Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2020/00016

 

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 151/ШШ2020/00879 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 61.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

60.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2016 оны 5 дугаар сард*******гээс бэлнээр 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2 сарын дараа мөнгө авах гэсэн боловч хариуцагч зээлсэн мөнгөө өгөөгүй болно. Улмаар хариуцагч******* нь зээлсэн 20.000.000 төгрөгийн оронд өөрийн хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл, чийрэг хүрэн азаргыг 80.000.000 төгрөгт үнэлэн *******т өгөхөөр тохиролцсон. ******* нь үнийн дүнгийн зөрүү болох 60.000.000 төгрөгт өөрийн өмчлөлийн их гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөргийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд тооцон шилжүүлж, үлдэх 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 11 дүгээр сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг*******гээс авч тэжээн уях болоход хөл нь доголоод уяж болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь*******д мэдэгдсэн. ******* нь хүрэн азаргаа шүдлэн байхад нь тарган уясан тул хөл нь муудсан тухай хэлж, азаргаа эргүүлж аваад ******* нь азаргыг нь аваачиж өгөөд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг болон 30.000.000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй. Мөн ******* нь эхнэрийнхээ дүү болох Саранчимэгээс мөнгө зээлж,*******гийн ХААН банкны данс руу мөн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд*******гээс 50.000.000 төгрөгийн хөөргийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, мөн 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилж байна.*******гээс хөөрөгний үнэ 30.000.000 төгрөг, 31.500.000 төгрөг нийт 61.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2015 оны зун миний хүрэн үрээг авъя гэж гуйгаад би өгөөгүй юм. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ******* манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, би *******ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж зарсан юм. Ингэж наймаа хийж тохирсныг олон хүн мэдэж байгаа. Наймаагаа хийгээд гар барихад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тасалсан бөгөөд, тэр хүн гэрчилнэ. *******т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед ******* хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл ******* нь хөл нь доглоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4 дүгээр сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн *******т өвтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй ******* эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Нэгэн бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах аман тохиролцоогоор миний бие ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, эрүүл чирээг адууг *******т өгсөн бөгөөд худалдан авсан өдрөөс хойш тухай адууг арчилж хамгаалах, эрүүл чирээг байх асуудал *******ийн мэдэлд шилжсэн. Иймд *******ийн нэхэмжилсэн 81,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “******* нь 2016 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ******* манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь хүрэн үрээг минь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгөөр тооцоод 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Урьд нь би *******ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж төлбөрийг төлсөн юм. *******т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед ******* хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл ******* нь хөл нь доглоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа гүйгээд ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4-р сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн *******т өвтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй ******* эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. ******* нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг *******ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй *******ийн нэхэмжлэлтэй,*******д холбогдох иргэний хэрэгг хариуцагчаас "60,000,000 төгрөг гаргуулах " тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул уг сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараахь тайлбарыг гаргаж байна. ******* нь*******гээс түүний хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг "Хүрэн азарга"-ыг үнэ тохирч 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зохицуулсан. Тохиролцсон ёсоор ******* нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд ингэхдээ*******гээс авах авлага 20.000.000 төгрөгийг уг төлбөрт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, мөн өөрийн өмчлөлийн "Их гарьш, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөрөг"-ийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөрт тооцон өгсөн. Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сард хүрэн азаргыг*******гээс авч, тэжээн, уяах гэхэд хөл нь доголоод уяж болохгүй байсан тул энэ талаар мэдмэгцээ*******д хандаж гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн зүйлсийг буцаан өгч, адуугаа буцаан авахыг шаардсан.Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ "*******т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед ******* хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл ******* нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн өгөөгүй" гэх байдлаар тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй байна. Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 17-ны өдрийн 305 дугаар тогтоолд дурдсанаар хариуцагч******* нь тус эрүүгийн хэрэгт "... Би (*******т) өгөхдөө хүрэн азаргаа шүдлэн үрээ байхад нь хөлийг нь доголгож байсан гэдгээ хэлж өгч байсан" гэх байдлаар мэдүүлэг өгсөн байдаг.******* нь хүрэн азарганыхаа хөлийг доголдог, хөл муу талаар өмнө огт хэлж байгаагүйгээс гадна хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчиж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа хөрөнгийн биет байдльш доголдлыг буюу хүрэн азарганыхаа хөл муу, уяж болохгүй доголдог талаар мэдэж байсан хэр нь худалдан авагч *******тэй үнэ тохирч худалдсан болох нь тодорхой харагдаж байна. Хожим ******* болон*******гийнх нар зэргэлдээ газар буудаллаж байх үед хүрэн азарга нь*******гийнд буцаад очсон байсан бөгөөд улмаар адууг *******т өгөлгүйгээр өөрийн мэдэлд буцаан авсан. Ийнхүү *******т худалдсан адуугаа буцаан авсан хэр нь гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн зүйлсийг нь буцаан өгөлгүй өдийг хүрсэн. Гэтэл дахин сөрөг нэхэмжлэл гарган хүрэн үрээгээ 60,000,000 төгрөгт үнэлэн үнийг нь нэхэмжилж буй нь огт үндэслэлгүй байна. Хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ "...Цагмуу, нүүдэл хийжявсан тул шинжгшгээ хийж чадаагүй ******* эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. ... анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг *******ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Дээрхээс үзэхэд хариудагч******* нь гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байх бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар*******гийн адуу нь түүний мэдэлд очсоны дараа өвчнөөр үхсэн гэж тайлбарлаж байх тул "******* нъ нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн" гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд*******гээс *******т холбогдуулан гаргасан "60.000.000 төгрөг гаргуулах" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан *******, хариуцагч*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 61.500.000 төгрөг гаргуулах үндэсэн нэхэмжлэл,******* нь *******т холбогдуулан 60.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 565.450 төгрөгийг, хариуцагч*******гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн 457.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...******* нь*******гээс түүний хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг "Хүрэн азарга"-ыг уяж, уралдаанд уралдуулах зорилгоор 80,000,000 төгрөгт үнэ тохирч худалдан авахаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах. худалдан авах гэрээг амаар байгуулсан.

Тохиролцсон ёсоор ******* нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд ингэхдээ*******гээс авах авлага 20,000,000 төгрөгийг уг төлбөрт тооцож, 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, мөн өөрийн өмчлөлийн "Их гарын, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөрөг"-ийг 50,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрт тооцон өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган төлбөрт тооцон шилжүүлсэн хөөрөгний үнэлгээг хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй үнийн дүн болох 30,000,000 төгрөгт тооцон, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 61,500,000 төгрөг болгосон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худапдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээээ" гэж зохицуулсан боловч хариуцагч******* нь худалдаж буй хүрэн азарганыхаа хөлийг доголдог, хөл муу талаар өмнө огт хэлж байгаагүйгээс гадна хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчиж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа хөрөнгийн биет байдлын доголдлыг буюу хүрэн азарганыхаа хөл муу, уяж болохгүй доголдог талаар мэдэж байсан хэр нь худалдан авагч *******тэй үнэ тохирч худалдсан байсан.

******* нь 2016 оны 11 дүгээр сард хүрэн азаргыг*******гээс өмчлөлдөө шилжүүлэн авч яваад, тэжээн уях гэхэд хөл нь доголоод уяж болохгүй байсан тул энэ талаар олж мэдмэгцээ түүнд хэлэхэд "Хүрэн азаргаа шүдлэн байхад нь тарган уясан тул хөл нь муудсан" тухай хэлж, азаргаа эргүүлж аваад, *******ээс авсан нийт 30.000.000 төгрөг болон түүний хөөргийг буцаан өгөхөөр болсны дагуу ******* нь азаргьгг нь аваачиж өгөөд 30,000,000 төгрөгний үнэ бүхий хөөрөг болон 30,000,000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй болно.

Анхан шатны шүүх 151/ШШ2020/00879 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээгээр тогтоосон ...чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн ахуйн болон үйлдвэрлэлийи хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдол гэж үзнэ" гэж, мөн "...худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр төрлийн эд хөрөнгөөр солих, хэрэв боломжгүй бол үнийг буцаан өгөх үүрэгтэй" гэх байдлаар зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдол. түүний улмаас хариуцагчийн хүлээх үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Дээр дурдсаны дагуу ******* нь худалдаж авсан хүрэн азарга нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасанчлан гэрээгээр тохиролцсон зориулалтаар ашиглах боломжгүй буюу уяж болохгүй, хөл нь доголдог талаар олж мэдмэгцээ мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д "Худачдан авагч нь эд хөрөигийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөигөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" гэж заасны дагуу гэрээг цуцлах талаар хуульд заасан хугацаа болох 6 сарын дотор*******д мэдэгдтэл, тэрээр хүрэн азаргыг нь авчирч ирээд адуунд нь нийлүүлээд тавьчих гэх хариу өгсөн бөгөөд ******* нь 2017 оны 02 дугаар сард*******гийн хэлсэн ёсоор өмчлөлд нь буцаан шилжүүлсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч ******* нь тухайн худалдаж авсан үрээг доголсон талаар*******д мэдэгдсэн байх боловч гэрээ цуцлах талаар буюу өгсөн авсан зүйлээ буцааи өгөх үургээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ. Ц.Жамбачсурэн нь худалдах худалдаи авах гэрээний зүйл болох үрээ нь өөрөө гүйж ирсэн гэж ташбарлаж байх хэдий ч тухайн азарганы омчлөх эрх Л.Цаидэлэгээс*******гийн өмчлөх эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм " гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд ''Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх" талаар зохицуулсан бөгөөд 111.2-д "Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэи гэж үзнэ:" гээд 111.2.1 -д "өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр" гэж заасан.

Тус шүүхэд хариуцагч******* нь бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний дагуу *******т шилжүүлсэн хүрэн азарга нь өөрийнх нь эзэмшил, өмчлөлд буцаад ирсэн, улмаар түүний мэдэлд ирсэн хойноо хожим өвчнөөр үхсэн гэх талаар тодорхой дурдсан байдаг.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д "Худалдан авагч нь ...гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" гэж мөн зүйлийн 254.6-д "Худалдагч ... баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг шрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй" гэж худалдан авагчид шаардлага гаргах буюу шаардах эрх олгосон хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Ингэхдээ дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт '...Нэхэмжлэгч ******* нь тухайн худалдаж авсан \рээг доголсон талаар*******д мэдэгдсэн байх боловч гэрээ цуцлах талаар буюу өгсөн авсан зүйлээ буцаан огөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ", "...Иймд нэхэмжлэгч ******* нь*******гээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хурдан хандгай хүрэн азарганы төл урээг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор солих, эсхүл буцааж өгч гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байсан байх бөгөөд шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нъ зүйтэй байна " гэх байдлаар худалдан авагч *******ийг гэрээ цуцлах шаардлага гаргахаас өмнө худалдан авсан эд хөрөнгөө буцаан өгөх ёстой,*******д худалдан авсан хүрэн азаргаа буцаан өгөөгүй мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******т хөдөөнөөс хурдан хязаалан үрээ 1,500,000 төгрөгөөр худалдаж авч өгөх санал тавьж, ******* нь түүнд итгэн эхнэрийнхээ дүү болох Х.Саранцэцэгээс мөнгө зээлж, түүний данснаас*******гийн хүү Ж.Түмэнбилэгийн Хаан банкны данс руу мөн 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрийг мөн нэхэмжилж, үүнтэй холбогдох банкны дансны хуулга нотлох баримтыг гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх "... мөн түүнчлэн Х.Саранцэцэгээс 1,500,000 төгрөгийг зээлж авч*******д өгсөн гэх боловч Х.Саранцэцэгийн өмнөөс ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн дээрх шийдвэртээ Иргэний хүулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д "Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй иөхцөл байдлын улмаас өмчлолийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна" гэж заасан хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг үндэслэсэн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2020/00879 дүгээр шийдвэрийн "******* хариуцагч*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад Иргэний хуульд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хөл доголон хүрэн азарга зарсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хүрэн азарга худалдан авахад төлбөрт тооцон шилжүүлсэн 50 000 000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах, төлбөрт тооцсон байр худалдан авахад зориулж зээлүүлсэн 20 000 000 төгрөг, бэлнээр шилжүүлсэн 10 000 000 төгрөг, дээрх гэрээнээс тусдаа хурдан хязаалангийн үрээ худалдан авахад  шилжүүлсэн 1 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба шүүх хуралдааны шатанд хариуцагчийн тайлбарт тулгуурлан, хөөрөг гуравдагч этгээдэд шилжсэн гэсэн үндэслэлээр хөөрөг гаргуулах болон  хөөрөгний үнэлгээг багасгаж  хөөрөгний үнэ 30 000 000 төгрөг болгож, нийт 61 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагчаас эс зөвшөөрч нэхэмжлэгч  хүрэн азаргыг доголон гэдгийг мэдсээр байж худалдан авсан, буцаан хүлээлгэн өгөөгүй, өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй хайхрамжгүй байдлаас болж үхүүлсэн, хохиролд 60 000 000 төгрөг нэхэмжлэгч *******ээс гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

            Нэхэмжлэгч ******* нь*******гээс хурдан хандгай хүрэн азарганы төл “Хүрэн азарга”–ыг худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэнд  урьд зээлүүлсэн 20 000 000 төгрөг, Их гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай гартаам хөөргийг 30 000 000 төгрөгт үнэлэн, бэлнээр 10 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгөөр тохиролцож уг үүргээ ******* нь зохих ёсоор биелүүлсэн,******* хүрэн азаргаа хүлээлгэн өгсөн гэдэг дээр талууд хэн аль нь маргахгүй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2016 оны 05 дугаар сард*******д бэлнээр 20 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлсэн ба 2 сарын дараа авах гэсэн боловч өгөөгүй... зээлсэн мөнгөний оронд ... өөрийн ... ”Хүрэн азаргыг” 80 000 000 төгрөгт үнэлэн ...өгөхөөр тохиролцсон ...2016 оны 11 сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг авч тэжээн уях болоход хөл нь доголоод уяж болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь*******д мэдэгдсэн... азаргыг нь аваачиж өгөөд ...хөөрөг ... төгрөгөө ... буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй...“ гэж, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...2016 оны 2-р сарын 14-16-ний өдрүүдэд ******* манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад ...хүрэн үрээг 60 сая төгрөгөөр тохироод ...Ингэж наймаа хийснийг олон хүн мэдэж байгаа... өөрийн биеэр үзэж, ямар нэг гэмтэлгүй бэртэлгүйгээр өөрөө хараад аваад явсан... ...хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчхаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. ...үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй... үрээ 2017 оны 4-р сард ...үхсэн “ гэсэн  /хх-21 тал/, тайлбараас үзвэл хүрэн азарга худалдан авах хэлцэл хэдийд хийгдсэн, гэрээний зүйл болох хүрэн азаргыг *******ийн өмчлөлд шилжүүлсэн хугацаа, хүрэн азарганы хөлний доголдлыг мэдэж байсан эсэх талаар талууд эрс зөрүүтэй тайлбар гаргаж байх бөгөөд энэ тохиолдолд маргааны үйл баримт нотлогдсон, хэргийн нөхцөл байдал тодорхой тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл талууд худалдах-худалдан авах гэрээ хэзээ хийгдсэн, нэхэмжлэгч морио хэдийд хүлээн авсан, худалдан авагч тал хүрэн азарганы хөл  доголсон байсныг мэдэж байсан эсэх, энэхүү доголдлын талаар худалдагч тал мэдэгдэлгүйгээр худалдсан эсэх, эрхийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах талаар худалдагч талд хэдийд мэдэгдсэн, хэдийд буцаан морийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг дээр талууд эрс өөр өөр тайлбар гарган маргаж байх ба  эрх зүйн маргааны талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүйн дээр хэргийн нөхцөл байдал маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэжээ.  

Дээрх гэрээтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч*******гээс сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг сөрөг нэхэмжлэл нь худалдах-худалдан авах гэрээний зүйлтэй холбоотойгоор гэм хорын хохирол шаардсан, үндсэн шаардлагатай нэг төрлийнх байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Гэтэл шүүх “...уг гэрээг хүчин төгөлдөр,*******гийн 60 000 000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй“ гэж эрх зүйн хангалттай дүгнэлт хийлгүйгээр   үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг аль алиныг нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохоор байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг  үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д заасныг зөрчсөн байна.  

Мөн түүнчлэн шүүх нэхэмжлэгч *******ийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйн дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох зэрэг Иргэний хуулийн 76, 78, 79 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлан маргаанд  эрх зүйн дүгнэлт өгөх,  талууд  эрс зөрүүтэй тайлбар гаргаж байгаа цаг хугацааны асуудлыг зөв тогтоох нь тухайн маргааны шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ 2 дахь шаардлага үндэслэлээ “...хөдөөнөөс хурдан хязаалан үрээ 1 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож ...дүү Саранчимэгээс мөнгө зээлж,*******гийн ...данс руу... шилжүүлсэн... түүнээс шаардахад ...худалдан авч өгч чадахгүй болсон талаар хэлж ... мөнгийг буцаан өгөөгүй...“ гэж тодорхойлж, 1 500 000 төгрөг гаргуулахыг шаардаж, нотлох баримт болгон Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар /хх-52-53тал/ өгсөн, хариуцагч энэхүү нэхэмжлэл шаардлагын талаар бичгээр хариу тайлбар гаргаагүй харин шүүх хуралдааны шатанд “...2017 оны 6 сард ******* нь надад 3 000 000 төгрөгийг үрээ аваад өгөөч гээд шилжүүлсэн. Дүү Сараагаас мөнгө авч надад өгсөн гэдэг... би аваад ирсэн чинь ...авахаа болилоо машин эвдэрчихлээ машины засварын мөнгө хэрэгтэй гэхээр нь 3 000 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг нь *******ийн дансанд шилжүүлж, үлдэх 1 500 000 төгрөгийг нь эвдэрсэн машины жолооч руу шилжүүлсэн...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ. /хх-78тал/

Гэтэл шүүх талуудын хооронд “хурдан хязаалан үрээ”-г  худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тогтоож, эрх зүйн ямар ч дүгнэлт өгөлгүйгээр “...Саранцэцэгийн өмнөөс ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул “гэсэн дүгнэлт хийж, энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд болон хууль хэрэглэхэд хангалттай байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 151/ШШ2020/00879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч *******ийн 465 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

          ШҮҮГЧИД                                                    Г.БОЛОРМАА

 

                                                                              Т.ЭНХМАА