Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2019/00030

 

Төв аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-д холбогдох,

Татварын өр 428 823 400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар ногдуулсан 254 689 900 төгрөгийн татварын хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбаатар, С.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Төв аймгийн Жаргалант суманд үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо тариалалт, үхэр сарлаг өсгөх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 2052644 регистрийн дугаартай “Хөхбаянбулаг” ХХК нь 2012 оны 140640 тоот хяналт шалгалтын актын өр 382 707 200.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль, алданги 31 371 600.00 төгрөгийн татварын өрийг төлөхгүй Татварын хэлтсийн улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажилд хүндрэл учруулж байна. “Хөхбаянбулаг” ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 254 689 900.00 төгрөг, хүү, торгуулийн 128 017 300.00 төгрөг нийт 382 707 200.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байна. “Хөхбаянбулаг” ХХК нь уг шийдвэрт Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй болно. Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн “Хөхбаянбулаг” ХХК-н захирал Ж.Ариуболдод мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн авдаггүй, авахгүй талаар тайлбар бичиж өгдөггүй, тул 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр DNP180906003802 дугаартай "мэдэгдэх хуудас"-ыг шуудангийн хаягаар хүргүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр DBNP180926001081 дугаартай мэдэгдэх хуудсыг ХААН банкны Зуунмод тооцооны төв, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад тус аж ахуйн нэгжийн өмчлөлд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үтрэм, ферм, контор, клуб, зочид буудал халуун усны барилга тус тус бүртгэгдсэн мэдээлэл ирсний дагуу 2018 оны 09 сарын 28-ны өдөр татварын хэлтсийн даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллан, тус компанийн захирал Ж.Ариуболдтой тохиролцож, техникийн паркийн барилгыг татварын өрөнд барьцаалах ажиллагаа хийсэн болно. Татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр барагдуулахгүй байгаа тул “Хөхбаянбулаг” ХХК -аас дараах татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын нөхөн татвар 254 689 900.00 төгрөг, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 127 345 000.00 төгрөг. татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан хүү 672 300.00 төгрөг. 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль 31 371 600.00 төгрөг. 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 14 744 600.00 төгрөг” гэжээ.

Хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй манай компанид холбогдох тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар “Хөхбаянбулаг” ХХК-ийн 2008-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон нийт 382 707 200 төгрөг, 2013 онд хугацаанд төлөөгүй татварын торгууль, алданги 46 116 246 төгрөг, нийт 428 823 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Хөхбаянбулаг” ХХК-ийн төсөвт төлөх НӨАТ-ыг улсын байцаагч нар хасч тооцох ёстой байсан тухай:

-Уг 140640 дугаар актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2 546 899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах: 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ. 11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь: 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254 689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянга төгрөгийн хүү, 127 345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, түүнчлэн зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг.

Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар  тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Ийнхүү хасч тооцож акт үйлдэх ёстой байсан. “Хөхбаянбулаг” ХХК-ийн 2008-2010 оны НӨАТ-тай худалдан авалтын холбогдох баримтыг сөрөг нэхэмжлэлийн хамт гаргах болно.

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусад албан татвараас ялгарах онцлог нь худалдан авалтад төлсөн татварыг борлуулалтын орлогоос төлөх татвараас хасч тооцдог.

2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн тухай: Татварын хяналт шалгалтын актыг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тухай: Захиргааны ерөнхий хууль батлагдан 2016 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн Наймдугаар бүлэг нь Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмыг зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д захиргааны актыг батлан гаргасан байгууллага өөрөө акт шийдвэрээ гүйцэтгэхээр зохицуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь 140640 дугаар актынхаа биелэлтийг өөрөө хангуулан гүйцэтгэх ёстой. Гэтэл Шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх зорилго агуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар “Хөхбаянбулаг” ХХК-ийн 2008-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар нийт 382 707 200 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

Уг актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2 546 899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах: 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ.

11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь: 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254 689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254 689.9 мянган төгрөгт 672.3 мянган төгрөгийн хүү, 127 345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан.

Албан татвараас хасч тооцуулах шаардлагын тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг.

Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Тухайлбал, манай компани нь 2009, 2010 онд үр тарианы үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 254 689 900.00 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн онцлог нь бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогоос худалдан авалтад төлсөн албан татварыг хасч төлөх татварыг тодорхойлдог.

Татварын хяналт шалгалтын актыг үйлдсэн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу уг хяналт шалгалт хийсэн хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн зохицуулалт үйлчилж байсан.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон уг албан татвараас хасч тооцох нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай.

2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил-ыг чөлөөлөх зохицуулалт үйлчилж эхэлсэн хэдий ч тухайн өдрөөс өмнөх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, материал авсан нь түүнийг хасч тооцох боломж хууль зүйн хувьд хэвээр хадгалагдана.

Иймд Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон 254 689 900.00 төгрөгөөс манай компанийн НӨАТ-тай худалдан авалтын 254 689 900.00 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар “Хөхбаянбулаг” ХХК-ний 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ зэрэг баримт материалыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот татварын улсын байцаагчийн актаар 2 546 899.3 мянган төгрөгийн зөрчилд 254 689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127 345.0 мянган төгрөгийн торгууль нийт 382 707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна. Үүнээс: НӨАТ-аар 254 689.9 мянган төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан байна. Нөхөн татварыг оноор нь задалбал: 2008 онд 611 558.1 мянган төгрөгийн зөрчилд 61 155.8 мянган төгрөгийн, 2009 онд 698 903.4 мянган төгрөгийн зөрчилд 69 890.3 мянган төгрөгийн, 2010 онд 1 236 437.8 мянган төгрөгийн зөрчилд 123 643.8 мянган төгрөгийн, нийт 254 689.9 нөхөн татварыг тус тус ногдуулсан.

Энэ зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийг уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг", 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ хуулийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ", 11 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь. 11.1-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна" гэж заасныг зөрчсөн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ: 17.1.1 .нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2.нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах" гэж заасны дагуу 254 689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127 645.0 мянган төгрөгийн торгууль, нийт 382 707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна.

Хяналт шалгалтын явцад тухайн компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно". 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдсан авсан бараа, гүйцэтгэсэн ажил. үзүүлсэн үйлчилгээнд төлсөн".. гэх заалтын дагуу холбогдох шатахуун, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг хуулийн дагуу хасч тооцох боловч тухайн онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, өөрсдөө баримтаа гаргаж өгөөгүй зэргээс хасалт хийгдээгүй байна.

Тус компани 2007 онд 2005-2006 оныг дуусталх хугацааны баримтад татварын хяналт шалгалт хийгдсэн байна. 2012 оны 12 дугаар сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах тайлант хугацаа нь 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2011 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18. "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил" нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуулинд нэмэлт өөрчлөлт орсон нь 2007-2010 онуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд 2011 оны борлуулалтын орлого 1 255 044.4 мянган төгрөгийг энэ хуулийн дагуу чөлөөлсөн байна” гэжээ.

Анхан шатны шүүх: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д зааснаар хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас 6 406 300.82 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 422 417 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар “Хөхбаянбулаг” ХХК-д ногдуулсан 254 689 900 төгрөгийн татвараас 248 283 600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 406 300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсээс 720000 төгрөг, хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас 80000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, “Хөхбаянбулаг” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 117459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 431 400 төгрөгийг төрийн санд үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж 1 399 368 төгрөг гаргуулж “Хөхбаянбулаг” ХХК-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбаатар давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нарын 2012 оны 140640 тоот хяналт шалгалтын актаар “Хөнбаянбулаг” ХХК-д 254 689 900 төгрөгийн нөхөн татвар, 127 345 000 төгрөгийн торгууль, 672 300 төгрөгийн алданги, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүй 46 116 200 төгрөгийн торгууль, алданги тус тус ногдуулснаас 422 417 100 төгрөгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь дараах хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна.

  1. Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хатанбаатар,

Д.Наранцэцэг нар “Хөхбаянбулаг” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтуудад үндэслэн хяналт шалтгалт хийсэн гэтэл шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь 2008 оны санхүүгийн тайлан балансыг анхан шатны баримттай огт тулгалт хийгээгүй зөвхөн санхүүгийн тайланд үндэслэн дүгнэлт гаргасан буюу 2008 оны анхан шатны санхүүгийн баримт материал нь хавтаст хэрэгт байхгүй, тулгах шаардлагагүй гэж үзсэн нь уг шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байна. Тус шинжээчийн дүгнэлт нь НББ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээдллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, 14.3.2-т “журналд бичих, 14.3.3-т дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, 14.3.4-т ажил, гүйлгээний мэдээ гаргах, 14.3.5-д “санхүүгийн тайлан гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Санхүүгийн тайлан үнэн зөв гаргах суурь нь анхан шатны баримт юм.

2. “Хөнбаянбулаг” ХХК-ийн 2008 оны санхүүгийн анхан шатны баримт хавтаст хэрэгт огт байхгүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нотлох баримтгүй зардлыг хассан нь үндэслэлгүй байна.

3. Шинжээч нь “Хөхбаянбулаг” ХХК-ийн 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг 2 482 200.735 төгрөг гэж тодорхойлсон байдаг. НӨАТ-ын хасалтыг хийхдээ татварын албанаас олгосон тусгай дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн падаанаар хасалт хийдэг байтал тухайн аж ахуйн нэгжийн зөвхөн зарлагын баримтыг үндэслэн НӨАТ-ын худалдан авалтын хасалтыг тодорхойлсон нь Сангийн  сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3-д “НӨАТ-ын төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчигээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны худалдан авалтын дэвтэрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээр тодорхойлно. НӨАТ-ын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-т заасан худалдан авалтаас бусад худалдан авалтад НӨАТ-ын төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй” гэж заасныг зөрчсөн байна.

“Хөхбаянбулаг” ХХК-ийн захирал Ж.Ариунболд 2012 онд татварын хяналт шалгалт хийгдэх явцад НӨАТ-ын үндсэн хөрөнгө худалдан авсан баримтуудыг огт гаргаж өгөөгүй атал 7 жилийн дараа 2009-2011 оны газар тариалангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авсан зарлагын падааныг гаргаж ирсэн. Татвар төлөгч нь ТЕХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.13-т “татварын хяналт шалгалтанд шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хянал шалгалтанд хамрагдах” гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй нь татвараас зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөн залруулах, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.  

            Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсээс хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тавигдсан 382 707 200 төгрөгийн татварын өр, актаас хойш үүссэн алданги 31 371 600 төгрөгийн торгууль, алданги 14 744 600 төгрөг нийт 428 823 400 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар татварын хяналт шалгалтаар илэрсэн 254 6899.3 мянган төгрөгийн зөрчилд 254 689 900 төгрөгийн нөхөн татвар, 672 300 төгрөгийн хүү, 127 345 000 төгрөгийн торгууль, нийт 382 707 200 000 төгрөгийн төлбөр тогтоожээ. /хх-ийн 18-19-р тал/

Дээрх татварын улсын байцаагчийн актад төлөвлөгөөт шалгалтаар илрүүлсэн 2007 онд жилийн борлуулалтын орлогын  хэмжээ нь 10 000 000 төгрөгт хүрсэн боловч НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010онд НӨАТ ногдох борлуулалт 254 689 900 300 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь НӨАТ тухай хуулийн 4.1.10, 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгасан байна. 

Хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар тавигдсан 382 707 200 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгуулийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ./хх-ийн 25-26-р тал/

            Төв аймгийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоол болон татварын улсын байцаагчийн актын талаар хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК нь Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу татварын өр төлбөр барагдуулах үүргийг хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-д ногдуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

            Татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулж акт тогтоох үед хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн НӨАТ-тай худалдан авалтын талаарх баримтууд  байгаагүй, 7 жилийн дараа НӨАТ-ын падаанууд гаргаж өгсөн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурджээ.

            Хариуцагчаас гаргаж өгсөн НӨАТ-ын паданууд нь эргэлзээтэй нотлох баримтууд байх тул шүүх үнэлэх боломжгүй болно.

             Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй ажиллагаа явуулж, хүчин төгөлдөр болсон татварын улсын байцаагчийн актын талаар хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт  гаргуулсан, улмаар шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, нэхэмжлэлээс 6 406 300 төгрөгийн шаардлагыг хангаж, 422 417 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр болсон актыг шинжээчийн дүгнэлт гаргуулж үгүйсгэсэн нь буруу бөгөөд уг актын талаар шүүх  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх, нотлох баримтыг үнэлэх  ажиллагааг хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна.

 Шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШЗ2019/00511 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг  шинжээчээр томилж, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаартай актаар тогтоосон “Хөхбаянбулаг” ХХК-ийн 2008 оноос 2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар  ногдуулсан 546899.31 мянган төгрөгийн борлуулалтаас хариуцагчийн маргаж буй 271 621 370. 69 төгрөгийн борлуулалтыг хасч тооцох эсэхийг тогтоолгох, мөн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04 –ний өдрийн 151/ШЗ2019/00751 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай”  захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, Төв аймгийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар акт үндэслэлтэй эсэх, “Хөхбаянбулаг” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн НӨАТ-тай худалдан авалтын санхүүгийн баримтуудын үнийн дүн Төв аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон нөхөн татварын үнийн дүнтэй дүйж байгаа эсэх буюу тэнцүү эсхүл, үнийн дүнгээс давж байгаа эсэх гэсэн  асуултуудыг  шинжээчид тавьж дүгнэлт гаргуулсан ажиллагаа нь шинжээч тусгай мэдлэгийн хүрээний асуудлаар дүгнэлт гаргахад хамаарахгүй бөгөөд шүүхээс холбогдох хуулийг тухайн маргаантай харилцаанд тайлбарлан хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх шүүхээс хууль хэрэглэх зарчимд хамаарна.

Түүнчлэн хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-“иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 254 689 900.00 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон 254 689 900.00 төгрөгөөс 254 689 900.00 төгрөгийг хасч тооцуулах тухай агуулга бүхий тайлбарыг улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, сөрөг нэхэмжлэл гэж үзэж хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2. дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэл гэж нэрлэсэн болон хариуцагчид тавьсан шаардлага бүрийг сөрөг нэхэмжлэл гэж хууль зүйн хувьд үзэх боломжгүй болно. Хариуцагчийн гаргасан  сөрөг  нэхэмжлэл нь  актаар ногдуулсан НӨАТ-ын төлбөрөөс НӨАТ-тай худалдан авалт хийсэн мөнгөн дүнг хасч тооцуулах агуулгатай нэхэмжлэлийн хариу тайлбар гэж үзэхээр байна. Иймд уг сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийг буруу хэрэглэснээс шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга ойлгомжгүй болжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д  зааснаар хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас татварын өр 428 823 400 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай.” гэж, шийдвэрийн мөн заалтын 2 дахь хэсгийн “Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар “Хөхбаянбулаг” ХХК-д ногдуулсан 254 689 900 төгрөгийн татвараас 248 283 600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 406 300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсээс 720 000 төгрөг, хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас 80 000 төгрөг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, “Хөхбаянбулаг” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 117459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 431 400 төгрөгийг төрийн санд үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж 1 399 368 төгрөг гаргуулж “Хөхбаянбулаг” ХХК-д тус тус олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хариуцагч “Хөхбаянбулаг“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 302 067 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардалд хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас 800 000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож, хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 431 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Хөхбаянбулаг” ХХК-д олгосугай” гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заанаар давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР