Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2019/00810

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2019/00810

Төв аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 03 баг, Жаргалант байрлах, Х ХХК /2052644/-д холбогдох

Татварын өр 428 823 400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар ногдуулсан 254 689 900 төгрөгийн татварын хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбаатар, прокурор Г.Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ариунболд, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Төв аймгийн Жаргалант суманд үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо тариалалт, үхэр сарлаг өсгөх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 2052644 регистрийн дугаартай Х ХХК нь 2012 оны 140640 тоот хяналт шалгалтын актын өр 382,707,200.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль, алданги 31,371,600.00 төгрөгийн татварын өрийг төлөхгүй Татварын хэлтсийн улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажилд хүндрэл учруулж байна. Х ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 254,689,900.00 төгрөг, хүү, торгуулийн 128,017,300.00 төгрөг нийт 382,707,200.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байна. Х ХХК нь уг шийдвэрт Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй болно. Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн Х ХХК-н захирал Ж.Ариуболдод мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн авдаггүй, авахгүй талаар тайлбар бичиж өгдөггүй, тул 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр DNP180906003802 дугаартай "мэдэгдэх хуудас"-ыг шуудангийн хаягаар хүргүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр DBNP180926001081 дугаартай мэдэгдэх хуудсыг ХААН банкны Зуунмод тооцооны төв, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад тус аж ахуйн нэгжийн өмчлөлд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үтрэм, ферм, контор, клуб, зочид буудал халуун усны барилга тус тус бүртгэгдсэн мэдээлэл ирсний дагуу 2018 оны 09 сарын 28-ны өдөр татварын хэлтсийн даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллан, тус компанийн захирал Ж.Ариуболдтой тохиролцож, техникийн паркийн барилгыг татварын өрөнд барьцаалах ажиллагаа хийсэн болно. Татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр барагдуулахгүй байгаа тул Х ХХК -аас дараах татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын нөхөн татвар 254,689,900.00 төгрөг, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 127,345,000.00 төгрөг. татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан хүү 672,300.00 төгрөг. 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль 31,371,600.00 төгрөг. 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 14,744,600.00 төгрөг” гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Т нэхэмжлэлтэй манай компанид холбогдох тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар Х ХХК-ийн 2008-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон нийт 382,707,200 төгрөг, 2013 онд хугацаанд төлөөгүй татварын торгууль, алданги 46,116,246 төгрөг, нийт 428,823,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Х ХХК-ийн төсөвт төлөх НӨАТ-ыг улсын байцаагч нар хасч тооцох ёстой байсан тухай

-Уг 140640 дугаар актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2546899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах: 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ. 11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь: 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянга төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, түүнчлэн зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг.

Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар  тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Ийнхүү хасч тооцож акт үйлдэх ёстой байсан. Х ХХК-ийн 2008-2010 оны НӨАТ-тай худалдан авалтын холбогдох баримтыг сөрөг нэхэмжлэлийн хамт гаргах болно.

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусад албан татвараас ялгарах онцлог нь худалдан авалтад төлсөн татварыг борлуулалтын орлогоос төлөх татвараас хасч тооцдог.

2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн тухай: Татварын хяналт шалгалтын актыг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тухай: Захиргааны ерөнхий хууль батлагдан 2016 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн Наймдугаар бүлэг нь Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмыг зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д захиргааны актыг батлан гаргасан байгууллага өөрөө акт шийдвэрээ гүйцэтгэхээр зохицуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч Т нь 140640 дугаар актынхаа биелэлтийг өөрөө хангуулан гүйцэтгэх ёстой. Гэтэл Шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх зорилго агуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймд Т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... “Т татварын улсын байцаагч Г.Х, Д.Н нар Х ХХК-ийн 2008-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар нийт 382,707,200 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

Уг актад "2007 онд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт 2546899.3 мянган төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг, 5 дугаар зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах: 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ.

11 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь: 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянга төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль" ногдуулсан.

Албан татвараас хасч тооцуулах шаардлагын тухайд

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" албан татварыг хасч тооцно" гэж заасан байдаг.

Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1-д "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт зарцуулсан НӨАТ-ын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар тус компанийн шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, цахилгаан, бусдаар гүйцэтгүүлсэн завсар үйлчилгээ зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой. Тухайлбал, манай компани нь 2009, 2010 онд үр тарианы үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 254 689 900.00 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн онцлог нь бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогоос худалдан авалтад төлсөн албан татварыг хасч төлөх татварыг тодорхойлдог.

Татварын хяналт шалгалтын актыг үйлдсэн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу уг хяналт шалгалт хийсэн хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил"-ыг уг албан татвараас чөлөөлсөн зохицуулалт үйлчилж байсан.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон уг албан татвараас хасч тооцох нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай.

2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил-ыг чөлөөлөх зохицуулалт үйлчилж эхэлсэн хэдий ч тухайн өдрөөс өмнөх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, материал авсан нь түүнийг хасч тооцох боломж хууль зүйн хувьд хэвээр хадгалагдана.

Иймд Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тогтоосон 254 689 900.00 төгрөгөөс манай компанийн НӨАТ-тай худалдан авалтын 254 689 900.00 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасч тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Т сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа ... Т хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.Х, Д.Н нар Х ХХК-ний 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ зэрэг баримт материалыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 140640 тоот татварын улсын байцаагчийн актаар 2,546,899.3 мянган төгрөгийн зөрчилд 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127,345.0 мянган төгрөгийн торгууль нийт 382,707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна. Үүнээс: НӨАТ-аар 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан байна. Нөхөн татварыг оноор нь задалбал: 2008 онд 61 1,558.1 мянган төгрөгийн зөрчилд 61,155.8 мянган төгрөгийн, 2009 онд 698,903.4 мянган төгрөгийн зөрчилд 69,890.3 мянган төгрөгийн, 2010 онд 1,236,437.8 мянган төгрөгийн зөрчилд 123,643.8 мянган төгрөгийн, нийт 254,689,9 нөхөн татварыг тус тус ногдуулсан.

Энэ зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийг уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг", 5.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ хуулийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ", 11 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь. 11.1-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон ба үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна" гэж заасныг зөрчсөн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ: 17.1.1 .нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2.нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах" гэж заасны дагуу 254,689.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 672.3 мянган төгрөгийн хүү, 127,645.0 мянган төгрөгийн торгууль, нийт 382,707.2 мянган төгрөгийг ногдуулсан байна.

Хяналт шалгалтын явцад тухайн компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно". 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдсан авсан бараа, гүйцэтгэсэн ажил. үзүүлсэн үйлчилгээнд төлсөн".. гэх заалтын дагуу холбогдох шатахуун, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг хуулийн дагуу хасч тооцох боловч тухайн онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, өөрсдөө баримтаа гаргаж өгөөгүй зэргээс хасалт хийгдээгүй байна.

Тус компани 2007 онд 2005-2006 оныг дуусталх хугацааны баримтад татварын хяналт шалгалт хийгдсэн байна. 2012 оны 12 дугаар сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах тайлант хугацаа нь 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2011 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18. "газар, тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил" нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуулинд нэмэлт өөрчлөлт орсон нь 2007-2010 онуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд 2011 оны борлуулалтын орлого 1,255,044.4 мянган төгрөгийг энэ хуулийн дагуу чөлөөлсөн байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2006 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн.

Х ХХК нь 2007 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн болзол нь хангагдсан. Ингээд 2008, 2009, 2010 оны борлуулалтын орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан. Баталгаажсан дугаартай паданаар  хасалт хийлгэх боломжтой байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар 0,3 хувьд нь хүү, 50 хувиас илүүгүй хувиар торгууль тооцсон. Торгуулийн хэмжээг 0,1 хувиар хоногоор нь тооцсон. Нийт 254.699.900 төгрөгийн нөхөн төлбөр, 672.003.000 төгрөгийн хүү, 127.345.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тухайн акт нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.

140640 тоот актаар тавьсан 254689.9 мянган төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй  гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.  140640 тоот акт тавихдаа Х ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээд гэрчилгээтэй байх ёстой. 2006 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Татварын алба гэрчилгээг олгох ёстой байсан. Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал батлагдсан. Тус аргачлалын 2 дугаар зүйлийн 2.3-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх гэсэн заалт байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.1-д татварын алба тухайн компанийг ажлын 6 хоногийн дотор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгээд энэ тухайгаа татвар төлөгчид мэдэгдээд гэрчилгээг гардуулж өгөх үүрэгтэй. Гэтэл татварын алба нь энэ үүргээ биелүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар дээрээ нэхэмжлэгч тал тухайн үед санхүүгийн баримт материалуудтай танилцаагүй гэсэн байдаг. Одоо болохоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхгүй байсан гээд танилцсан юм шиг ярьж байна. Мөн тухайн үед ямар ч баримт материалтай танилцаагүй байж акт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д заасан эрх,үүргээ хэрэгжүүлээгүй. Ямар ч үндэслэлгүйгээр акт үйлдсэн гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т хариуцагч Х ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012 оны 140640 тоот актаар ногдуулсан нийт 428 823 400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар тавьсан 254 689 900 төгрөгийн татварыг хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг үл маргах журмаар мөн эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах дарааллаар явуулна гэж хуульд заажээ.

Т даргын 2018 оны 09 сарын 26-ны өдрийн А/21 тоот тушаалаар Х ХХК-ийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа хийх ажлын хэсгийг бүрэлдэхүүнтэй байгуулж, Татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 66, 69 дүгээр зүйл “ Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам”-ыг баримталж ажиллахыг даалгасан байна.  

Т 2018 оны 09 сарын 28-ны өдөр Х ХХК-тай Татвар төлөгчийн татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах  барьцааны ТОО1809260042 тоот гэрээ байгуулж, гэрээний хавсралтын 01 дүгээрт Х ХХК-ийн өмчлөлийн 450 000 000 төгрөгийн үнэ бүхий Техникийн паркийн барилгыг барьцаалан тэмдэглэл үйлдэж, эд хөрөнгө битүүмжилж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гүйцэтгэснээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх9-17/

Татварын хэлтэс нь  улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар ногдуулсан татварыг өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 06 сарын 14-ний өдрийн 937/Ш тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Улмаар хариуцагч Х ХХК тухайн актыг хүчингүй болгуулахаар өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 95 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. /хх/

Дээрх үйл баримтуудаар зохигч талууд нь шүүхэд нэхэмжлэл гаргах, эрх ашгаа хамгаалахаар эрхээ хэрэгжүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар болон бичмэл нотлох баримтуудаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... Х ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээ 10000.0 мянган төгрөгт хүрсэн боловч НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008-2010 оны борлуулалтын орлогод 2012 онд нөхөн татвар ногдуулсан, акт тавих үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн падааныг гаргаж өгөөгүй тул татвараас хасалт хийгээгүй гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа...нэмэгдсэн өртгийн албан татвар нь худалдан авалтад төлсөн татварыг борлуулалтын орлогоос төлөх татварыг хасч тооцдог. Манай компани нь 2009, 2010 онд үр тарианы үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 254 689 900 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун тослох материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан. Иймд бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогоос худалдан авалтад төлсөн албан татварыг хасч төлөх татварыг тодорхойлох тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Х ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн Албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ...,

2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт 2546899.3 мянган төгрөгт 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянган төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хариуцагч уг акт, зөрчлийн дүнг мөн өдөрт нь танилцаад хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байна. /хх18-24/

Улмаар актын үндэслэлтэй эсэхэд Т дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан боловч Татварын улсын байцаагчийн 140640 тоот актыг үндэслэлтэй гэж үзжээ. /хх25-26/

Хариуцагч Х ХХК нь Нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бөгөөд одоог хүртэл гэрчилгээ аваагүй байна.

Х ХХК татгалзлын үндэслэлийн талаарх баримт болох “Вагнер ази” ХХК-ийн 2009.06.16-ны өдрөөс 2010.06.17 хүртэл /хх58-61/, 2009.08.24-нөөс 2010.09.30 /хх71-85/, 2009-1010 оны сэлбэг засвар үйлчилгээ товчоо /хх70/, 2010 оны шатахуун, тос масло /хх105/, Шатахуун /НӨАТпадаан /хх112/, дизель түлшний зарлагын баримт /хх113-117/, дизель түлшний НӨАТ падаан /хх119-121/, 2008, 2009, 2010 оны жилийн санхүүгийн тайлан /хх150-172/,

“Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас 2009 оны 08 сарын 31-ний өдрөөс 2009 оны 12 сарын 25 хүртэл хугацааны, 2010 оны 08 сарын 30-ны өдрөөс 2010 оны 10 сарын 19 хүртэл хугацааны худалдан авсан эд хөрөнгийг шилжүүлсэн ам.доллар болон төгрөгийн  шилжүүлсэн баримт /Голомт банкны хх194/, 2009 оны 08 сарын 11-ний өдрөөс 2001  оны 12 сарын 28 хүртэл хугацааны тоног төхөөрөмжийн үнэ шилжүүлсэн баримт /Худалдаа хөгжлийн банк хх195/, 2009 оны 12 сарын 03-наас 2011 оны 06 сарын 27 хүртэл хугацааны тракторын үнэ шилжүүлсэн баримт /Хаан банк хх196/,

“А” ХХК-тай буудай худалдан авалтын 370 216 262 төгрөгийн 2009 оны 11 сарын 30, 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 370 216 262 төгрөгийн гэрээ /хх197-200/

“В” ХХК-тай байгуулсан 2010 оны 04 сарын 29-ний өдрийн 551 674 795 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдах худалдан авах тухай санхүүгийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, 2009 оны 08 сарын 24-ний өдрийн  353 225 төгрөгийн үнэ бүхий комбайн худалдан авах тухай лизингийн гэрээ, 157 338 төгрөгийн лизингийн гэрээ /хх222-240/ зэрэг баримтуудыг гаргаж,

нэхэмжлэлийн үндэслэл болох 140640 тоот улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэх, НӨАТ-аар ногдуулсан 2 546 899.3 мянган төгрөгийн борлуулалтаас худалдан авсан борлуулалтын орлогыг хасч тооцсон эсэх, хэрэгт гаргаж өгсөн баримтуудын үнийн дүн актаар тавьсан зөрчлийн дүн зөрүүтэй эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна. /хх184-186/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 57 тоот шинжээчийн дүгнэлтэд ...Т улсын байцаагч нарын 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаартай актыг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.-т үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлэх үйлчилгээнд төлсөн гэх заалтын дагуу холбогдох шатахуун, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг санхүүгийн баримтыг үндэслэн хасч тооцоогүй,  Сангийн сайдын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 283  дугаар тушаалын хавсралтын 5.1.1-д заалтыг мөрдөөгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Х ХХК-ийн санхүүгийн баримтын хүрээнд 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого 2 546 263 743 төгрөгөөс санхүүгийн анхан шатны баримт болон мөнгөн гүйлгээний тайлангийн бичилт зэргийг үндэслэн 2 482 200 735 төгрөгийн хасагдах зардлыг хасч тооцлоо.

2008 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлогын үлдэгдэл 64 063 008 төгрөгийг нотлох санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн бичилт байхгүй тул зөрчилд тооцож, 6 406 300.82 төгрөгийн нөхөн татвар, 19 218.90 төгрөгийн хүү, 3 203 150.41 төгрөгийн торгууль, нийт 9 628 670.13 төгрөгийг Х ХХК төлөхөөр байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн Х ХХК-ийн санхүүгийн тайланд тусгасан борлуулалтын орлогын дүн нь татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 дугаар актаар тавьсан зөрчлийн дүнгээс 635 538 төгрөгийн зөрүүтэй байна гэжээ. /хх 246-250/

Нэхэмжлэгч талын хүсэлтээр дээрх дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. /2хх62-65/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 96 тоот нэмэлт дүгнэлтэд... шүүхээс ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан баримт, материалуудыг үндэслэн шинжилгээ хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн төрийн сангийн хэлтэс, татвар нийгмийн даатгалаар баталгаажсан 2008 оны санхүүгийн тайлан, “Алтантариа” ХХК-тай тооцоо нийлсэн акт, буудайн цуваа, худалдах худалдан авах гэрээ, Татварын улсын байцаагч нарын 2012 оны 140640 тоот акт зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн.

Х ХХК-ийн хуульд заасны дагуу баталгаажсан санхүүгийн тайлангийн нягтлан бодох бүртгэлийн бичилтийг үндэслэн хасалт хийсэн болно гэжээ. /хх62-65/

Шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийлгэх журам, ШШҮХ-ын захирлын а/230 тоот тушаалыг баримталсан байна. /хх246, 62/

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д ...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татварыг хасч тооцно гэж заажээ. 

Татварын улсын байцаагчийн 2012 оны 140640 тоот актаар тавьсан 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт 2 546 899.3 мянган төгрөгт 254 689.9 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого 2 546 263 743.23 төгрөгөөс санхүүгийн анхан шатны баримт болон мөнгөн гүйлгээний тайлангийн бичилт зэргийг үндэслэн 2 482 200 735 төгрөгийн хасагдах зардлыг хасч тооцоод, 2008 оны 64 063 008.23 төгрөгийн зөрчилд 6 406 300 төгрөгийн нөхөн татварыг гаргуулах нь зүйтэй бөгөөд 2 482 200 735 төгрөгийн хасагдах зардлын баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох нөхөн татвар 254 689 900 төгрөг, торгууль 127 345 000 төгрөг, хүү 672300 төгрөг, 2013 оны татварын өрийг хугацаанд төлөөгүй торгууль 31 371 600 төгрөг, алданги 14 744 600 төгрөг, нийт 428 823 400 төгрөгөөс

Нөхөн татвар 254 689 900 төгрөгийн 6 406 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нөхөн татвар 248 283 600 төгрөгийг, 

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д зааснаар ногдуулсан торгууль 127 345 000 төгрөг, хүү 672300 төгрөг, 2013 оны татварын өрийг хугацаанд төлөөгүй торгууль 31 371 600 төгрөг, алданги 14 744 600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Х ХХК-ийн 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт 2546899.3 мянган төгрөгт 254689.9 мянган төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, нөхөн татвар 254689.9 мянган төгрөгт 672.3 мянган төгрөгийн хүү, 127345.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 57 тоот дүгнэлтэд Х ХХК-ийн санхүүгийн баримтын хүрээнд 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого 2 546 263 743 төгрөгөөс санхүүгийн анхан шатны баримт болон мөнгөн гүйлгээний тайлангийн бичилт зэргийг үндэслэн 2 482 200 735 төгрөгийн хасагдах зардал гэж, 2008 оны борлуулалтын орлогын үлдэгдэл 64 063 008 төгрөгийг нотлох санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн бичилт байхгүй гэж зөрчилд тооцсон байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д ...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татварыг хасч тооцно гэж заажээ.

Иймд Татварын улсын байцаагчийн 140640 тоот актаар Х ХХК-д ногдуулсан 254 689 900 төгрөгийн татвараас 2008 оны 6 406 300.82 төгрөгийн зөрчлийг хасаад 248 283 600 төгрөгийн татварыг хуульд зааснаар хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.  

Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол тэр хэмжээгээр нэхэмжлэгч хариуцагчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 720000 төгрөг, хариуцагчаас 80000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнд, 

нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас 117459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 431 400 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгчээс 1 399 368 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 6 406 300.82 төгрөг гаргуулан Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 422 417 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 140640 тоот актаар Х ХХК-д ногдуулсан 254 689 900 төгрөгийн татвараас 248 283 600 төгрөгийн татварыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 406 300.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсээс 720000 төгрөг, хариуцагч Х ХХК-иас 80000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, 

Х ХХК-иас тэмдэгтийн хураамжид 117459 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 431 400 төгрөгийг төрийн санд үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж 1 399 368 төгрөг гаргуулж Х ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН