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 993 292 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагч “Морьтхангай” ХХК-аас төлсөн 990 908 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6,708 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч “Морьтхангай” ХХК-аас 2 508 619 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хангарьд” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бегөөд үндэслэл бүхий байх хуулийн зохидуулалтад нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу хариуцагч талаас энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хүдалдах худалдан авах гзрээний үүрэг нийт 470 133 780 төгрөгийг “Морьтхангай” ХХК-иас гаргуулан “Хангарьд” ХХК-д олгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба “Хангарьд” ХХК болон “Морьтхангай” ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-иы өдрийн нэмэлт гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдреөс эхлэн 3 жилээр тооцоход 2012 оны 5 сарын 30-ны өдрөөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх ёстой юм.

Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан "шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно" гэж заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталж, түүыийг хэрэгжүүлэхээр тухайн бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зогсоосон нь 7969А дугаартай ашигт малтмалын лиценз худалдах худалдан авах гэрээ байгуулсан талуудад харилцан хамааралтай, харилцан шаардлага гаргах, үүргээ биелүүлэхэд шууд нөлөөлсөн хэмээн дүгнэсэн.

Улмаар талуудын гэрээгээр шилжүүлж буй эрхийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь гэрээний талуудаас бус хууль тогтоогчоос гаргасан хууль, түүнийг хэрэгжүүлсэн явдалтай шууд холбоотой гэж дүгнэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалах эрх нь шүүхэд хадгалагдах хэдий боловч шаардлага гаргаж байгаа галын хусэл сонирхолыг хамгийн түрүүн харгалзан үзэх естой юм.

Өөрөөр хэлбэл шүүх ийнхүү шийдвэрлэхдээ талуудаас гаргасан "шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тиймээс уг хугацааг сэргээж өгнө үү" гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан эсэхийг харгалзан үзэх байсан ба талуудыг мэтгэлцэх зарчимаар хангаж, хөндлөнгийн байр суурьнаас асуудлыг шийдвэрлэх ёстой төдийгүй хэрэв хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзсэн бол 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болж тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжтой болсон тэр цаг үед нэхэмжлэл гаргалгүй 2018 оны 1 cap хүртэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нягтлан шаардлагатай байсан.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шаалтгаантай гэж үзэж сэргээх асуудал нь ялгаатай хуулийн зохицуулалт бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанаар "...гэрээний хэн аль тал нь ашиглах боломжгүй, хориглосон нөхцөл байдал 2009 оны 07 дугаар сарын 16-ны едрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны едрийг хүртэлх хутацаанд үргэлжилсэн" гэсэн байх ба “Хангарьд” ХХК нь 2015 оны 02 сарын 18-ны өдроөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулаагүй хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас дээрх агуулга бүхий хүсэлт, шаардлагыг огт гаргаагүй, харин ч эсрэгээрээ худалдах худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байхад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэх цаг хугацааг нарийвчлан тогтоолгүй хэт нэг талд үйлчилж еөрийн санаачлагаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн үүгээр зогсохгүй Улсын Их хурлаас Гол. мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүошй газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталж, түүнийг хэрэгжүүлэхээр тухайн бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зогсоосон нь 7969А дугаартай лицензийг худалдаж, лицензийн төлбөрт 206 000 ам доллар авсан “Хангарьд” ХХК-д хамааралтай, тус компанийн хувьд доголдолтой эрхийг шилжүүлсэн, шаардлага гаргах эрхэд нь шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэв доголдолтой эд хөрөнгө, эрхийг шилжүүлсэн гэж үзвэл уг доголдолыг арилгуулахаар шаардлага гаргах эрх нь эд хөрөнгө, эрхийг хүлээн авсан талд байдаг болохоос шилжүүлсэн талд байдаггүй, шилжүүлсэн талтай огт хамааралгүй юм.

Нөгөө талаас анхан шатны шүүхийн хувьд хууль гогтоогчоос баталж гаргасан урт нэртэй хууль болон түүнийг хэрэгжилтийг хангахаар бүс нутагт олборлолтын үйл ажиллагааг хориглож байгаа явдал нь зөвхөн ашигг малтмалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд (“Морьтхангай” ХХК) хамаарах асуудал бөгөөд тэдгээрт хандаж гаргасан эрх зүйн акт гэдэгг үндэслэл бүхий дүгнэлтийг өгөхгүй, эрх нь зөрчигдөөгүй, эрх нь хязгаарлагдаагүй (“Хангарьд” ХХК) этгээдэд хамааруулж тайлбарлаж байгаа хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж байгаа явдал юм.

“Хангарьд” ХХК-ийн хувьд талуудын хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ болон 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээг байгуулах замаар ашигг малтмалын 7969А дугаартай тустай зөвшөөрлийг “Морьтхангай” ХХК-д шилжүүлэн өгснөөр түүний хувьд тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигч биш болж, хуулиар хүлээсэн бүх эрх үүргээс чөлөөлөгдсөн ба гагцхүү худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх шаардлага гаргах эрх нь хэвээр хадгалагдаж байсан болно.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 01 "худалдах худалдан авах гэрээ"-ээр “Хангарьд” ХХК нь 265.33 гектар талбай бүхий ашигт малтмалын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Морьтхангай” ХХК-д шилжүүлсэн.

Гэрээ байгуулагдаж тусгай зевшөөрлийн гэрчилгээ шилжсэнээс хойш 5 сарын дараа буюу 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар худалдан авагч тал худалдаы авсан эд хөрөнгийн үр шимийг хүртэх боломжгүй болсон бөгөөд энэ байдал нь 2015 оны 2 cap хүртэл үргэлжилж “Морьтхангай” ХХК ашигт малтмал олборлох боломжгүй болж хохирол учирсан.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний гол зорилго нь худалдагч тал худалдан авсан эд хөрөнгөөс ашиг олж өөрт эд хөрөнгийн давуу байдал бий болгох зорилго агуулагдаж байсан бөгөөд урьдчилан тооцоолох боломжгүй үйл явдлын эрсдэлийг гэрээний нэг тал дангаараа хариуцах боломжгүй бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэхгүй юм.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй”.

Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хориглосноор “Морьтхангай” ХХК нь 5-6 жилийн хугацаанд дээрх гэрээтэй холбоотой эрсдэлийг ганцаараа үүрч ирсэн бөгөөд Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 256.33-202.7 болгон өөрчилснөөр гэрээний зүйлийн хэмжээ илтэд багассан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрээ болон түүний хавсралт, Ашигт малтмалын газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр нотлогдож байхад уг нөхцөл байдлыг шүүх ач холбогдолгүй мэт дүгнэн хохирол учирсан нь нотлогдохгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг  бүрэн хангаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Хангарьд” ХХК нь хариуцагч “Морьтхангай” ХХК-д холбогдуулан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”-ний үүргийн биелэлтэд 567 068 580 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 470 133 780 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч “Морьтхангай” ХХК нь гэрээний үүрэгт илүү төлсөн гэх үндэслэлээр  166 591 408 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрх, шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хэргийн зохигчоос хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар эрх зүйн дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Сэлэнгэ аймаг Ерөө суманд байрлах 265 гектар талбай бүхий 7969А дугаартай тусгай зөвшөөрөл 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Хангарьд” ХХК-иас “Морьтхангай” ХХК-ийн нэр дээр шилжүүлсний дараа Улсын Их хурлаас  2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэн Засгийн газраас 2010, 2011 онуудад тогтоолууд гарч хариуцагч “Морьтхангай” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол харин Улсын Их хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлтөөр хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн хувьд 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн байна.

Аливаа гэрээний талууд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нөгөө талаас шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд тухайн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх шаардлагатай.

Талуудын хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 49 дүгээр зүйлийн 49.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан шаардлагад нийцсэн, гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч “Хангарьд” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “Морьтхангай” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн бол  худалдан авагч буюу хариуцагч “Морьтхангай” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Гэрээ ёсоор хариуцагч “Морьтхангай” ХХК нь гэрээний зүйлийн үнэ болох 400 000 ам. долларыг 2009 оны гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ. Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 206 000 ам. долларыг төлж, 194 000 ам. доллар буюу 470 133 780 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тухайд зохигчид маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа өнгөрсөн, талбайн хэмжээ 265 гектар гэж байсан бол 2016 онд шинээр зөвшөөрөл авахад 202.7 гектар болж багассан, мөн 511кг цэвэр алтны нөөцтэй гэж байсан бол 189,2 кг болж нөөцийн хэмжээ буурсан тул үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... Улсын Их хурал урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хариуцагч тусгай зөвшөөрлөө авч, гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн...” гэсэн үндэслэлийг буюу УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, хуулийг хэрэгжүүлэн  Засгийн газраас 2010, 2011 онуудад гарсан 174 209 дүгээр тогтоолуудтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг харгалзан үүргээ шаардаагүй гэжээ.

 Гэрээний зүйлтэй холбоотой дээрх нөхцөл байдал үүссэн байхад Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүргээ хэрэгжүүлээгүй, “Хангарьд” ХХК гэрээг дуусгавар болгох эсэх, “Морьтхангай” ХХК нь гэрээнээс татгалзах эсэх талаар аль алин нь санал гаргаж байгаагүй байна.

Хариуцагч “Морьтхангай” ХХК нь гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон үйл баримт нь гэрээний талуудаас бус Улсын Их хурлаас хууль гаргасантай холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хууль, Засгийн газрын тогтоолуудын үйлчлэлтэй холбоотой 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд талууд гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эсэх нь шууд хамааралтай байсан талаарх эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их хурал “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Морьтхангай” ХХК 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ авч, 2016 онд “Ганбат тулга” ХХК-д эрхийг  шилжүүлжээ. 

Иймд Улсын их хурлаас батлан гаргасан хуулиуд болон түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилт нь талуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтэд нөлөөлсөн байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж,  гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгийн заалтад нийцжээ.

Дээрх нөхцөл байдал нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч “Хангарьд” ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 470 133 780 төгрөгийг  хариуцагч “Морьтхангай” ХХК-иас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрх, шаардах эрхийг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээний үүрэгт илүү төлсөн 166 591 408 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч  “Морьтхангай” ХХК-ийн зүгээс шаардсан сөрөг шаардлагын төрлийг зөв тодорхойлоогүйгээс холбогдох Иргэний хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гарсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтаас “сөрөг шаардлага гаргах” гэснийг хасаж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1” гэсний дараа “ 254 дүгээр зүйлийн 254.2-т” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Морьтхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 2 508 619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

           

                  ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                            Т.ЭНХМАА