Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2019/00946

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр багт оршин суух Боржигон овгийн Сэнгэдоржийн Баярмагнай /НЙ61052309/

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 байр, 170 тоотод оршин суух Бужгар овгийн Цэрэнхандын Ганбаатар /ВМ79022115/

            “12 913 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы мөнгө болох 420 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, гэрч Н.Түвшинжаргал, С.Нэргүй, Б.Отгонбаяр, Б.Сүх-Очир, М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө, мал ахуй, өөрийн эзэмшлийн үр тарианы газрыг арилжааны гэрээ болон аман гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Төв аймгийн Борнуур сум, Нарт баг Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байршилтэй хүн суухаар 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж,  үхрийн ферм 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшин, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 3 галуу, 10 тооны тахиа, энэ бүгд улсад бүртгэлтэй, үл хөдлөхийн гэрчилгээтэй, 2 га газарт баригдсан обьект юм. Хашаан дотроо гүний худгийн зөвшөөрөлтэй, 51 толгой цэвэр хар тарлан үхэр, 1-3 тугалсан сүүтэй залуу үхрүүд, тариалангийн 49 га газар, сайн чанарын улаан пад трактор, хадуур, тармууртай, тракторын запас сэлбэгүүд, шинэ 2 үхэр зэрэг саах зориулалттай саалтуур болон сэлбэгтэй нь 2 тонн улаан буудай, 5 тонны даацтай ногооны зоорь, 10 тонн орох дотр талыг нь цементлэсэн шаар буюу даршны нүхтэй мөн 6 га-д түрээслэж тарьсан ногоон тэжээл, түрээсийн ногоон тэжээлийн нийт өртөг нь 3 905 000 төгрөг, хадлан тэжээлийн ажилд зориулж 200 литр дизель түлш авсан, мөн 40 сот газарт тарьсан шар манжин зэрэг эд зүйлс эд хөрөнгөө аман гэрээ болон арилжааны гэрээ хийн Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Volkswagen Toureg машин зэргийг 40 000 000 төгрөгөөр үнэлсэн, нийт үнэ 120 000 000 төгрөг болно. 09 сард бороо, цас орж түрээсийн газраасаа ногоон тэжээлээ толгойгоо даахгүй маш өндөр ургаж налж байсан учир бид ногоон тэжээл рүүгээ анхаарч хаягдалгүй хурааж, авах хүндээ гээд өөрийн ажлаас хойш тавин хураан өгсөн. Бид хөрөнгөө зарсан учир өөрийнхөө идэш, саалийн 2 гунжин үнээ, өөрийн гэрээсээ авах зүйпээ авч амжаагүй дараа ирээд авъя гээд үлдээсэн.

            Бид 2 энэ залууд мал, эд хөрөнгөө бүх юмаа үзүүлээд үлдээсэн, гэтэл Ц.Ганбаатар нь бидэнд хандан та 2-ын аль нэгнийх нь ах дүү болмоор байна, тэгэхгүй бол энэ нутгийн улс бид нарыг дээрэлхээд малыг минь хулгай хийнэ гэсэн тэгээд би нээрээ ч тийм юм болов уу гээд явтлаа энэ хүмүүсийг төрсөн эгчийнхээ том хүү гэсэн тэгээд бид явсны дараа хүмүүст тийм ах дүү байхгүй, энэ 2 хөгшин худлаа ярьдаг, худалч хүмүүс гэж муу хэлж байсан. Энэ залуу муу санаа ихтэй, зальтай хуурч мэхэлсэн, хүнийг дорд үздэг муу санаа өвөрлөж ирсэн байна. Бид идэш уушаа хийн, саалийн 2 гунжин үхрээ айлд тавих боломж байсан гэтэл ногоон тэжээлээс болоод авч амжилгүй ийм байдалд хүрсэн. Бид бүх зүйлээ үзүүлж харуулж, монгол хүн буйраа цэвэрлээд үлдээдэгтэй адил бүх юмаа цэвэрлээд хүлээлгэж өгсөн. Гэтэл Ц.Ганбаатар нь охинд минь байраа үзүүлсэн байранд бас л асуудал байсан. Усны тоолуурын заалтаа 3 сар өгөөгүй, ванны өрөөний шүршүүрээ сольсон, халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулаагүй, ус нь задгайгаар бичигддэг, хаалганы түлхүүрээ чиптэй өгнө гээд өгөөгүй, байрнаасаа бид гараад цэвэрлээд өгнө гэсэн байхгүй, тэнэг хүн хуурч байгаа юм шиг, машинаа урьдчилгаа болгоод мөнгийг нь шилжүүлэн өгье тиймээс өөр хэн нэгэнд зарж болохгүй шүү гээд хот руу дуудаж, Авто тээврийн үндэсний төв дээр нэр шилжүүлээд явсан. Машинаа бол ерөөсөө үзүүлээгүй, үзье гэхэд бид янзлаад хүлээлгэж өгнө гээд ер халгаагаагүй. Тэгээд тэндээсээ шууд бидэнд үзүүлээгүй шууд унаад явсан. Энэ өдрөөс хойш үзүүлэхгүй явсаар 2018 оны 09 дүгээр сарын 28-нд бидэнд шууд унаад яв гээд хэдэн зүйлс заасан болж өгөөд пар нь унтрахгүй байна гэхээр би мэдэхгүй гэж Ц.Ганбаатар нь хэлсэн замдаа зогсож болохгүй шүү аккумлятор нь муу шүү гээд хэлсэн бид 2 хөгшин Герман машин ийм үнэтэй байдаг юм байх гээд унаад явсан. Гэтэл уг машиныг нь оношлогоонд оруулж засварлах зүйлсийг тодорхойлж Ц.Ганбаатарт 10 сарын эхээр хотод ирэхээр нь машиныг нь үзүүлсэн. Үүнд:

            1.Дугуй нь өвлийн дугуй, жолооч талын эсрэг дугуй нь хавантай, бүлтрэх шахсан, хойд 2 дугуй хээ муутай, 1 нь хавантай

            2.Хянахаа сольсон гэсэн гэтэл машинаа асааж яваад унтраагаад түлхүүрээ сугалж авахад түлхүүрнийхээ хажуугаар нь бал үзэг юмуу төмөр утас хийж байж түлхүүрээ сугалж авна

            3.Хөгжим нь ажиллахгүй, эвдэрсэн, танихгүй

            4.Пар нь унтрахгүй ихэсгэж, багасгаж ажиллаж явдаг, чихэнд маш төвөгтэй сонсогддог,

            5.Кондишн нь ажиллахгүй,

            6.Суудал нь халдаг гэсэн мөртлөө ажиллахгүй, суудлын бүрээс нь урагдсан учир ажиллахгүй

            7.Доод эд ангийг хамгаалсан элгэвч нь мултарсан бүгдийг нь нарийн төмөр утсаар бидний нүдэн дээр уяж, боож, скоч, нарийн төмөр утсаар боож байсан,

            8.Моторын масло солих, хар толгойлсон мотор цохих шахсан байсан,

            9.Хойд талын гэрэлнүүд шатсан, зөвхөн хойд багажны хаалганы гэрэл тормоз гишгэхэд л асна, урд манангийн гэрэл шатсан, сэтэрсэн, шаралсан,

            10.Муфт араа нь дуу орсон үүнийг солиход заавал 3 хосоор нь сольдог энэ нь 3 500 000 төгрөгийн үнэтэй,

            11.Багаж нь цоожлогдохгүй,

            12.Гадна өнгө үзэмж нь маш муу

            13.1 урд хэвтээ тэнцүүлэгч солих 2 урд доод гарын түлк солих

            14. Баруун зүүн шарнир солих,

            15.Зүүн хойд накладны түгжээ хийх,

            16.Махвек арааг хосоор нь солих гэх мэт ийм засваруудтай. Бид энэ машиныг 10 сараас хойш засварт 5 000 000 төгрөгийн засвар хийсэн боловч засвар дуусаагүй. Зарах гээд зах дээр бас зар өгөөд ч зарагдаагүй 8-9 000 000 төгрөгт зарагдах боломжтой байна. Энэ машин нь 40 000 000 төгрөгт үнэлэгдэж ирсэн машинаа яаж 8-9 000 000 төгрөгт өгөх билээ.

            Машинд засвар хийсэн:

            1.Хянах сольсон үнэ 3 5 000 000 төгрөг, ингэж түлхүүрээ сугалдаг болгосон.

            2.Хөгжим нь ажиллахгүй, засуулсан,

            3.Моторын масло сольсон, хар толгойлсон,

            4.Хойд тормосны гэрэл, гэрэл дохионы 2 гэрэл, подфарын 2 гэрэл, урд талын манангийн гэрэл зэрэг сольсон.

            5.Гадна өнгө үзэмжинд бүтэн дриллэн өнгөлгөө 300 000 төгрөгөөр хийлгэсэн

            6.Бүтэн угаалгад бүх зүйлийг нь угаасан 80 000 төгрөг гэх мэт засуулаад дээрх зүйлс дутуу мөнгө байхгүй учир засагдаагүй.

            Ц.Ганбаатар нь надад хэлэхдээ та татвараа төлчих дараа нь 2-уулаа хуваана гэсэн тэгэхлээр нь би бүх татвараа төлсөн. Үүнд

            1.Газрын эрх шилжүүлэх 850 395 төгрөг,

            2.Татвар 56 472 төгрөг,    

            3.Үл хөдлөх 300 000 төгрөг,

            4.ОАтатвар 65 000 төгрөг

            Ингээд бүх татвар 1 272 137 төгрөг төлснөөс Ц.Ганбаатар нь хэлсэндээ хүрэлгүй 453 900 төгрөг өгсөн, үлдсэн 182 700 төгрөг дараа өгнө гэсэн. Дараа нь одоо би малд ямар эм тариа хэрэглэх вэ гээд Ц.Ганбаатар нь хэлсэн, эм тариа ирэхээр би мөнгийг нь өгнөө гээд хэлсэн. Тэгээд би Англи улсад үйлдвэрлэсэн чанартай малын эмийг хэрэглэдэг болохоор хотоос 500мг-аар савласан лацтай шинэ эмийг зүү шприцтэй нь экометик 1ш, экотраз 1 л тус тус авч 117 000 төгрөг болсон. DDISH  телевизийн 20 000 төгрөг, кадастрын 75 000 төгрөг, ачааны машиныг минь унаад төв рүү явж байгаад 25 300 төгрөгөөр торгуулсан байснаа хэлээгүй нуусан. Ц.Ганбааратаас нийт эм тариа, кадастр, торгууль, татвар бүгд нийлээд 420 000 төгрөг, энэ залууд зүгээр бэлэглээд явсан эд зүйлээ гомдолтой учир үлдээмээргүй байна.

            Бид Ц.Ганбаатараас ийм зүйлээ авмаар байна.

            1.Одоо тугалах гэж байгаа нэмрийн гунж,

            2.”Сүү” ХК-иас бэлэглэсэн цэвэр хар тарлан эр тугал,

            3.Идэшний үхэр

            4.20 тонн контейнер энэ нь миний ажлын байр болно.

            5.Оросын 2 нүдний дуран, нарны зайны хөл,

            6.Гэрийн тооноос уядаг 25 кг туухай

            7.Сүмбэрийн усны шинэ шланк боодолтойгоо, хадаас тавлагч,

            8.Цэргийн майхан актлагдаагүй байгаа, 30 л шинэ кастрюл тагтайгаа

            9.G mobile антен

            10.Турбанууд, хаалга 2 ш, шинэ төмөр утас 3 боодол,

            11.Ногоон тор 3 боодол шинэ,

            12.120 л усны сав

            13.Сүү ХК-ийн өгсөн мөөгөн толгойтой 40 литр бидон 2 ш,

            14.Шинэ баасны тэрэг

            15.Огтлогч, 220-д залгадаг суурин хөрөө, сэрээ 1 ш, тармуур 1ш, лоом 1ш,

            16.Хөнгөн цагаан 1.6 тонн ёмкость

            17.Орон сууцны усанд ордог ванн,

            18.Тосон шприц,

            19.Шинэ 50 м татлага олс эдгээр зүйлсийг минь авч туслана уу.

Бид энэ залууд хулхидуулж, доромжлуулж, нэр хүндээ алдаж хүнд  муу хэлүүлж, бид хэд хэдэн удаа үлдээсэн эд хөрөнгөө авъя гээд очиход өгөхгүй, та нар дандаа ингэдэг улс байна лээ хуцах байлгүй гэж хэл амаар доромжилсон, бид энэ нутагт хар бага наснаасаа өдий хүртэл ажиллаж хөдөлмөрлөж 2018 онд 2 хөгшин Монгол Улсын аварга фермерээр шагнуулсан, сум орон нутаг, улс өндрөөр үнэлүүлсэн, бид хоёр хэзээ ч муу муухайгаар дуудуулж байсангүй, хамгийн сүүлд миний бие нь охин Н.Түвшинжаргалын хамт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очиж эвээр энэ хэдэн зүйлээ авъя гэхэд зайл нүдэнд бүү үзэгдээд бай гээд түлхэж нохойгоо туу туу гээд тавих гэж байсан, нохой нь над руу дайрсан би их айсан, Ц.Ганбаатар нь миний гарнаас татаад зайл гээд хөөж туусан, орсон гарсан хүмүүст бүгдэд нь муулж элдвээр хохь чинь гэж хэлсэн, тэгвэл чи үүнийгээ буцааж аваад мөнгийг нь өгчих гэхээр хохь нь гэж хэлсэн. Миний бие С.Баярмагнай энэ өдрөөс хойш маш хүнд өвдөж бүтэн сар гаран эмчилгээ хийлгэн одоо болтол гүйцэд эдгээгүй санаа зовинон явж байна. Бид эд хөрөнгөө Ц.Ганбаатарт хямд өгч, өгсөн машин тэрэг нь санаанд нийцэхгүй, засаад засвар авахгүй, засуулж өгнө гэсэн амлалтандаа хүрээгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйд гомдолтой байна. 40 000 000 төгрөгийн машин гэдэг бол цэмбэгэр тэрэг байх биз дээ. Тиймээс миний бие С.Баярмагнай нь эдгээр зүйлсээ авмаар байна. Контейнороо авчих юм бол ядаж нэг газар тавьчихаад шил, лааз цуглуулаад хоолны мөнгө хийх байх. Нэхэмжлэлийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: С.Баярмагнай миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сум Нарт баг өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байрлалтай 10х5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8х4 харьцаатай өвлийн байшин, 7х8 харьцаатай 2 машины граж, 20х9, 16х9 харьцаатай 2 өвлийн байшинтай үхрийн ферм, 4х3 харьцаатай өвлийн шувууны байр, 51 толгой үхэр зэргийг Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Волксваген Тоурег маркийн тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр тус тус үнэлж арилжааны гэрээ хийж авсан. Тухайн үед С.Баярмагнай миний бие өөрийн өмчлөлийн 3 үхэр, 20 тонны контейнер орос дуран зэргийг авч амжаагүй, дараа ирээд авъя гээд үлдээсэн. 2019 оны 02 дугаар сарын 04-нд охин Н.Түвшинжаргалын хамт дээрх эд зүйлсээ авахаар очиход та нарт юу ч өгөхгүй, хар нохойгоо аваад зайл таны эд зүйл хог дээр байна гэж хэлээд миний эд зүйлсийг өгөөгүй. Ц.Ганбаатарын надад зарсан тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан учраас 5 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн одоо пярда диск, хэвтээ тэнцүүлэгч, пар, тэнхлэг зэрэг зүйлсийг засварлах шаардлагатай байгаа.

Шүүхэд нэхэмжилсэн зүйлс нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үнэлсэн дараах эд зүйлсийг биет байдлаар болон дээрх эд зүйлс байхгүй бол үнэлгээгээр гаргуулах,

Үүнд:

1.Гунжин үхэр 1 500 000 төгрөг,

2.Цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг,

3.Хар тарлан идэшний үхэр 2 000 000 төгрөг

4.20 тонн контейнер 3 200 000 төгрөг,

5.Орос 2 нүдний дуран, нарны зайны хөл 180 000 төгрөг,

6.Гэрийн тооноос уядаг 25 кг туухай 20 000 төгрөг,

7.Усны шинэ шланк боодолтойгоо, хадаас тавлагч 200 000 төгрөг,        

8.Цэргийн майхан, 30 л шинэ кастрюл тагтай 2 ширхэг 1 500 000 төгрөг,

9.Жи мобайл антенн 120 000 төгрөг,

10.Турба 32 ш, 2.5 мм урттай 896 000 төгрөг,

11.хашааны тор 3 боодол 210 000 төгрөг,

12. Хаалга 2 ш 125 000 төгрөг,   

13.120 литрийн усны сав 2 ш 130 000 төгрөг,

14.40 литр бидон 2 ширхэг 320 000 төгрөг,

15.Шинэ баасны тэрэг 150 000 төгрөг,

16.Төмөр огтлогч, 220-д залгадаг суурин хөрөө 200 000 төгрөг,

17.Өвсний сэрээ  25 000 төгрөг,

18.Суурин таслагч 280 000 төгрөг,

19.Тармуур 25 000 төгрөг,

20.Лоом 20 000 төгрөг,

21.Хөнгөн цагаан 1.6 тонн ёмкость 1 800 000 төгрөг,

22.Орон сууцны усанд ордог ванн 150 000 төгрөг,

23.Тосон шприц 15 000 төгрөг,

24.50 метр хэмжээтэй татлага 50 000 төгрөг нийт 15 741 000 төгрөг

 

Иймд Төв аймаг, Борнуур сум, Нарт баг Өнжин гэх газар байрлах 15 741 000 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар болон дээрх зүйлс байхгүй бол хөрөнгийн үнэлгээгээр гаргуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, газрын кадастр, малын эм, тарианы мөнгө, машины торгууль, телевизийн торгууль болох 420 000 төгрөгийг тус тус Ц.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сум, Нарт баг, Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байрлалтай 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж, 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшинтай үхрийн ферм, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 51 толгой үхэр зэргийг Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Волксваген Тоурег маркын тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр тус тус үнэлж арилжааны гэрээ хийж авсан. Тухайн үед С.Баярмагнай миний бие өөрийн өмчлөлийн 3 үхэр, 20 тонны контейнер, ёмкость, орос дуран зэргийг авч амжаагүй, дараа ирээд авъя гээд үлдээсэн. Эд зүйлсээ үлдээснээс хойш нийт 3 удаа авахаар очсон бөгөөд 2019 оны 02 сарын 04-нд өөрийн охин Н.Түвшинжаргалын хамт дээрх эд зүйлсээ авахаар очиход "та нарт юу ч өгөхгүй, хар нохойгоо аваад зайл, таны эд зүйлс хог дээр байна” гэж хэлээд миний эд зүйлсийг өгөөгүй. Ц.Ганбаатарын надад зарсан тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан учраас 5 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн, одоо пирда диск, хэвтээ тэнцүүлэгч, пар, тэнхлэг зэргийг засварлах шаардлагатай байгаа. Шүүхэд нэхэмжилсэн эд зүйлсэд 2019 оны 07 сарын 09-ний өдөр шүүхээс үзлэг хийхэд цэвэр хар тарлан тугал, турба 15 ширхэг, огтлогч, нарны зайны хөл, татлага зэргээс бусад эд хөрөнгө биет байдлаар Ц.Ганбаатарын эзэмшилд байсан. Нэхэмжлэгч С.Баярмагнай  миний бие нэхэмжилж буй эд хөрөнгүүдийг Ц.Ганбаатарт байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан учраас биет байдлаар болон байхгүй бол үнэлгээгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч үзлэг хийсэн учраас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Ц.Ганбаатарт байгаа дараах 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар гаргуулах

1.Хар тарлан эр шүдлэн үхэр,  

2.Хар тарлан охин шүдлэн үхэр,

3.20 тонн контейнер,

4.Орос 2 нүдний дуран,

5.Гэрийн тооноос уядаг 25 кг туухай,

6.Усны шинэ шланк /боодол/,

7.Хадаас тавлагч,

8.Цэргийн майхан,

9.30 литрийн шинэ кастрюл, тагтай 2 ширхэг,

10.Жи мобайл антенн 1 ширхэг,

11.Турба 17 ширхэг,

12.Хаалга 2 ширхэг,

13.Хашааны тор 3 боодол,

14.120 литрийн усны сав 1 ширхэг,

15.40 литрийн бидон 2 ширхэг,

16.Баасны тэрэг 1 ширхэг,

17.220-д залгадаг суурин хөрөө 1 ширхэг,

18.Өвсний сэрээ 1 ширхэг,

19.Тармуур 1 ширхэг,

20.Лоом 1 ширхэг,

21.Хөнгөн цагаан 1.6 тонны ёмкость 1 ширхэг,

22.Орон сууцны усанд ордог ванн 1 ширхэг,

23.Тосон шприц 1 ширхэг,

 

Дараах эд зүйлсийг Ц.Ганбаатарт үлдээсэн боловч байхгүй байсан тул хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээ 2 998 000 төгрөг гаргуулах

Биет байдлаар байхгүй 5 төрлийн эд хөрөнгө байгаагаас нарны зайны хөлний үнэлгээ байхгүй тул нэхэмжлэхээс татгалзаж үлдэх дараах 4 төрлийн эд хөрөнгө байна.

 

1.Цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг,

2.Турба 15 ширхэг 168 000 төгрөг,

3.Суурин таслагч 280 000 төгрөг,

4.Татлага 1 ком 50 000 төгрөг,

 

Иймд Төв аймаг, Борнуур сум, Нарт баг, Өнжин гэх газар байрлах Ц.Ганбаатарын эзэмшилд буй эд хөрөнгөөс 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар, биет байдлаар байхгүй нийт 4 төрлийн эд хөрөнгийн үнэлгээ 2 998 000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, газрын кадастр, малын эм, тарианы мөнгө, машины торгууль, телевизийн төлбөр болох 420 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баярмагнай нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай Борнуур сум, Нарт баг, өнжин хэсэг, 8 дугаар гудамж, 1 тоотоос 4 тоот хаягт байрлалтай 10х5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8х4 харьцаатай өвлийн байшин, 7х8 харьцаатай 2 машины граш, 20х9 болон 16х9 харьцаатай хоёр өвлийн байшинтай үхрийн ферм, 4х3 харьцаатай шувууны байр, 51 толгой үхэр зэргийг Ц.Ганбаатартай арилжааны гэрээ байгуулж, Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлалтай 2 өрөө 30 мкв орон сууц /80 000 000 төгрөгөөр үнэлсэн/, Герман улсад 2004 онд үйлдвэрлэсэн Wolkswagen Toureg маркийн тээврийн хэрэгсэл /40 000 000 төгрөгөөр үнэлсэн/ гэх хөрөнгүүдийг хоорондоо солилцсон. С.Баярмагнай нь тухайн үед эд хөрөнгүүдээ солилцож, гэрээ хийгээд явахдаа өөрийн өмчлөлийн 3 үхэр, 20 тонны контейнер, ёмкость, орос дуран гэх зэрэг нийт 23 төрлийн эд зүйлүүдийг үлдээгээд явсан. Яагаад үлдээгээд явсан бэ гэхээр тухайн үед зөөх тээврийн хэрэгсэлийн боломжгүй байсан болохоор дараа ирж авъя гээд орхиод явсан. Үүүнээс хойш С.Баярмагнай нь өөрийн үлдээсэн эд зүйлээ авахаар охин Н.Түвшинжаргалын хамт 3 удаа очсон байдаг. Шүүхээс үхэрээс бусад эд хөрөнгүүдэд үзлэг хийхэд тухайн хөрөнгүүд нь хөдлөх эд хөрөнгүүд байсан. Тухайн үзлэг хийлгэх үед биет байдлаар нийт 23 төрлийн эд зүйл байсан. Үүнд хар тарлан эр шүдлэн үхэр, хар тарлан охин шүдлэн үхэр, 20 тонны контейнер, орос 2 нүдтэй дуран, гэрийн тооноос уядаг 25 килограммын туухай, усны шнэ шланк, цэргийн майхан, 30 литрийн шинэ кастрюл тагтайгаа 2 ширхэг, жи-мобайлын антен, 17 ширхэг труба, 2 ширхэг хаалга, хашааны тор 3 боодол, 120 литрийн усны сав 1 ширхэг, 40 литрийн бидон 2 ширхэг, баасны тэрэг 1 ширхэг, 220 вольтод залгадаг суурин хөрөө 1 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, тармуур 1 ширхэг, лоом 1 ширхэг, 1,6 тонны хэмжээтэй хөнгөн цагаан ёмкость 1 ширхэг, орон сууцны ванн 1 ширхэг, тосон шприц 1 ширхэг зэрэг эд хөрөнгүүд нь Ц.Ганбаатарын өмчлөлд биет байдлаар байгаа. Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дараах 4 төрлийн эд зүйл байхгүй байна. Цэвэр хар тарлан тугал /2 500 000 төгрөгийн үнэлгээтэй/. Энэ тугалыг “Сүү” ХХК-иас С.Баярмагнайд 2018 онд бэлэглэж байсан. Мөн трубанаас 15 ширхэг дутсан байсан /168 000 төгрөгийн үнэлгээтэй/, суурин таслагч /280 000 төгрөгийн үнэлгээтэй/, татлага олс /50 000 төгрөгийн үнэлгээтэй/ гэх эдгээр эд зүйлүүд байхгүй байсан учраас 2 998 000 төгрөг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үзлэгийн явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн биеэр байсан, хариуцагч Ц.Ганбаатар нь энэ эд зүйлийг өгч болно гэсэн тайлбарыг хэлж байсан. Өгөхгүй гэх зүйлүүд нь контейнер гэх зэрэг хөрөнгө байгаа юм. Ц.Ганбаатар яагаад зарим эд зүйлийн өгнө, зарим эд зүйлийн өгөхгүй гээд байгаа вэ гэхээр өөрөө авах санаа, зорилготой гэж үзэж байна. Иргэний хуульд өмчлөх зүйлээ гэрээгээр юм уу аман хэлцлээр шилжүүлдэг. Хэргийн материалд байгаа арилжааны гэрээнд нэхэмжилж байгаа нэр бүхий 23 зүйл дурдагдаагүй байгаа, эд зүйлүүдээ нэхэж 2, 3 удаа очиход энэ хүмүүс зураг авч, бичлэг хийдэг. Хариуцагч хариу тайлбартаа эдгээр эд хөрөнгүүд арилжааны гэрээний дагуу фермтэй дагалдаж ирсэн эд хөрөнгүүд гэж тайлбарладаг. Анхнаасаа С.Баярмагнай нь энэ эд хөрөнгүүдийг эргэж ирж авна гээд үлдээгээд явсан. Иймд дээрхи 23 төрлийн эд хөрөнгүүдийг биет байдлаар нь гаргуулж, байхгүй байгаа 4 эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний үнэлгээгээр нь буюу мөнгөн дүнгээр нь Ц.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй,  тухайн эд зүйлүүдийг хариуцагчид шилжүүлээгүй. Хариуцагч тал болохоор амаар хэлцэл хийж авсан гэж тайлбарладаг боловч бичгийн ямар нэг зүйлээр нотлогдоггүй. С.Баярмагнай нь өөрийнхөө үлдээсэн эд хөрөнгүүдийг нэхэж 3 удаа очсон байдаг. Энэ талаар бичлэг ч байдаг. Үүнийг давхар нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч тодорхой хэлж өгсөн. Нэг үхэр нь идэшний үхэр, нэг үхэр нь саалийн үхэр, нэг нь бэлэгний үхэр байсан. Яагаад өнөөдөр ийм маргаан үүссэн гэхээр Засаг даргын захирамжтай холбоотой асуудал байгаа юм. Эрх шилжүүлэхэд хууль ёсны байж байгаад, нотариатаар ороод шилжсэн. Үүний дараа үлдээсэн хөрөнгөө авъя гэтэл хариуцагч талаас газар эзэмших эрх цуцлагдсан, та сумынхантайгаа нийлж байгаад цуцаллаа гэж маргаан үүсээд үлдээсэн хөрөнгүүдийн өгөхгүй гэх асуудал үүсдэг. Мөн үлдээсэн хөрөнгүүдийг чинь өгөхгүй, энэ хөрөнгүүд арилжааны хэлцэлд орсон гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үзлэг хийх явцад энэ хүмүүс мэдээд авсан уу, эсхүл зүгээр л бид нарых гээд байгаа юм уу гэх хоёр өөр зүйл гарч ирж байна. Мэдэж авсан хүмүүс буюу хариуцагч бид нарыг очиход хаана юу байгаагаа мэдэхгүй байсан, хэлцэл хийгээд энэ зүйлүүдийг авсан нь эргэлзээтэй байна. С.Баярмагнайн “А” данс байгаа, мөн 2018 оны 12 дугаар сарын мал тооллогын Ц.Ганбаатарын “А” данс байгаа. Миний харснаар Ц.Ганбаатарын данс дээр 54, 55 мал тоологдсон байдаг. Энэ хүмүүсийн шилжүүлээгүй малыг Ц.Ганбаатарын нэр дээр тоолсон болохоос С.Баярмагнай “А” данснаас шууд шилжүүлсэн зүйл биш, С.Баярмагнай малаа орхиод явсан, сүүлд нь тоолсон л асуудал байгаа юм. Тугалны хувьд үзлэг хийхэд Ц.Ганбаатар тугалыг 2018 оны 10 сард үхсэн гэж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 сар гэж залруулж байх шиг байна. Үхсэн, хорогдсон малд тодорхойлолт заавал авах ёстой. Нэхэмжлэгч талаас тугалыг нь үзсэн гэх малын эмчтэй очиж уулзсан. Тэгэхэд малын эмч надаас тодорхойлолт авсан зүйл байхгүй гэж хэлсэн. Бид нарын зүгээс ийм тодорхойлолт олгож байгаагүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр шүүх гэдэг утгаар бичиж өгөхгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар үүнийг нотолно, та нар хамаа байхгүй гэж хэлж байсан. Гэхдээ нотлох баримтаа өнөөдөр авчирж өгсөнгүй. Дээрхи эд зүйлүүд нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмчлөлийн эд зүйл учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч өөрийнхөө өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл хадгалуулж үлдээгээгүй, хадгалалтын гэрээ байхгүй, шилжүүлж хэлцэл хийгээгүй учраас өмчлөгч нь С.Баярмагнай байсан, өөрийн өмчөө бусдын эзэмшлээс шаардаж байгаа юм. Нийт 23 төрлийн нэр бүхий эд зүйл биет байдлаар нь гаргуулах, 4 төрлийн эд зүйл байхгүй байгаа учраас эдгээрийн үнэлгээ буюу 2 998 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Баярмагнай нь 12 913 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг албадан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы үнэ болох 420 000 төгрөгийг гаргуулах тухай дурьджээ. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк хаягт "54 толгой малтай, 3 галуутай, 10 тооны тахиатай, хадлан газар тариалангийн зориулалт бүхий 60 га газартай, 2 га талбайтай өрхийн хэрэгцээний хашаажуулсан өмчлөлийн газартай, 2 байшинтай, контейнертай, пронтер маркийн машин, пад трактор, бойшиг сав, багаж хэрэгслэл болон энэ фермерийн аж ахуйд хэрэглэж байсан бусад хэрэглээний эд зүйлстэй нь иж бүрнээр зарна" гэсэн зарын дагуу тэнд бичсэн 89385757 дугаарын утас руу залгахад Н.Түвшинжаргал гэдэг эмэгтэй хүн утсыг аваад энэ зард тусгасан газар нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Өнжин гэдэг газарт байдаг ба миний аав, ээж тэр аж ахуйг эрхэлж байгаа. Аав ээж маань өндөр настай болж байгаа, бас зээ охиноо сургуульд оруулж харж хандан хот бараадах шаардлагатай байгаа юм гэсэн. Тэгээд би тэр зарах гээд байгаа объект, эд зүйлсийг нь газар дээр нь очиж үзээд, өөрийн амьдарч байсан иж бүрэн Солонгосын оргинал тавилгатай, засвар хийсэн хуучны 30 мкв, одоогоор 58 мкв хэмжээтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололдбайршилтай, 14 дүгээр байрны 170 тоот 2 өрөө байрыг 100 000 000 төгрөгт, Герман улсад үйлдвэрлэгдсэн, анхны үнэ нь 40 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан,  Монгол улсад орж ирээд 5 жил хэрэглэгдсэн, Volkswagen Touareg маркийн машиныг 20 000 000 төгрөгт бодож, фермерийн аж ахуйн объектийг 120 000 000 төгрөгөөр үнэлэн харилцан хоёр талаас тохирч наймаа хийхээр болсон. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 21-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, зарим эд зүйлийг ам хэлцлээр тохирч дээр дурьдагдсан объект эд зүйлс, мал амьтдыг аваад оронд нь өөрийнхөө байр, машиныг шилжүүлэн өгсөн.

Гэтэл бидний хооронд энэ ажиллагаа явагдсанаас хойш 3 сарын дараа С.Баярмагнай та нараас авсан машин чинь засвартай байна гэхэд нь бид 2 талаасаа ярилцаж тохиролцоод пронтер машинаа буцааж аваад зараад манай өгсөн машиныг засуулахаар болсон /энэ үед пронтер машиныг манай нэр дээр шилжүүлээгүй байсан ба өөрсдөө уг машиныг буцааж авах саналыг анх тавьсан юм/ бөгөөд пронтерийг 7 000 000 төгрөгөөр зарна гэж байсан. Мөн С.Баярмагнай гуай 11 сарын дундуур "Манай нөхөр Нараа ах чинь нэг газарт манаач хийх гэж байгаа тэнд тоггүй тул нарны акумлятор /280 000 төгрөг/,110 вольтын хөлдөөгч /620 000 төгрөг/, 120 вт толь /180 000 төгрөг/, пад тракторын шинэ акумлятор 1 ширхэг /300 000 төгрөг/ зэргийг хавар болтол хэрэглэж байгаад эргүүлж өгнө гэж хэлээд авсан боловч одоо болтол эргүүлж өгөөгүй. Уг нь эдгээр зүйл нь манайд зарсан объектод багтаж байсан юм. Мөн Монгол улсын хуульд зааснаар газрыг бусдад шилжүүлсэн хүн нь татвараа өөрөө төлөх ёстой байхад биднээс 10 дугаар сарын 22-нд "453 568 төгрөгийг газрын төлбөрт төлнө, эгчид нь мөнгө алга танайх гаргачих" гэж гуйгаад охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийлгэж авсан. Дараа бас 11 сарын 12-нд 5 газрын кадастрын мөнгө, малын эм тарианы мөнгө, DDSH-ний төлбөр гээд 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Бас 15 тооны хонь, ямаа нийлсэн бог малыг буцааж авсан. Ингээд манайд анх наймаандаа оролцуулж өгсөн эд зүйлсээсээ 10 000 000 гаруй төгрөгийн эд зүйлийг биднийг гуйж, дарамталж, буцааж авчихаад одоо хуулийн байгууллагаар далайлган дахин 10 000 000 гаруй төгрөг авахаар нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ хүмүүс нь заримдаа саймшраад сайн сайхан залуучуудтай орох орон, унаа тэрэгний наймаа хийлээ, өгсөн авсандаа өлзий болог гээд билэгшээгээд сайхан зан ааш гаргаад байхаар нь бид ч хүн чанар гаргаад машинаа өгч явуулахдаа Volkswagen Touareg машинд шинэ акумлятор аваарай гэж 300 000 төгрөгийг охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийж байсан. Энэ байдлаар настай хүмүүс гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаад байсан чинь улам ахиж даамжраад эрх шилжүүлэх гэрээ хийж шилжүүлсэн 5 газраасаа 14 га талбайтай нэг газрыг буцааж авна гээд хэрүүл хийгээд байхаар нь нэгэнт хийсэн наймаагаа нэг нэгээр нь буцааж авсаар байгааг чинь юу гэж ойлгох вэ гэхэд "сайн дураараа өгөхгүй бол хүчээр авна" гэж заналхийлээд явсны дараа сумын Засаг дарга тэр буцааж авах гээд байсан 14 га газрыг нь манай нэр дээр эзэмшлээр олгохгүй "хурааж авлаа" гэж амаар мэдэгдсэн. Энэ байдлаас үзэхэд С.Баярмагнай гуайд би төлөх ямар ч өр төлбөр байхгүй, харин ч эзэмшил газраа ямар ч асуудалгүй шилжүүлээд өгчихнө гээд 120 000 000 төгрөгөөр үнэлсэн объектдоо оруулж тооцсон 14 га талбайтай газар тариалангийн зориулалттай 1 газар, хадлангийн зориулалттай 5 га газрыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөөгүй залилан мэхэлсээр байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Мөн хэл амаар доромжилсон, заналхийлсэн, нэр хүндийг гутаасан, санаа сэтгэлд дарамт учруулсан, хуурч мэхлэсэн, гэмт үйл ажиллагаанд төрийн эрх бүхий ажилтныг ашиглаж байгаа зэрэг хууль зөрчсөн асуудлуудыг нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуудан гаргасан шаардлага тодруулсан, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дурьдаад байгаа гаргуулах хөрөнгө нь талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээнд багтсан зүйл байхад өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйн бүрдэл хэсэгт багтсан эд зүйлийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэг. Гаргуулах эд хөрөнгийн хувьд, нэр дурьдсан эд хөрөнгөөс:

1.Гунжин үхэр нь арилжааны гэрээгээр шилжүүлсэн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, ямар зүстэй үхрийг хэлж байгаа нь ойлгомжгүй

2.Цэвэр хар тарлан тугал нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, энэ тугал өнгөрсөн 03 сард үхсэн.

3.Хар тарлан идэшний үхэр нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан. Идэш болгох байсан бол арилжаа хийх үед салгаж авах боломжтой байхад авч үлдээгүй.

4.Нэхэмжлэлийн 5 дугаарт байгаа нарны зайны хөл, 10 дугаарт байгаа турбанууд, 21 дугаарт байгаа тосон шприц, 22 дугаарт байгаа 50м хэмжээстэй татлага зэрэг нь манайд байхгүй.

5.Бусад эд зүйл нь байгаа, эдгээр нь фермийн иж бүрдэл, арилжааны гэрээнд багтсан зүйлс учир буцааж өгөхгүй.

Хоёр. Төлсөн гэх мөнгөний хувьд:

1.Үл хөдлөхийн татварт төлсөн гэх 182 700 төгрөгийн хувьд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан бөгөөд хэн аль нь үнийн зөрүү гаргаагүй учир татвар төлөөгүй.

2. Кадастрт төлсөн гэх 75 000 төгрөгийн хувьд аль хөрөнгийн кадасртыг хэлж байгаа нь ойлгомжгүй

3.Малын эм тарианы мөнгөний хувьд хариуцагч нэхэмжлэгчээс эм тариа авч, хийж өгөхийг хүсээгүй

4.Машины торгууль нь хэзээ хариуцагчийн эзэмшилд ямар машин байх үед гаргасан ямар зөрчилд ногдуулсан торгууль болох нь тодорхойгүй

5.Телевизорын төлбөр нь хэзээнээс хэзээ хүртэлх хугацааны ямар дугаартай төхөөрөмжийнх болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 онд арилжааны гэрээ байгуулагдсан, уг гэрээн дээр хэн аль нь маргаагүй. Гэрээний зүйл нь нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэлтэй нэр дурдсан хөрөнгүүд, эрх бүхий этгээдээс олгогдсон газар эзэмших гэрчилгээтэй газрууд,  хариуцагчийн зүгээс өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц, машины хамт харилцан хөрөнгүүдээ солилцсон. 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч арилжааны зүйлд багтсан эд зүйлээ нэхэж ирдэг, тэр нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй хөдлөх эд зүйл байсан. Тухайн үед нэхэмжлэгч манай нөхрийн ажилд хэрэгтэй байна гэх зэргээр ирж хүсэлт тавьхад нь хариуцагч хэрэглээд өгөөрэй гээд буцаагаад өгсөн. Үүний дараа дахиж 2018 оны сүүлээр ирэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа зүйлийг авна гэж ирснээс маргаан үүссэн. Ц.Ганбаатар “бидний арилжааны зүйлд багтсан зүйлүүдийг та бага багаар нь буцааж авч байгаа чинь шударга бус байна, буцааж өгөхгүй” гэдгээс болж маргаан үүссэн. Нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдаад байгаа шалтгаан нь тухайн үед авч явах боломжгүй байсан учраас хадгалуулж үлдээсэн гэж тайлбарладаг. Газар дээр нь шүүхээс үзлэг хийх явцад С.Баярмагнай би эд зүйлүүдийг бэлэглэсэн гэдэг. Тэгээд та яагаад буцаагаад авах гээд байгаа юм бэ гэхээр би гомдсон учраас буцаагаад авах гэж байна гэх тайлбарыг мөн хэлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч үлдээгээд явсан зүйлүүдээ буцааж нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Арилжааны гэрээний асуудлаас үүссэн маргаан юм уу, бэлэглэгчээ гомдоосноос үүссэн маргаан юм уу, эсхүл хадгалалтаас үүдсэн маргаан юм уу ойлгомжгүй байна. Энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн маргаан бол биш, тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Хариуцагч талаас юу гэж маргадаг вэ гэхээр бид улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа хөрөнгөө харилцан солилцсон, хөдлөх хөрөнгүүдээ нэг бүрчлэн тооцоогүй, ийм болохоор тухайн үедээ хэлцлийг хийсэн гэж үзэж байна гэж маргадаг. Нэхэмжлэгчийн  дурдаад байгаа 23 нэр төрлийн эд зүйлүүд байгаа боловч Ц.Ганбаатар хэрүүл, маргаан хийж байхаар энийг өгье, харин иж бүрдэлтэй байгаа зүйлүүдээ өгөхгүй гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө нь үнийн дүнгээрээ бага байсан, машин нь доголдолтой, тохирсон үнийн дүнд хүрэхгүй байсан гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч өнөөдөр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг үндэслэн нэхэмжилж байна гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна.  Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн арилжааны гэрээгээр Ц.Ганбаатарын зүгээс нэг үл хөдлөх эд хөрөнгө, С.Баярмагнайгийн зүгээс дараалан бичсэн 8 үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 100 000 000 төгрөгөөр тохиролцож арилжсан. Талуудын гаргаж байгаа тайлбараар энэ арилжааны хэлцэлд фермерийн аж ахуйг дагаж тариалангийн газар гэж нэрлэгдэж байгаа 5 газрын асуудал эзэмших эрхээр яригдаж байна. Эзэмших эрхээр байгаа учраас энэ нь арилжааны зүйл болох ёсгүй, тийм учраас арилжааны гэрээнд тусгагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Хэн аль тал нь 5 газрын тухай ярьдаг. Хэрэгт авагдсан баримтаар, хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн 49 га газар буюу 3 га газар нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээгээр нотлогддог. Маргааны зүйл болоод байгаа 14 га, 5 га газар нь хариуцагч Ц.Ганбаатарт эзэмших эрх нь шилжиж ирээгүй. Энэ эзэмших эрхийг нэхэмжлэгч тал Ц.Ганбаатарт шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, маргаан эндээс бий болсон. Бичлэгт үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч С.Баярмагнай хариуцагч Ц.Ганбаатарын өмчлөлийн орон байранд очиж туухай, шанага нэхсэн байдал нь нотлогдож байна, өнөөдрийн 23 нэр төрлийн зүйлийг нэхэмжилж ирээгүй. Нэхэмжлэгчийн хийсэн видео бичлэг, гэрэл зураг нь оршин суугчийн зөшөөрөлгүй авагдсан боловч агуулгынхаа хувьд 23 төрлийн нэр бүхий эд зүйлийг нэхэж очоод байгаа байдал нь мэдэгдэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар тугал 2018 оны 03 дугаар сард бэлгэнд ирсэн байна. С.Баярмагнай 2017 онд малаа тоолуулсан, энэ тугалыг малын “А” дансанд бүртгүүлээгүй байсан. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын мал тооллогын “А” дансны баримтаар хариуцагч дээр 54 тооны мал тоологдсон, энэ “А” дансны бичилттэй холбоотойгоор нэхэмжлэгч маргаан үүсгээгүй. Нийт малаас 3 үхрийг нь над дээр бичих ёстой байсан гэж маргаан үүсгээгүй. Идэшний үхэр, хүүхэддээ сүүг нь өгөх гэж байсан гунжин үнээ, үхдэг тугалтай нйилүүлээд энэ 3 үхрийн хувьд танайд хадгалуулахаар үлдээж байгаа шүү гэж талуудын хооронд хэлцэл хийгдээгүй. Нэхэмжлэгч манайх төв суурин газар очиж амьдрах гэж байгаа айл, 2 хөгшин, 1 нялх хүүхэдтэй. Энэ хөдөө хэрэглэгдэж байгаа зүйл манайд хэрэггүй, бүгдийг нь та нарт үлдээгээд явна, эндээс өмсөж байгаа хувцастайгаа явна гэж ярьсан. Талуудын хооронд хийсэн хэлцлээс нэхэмжлэгч олон зүйл буцааж авсан, үүнийг гэрчүүд ч хэлж байна, талууд ч тайлбарлаж байна. Volkeswagen Toureg гэх машин Буянжаргалын нэр лүү шилжсэн, газрууд бол нэхэмжлэгчийн нөхөр Наранбаатарын нэр дээрээс шилжиж ирсэн. Тэгэхээр талуудын хооронд арилжааны гэрээ болон хэлцэл хийгдсэн байна. Ингэхдээ хоорондоо хэрэглэж байсан эд зүйлээ харилцан солилцоод энэ гэрээ хийгдсэн байна гэж үзэж байна. Арилжааны гэрээтэй холбоотойгоор үүсч гарч ирж байгаа шаардлагаа нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хариуцагчийн талд байгаа хууль бус эд хөрөнгөөс байгаа эд зүйлээ шаардана гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ц.Ганбаатар нэхэмжлэгчийн захиад үлдээсэн юмыг эсхүл Ц.Ганбаатарын өмчлөлийн гадна талд байсан зүйлийг өөрийнхөө өмчлөлд оруулсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч тал бусдын өмнөөс төлсөн төлбөрөө шаарддаг. Арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгүүдэд татвар төлсөн гэж байна. Арилжааны гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө нь дээр ямар ч татвар төлөгддөггүй. Татварын тухай хуульд энэ талаар заасан байдаг. Хэн нэгэн эндээс олз ашиг олоогүй. Арилжааны гэрээн дээр зөрүү гарсан тохиолдолд зөрүү үнэнээс хэн илүү их орлого олж байна тэр тал татвар төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татварт төлсөн 182 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ц.Ганбаатарт шилжүүлсэн 5 газрын кадастрын мөнгө 75 000 төгрөг болсон. Нэг газар нь 15 000 төгрөг байсан гэж тайлбарлаж байна. Тухайн цаг үед газрын кадастрын зургийг хэн хийлгэж байна, тэр тал нь төлнө гэдэг нь баримтаар нотлогддоггүй. Малын эм, тарианы мөнгийг хэрэгт авагдсан баримтаар судлаад үзэхээр нэхэмжлэгч талаас 2018 оны  09 сард энэхүү эм тариануудыг авсан гэж тайлбарлаж байна. Энэ баримтаар нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байх хугацаанд авч байсан эм тариа нь байна гэж дүгнэж байна. Ddish-ийн төлбөрийн хувьд гэрч Н.Түвшинжаргал энэ төхөөрөмж нь миний нэр дээр бүртгэлтэй байсан, энэ төлбөрийг би төлсөн гэж тайлбарласан. Иймд С.Баярмагнай нь Ddish-ийн төлбөрийг шаардах эрхтэй этгээд биш юм. 0486УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 25 000 төгрөгийн торгууль төлсөн гэдэг, уг машин нь Н.Түвшинжаргалын өмчлөлийн машин тул С.Баярмагнай нь торгуулийн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баярмагнай нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан “12 913 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы мөнгө болох 420 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

 “15 741 000 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар болон дээрх зүйлс байхгүй бол хөрөнгийн үнэлгээгээр гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, газрын кадастр, малын эм, тарианы мөнгө, машины торгууль, телевизийн торгууль болох 420 000 төгрөг” гаргуулах,

 “23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын кадастрын үнэ, малын эм, тарианы үнэ, машины торгууль, DDSH TV-ийн төлбөр нийт 420 000 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ” байгуулжээ. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд гэрээний талууд тодорхой тооны эд хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэг хүлээдэг. Гэрээний талууд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлж арилжааны гэрээ байгуулсан болох нь гэрээ /хх-14/, талуудын тайлбараар тогтоогдсон буюу зохигчдын хооронд хуульд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ харилцан бие биенийхээ өмчлөлд шилжүүлээгүй /гэрээнд тусгагдаагүй/ тул 23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын кадастрын үнэ, малын эм, тарианы үнэ, машины торгууль, DDSH TV-ийн төлбөр нийт 420 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа тухайн эд хөрөнгө арилжааны гэрээнд тусгагдаагүй боловч аман хэлцлээр тохирч харилцан өмчлөлдөө шилжүүлснээс гадна нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үндэслэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч С.Баярмагнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 23 төрлийн хөдлөх эд хөрөнгө, 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын кадастр, малын эм, тариа, машины торгууль, DDSH TV-ийн төлбөрт нийт 420 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолт /хх-123/ -ийг үндэслэж  4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үнэлгээчин /“Хөрөнгө-Эстимэйт” ХХК/, үйлчлүүлэгч / С.Баярмагнай/ нар харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй боловч, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулаагүй, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлээгүй байгаа нь уг тодорхойлолтоор тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ 2 998 000 төгрөг шаардах үндэсгүй байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнэ 187 000 төгрөг, газрын кадастрын үнэ 75 000 төгрөг, малын эм, тарианы үнэ 117 000 төгрөг, DDSH TV-ийн төлбөр 20 000 төгрөг төлсөн баримт хэрэгт цуглараагүй, 0486УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Түвшинжаргал /хх-95/ байх тул машины торгууль 25 000 төгрөгийг С.Баярмагнай нэхэмжлэх эрхгүй болно. Хариуцагч тал нэхэмжилж буй эд хөрөнгийг арилжааны гэрээнд тусгаагүй ч аман хэлцэл хийж тохирсон гэж тайлбар гаргасан бөгөөд хуульд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заажээ. Талууд амаар  хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн “миний бие нь ... Цэрэнхандын Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө ... газрыг арилжааны гэрээ  болон аман гэрээ байгуулж ...” /хх-1/ гэх тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу эд хөрөнгөө шаарджээ. Шаардах эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч буюу С.Баярмагнай бөгөөд эзэмших эрхгүй этгээд буюу хариуцагч Ц.Ганбаатараас шаардах эрхтэй боловч 106.1 дэх заалт нь үүргийн эрх зүйн шаардах эрх бус харин гэрээний бус үүрэг буюу дундын өмчөөс үүсэх  үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарахаар байна. Тодруулбал нэхэмжилж буй эд хөрөнгө нь  анхнаасаа талуудын дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө байсан эсхүл хариуцагч Ц.Ганбаатар нь нэхэмжлэгч С.Баярмагнайгийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эд хөрөнгөнд нь гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрх үүснэ.

 

Зохигчид маргаан үүссэн шалтгааныг газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн гэрээнээс үүдэлтэй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ тухай дурдаагүй, хэрэгт авагдсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн гэрээ нь /хх-20-25/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, өөрийн дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар С.Баярмагнайн нэхэмжлэлтэй Ц.Ганбаатарт холбогдох “23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг /цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг, труба 15 ширхэг 168 000 төгрөг, суурин таслагч 280 000 төгрөг, татлага 1 ком 50 000 төгрөг/ гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнэ 182 000 төгрөг, газрын кадастрын үнэ 75 000 төгрөг, малын эм, тарианы үнэ 117 000 төгрөг, машины торгууль 25 000 төгрөг, DDSH TV-ийн төлбөр 20 000 төгрөг нийт 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-4, 126-128, 178-179/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7, 54/, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт /хх-8/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолт /хх-12-13, 123/, үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ /хх-14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15-19/, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын албан бичиг /хх-53/, гэрэл зургын үзүүлэлт /хх-58, 60-61, 63-65, 145-149/, итгэмжлэл /хх-66-68/, Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолт, хавсаргасан баримт /хх-94-110/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017-2018 оны тооллогын баримт /хх-111-115/, “Сүү” ХК-ийн тодорхойлолт /хх-144/, үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-159-174, 191-193/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийг үндэслэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан торгуулийн баримт /хх-10/, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших гэрчилгээ /хх-20-25/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, кассын орлогын ордер /хх-11/, засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-26-33/, Төрийн банкны баримт /хх-55-57/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-59, 62/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-74-81/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-116/ зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар С.Баярмагнайн нэхэмжлэлтэй Ц.Ганбаатарт холбогдох “23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг /цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг, труба 15 ширхэг 168 000 төгрөг, суурин таслагч 280 000 төгрөг, татлага 1 ком 50 000 төгрөг/ гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнэ 182 000 төгрөг, газрын кадастрын үнэ 75 000 төгрөг, малын эм, тарианы үнэ 117 000 төгрөг, машины торгууль 25 000 төгрөг, DDSH TV-ийн төлбөр 20 000 төгрөг нийт 420 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР