| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/03056/И |
| Дугаар | 101/ШШ2022/03882 |
| Огноо | 2022-09-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/03882
| 2022 о 09 с 27ө | Дугаар 101/ШШ2022/03882 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, …-р хороо, …-р хороолол, .. байр, … тоотод оршин суух, … овогтой … /рд:…/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ..-р хороо, …-д байрлах, .../рд:…/-д холбогдох,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж, түүний өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., Л.Энхтайван, нарийн бичгийн дарга Э.Мөнх-Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...... ... төрийн өмчит хувьцаат компанитай 2022 оны 7 дугаар 2-ны 2022/242 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 03 сар хүртэл ажил гүйцэтгэсэн. Б.... 2021 оны 11 дүгээр сарын 30-нд ковид 19 өвчний халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийгдэж байхад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... ТӨХК-н Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн Дэд захирлын ажлын байр хасагдсантай холбоотой 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ... ТӨХК-н захирлын ...тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд үндэслэлгүйгээр гаргасан 2022 оны 03 сарын 31-ны өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б....гийн үндсэн цалин сарын 1,782,960 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно. Иймд 2022 оны 3 сарын 31-ний өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж өгнө үү. Б.... улсад 32 жил, эрчим хүчний салбарт 10 жил ажилласан хүн ба аж ахуй эрхэлсэн дэд захирал хийх боломжтой гэж үзэж байна. Б....г өвчтэй байхад нь ТУЗ-ийн тогтоол гарсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 60.4-т зааснаар дотоод аудитороор томилох боломжтой байсан ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., Л.Энхтайван нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Баянжавын ...гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон. Нэг. Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдсан тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол хэрэгжүүлэхийг даалгасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны А-1/354 тоот албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн 3-т Зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар ... арга хэмжээ авах албан даалгаврыг өгсөн байдаг.
Үүний дагуу дээрх албан даалгавар болон ажлын байрны эрх, үүргийн давхардлын талаарх компанийн дотоод аудиторын дүгнэлт зэргийг харгалзан ... төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалтад Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2021 оны 24 тоот тогтоолоор шинэчлэн баталсан.
Хоёр. Иргэн Б....гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй талаар:
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байхад ажлын байрыг хэвээр хадгална гэж заасныг хэрэгжүүлэн нэхэмжлэгч Б....г эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгалсан. Улмаар Б....гийн эмнэлгийн магадалгааны хугацаа дуусаж ажилдаа эргэн орж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад (Б....гийн цагийн бүртгэлийг хавсаргав.) буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3- т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг Хуулийн мэргэжилтэн ..., Хүний нөөцийн менежер ..., Бичиг хэргийн ажилтан Б.Баярмаа нарын бүрэлдэхүүн уншиж мэдэгдэн, гардуулахад Б-... нь та бүхний мэдэгдлийг сонслоо, танилцлаа, ойлголоо, зөвшөөрч байна, нэг хувийг нь би авъя гэж хариулсан. Үүний дагуу мэдэгдэх хуудасны нэг хувийг нь Б....д өгч, энэ талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. дэх заалтад аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б....гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай" ...тушаалаар Б....д тэтгэмж олгох асуудлыг хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэсэн. Тухайлбал:
1. Б....д Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар 1,344,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн.
2. Б....д Гүйцэтгэх захирлын 2022 оны ...дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 4 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 16,144,457 төгрөгийн тэтгэмж олгосон.
3. Б....д 2022 оны 3 дугаар сарын үр дүнгийн урамшуулалт цалинд 891,480 төгрөг, нийт 18,379,937 төгрөгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь Голомт банкны хувийн дансанд тус тус шилжүүлсэн.
Ажил олгогч нь Б....гийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Итгэмжлэл 1 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 31-ны өдрийн ...дугаартай Б....гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар хувь 2 хуудас, ... ТӨХК-ийн ...2022 оны 2 сарын 23-ны өдрийн тодорхойлолт 1 хуудас, 2020 оны 7 сарын 02-ны өдрийн 2020/242 дугаартай Хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 сарын 10-ны өдрийн А/81 дугаартай төлөөлөгч томилох тухай тушаал 1 хуудас, ... ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 24 дугаартай Удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт хуулбар хувь 2 хуудас,
Хариуцагч талаас бүрдүүлсэн нотлох баримт: ... ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, ажил хүлээлцэх хуудас 2 хуудас, цалингийн карт 1 хуудас, нэг удаагийн тэтгэмж олгох тооцоолол 1 хуудас, төлбөрийн даалгавар 1 хуудас, мэдэгдэх хуудас 1 хуудас, нотлох баримт гэх баримт 1 хуудас, ... ТӨХК-ийн удирдлагуудын 2022 оны 3 сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ 2 хуудас, ... ТӨХК-ийн удирдлагуудын 2022 оны 3 сарын 25-ны өдрөөс 2022 оны 4 сарын 7-ны өдрийн ирцийн мэдээ 2 хуудас, ... ТӨХК-ийн удирдлагуудын 2022 оны 2 сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 сарын 10-ны өдрийн ирцийн мэдээ 2 хуудас, ... ТӨХК-ийн удирдлагуудын 2022 оны 2 сарын 11-ний өдрөөс 2022 оны 2 сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ 2 хуудас, Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажлын байранд хийсэн дүгнэлт 1 хуудас, Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 7-ны өдрийн Б/279 дугаартай ажилд томилох тухай тушаал 1 хуудас, Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 21 дугаартай ...цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд эрх олгох тухай тогтоол 1 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн ...дугаартай Б....гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал 2 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 25-ны өдрийн Б/63 дугаартай Мөнгөн тусламж олгох тухай тушаал 1 хуудас, төлбөрийн даалгавар 1 хуудас, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 02-р сарын 26-ны өдрийн А-1/354 тоот Албан даалгавар хүргүүлэх тухай албан бичиг 1 хуудас, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 71 дугаартай ... ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол, түүний хавсралт хуулбар хувь 13 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 сарын 8-ны өдрийн А/96 дугаартай төлөөлөгч томилох тухай тушаал 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 2022 оны 6 сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл 2 хуудас, гэрч Б.Баярмаа, ... нарын гэрчийн мэдүүлэг 4 хуудас, ... ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 сарын 18-ны өдрийн 16 дугаартай Удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт хуулбар хувь 2 хуудас, цалингийн карт 1 хуудас, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 5 сарын 18-ны өдрийн А-1/947 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг 1 хуудас, Эрчим хүчний сайдын 2022 оны 5 сарын 16-ны өдрийн а/1953 тоот Удирдамж өгөх тухай албан бичиг 1 хуудас, ... ТӨХК-ийн Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт 6 хуудас, ... ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 сарын 2-ны өдрийн 24 дугаартай Удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт 2 хуудас, ... ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2021-2022 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ 11 хуудас, ... ТӨХК-ийн аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт 5 хуудас, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 сарын 18-ны өдрийн Б/118 дугаартай Б.Уртнасангийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал 2 хуудас, 2022 оны 4 сарын 4-ний өдрийн Б/75 дугаартай Б.Уртнасанг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал 2 хуудас, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн а/4241 тоот удирдамж өгөх тухай албан бичиг 1 хуудас, ... ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн 09 дугаартай дэлгэрэнгүй тэмдэглэл 8 хуудас,
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.... хариуцагч ... ТӨХК-д холбогдуулан ... ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн ...дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах-аар нэмэгдүүлсэн.
Хариуцагч тал бүтцийн өөрчлөлтөөр санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоо хасагдсан, одоо дэд захирлын орон тоо огт байхгүй болсон, хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгсөн ба тэтгэмж олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Б.... ... ТӨХК-д санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлаар 2020 оны 7 дугаар сараас томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн ...дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор ... ХХК-ийн хэлбэрийг 100 хувь төрийн өмчит бие даасан хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, дүрмийг баталсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтаар тогтоогдож байна. /хх-45-57/
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч тал 2020 оны ТУЗ-ын тогтоолоор санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоо байсныг нотлохын тулд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан ба хариуцагч тал санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоо 2020 оны ТУЗ-ын тогтоолоор байсантай маргахгүй гэж тайлбарласан тул шүүхийн зүгээс ... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны тогтоолыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэнийг дурдав.
... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор, компанийн орон тооны дээд хязгаарыг 186 байхаар тогтоож, санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоо хасагдсан болох нь ... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар тогтоогдож байна. /хх-114-115/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхтэй байна.
... ТӨХК-ийн дүрмийн 1.3, 1.4-т ...нь ашгийн төлөө, хуулийн этгээд байх ба нийт хувьцааны 70 хувийг ..., 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх-ээр заажээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ... ТӨХК-д 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэмнэлтийн горимд шилжиж, чиг үүргийн давхардлыг арилгах замаар бүтэц орон тоог оновчтой болгох, зардлыг бууруулах ....талаар албан даалгаврыг, Монгол Улсын Эрчим хүчний сайдаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах албан бичгийг тус тус хүргүүлсэн болох нь ... 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-1/354 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны а/4241 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-44, 143/
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, 2021 оны 43 дугаартай тогтоол, ... 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-1/354 дугаартай албан бичгийг үндэслэн ... ТӨХК-ийн санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажил үүргийн хуваарьт заасан 44 заалтыг ...дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, 36 заалтыг хангамжийн хэлтсийн дарга хэрэгжүүлэг буюу 82 хувь нь давхардсан гэх дүгнэлтийг ... ТӨХК-ийн дотоод аудитор Б.Бямбасүрэн гаргажээ. /хх-37/
Компанийн дүрмийн 8-д Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг зохицуулсан байх ба 8.3.4-т компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, зардлын дээд хязгаарыг батлах гэж заасны дагуу ... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор, компанийн орон тооны дээд хязгаарыг 186 байхаар тогтоосон нь ... ТӨХК-ийн дүрэм, Компанийн тухай хууль, Засгийн газрын төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 43 дугаар тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйл, 11 дүгээр зүйл зэрэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагчийг үндэслэлгүйгээр санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоог байхгүй болгосон гэж үзэх үндэслэл баримтаар тоогдохгүй байна.
Түүнчлэн ашгийн төлөө хуулийн этгээдийг ажил үүргийн давхардлыг арилгаж, орон тоог бууруулах замаар зардлаа хэмнэсэн арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ... ТӨХК-д 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах чиглэл бүхий удирдамж, Монгол Улсын Эрчим хүчний сайдаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах удирдамжийг тус тус хүргүүлсэн болох нь ... 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А-1/947 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 05 дугаар сарын 16-ны а/1953 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-106-107/
... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газрын тогтоолын хүрээнд хувьцаа эзэмшигч болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ...наас өгсөн удирдамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16 дугаартай тогтоол гаргаж, бүтэц орон тооны дээд хязгаарыг 184 болгож, аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоог хассан, үүнтэй холбоотой аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирал Б.Уртнасанг ажлаас нь чөлөөлсөн болох нь ... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай тогтоол, ... ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/118 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-103, 132/
... ТӨХК-иас Б....д ... санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын орон тоо хасагдсан... гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож цуцлахыг мэдэгдэх хуудсаар 2022 оны 02 сарын 28-ны өдөр мэдэгдсэн болох нь мэдэгдэх хуудас, гэрч ..., Б.Баярмаа нарын мэдүүлэг, хариуцагч талын тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өвчтэй байхад ажлын байр хадгалалгүй ТУЗ-ын тогтоол гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн 60.4-т нийцээгүй, аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлаар томилоогүй... гэж тайлбарлаж, тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан санхүү, хангамж эрхэлсэн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч талын дурдаж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.4 дэх заалтаар ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсон гэх баримтгүй, энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүйг дурдав.
... ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын дагуу ... ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтыг баталсан болох нь ... ТӨХК-ийн аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт гэх баримтаар тогтоогдож байна. /хх-127-130/
Нэхэмжлэгч тал ...аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлаар ажиллах боломжтой... гэж тайлбарлаж байх боловч Б.... ... ТӨХК-ийн аж ахуй, хангамж эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй. /хх 127-131/
Ажил олгогч тал ажилтан Б....г ажлаас чөлөөлөхдөө 4 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэж, 16,144,457 төгрөгийг Б....гийн дансанд шилжүүлэн өгсөн болох нь ... ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн ...дугаар тушаал, нэг удаагийн тэтгэмж олгох тооцоолол, төлбөрийн даалгавар зэргээр тогтоогдож байна. /хх-25-26, 40/
Б.... 2018 оны 5 дугаар сараас эхэлж хариуцагч байгууллагад 4 орчим жил ажилласан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба ажил олгогч 4 сарын тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заасанд нийцжээ.
... ТӨХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэл, ... ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот тушаалыг хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талын ...дотоод аудитороор томилох боломжтой... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба дотоод аудиторын албан тушаалд ажиллахаар хүсэлтээ гаргаж, харилцан тохиролцсон гэх баримтгүй, дотоод аудиторын албан тушаалын сул орон тоо байсан гэж үзэх баримтгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч ... ТӨХК-д холбогдох 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /2022 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ТӨХК-д холбогдох 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ