Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00329

 

 

Төв аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 223/МА2019/00030 дугаар магадлалтай,

Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хөхбаян булаг ХХК-д холбогдох

Татварын өр 428,823,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар ногдуулсан 254,689,900 төгрөгийн татварыг хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Төв аймгийн Жаргалант суманд үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо тариалалт, үхэр сарлаг өсгөх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 2052644 регистрийн дугаартай Хөхбаян булаг ХХК нь 2012 оны 140640 тоот хяналт шалгалтын актын өр 382,707,200.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль, алданги 31,371,600.00 төгрөгийн татварын өрийг төлөхгүй Татварын хэлтсийн улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажилд хүндрэл учруулж байна. Хөхбаян булаг ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 254,689,900.00 төгрөг, хүү, торгуулийн 128,017,300.00 төгрөг, нийт 382,707,200.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байна. Хөхбаян булаг ХХК нь уг шийдвэрт Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй болно. Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн Хөхбаян булаг ХХК-ийн захирал Ж.Ариунболдод мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн авдаггүй, авахгүй талаар тайлбар бичиж өгдөггүй, тул 2018 оны 09 сарын 06-ны өдөр "мэдэгдэх хуудас"-ыг шуудангийн хаягаар хүргүүлж, 2018 оны 09 сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсыг ХААН банкны Зуунмод тооцооны төв, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад тус аж ахуйн нэгжийн өмчлөлд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үтрэм, ферм, контор, клуб, зочид буудал, халуун усны барилга тус тус бүртгэгдсэн мэдээлэл ирсний дагуу 2018 оны 09 сарын 28-ны өдөр татварын хэлтсийн даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллан, тус компанийн захирал Ж.Ариунболдтой тохиролцож, техникийн паркийн барилгыг татварын өрөнд барьцаалах ажиллагаа хийсэн болно. Татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр барагдуулахгүй байгаа тул Хөхбаян булаг ХХК-аас дараах татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын нөхөн татвар 254,689,900.00 төгрөг, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 127,345,000.00 төгрөг, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан хүү 672,300.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль 31,371,600.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 14,744,600.00 төгрөг гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хөхбаян булаг ХХК-ийн төсөвт төлөх НӨАТ-ыг улсын байцаагч нар хасч тооцох ёстой байсан тухай. 140640 дугаар актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2546899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ. 11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянган төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, түүнчлэн зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг. Сангийн сайдын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Ийнхүү хасч тооцож акт үйлдэх ёстой байсан. Хөхбаян булаг ХХК-ийн 2008-2010 оны НӨАТ-тай худалдан авалтын холбогдох баримтыг сөрөг нэхэмжлэлийн хамт гаргах болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусад албан татвараас ялгарах онцлог нь худалдан авалтад төлсөн татварыг борлуулалтын орлогоос төлөх татвараас хасч тооцдог.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн тухай. Татварын хяналт шалгалтын актыг 2012 оны 12 сарын 17-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 02 сарын 02-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тухайд: Захиргааны ерөнхий хууль батлагдан 2016 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн Наймдугаар бүлэг нь Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмыг зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д захиргааны актыг батлан гаргасан байгууллага өөрөө акт шийдвэрээ гүйцэтгэхээр зохицуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь 140640 дугаар актынхаа биелэлтийг өөрөө хангуулан гүйцэтгэх ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх зорилго агуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар Хөхбаян булаг ХХК-ийн 2008-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар нийт 382,707,200 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. Уг актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2546899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах: 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ. 11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянга төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан.

Албан татвараас хасч тооцуулах шаардлагын тухайд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг. Сангийн сайдын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Тухайлбал, манай компани нь 2009, 2010 онд үр тарианы үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 254 689 900.00 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн онцлог нь бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогоос худалдан авалтад төлсөн албан татварыг хасч төлөх татварыг тодорхойлдог. Татварын хяналт шалгалтын актыг үйлдсэн 2012 оны 12 сарын 17-ны өдөр буюу уг хяналт шалгалт хийсэн хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 02 сарын 02-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн зохицуулалт үйлчилж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон уг албан татвараас хасч тооцох нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай. 2011 оны 02 сарын 02-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил-ыг чөлөөлөх зохицуулалт үйлчилж эхэлсэн хэдий ч тухайн өдрөөс өмнөх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, материал авсан нь түүнийг хасч тооцох боломж хууль зүйн хувьд хэвээр хадгалагдана. Иймд Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон 254,689,900.00 төгрөгөөс манай компанийн НӨАТ-тай худалдан авалтын 254,689,900.00 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар Хөхбаян булаг ХХК-ийн 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ зэрэг баримт материалыг үндэслэн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот татварын улсын байцаагчийн актаар 2,546,899.3 мянган төгрөгийн зөрчилд 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127,345.0 мянган төгрөгийн торгууль нийт 382,707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна. Үүнээс: НӨАТ-аар 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан байна. Нөхөн татварыг оноор нь задалбал: 2008 онд 61 1,558.1 мянган төгрөгийн зөрчилд 61,155.8 мянган төгрөгийн, 2009 онд 698,903.4 мянган төгрөгийн зөрчилд 69,890.3 мянган төгрөгийн, 2010 онд 1,236,437.8 мянган төгрөгийн зөрчилд 123,643.8 мянган төгрөгийн, нийт 254,689,9 нөхөн татварыг тус тус ногдуулсан. Энэ зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийг уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг", 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ хуулийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ", 11 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь. 11.1-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна" гэж заасныг зөрчсөн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ: 17.1.1 .нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2.нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах" гэж заасны дагуу 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127,645.0 мянган төгрөгийн торгууль, нийт 382,707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна. Хяналт шалгалтын явцад тухайн компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно". 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдсан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн".. гэх заалтын дагуу холбогдох шатахуун, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг хуулийн дагуу хасч тооцох боловч тухайн онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, өөрсдөө баримтаа гаргаж өгөөгүй зэргээс хасалт хийгдээгүй байна. Тус компани 2007 онд 2005-2006 оныг дуусталх хугацааны баримтад татварын хяналт шалгалт хийгдсэн байна. 2012 оны 12 сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах тайлант хугацаа нь 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2011 оны 02 сарын 02-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18. "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил" нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуулинд нэмэлт өөрчлөлт орсон нь 2007-2010 онуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд 2011 оны борлуулалтын орлого 1,255,044.4 мянган төгрөгийг энэ хуулийн дагуу чөлөөлсөн байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т зааснаар хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас 6,406,300.82 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 422,417,100.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Хөхбаян булаг ХХК-д ногдуулсан 254,689,900 төгрөгийн татвараас 248,283,600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,406,300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсээс 720,000 төгрөг, хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас 80,000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, Хөхбаян булаг ХХК-иас тэмдэгтийн хураамжид 117,459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,431,400 төгрөгийг төрийн санд үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж 1,399,368 төгрөг гаргуулж Хөхбаян булаг ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 223/МА2019/00030 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д зааснаар хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас татварын өр 428,823,400 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай. гэж, шийдвэрийн мөн заалтын 2 дахь хэсгийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Хөхбаян булаг ХХК-д ногдуулсан 254,689,900 төгрөгийн татвараас 248,283,600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,406,300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсээс 720,000 төгрөг, хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас 80,000 төгрөг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, Хөхбаян булаг ХХК-иас тэмдэгтийн хураамжид 117,459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,431,400 төгрөгийг төрийн санд үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж 1,399,368 төгрөг гаргуулж Хөхбаян булаг ХХК-д тус тус олгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,302,067 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардалд хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас 800,000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож, хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,431,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Хөхбаян булаг ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23 өдриин 223/МА2019/00030 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн үйл баримт, тооцооллыг нарийн тодорхой гаргаж шийдвэрлэсэн байхад давж заапдах шатны шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн буюу татвар төлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх ТУБ нарын 140640 дугаар актын талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх дүгнэлт хийсэн. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа НӨАТ-аас хасалт хийгдэж байсан. 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд Тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн-нд тариалан эрхлэгчид НӨАТ-өөс чөлөөлөгдөж байгаа гэж хэлж байсны дагуу тухайн үед улс даяар тариаланчид бүгд НӨАТ төлөхгүй гэсэн ойлголттой, төлдөггүй байсан. Дээрх 2006 оны НӨАТ-ын хуулийн дагуу улсад төлөх татвараас хасч тооцох ёстой байсан гэдгээ сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа хариуцагч ТУБ нь хүлээн зөвшөөрдөг. Иймд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд ТУБ нарын актын хүчин төгөлдөр эсэхтэй Хөхбаян булаг ХХК маргаагүй, маргах шаардлагагүй. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой юм.

Хариуцагч Хөхбаян булаг ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасан зохицуулалтад нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь 2006 оны НӨАТ-ын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу НӨАТ-тай худалдан авалтын зардлыг төсөвт төлөх татвараас хасч тооцох зохицуулалтын дагуу хасалт хийгээгүй ТУБ нарын буруу тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн НӨАТ-тай худалдан авалтын баримтандаа үндэслэн хасуулах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь ИХШХтХ-н 73.1, 73.2-т заасан зохицуулалтад нийцсэн сөрөг нэхэмжлэл байсан. Учир нь ИХШХтХ-н 73.1-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх бүрэн боломжтой, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргасан, сөрөг нэхэмжлэл гаргах эсэх нь зохигчийн эрхэд хамаарах бөгөөд хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан л бол шүүх хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт юм. ИХШХтХ-н 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх эсэх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд шийдвэрлэх агуулгатай зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдсан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэл биш нэмэлт тайлбар гэх агуулгатай дүгнэлт хийсэн. Энэ нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдаад зогсохгүй, хэргийн оролцогчийн процессын эрхийг зөрчсөн үйлдэл юм. Давж заалдах шатны шүүх ТУБ нарын актыг шинжээчийн дүгнэлт гаргах байдлаар үгүйсгэсэн нь буруу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. ТУБ нарын актын тооцоолол үнэн бодитой эсэхийг санхүү, эдийн засгийн мэргэжлийн шинжээчээр тогтоолгосон нь шүүхийн буруу биш юм. Санхүүгийн тооцоолол нь тусгай мэдлэг, мэргэшил шаардах тул шинжээч томилсон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн уг шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч Төв аймгийн татварын хэлтсээс гаргасны дагуу хүсэлтийг хангасан. Гэтэл анхан шатны шүүх санаачлагаараа шинжээч томилж ТУБ-ын актыг үгүйсгэсэн мэт агуулгаар ойлгогдох дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Хөхбаян булаг ХХК-иас шинжээч томилуулах хүсэлт гаргасан мэтээр дүгнэлт хийж тогтоох хэсэгтээ шинжээчийн зардлыг хариуцагчид хариуцуулсан нь мөн үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.23-ны өдрийн 223/МА2019/00030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.23-ны өдрийн 151/ШШ2019/00810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсээс хариуцагч Хөхбаян булаг ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012.12.17-ны өдрийн 140640 дугаар актаар тавигдсан 382,707,200 төгрөгийн татварын өр, актаас хойш үүссэн алданги 31,371,600 төгрөгийн торгууль, алданги 14,744,600 төгрөг, нийт 428,823,400 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хөхбаян булаг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар тавьсан 254,689,900 төгрөгийн татварыг хасч тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үүнийг сөрөг нэхэмжлэлд хамаарахгүй гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Хөхбаян булаг ХХК-аас 6,406,300.82 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 422,417,100.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Хөхбаян булаг ХХК-д ногдуулсан 254,689,900 төгрөгийн татвараас 248,283,600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,406,300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Хөхбаян булаг ХХК-аас татварын өр 428,823,400 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Хөхбаян булаг ХХК-д ногдуулсан 254,689,900 төгрөгийн татвараас 248,283,600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,406,300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлтийг хийж, нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Татварын улсын байцаагчийн 2012.12.17-ны өдрийн 140640 дугаар актаар хяналт шалгалтаар илэрсэн 254,689,900 төгрөгийн зөрчилд 254,689,900 төгрөгийн нөхөн татвар, 672,300 төгрөгийн хүү, 127,345,000 төгрөгийн торгууль, нийт 382,707,200 төгрөгийн төлбөр тогтоожээ. /хх-18-19/

140640 актаар хариуцагчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10, 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэж буруутгасан байх бөгөөд Хөхбаян булаг ХХК нь уг актыг эс зөвшөөрч, гомдол гаргасан, Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл 2012.12.22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар тавигдсан 382,707,200 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгуулийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн баримт хэрэгт авагджээ. /хх- 25-26/

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хариуцагч Хөхбаян булаг ХХК нь Төв аймгийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоол болон татварын улсын байцаагчийн актын талаар Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу хариуцагч Хөхбаян булаг ХХК татварын өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон татварын улсын байцаагчийн актын талаар хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэлээс 6,406,300 төгрөгийн шаардлагыг хангаж, 422,417,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг ...татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр болсон актыг шинжээчийн дүгнэлт гаргуулж үгүйсгэсэн нь Татварын ерөнхий хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй, актын талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх, нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

Хариуцагч Хөхбаян булаг ХХК-аас 254,689,900 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2012.12.17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон 254,689,900 төгрөгийг хасч тооцуулах тухай агуулга бүхий тайлбараа 2019.01.14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гэж гаргасныг анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, сөрөг нэхэмжлэл гэж үзэж хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс уг сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байх тул ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг дутуу хэрэглэсэн байх тул энэ алдааг хяналтын шатны шүүхээс залруулна. Энэ маргааныг хянан шийдвэрлэгдэж байх үед 2008 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 223/МА2019/00030 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...18 дугаар зүйлийн 18.1.-д гэснийг ... 18 дугаар зүйлийн 18.1.1-д гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,431,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН