Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 5

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2019/00948/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.Т-т холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийг хүүхэд төрснөөс хойш нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн гаргуулах, эд хөрөнгөөс ногдох хэсэг 51.253.000 төгрөг, хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт 10.152.218 төгрөг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний амьдрах хугацаанд 2018 оны 06 сарын 23-нд Т- овогтой Э- хүү минь төрсөн. Бид хуримаа хийж гэрлэлтээ батлуулъя гэж ярьдаг байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү минь гэдсэндээ төрөх дөхөж байхад Б.Т- нь гэр бүлтэй гэдгээ нуун өөр эмэгтэйчүүдтэй уулзаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байсан нь маргааны эх үүсвэр болон энэ нь улмаар аав, ээж, ах дүү нараа оролцуулж хагаралдсан маш муухай маргаан болсон, гэрт Т- ах нартайгаа маргалдан зодоон болсон. Энэ таарамжгүй байдлаас маш их айж, сэтгэл санаагаар унаж цочролд орж бие минь гэнэт маш их өвдөж, алхаж ч чадахгүй төрөх үеийн хүндрэлтэй төрж хүү Т.Э- минь дөрвөн мөчний чангаралтай буюу төрөлхийн тархины саажилттай төрсөн.

Тэр үеэс хойш хүү Т.Э- маань миний асрамжид өсөж бойжиж байгаа бөгөөд Б.Т- нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр гэрээсээ яваад түүнээс хойш тусдаа амьдарч байна. Б.Т- нь өвчтэй хүүгээ асрах хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Миний хүүг эмч нар бүрэн эдгэрнэ гэж хэлэхгүй байгаа бөгөөд асаргаа халамж маш их шаардлагатай, заримдаа хүү минь хэд хоног тасралтгүй яг үүрийн 3-6 цагийн хооронд уйлж зогсоогоороо хонож өдий хүрлээ. Би хүүгээ асран ажил хийж хөдөлмөрлөх насандаа тогтмол ажил хийх боломжгүй болж байна. Б.Т-ын өгсөн мөнгө бид хоёрын хэрэгцээ, эмчилгээний зардалд хүрэлцдэггүйн улмаас төрснөөсөө хойш гам ч барьж чадалгүй өөрийн чадах бүх боломжоороо ямар ч амралтгүй, хүүгээ унтсан үед шөнө компьютер харан ажилласнаас болоод үе мөчний үрэвсэл дээд хэмжээнд хүрч, зүрх байнга өвдөж стресс ядаргаанаас үүдэлтэй суганд минь булчирхай 2019 оны 5 сард үүсэж хагалгаанд орох шаардлагатай байгаа боловч хүүг минь асрах хүнгүйн улмаас одоог хүртэл хагалгаанд орж чадаагүй байна. Хүү минь Солонгос улсын “Koreo university anam hospital” эмнэлэгт илүү нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хамгийн багадаа л нарийн шинжилгээ, эмчилгээ, ор хоногийн төлбөр 80.000.000 төгрөгтэй ирээрэй, үүнээс ч их гарах магадлалтай тул үүнээс бага мөнгөтэй ирэх хэрэггүй гэж байгаа юм. Иймд Б.Т- нь тусдаа амьдрал үүсгэж, бидэнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болж байгаа тул хүүг минь хамгаалж эрүүл саруул өсгөх, асран хамгаалах, аюулгүй орчинд орон байраар хангах үүргийг нь хүлээлгэж хүүхдийн тэтгэлэг сарын хөлс түүнтэй адилтгах орлогын хувиар нэмэгдүүлэн тогтоож, тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг Т.Э-ийн төрсөн өдрөөс тэтгэлэг тогтоох өдөр хүртэл нөхөн олгуулах шаардлагыг гаргаж байна.

Гэр бүлийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, иргэний хуулийн дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, хээтэй хороолол, 4-13-75 тоот, 2 өрөө байрнаас хүү бид хоёрт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р хороолол, 25-р байр, 22 тоот, 1 өрөө байр, Grand маркийн суудлын автомашинаас хүүд минь ноогдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэснээс хойш дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн дагуу эд хөрөнгүүдийн үнийг тооцохыг зөвшөөрч байна.

Мөн миний бие нь хүүхдэд зарцуулсан зардлуудыг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн байгаа.

Миний хүү УБ хотод Эх нялхсын эмнэлгийн мэдрэлийн тасагт диспансерын хяналтад байдаг. Сар болгон Дарханаас хүүгээ авч явж хяналтын эмчид нь үзүүлдэг, хэвтэх шаардлагатай гэсэн үед нь эмнэлэгтээ хэвтэж эмчилгээ хийлгүүлээд буцаж ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлийн төрлийг хөдөлгөөн, сэтгэцийн бэрхшээл гэж дүгнэсэн байдаг. Сэргээн засах эмчлэгч эмч Л.О-ын 2020 оны 01 сарын 16-ны дүгнэлтэд Хүүхдийн тархины саа, 4 мөчний булчингийн чангарал гэсэн оноштойг тэмдэглэсэн. Тогтмол иллэг массаж хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, усан эмчилгээ, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээнд хамрагдаж байх шаардлагатай болохыг мөн тусгай хэрэгцээний зогсоогч, тэрэг, ширээ, хөл гарын чиг зэргийг тогтмол хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн. Үүний дагуу миний бие өөрөө зүтгэж, хувцас, бараа зарах зэргээр хүүдээ шаардлагатай бүх тоног төхөөрөмж болох зогсоогч 900.000 төгрөг, тэргэнцэр 1.600.000 төгрөг, булангийн сандал 450.000 төгрөг, ширээ 450.000 төгрөг, хөл гарын чиг 100.000 төгрөг, тусгай өвлийн гутал 800.000 төгрөг, тусгай зуны гутал 200.000 төгрөг, алхуулагч 900.000 төгрөг, гудас 2.000.000 төгрөг, хөдөлмөр заслын тоглоом 10 ширхэг 300.000 төгрөг, булчин суллах бөмбөг 60.000 төгрөг, дэр 25.000 төгрөгөөр тус тус худалдан авч, одоо хэрэглүүлж байгаа.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 74.2-т заасан этгээд нэхэмжлэл гаргаж болно гэснийг баримтлан дээрх тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 7.785.000 төгрөг, түүн дээр нэмэлт тэжээлийн хоол сард 1 ширхэг 70.000 төгрөг /күн күн/, овьёос байнга авч өгдөг сард 10.200 төгрөгийн 1 хайрцгийг 7 хоног хэрэглүүлдэг сард 4 ширхэг буюу 40.800 төгрөг, памперс сарын хэрэглээ 100.000 төгрөг, нийт 7.995.800 төгрөг, зардлыг зах зээлийн доод үнээр тооцон, улмаар уг зардлыг эцэг эхэд нь тэнцүү байдлаар хуваан хариуцуулах үүднээс өөрт ноогдох хэсгийг хасаж тооцон зардлын 50% болох 3.997.900 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүү Т.Э-ийн эрх ашгийг ханган, хариуцагч Б.Т-аас гаргуулж өгнө үү.

Мөн миний бие Н.Б- нь Улаанбаатар хот руу хүү Т.Э-ийг авч явж, хяналтад үзүүлдэг тул 2019-2020 онуудад зарцуулсан замын зардал, эмчилгээ хийлгэсэн эмийн баримттай холбоотой гарсан зардлыг хариуцагч Б.Т-аас гаргуулна.

Үүнд: Зам шатахууны зардалд 2019 оны 02 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл 3.083.513 төгрөг, эмчилгээний зардалд 2019 оны 02 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл 6.417.800 төгрөг, бусад зардал /памперс, эм, тэжээл/ 2.807.323 төгрөг, нийт 12.308.636 төгрөгийн тал хувь болох 6.154.318 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Т-аас түүний хүү Т.Э-ийг тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэн нэмэлт зардалд нийтдээ 10.152.218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Н.Б-тай 10 жилээсээ эхлэн үерхэж байсан нь үнэн юм. Хэсэг хугацаанд харьцахгүй байж байгаад 2016 оноос эхлэн харьцаагаа сэргээн дотно байж байгаад Н.Б- жирэмсэн болж 2018 оны 06 сарын 23-нд хүү Т.Э- төрсөн. Үүнээс өмнө Н.Б- өөр хүнтэй амьдардаг нөхөртэй байсан. Мөн 2 хүүхэдтэй хүн. Миний хүүхдийг төрүүлэх үедээ тусдаа амьдарч байсан ба 2019 оны 6 сар хүртэл бид хамт байгаагүй. Н.Б- өөрөө орон байртай тусдаа амьдралтай байсан. Хүү маань миний хүүхэд мөн. Үүн дээр би огт маргахгүй, булчингийн чангарал саажилттай нь ч үнэн. Тийм болохоор би хүүхдээ эмчлүүлж, эмнэлэгт үзүүлэх тоолонд би 300.000-500.000 төгрөг шилжүүлж Б-ад өгдөг байсан юм. Н.Б- 2019 оны 6 сард гэнэт л би байраа зарчихлаа танайд хэсэг байя, хүүхдүүдийн сургууль амрах хүртэл хугацаанд сургуульд нь ойр байх хэрэгтэй байна гээд өөрийн 2 хүүхдээ мөн дүүгээ дагуулаад орж ирсэн. Би ч нэгэнт миний хүүхдийг төрүүлсэн нь үнэн хүүхэд маань эмчилгээнд явдаг нь үнэн болохоор ойлгож хүлээж авсан. 2 хүүхдийг нь ч гадуурхаагүй. Мөн өөрийнхөө дүүг бас. Ингээд 4 сар хамт амьдрах хугацаанд Н.Б- байнга хэрүүл өдөж, хардаж сэрдэнэ амар тайван байлгадаггүй байсан. Хүн чанар нь, ямархуу ааш араншинтай хүн болох нь танигдсан. Ийм болохоор би Н.Б-тай хууль ёсоор эхнэр нөхөр болох хүсэлгүй болсон юм.

Харин хүүхэд маань миний хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй, асрамжийн талаар маргахгүй үлдээж, хуулийн дагуу тэтгэвэр тогтоохыг зөвшөөрнө.

Нөхөн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өвчтэй хүүхдээ бодоод би энэ хүнд хангалттай мөнгө төгрөг өгдөг байсан. 4 сар манайд байх хугацаанд би тэжээж байсан гэхэд хилсдэхгүй.

Эд хөрөнгийн хувьд Н.Б-ын гэх хөрөнгө, мөн бидний дундын хөрөнгө гэх зүйл байхгүй. Намайг байрны зээл авахад туслах зорилгоор миний аав, ээж өөрийн байраа миний нэр дээр барьцаанд тавиулахын тулд шилжүүлж энэ дагуу би хөөцөлдөн байж хээтэй хорооллын 9-р багийн 4-13-75 тоот байрыг ипотекийн зээлээр авч, 2018 оны 07 сард байрандаа орсон юм. Энэ үед Н.Б- өөрөө тусдаа орон байртай амьдарч байсан. Би 15 жилийн хугацаатай зээлд хамрагдан авч одоо өөрөө төлдөг. Н.Б-ад ямар ч хамааралгүй. Мөн 13-р хорооллын 25-р байрны 22 тоот 1 өрөө байр бол миний аав, ээжийн олон жил амьдарсан байр. Одоо ч тэндээ амьдарч байгаа. 4-13-75 тоот 2 өрөө байр бол би Н.Б-тай хамт амьдрахаас өмнө зээлсэн. Тэгээд ч банкны барьцаанд байгаа байр болохоор ноогдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

Гранд маркийн суудлын авто машиныг 2008 онд 8 сая төгрөгөөр өөртөө худалдан авсан юм. Энэ үед Н.Б- огт байгаагүй. Энэ хүнд огт хамааралгүй миний өөрийн өмч юм.

Н.Б- өөрөө орон байртай хувиараа юм хийдэг, өөрийн байраа зарж хүүхдийг чинь эмчлүүлсэн гэж ярьдаг юм. Би ямар байраа хэдээр зарж хэдэн төгрөгөөр хүүхдээ эмчлүүлснийг ч мэдэхгүй.

Хүүхдийн эмчилгээнд ямар зардал гарсан, хаана эмчлүүлснээ ч хэлдэггүй тас нуудаг. Ер нь бидний хооронд халуун дулаан харьцаа байхгүй. Үргэлж хардалт, хэрүүл тасрахгүй л байдаг. Харин хүүхдээ би хаана эмчлүүлж хэдэн төгрөг болохыг нь өөрөө үзэж байж тухайн үед хариуцаж байхад татгалзахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар төлөхийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байна. Харин нөхөн гаргуулах асуудал үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Б.Т-ын нэр дээр байгаа өмч хөрөнгөд Н.Б- хамааралгүй. Тус байрыг авахад зээлсэн зээлийн өр төлбөрөөс Н.Б- төлсөн асуудал байхгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Эд хөрөнгийн талаар Б.Т- шүүхэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд авсан тоног төхөөрөмж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Мөнгөн гэдэг хүнээс худалдаж авахдаа зогсоогч 450.000 авсан гэсэн баримт байхад 900.000 төгрөгөөр авсан гээд үнийн дүнгүүд дандаа зөрүүтэй байна. Тархины саажилттай хүүхдийн төхөөрөмжийг хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байна. Зарж байгаа хүн 50 хувиар бичүүлсэн мэтээр харагдаж байгаа тул тус шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Гранд марк суудлын авто машин нь 2004 оны тээврийн хэрэгсэл байгаа юм. 2-3 сая төгрөгийн үнэтэй байгаа, үүнийг зөвшөөрөхгүй. Жоохон хүүхэд машин эзэмших боломжгүй юм.

Зам шатахуун, эмчилгээний зардал гэдэг дээр маш их нотлох баримтыг хэрэгт өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, НӨАТ-ын баримтууд нь хүүхдээ эмчлүүлэхээр явж байгаа юм уу хаашаа явж байгаа нь тодорхойгүй баримтууд байна, Б.Т- нь хүүхдээ огт анхаардаггүй гэж байгаа боловч хүүхдэд хэрэгтэй гэсэн болгонд нь мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд дунджаар 3 сая төгрөг шилжүүлж өгч байсан гэж ярьдаг. Хүүхэд эмчлүүлж байгаа, хяналтад байдаг, асаргаа шаардлагатай гэдгийг зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагууд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тодорхой биш байна гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Т-аас тэтгэлэг гаргуулж, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, нөхөн тооцуулж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т-аас 3,790,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-ад олгож, нэмэлт зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 6,362,218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 108,695 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний эргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие тус шүүхэд “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийг хүүхэд төрснөөс хойш нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн гаргуулах, эд хөрөнгөөс ноогдох хэсэг 51.253.000 төгрөг, хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт 3.152.218 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрсөн эцэг Б.Т-аас тэтгэлэг гаргуулах гэсэн хуулийн заалтыг шүүх баримталсан дээр маргахгүй.

Харин хүүхдэд зарцуулсан нэмэлт зардал 10.152.218 төгрөгийн шаардлагаас 3.790.000 төгрөгийн шаардлагыг хангаж 6.362.218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2018 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Э- төрөлхийн 4 мөчдийн чангарал, тархины саажилттай өвчний улмаас 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн байнгын асаргаа тогтоолгосон, 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан, ЭХЭМҮТөвийн ХЭ-ийн ХЗП-ын мэдрэлийн кабинетын диспансерын хяналтад байдаг. Мөн сэргээн засах эмчилгээ, уламжлалт эмчилгээнд байнга хамтрагддаг, тусгай хэрэгцээний зогсоогч тэрэг, тусгай ширээ, хөл гарын чиг, тусгай гутал зэргийг наснаас хамаарч тогтмол хэрэглэх шаардлагатай тул боломжоороо хэрэгцээт зүйлсийг авч өгсөн. Мөн эмийн болон, бариа заслын эмчилгээ, памперс, тэжээл тогтмол хэрэглэдэг зардлуудаа Лэнд.мн ББСБ-ын хэтэвчний зарлагын гүйлгээгээр шилжүүлж төлбөрийг төлж байсан.

УБ хот Эх нялхсын эрүүл мэндийн төвд хяналтад байдаг болохоо нотолсны зэрэгцээ шатахууны зардал, эмийн зардлуудаа баримтаар гаргаж егсөн байхад шүүх хангаагүйд гомдолтой байгаа хүүхдээ өвдсөн үед нь таталт өгсөн үед яаралтай болон товлолт үзлэг хяналтыг хийлгэхээр Дарханаас хот руу байнга явах шаардлагатай байдаг нь хүүхдийн эрүүл мэндийн байдлаас тодорхой байхад эдгээр зардлуудыг шүүх хассаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүүхдийн эцэг Б.Т- хоёр орон сууцтай, хүүхдээ олсон төрсөн цагаас нь эхлэн Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, 13 дугаар байрны 75 тоотод байрла- 41,67 м.кв талбай бүхий орон сууцанд амьдарч хүүгээ төрүүлж одоо хүртэл амьдарч байгаа. Миний хүүд байр орон сууцаар хангах үүрэг төрсөн эцэг Б.Т-т байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд цаашид эрүүл аюулгүй орчинд хүүхэд эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхийн үүднээс Б.Т-ын өмчлөлийн бүртгэлтэй орон сууц, болон 76-09 ДАХ улсын дугаартай Тоёота марк-2 суудлын автомашины үнээс ноогдох хувь шаардсан шаардлагаа дэмжиж оролцож байгаа хүү Т.Э- байнгын асаргаа шаардлагатай байгаа тул хүүгийнхээ эмчилгээнд Б.Т-ын хөрөнгөөс ноогдох хувь гаргуулах шаардлагатай байгаа болно. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалттай байхад шүүх хуулиа баримтлаагүйг анхаарч үзнэ гэнэ гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч Б.Т-т холбогдуулж хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийн хэмжээгээр тэтгэлэг нөхөн гаргуулах, Б.Т-ын нэр дээр байгаа хөрөнгөнөөс хүү Т.Э-д ноогдох хэсэг 51.263.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж хүүхдийн эмчилгээ асаргаа сувилгаатай холбоотой нэмэлт зардал 10.152.218 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд нийцүүлэн тогтоож эцэг Б.Т-аас тэтгэлэг гаргуулахаар, тэжээн тэтгүүлэгчийн нэмэлт зардалд 3.790.000 төгрөг гаргуулж, шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож мөн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх, өнгөрсөн хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах, хариуцагчийн үл хөдлөх хөрөнгөнөөс хүү Т.Э-д оногдох хэсгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хүүхдэд зарцуулсан нэмэлт зардлын зарим хэсгийг мөн үл хөдлөх эд хөрөнгийн хүүд ногдох хэсгийн үнийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Тэрээр гомдолдоо “... хүүхдээ эрүүл мэндийн төвд яаралтай болон товлолт үзлэг хийлгэхээр Дарханаас хот руу явсан шатахууны зардлууд, эм, эмчилгээ тэжээл зэрэг нэмэлт зардлуудаа баримтаар гаргаж өгсөн байхад шүүх хассан, мөн хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эх эцэг ийм орчныг бүрдүүлэх үүрэгтэй тул Б.Т-ын өмчлөлийн орон сууц болон суудлын автомашины үнээс ноогдох хувийг гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой” гэжээ.

Мөн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч тал хуульд заасан хугацаанд албан ёсоор бичгээр тайлбар өгөөгүй тул хуульд зааснаар зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх ёстой байхад шүүх хуулиа баримтлаагүйг анхаарч үзээгүй гэж гомджээ.

Давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгч эмнэлгийн байнгын эмчилгээ хийлгэх эмнэлгийн хяналтын товлогдсон хугацаанд хянуулж байх шаардлагатай тул Дарханаас Улаанбаатарт ирэх тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахууны зардлыг нэхэмжилсэн.

Дээрх зардлыг нэхэмжилснийг хангахад эмнэлэгт яаралтай болон товлосон хугацаанд үзүүлж, хянуулж байсан талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийсэн, шаардлагатай эм тариа бичсэн эмчийн тэмдэглэл нь зардал шаардах үндэслэл болох бөгөөд дээрх үйл баримтын хугацаа нь хот хооронд зорчсон үйл баримт болон хэрэглэсэн эм тарианы жагсаалттай давхцаж байж ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв баримт болох юм.

Иймд энэ шаардлагад нийцсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Б.Т-ын хөрөнгөнөөс хүү Т.Э-д оногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд Нэхэмжлэгч дээрх шаардлагаа үндэслэхдээ Гэр бүлийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууц болон автомашинаас хүүд оногдох хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо дээрх хөрөнгүүдийг худалдан авахад тодорхой мөнгө зарцуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн. Баримтаар Н.Б- нь Б.Т-тай гэрлэлтээ батлуулж хамтын амьдралтай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн 4 сарын хугацаанд хамт амьдарч байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй.

Гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчид, гэр бүл, гэр бүлийн гишүүн гэх эрх зүйн ойлголтуудыг тодорхойлсон бөгөөд зохигчид гэр бүл, гэр бүлийн гишүүн гэх ойлголтод хамаарах хууль зүйн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Иргэний хуульд заасан гэр бүлийн гишүүний дундын хамтран өмчлөх өмч түүнээс гишүүдэд оногдох хэсгийг тодорхойлох нь дээрх этгээдүүдийн хувьд хууль зүйн хувьд боломжгүй юм.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28.8-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт тэтгэлэг төлнө гэх заалт нь хүүхдийн эцгийн хөрөнгөнөөс тодорхой хувийг гаргуулах хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Хуулиар тогтоосон тэтгэлэг нь хүүхдийн нэмэлт асаргаа сувилгаа эмчилгээний зардалд хүрэлцэхгүй нь цаашид тогтоогдвол хуульд заасны дагуу нэмэлт тэтгэлэг гаргуулж болох тухай заалтыг энэ маргаантай харилцаанд хэрэглэх боломжгүй байна.

Мөн тухайн хөрөнгийг худалдан авахад мөнгө гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч хариу тайлбар гаргаагүй байхад түүнийг зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Энэ үүргээ биелүүлээгүй мөн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэнэ гэх тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан нөхцөл нь гагцхүү хариуцагч буюу түүний төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд хэрэгжихээр хуулийн зохицуулалттай байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан хуулиар хариуцагч нь шүүн таслах ажиллагаанд өөрөө болон бусад этгээдээр төлөөлүүлэн оролцох эрхтэй бөгөөд хариуцагч Б.Т- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэрэгт авагдсан баримтыг ишлэн мэтгэлцсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэвэл зохино .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА    

                                                                  ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА                              

                                                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ