Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 46

 

“Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, ЧДЗД, НХТЕТГазарт

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Л.Атарцэцэг

                          Х.Батсүрэн

                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0633 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: төлөөлөгч Д.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч З.С,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нар,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Тын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0633 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус баримтлан “Т у” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Т у” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиуны давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. 

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0633 дугаар магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг зөрчиж, дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байхад давж заалдах шатны шүүх А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг давж заалдах шатны шүүх “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох нөхцөл заасан зохицуулалтгүй...” гэж зориуд хуулийг буруу тайлбарласан. Учир нь хуулийн дээрх зохицуулалт хуульд нийцээгүй захирамжийг өөрөө хүчингүй болгохоор зохицуулсан байна.

5.1. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг давж заалдах шатны шүүх мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн дээрх заалт нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн нь тухайн захирамж, шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болох бөгөөд заавал газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг давхар шаардахгүй.

6. Давж заалдах шатны шүүх “...”Т у” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшиж буй газрын хэмжээг 196 м.кв болгон Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах тухай хүсэлт гаргаж байсан байх тул нэхэмжлэгчийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай асуудал нь нэгэнт үүссэн газар эзэмших эрхийн тухайд хэлэлцэх асуудал тул Газрын тухай хуульд газар эзэмших эрхгүй этгээдийн тухайд уг эрхийг баталгаажуулах талаарх зохицуулалт байдаггүй.

7. Мөн давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн “барилгын эх загвар зургийг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас хүчингүй болгоогүй байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй” гэсэн агуулгаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна” гэж үзэж Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь бодит байдалд нийцээгүй, хэт өрөөсгөл, үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч 75 м.кв газар дээр 179 м.кв барилга барих боломжгүй тул дээрх эскиз зургийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн байна.

8. Түүнчлэн тус шүүх “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй”  гэж  заасан  учир  “У с”  ОНӨААТҮГ-ын  “нийтийн бие засах газар байгуулах” зориулалт бүхий газар эзэмших эрхийг “Ю Э Э С” ХХК-д шилжүүлэх эрхгүй гэж үзэхээр байна” гэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “ Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж зааснаас үзвэл “У с” ОНӨААТҮГ нь төрийн байгууллага биш байна. Иймд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрх нь хуулиар нээлттэй юм. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжуудын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан.

9. Давж заалдах шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар сан ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 42 м.кв газрын гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулсан гэх баримт хавтас хэрэгт авагдсан бөгөөд уг гэрээг эрх бүхий бус этгээд байгуулсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, газар баталгаажилтын хувийн хэрэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн нь мөн дараах баримтаар үгүйсгэгдэнэ. “У с” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Л.Алтанхуяг (Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/230 дугаар захирамжаар томилогдсон, тамга тэмдэг барих, гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий)-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг захирамж нь нийтэд илэрхий баримт бөгөөд ulaanbaatar.mn веб сайтад байршуулсан.

10. Мөн давж заалдах шатны шүүх “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “У с” ОӨААТҮГ-ыг татан буулгасан байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахаар зохицуулсан. Гэтэл хүсэлтийг зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй тал болох гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК нь “У с” ОНӨААТҮГ-ыг татан буудсанаас хойш 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэж шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна” гэсэн нь мөн үндэслэлгүй юм. Учир нь “Ю Э Э С” ХХК нь “У с” ОНӨААТҮГ-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд мөн өдөр “У с” ОНӨААТҮГ газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ гаргасан.

10.1. Харин “Ю Э Э С” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргасан нь тухайн үед “У с” ОНӨААТҮГ-ыг татан буулгах комиссын даргаар ажиллаж байсан Н.Б манай компанийн гаргасан хүсэлт болон бусад газартай холбоотой баримтуудыг нуун дарагдуулж өөрийн хүү О.Цын “Г н” ХХК-д шилжүүлэхээр завдаж, дээрх компанид газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Мөн “Г н” ХХК-ийн захирал О.Цын “Г н” ХХК-д тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хүссэн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 31 тоот хүсэлт нотлох баримтаар авагдсан хавтаст хэрэгт байгаа болно. Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах комиссын даргаар ажиллаж байсан Н.Б нь тус үйлдвэрийн газрын тамга тэмдгийг өөр дээрээ байх хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Л.Алтанхуягийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн Газар эзэмших эрхийг “Г н” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд энэ баримт мөн хавтаст хэрэгт авагдсан. “У с”ОНӨААТҮГ-ыг татан буулгах комиссын даргаар ажиллаж байсан Н.Б даргын хууль бус үйлдэлийн талаар холбогдох байгууллагад хандаж, сүүлд газар эзэмших эрх шилжүүлж авсан тухайгаа анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж, энэ талаарх баримтууд хурлын тэмдэглэлд тусгагдсан.

11. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “У с” ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тул уг газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудлаар маргах хууль ёсны ашиг сонирхолтой байна. Тиймээс гуравдагч этгээдэд дээрх байдлаар уг газрыг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн уг асуудлаар хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэстэй байна” гэж дүгнэсэн нь дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэнэ.

12. Мөн шүүх “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар мөн хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх учиртай. Гэтэл гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар газрын хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлэхдээ хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/92 дугаар захирамжаар эзэмшиж байсан 75 м.кв газартай бүхэлдээ давхацсан байгаа бөгөөд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргаж байгаа тул нэхэмжлэгч “Т у” ХХК А/90 дүгээр захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийн талаар шаардлага гаргах хууль ёсны эрхтэй байна” гэж дүгнэсэн нь мөн хуульд нийцээгүй байна. Газрын тухай хуульд газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд манай компани газрын хэмжээгээ нэмэгдүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг төлсөн. Дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмыг зөрчиж, газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ “Т у” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцуулсан учир нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Учир нь “Т у” ХХК-ийн газар эзэмших эрх нь хүчингүй болсон байсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна.

13. Маргаан бүхий 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулах, эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хангах боломжгүй, учир нь “У с” ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан газрыг өөр этгээдэд эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэвэл зохихоор байна” гэсэн атлаа 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулах, эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилдөж, нэг утгатай, адилхан нэхэмжлэлийн шаардлагыг өөр, өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тэгвэл 75 м.кв газар эзэмшүүлэхэд заавал дуудлага худалдаа явуулах шаардлагатай бөгөөд энэхүү 75 м.кв газар нь “Ю Э Э С” ХХК-ийн газар байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар бус төрийн мэдлийн газар болно. Ийм тохиолдолд энэхүү газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх тохиолдолд мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх шаардлага гарна. Харин манай компанийн хувьд дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тул эзэмших бүрэн эрхтэй гэж үзэж байна.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0633 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх ч, заримыг нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс магадлал бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

16. Нэхэмжлэгч “Т у” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

17. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь маргааны нэг зүйлд буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжид холбогдуулан “илт хууль бус болохыг тогтоолгох”, “хүчингүй болгуулах”, “75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг даалгуулах” гэсэн гурван шаардлага гаргасан, мөн “75 м.кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” гэж давхардуулан гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс “75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн агуулгаар тодруулсан буюу өөрчилсөн гэж үзэхээр байх тул уг захирамжийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзах шаардлагагүй гэж үзлээ.

18. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2015 оны А/394 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг үндэслэсэн боловч эдгээр хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч нь газрын хууль тогтоомж зөрчөөгүй, өөр бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Дээрх маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгч “Т у” ХХК-д 75 м.кв газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл сэргэх бөгөөд нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд нийцүүлэх үүднээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшиж буй газрын хэмжээгээ 196 м.кв болгон Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах тухай хүсэлтээ гаргаж байсан /уг хүсэлтийг нь “тус компанийн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргаас хүчингүй болгосон” гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан/ байх тул нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.  

20. Ийнхүү нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрх нь сэргэж буй тул түүний газрыг бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д 196 м.кв газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй, иймд уг актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.

21. Харин давж заалдах шатны шүүх “У с” ХХК-иас 42 м.кв газар эзэмших эрхээ гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д шилжүүлснийг нь баталгаажуулсан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх төрийн байгууллагад хамаарахгүй учир “У с” ОНӨААТҮГ нь “нийтийн бие засах газар байгуулах” зориулалт бүхий газар эзэмших эрхээ “Ю Э Э С” ХХК-д шилжүүлэх эрхгүй” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

22. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “У с” нь анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1997 оны 02 дугаар тогтоолоор орон нутгийн өмчид үйлдвэрийн газрын статустайгаар байгуулагдсан боловч мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 14 дүгээр тогтоолоор “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” /ХХК/ болж өөрчлөгдсөн, иймээс 2002 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлд “ашгийн төлөө” ХХК болж бүртгэгдсэн, түүнээс хойш хэлбэр нь өөрчлөгдөөгүй, татан буулгасан тухай улсын бүртгэл хийгдээгүй /3 дахь хавтаст хэргийн 176-177, 186-187/, мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар маргаан бүхий 42 м.кв газар эзэмших эрхийг анх олгохдоо “У с” ОНӨҮГ-т биш харин “У с” ХХК-д олгосон /1 дэх хавтаст хэргийн 131, 133 дахь тал/, улмаар уг газрыг маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамжаар “У с” ХХК-иас “Ю Э Э С” ХХК-д шилжүүлсэн байна.

23. Иймээс “У с” ХХК-иас өөрийн эзэмшил газраа “Ю Э Э С” ХХК-д шилжүүлснийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн тухайн газрын зориулалт болон хэмжээг өөрчлөлгүйгээр шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамж хууль ёсны юм. Иймд, уг актыг хүчингүй хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

24. Давж заалдах шатны шүүхээс “маргаан бүхий газрыг “У с” ОНӨААТҮГ-ыг татан буулгасны дараагаар шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн хууль бус” гэж дүгнэсэн байх боловч аливаа хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр эхлэх бөгөөд татан буулгасан тухай бүртгэл хийгдээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг эрх зүйн чадвартай хэвээр байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх аргагүй.

25. Хэдийгээр “У с” ХХК нь нэхэмжлэгч “Т у” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ч тус сан нь газар эзэмших эрхээ нэхэмжлэгчид бус, харин гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д гэрээгээр шилжүүлсэн /гэрээ хүчин төгөлдөр байгаа/, энэхүү гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар акт гарсан тул нэхэмжлэгч “хамтран ажиллах гэрээ”-тэй байсан гэдэг нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг шаардах нийтийн эрх зүйн субъектив эрхийн үндэслэл болж чадахгүй.

26. Хэрэв нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнд итгэсний улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ нь хариуцагчийн буруугаас биш, харин гэрээний нөгөө тал буюу “У с” ХХК-тай холбоотой тул хохирлын асуудлаар иргэний журмаар маргах эрх нь нээлттэй.

27. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар анх “У с” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмыг хэрэгжүүлэлгүйгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэсэн нь буруу байх боловч, нэхэмжлэгч “Т у” ХХК ч гэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар 75 м.кв газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар аваагүй, энэ утгаараа хэн алиных нь газар эзэмших эрх анх үүсэхдээ эрхийн зөрчилтэй байжээ. Гэхдээ эдгээр эрх олгосон актууд нь энэхүү маргаанд хамаарахгүйгээс гадна, хэн хэнийх нь газар эзэмших эрх хамгаалагдсан буюу эрх бүхий захиргаанаас “газар эзэмших эрхийг хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүйг дурдах нь зүйтэй /Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим, 48 дугаар зүйлийн 48.2-т заасан “эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгох”-д тавигдах хязгаарлалтаар/. 

28. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд “Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар хуралдаанаас нэхэмжлэгчийн барилгын эх загвар зургийг хүчингүй болгоогүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт болон “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзэж уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл тус тус буруу байна.

29. Дээр дурдсанчлан, гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК нь маргаан бүхий 42 м.кв газрыг эзэмших эрхтэй, энэ утгаараа түүний эрх хамгаалагдах учиртай тул  гуравдагч этгээдийн газрыг оруулж зурсан нэхэмжлэгчийн барилгын эх загвар зургийг хүчинтэй болохыг тогтоолгох агуулга бүхий дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

30. Мөн үндэслэлээр гуравдагч этгээдийн “42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

31. Иймд, шүүх бүрэлдэхүүн  гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг /Тодорхойлох хэсгийн 6-11, 13/ хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0633 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын эхний хэсгийг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, “Т у” ХХК-ийн 78 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, магадлалын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                            Г.БАНЗРАГЧ