Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00779

 

Н.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар магадлалтай, 

Н.Бадамхандын нэхэмжлэлтэй,

Б.Төгсбаярт холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийг хүүхэд төрснөөс хойш нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн гаргуулах, эд хөрөнгөөс ногдох хэсэг 51,253,000 төгрөг, хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт 10,152,218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Н.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Төгсбаяртай дунд сургуулийн нэг анги бөгөөд дунд ангиасаа л үерхсэн боловч оюутан байхдаа намайг маш ихээр гомдоож хөөрхөн үрийг минь байхгүй болгож тухайн үед салсан. Дахин 2016 онд үерхэж Б.Төгсбаяр энэ бүхэнд бий буруутай гэж уучлал гуйн эвлэрч хамтдаа амьдрахаар болж тусдаа амьдрах байр хайж 2017 онд Дархан сум 9-р баг 4-13-75 тоот орон сууцыг ипотекийн зээлээр авч хамтдаа амьдарч эхэлсэн. Бидний амьдрах хугацаанд 2018 оны 06 сарын 23-нд Төгсбаяр овогтой Эрдэнэ хүү минь төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү минь гэдсэндээ төрөх дөхөж байхад Б.Төгсбаяр нь гэр бүлтэй гэдгээ нуун өөр эмэгтэйчүүдтэй уулзаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Энэ таарамжгүй байдлаас маш их айж, сэтгэл санаагаар унаж цочролд орж бие минь гэнэт маш их өвдөж, алхаж ч чадахгүй төрөх үеийн хүндрэлтэй төрж хүү Т.Эрдэнэ минь дөрвөн мөчний чангаралтай буюу төрөлхийн тархины саажилттай төрсөн. Тэр үеэс хойш хүү Т.Эрдэнэ маань миний асрамжид өсч бойжиж байгаа бөгөөд Б.Төгсбаяр нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр гэрээсээ яваад түүнээс хойш тусдаа амьдарч байна. Б.Төгсбаяр нь өвчтэй хүүгээ асрах хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Хүү минь Солонгос улсын Korea university anam hospital эмнэлэгт илүү нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хамгийн багадаа л нарийн шинжилгээ, эмчилгээ, ор хоногийн төлбөр 80,000,000 төгрөгтэй ирээрэй, үүнээс ч их гарах магадлалтай тул үүнээс бага мөнгөтэй ирэх хэрэггүй гэж байгаа юм. Иймд Б.Төгсбаяр нь тусдаа амьдрал үүсгэж, бидэнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болж байгаа тул хүүг минь хамгаалж эрүүл саруул өсгөх, асран хамгаалах, аюулгүй орчинд орон байраар хангах үүргийг нь хүлээлгэж хүүхдийн тэтгэлэг сарын хөлс түүнтэй адилтгах орлогын хувиар нэмэгдүүлэн тогтоож, тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг Т.Эрдэнийн төрсөн өдрөөс тэтгэлэг тогтоох өдөр хүртэл нөхөн олгуулах шаардлагыг гаргаж байна. Гэр бүлийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, иргэний хуулийн дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, хээтэй хороолол, 4-13-75 тоот, 2 өрөө байрнаас хүү бид хоёрт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р хороолол, 25-р байр, 22 тоот, 1 өрөө байр, Grand маркийн суудлын автомашинаас хүүд минь ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бадамханд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний хүү УБ хотод Эх нялхасын эмнэлгийн мэдрэлийн тасагт диспансерийн хяналтад байдаг. Сэргээн засах тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 7,785,000 төгрөг, түүн дээр нэмэлт тэжээлийн хоол сард 1 ширхэг 70,000 төгрөг /күн күн/, овьёос байнга авч өгдөг сард 10,200 төгрөгийн 1 хайрцгийг 7 хоног хэрэглүүлдэг сард 4 ширхэг буюу 40,800 төгрөг, памперс сарын хэрэглээ 100,000 төгрөг, нийт 7,995,800 төгрөг, зардлыг зах зээлийн доод үнээр тооцон, улмаар уг зардлыг эцэг эхэд нь тэнцүү байдлаар хуваан хариуцуулах үүднээс өөрт ногдох хэсгийг хасаж тооцон зардлын 50% болох 3,997,900 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүү Т.Эрдэнийн эрх ашгийг ханган, хариуцагч Б.Төгсбаяраас гаргуулж өгнө үү.

Мөн миний бие Н.Бадамханд нь Улаанбаатар хот руу хүү Т.Эрдэнийг авч явж, хяналтад үзүүлдэг тул 2019-2020 онуудад зарцуулсан замын зардал, эмчилгээ хийлгэсэн эмийн баримттай холбоотой гарсан зардлыг хариуцагч Б.Төгсбаяраас гаргуулна. Үүнд: Зам шатахууны зардалд 2019 оны 02 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл 3,083,513 төгрөг, эмчилгээний зардалд 2019 оны 02 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл 6,417,800 төгрөг, бусад зардал /памперс, эм, тэжээл/ 2,807,323 төгрөг, нийт 12,308,636 төгрөгийн тал хувь болох 6,154,318 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Төгсбаяраас түүний хүү Т.Эрдэнийг тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэн нэмэлт зардалд нийтдээ 10,152,218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би Бадамхандтай 10 жилээсээ эхлэн үерхэж байсан нь үнэн юм. Хэсэг хугацаанд харьцахгүй байж байгаад 2016 оноос эхлэн харьцаагаа сэргээн дотно байж байгаад Н.Бадамханд жирэмсэн болж 2018 оны 06 сарын 23-нд хүү Т.Эрдэнэ төрсөн. Үүнээс өмнө Бадамханд өөр хүнтэй амьдардаг нөхөртэй байсан. Мөн 2 хүүхэдтэй хүн. Миний хүүхдийг төрүүлэх үедээ тусдаа амьдарч байсан ба 2019 оны 6 сар хүртэл бид хамт байгаагүй. Бадамханд өөрөө орон байртай тусдаа амьдралтай байсан. Хүү маань миний хүүхэд мөн. Үүн дээр би огт маргахгүй, булчингийн чангарал саажилттай нь ч үнэн. Тийм болохоор би хүүхдээ эмчлүүлж, эмнэлэгт үзүүлэх тоолонд би 300,000-500,000 төгрөг шилжүүлж Бадамхандад өгдөг байсан юм. Бадамханд 2019 оны 6 сард гэнэт л би байраа зарчихлаа танайд хэсэг байя, хүүхдүүдийн сургууль амрах хүртэл хугацаанд сургуульд нь ойр байх хэрэгтэй байна гээд өөрийн 2 хүүхдээ мөн дүүгээ дагуулаад орж ирсэн. Би ч нэгэнт миний хүүхдийг төрүүлсэн нь үнэн хүүхэд маань эмчилгээнд явдаг нь үнэн болохоор ойлгож хүлээж авсан. Ингээд 4 сар хамт амьдрах хугацаанд Бадамханд байнга хэрүүл өдөж, хардаж сэрдэн амар тайван байлгадаггүй байсан. Ийм болохоор би Бадамхандтай хууль ёсоор эхнэр нөхөр болох хүсэлгүй болсон юм. Харин хүүхэд маань миний хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй, асрамжийн талаар маргахгүй үлдээж, хуулийн дагуу тэтгэвэр тогтоохыг зөвшөөрнө. Нөхөн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өвчтэй хүүхдээ бодоод би энэ хүнд хангалттай мөнгө төгрөг өгдөг байсан. 4 сар манайд байх хугацаанд би тэжээж байсан гэхэд хилсдэхгүй.

Эд хөрөнгийн хувьд Бадамхандын гэх хөрөнгө, мөн бидний дундын хөрөнгө гэх зүйл байхгүй. Намайг байрны зээл авахад туслах зорилгоор миний аав, ээж өөрийн байраа миний нэр дээр барьцаанд тавиулахын тулд шилжүүлж энэ дагуу би хөөцөлдөн байж хээтэй хорооллын 9-р багийн 4-13-75 тоот байрыг ипотекийн зээлээр авч, 2018 оны 07 сард байрандаа орсон юм. Энэ үед Бадамханд өөрөө тусдаа орон байртай амьдарч байсан. Би 15 жилийн хугацаатай зээлд хамрагдан авч одоо өөрөө төлдөг. Бадамхандад ямар ч хамааралгүй. Мөн 13-р хорооллын 25-р байрны 22 тоот 1 өрөө байр бол миний аав, ээжийн олон жил амьдарсан байр. Одоо ч тэндээ амьдарч байгаа. 4-13-75 тоот 2 өрөө байр бол би Бадамхандтай хамт амьдрахаас өмнө зээлсэн. Тэгээд ч банкны барьцаанд байгаа байр болохоор ногдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Гранд маркийн суудлын авто машиныг 2008 онд 8 сая төгрөгөөр өөртөө худалдан авсан юм. Энэ үед Бадамханд огт байгаагүй. Энэ хүнд огт хамааралгүй миний өөрийн өмч юм.

Хүүхдийн эмчилгээнд ямар зардал гарсан, хаана эмчлүүлснээ ч хэлдэггүй тас нуудаг. Харин хүүхдээ би хаана эмчлүүлж хэдэн төгрөг болохыг нь өөрөө үзэж байж тухайн үед хариуцаж байхад татгалзахгүй гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Төгсбаяраас тэтгэлэг гаргуулж, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, нөхөн тооцуулж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Төгсбаяраас 3,790,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадамхандад олгож, нэмэлт зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 6,362,218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бадамхандын хариуцагч Б.Төгсбаярт холбогдуулан гаргасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 108,695 төгрөг гаргуулж,Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн |2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бадамханд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Н.Бадамханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 онь 10 сарын 20-ний өдрийн 1071 дугаартай шийдвэр, Дархан -Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний 05 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцгээс нь тэтгэлэг тогтоосонтой маргахгүй. 2018 оны 06 сарын 23 ны өдөр төрсөн хүү Т.Эрдэнэ нь төрөлхийн 4 мөчдийн чангарал тархины саажилттай өвчний улмаас байнгын асаргаанд, ЭХЭМҮТөвийн ХЭ-ийн ХЗП-ын мэдрэлийн кабинетын диспансерын хяналтад байдаг. Сэргээн засах эмчилгээ, уламжлалт эмчилгээнд байнга хамрагдах шаардлагатай. Тусгай хэрэгцээний зогсоогч, тусгай гутал, ширээ, хөл гарын чиг зэрэг түүнд тус дэм болох бүхнийг наснаас нь хамаарч тогтмол хэрэглэх шаардлагатай. Эмийн болон бариа засал, тусгай амин дэм I тэжээл байнгын шаардлагатай байдаг. Мөн УБ хотод эх нялхсын эрүүл мэндийн төвийн хяналтад тогтмол очиж үзүүлэх шаардлагатай. Миний хувьд асаргааны хүүхэдтэй болохоороо ажил эрхэлж чаддаггүй. Нөхцөл байдал ийм нотлох баримт гаргаж өгсөн байхад үнэлж үзэлгүй 6,362,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Төгсбаяр үр хүүхэд төрүүлсэн учраас орон байраар хангах үүрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд чадлынхаа хирээр ээж, ах дүүтэйгээ хамжаад л хэрэгцээтэй зүйлсийг нь худалдан авдаг. Эмчлүүлэх гэхээр өндөр үнэ ханштай болохоор чадахгүй байна.

Мөн хариуцагч Төгсбаяр нэхэмжлэгчийн 2020 оны 07 сарын 21-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан эсэх нь тодорхойгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Н.Бадамханд нь Б.Төгсбаярт холбогдуулан ...хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэтгэлгийг нөхөн төлүүлэх, орон сууцнаас ногдох хэсэг 51,263,000 төгрөг, нэмэлт зардалд 10,152,218 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...6,362,218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй, ...хариуцагч нь үр хүүхдээ орон байраар хангах үүрэгтэй, ...нэмэгдүүлсэн шаардлагатай танилцсан эсэх нь тодорхойгүй гэсэн агуулга дурджээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2017 оноос эхлэн хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2018.06.23-ны өдөр хүү Т.Эрдэнэ төрсөн, 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогджээ.

Хүү Т.Эрдэнэ эхийн асрамжид байгаа, тэрээр тархины саажилт, дөрвөн мөчний булчингийн чангарал өвчний улмаас байнгын асаргаа шаардлагатай болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгээгүй байна.  

Түүнчлэн хүү Т.Эрдэний эцгээр Б.Төгсбаярыг улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгогдсон, энэ үндэслэлээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эцэг тогтоох шаардлагаас татгалзжээ.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцсэн, зохигч энэ талаар гомдол гаргаагүй байна.  

Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан.  

Тодруулбал, шүүхийн шийдвэрээр тэтгэлгийг тогтоосон үеэс төлөхөөр хуульд заасан тул тэтгэлгийг хүүхдийг төрсөн цагаас эхлэн тооцож нөхөн гаргуулах үндэслэлгүй, шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.  

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.  

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэлт зардалд 10,152,218 төгрөг шаардахдаа үндэслэлээ ...тусгай хэрэгцээт тоног төхөөрөмжийн үнэ, өдөр тутам, замын болон шатахуун, эмчилгээ, бусад зардал нийт 20,304,436 төгрөгийн 50 хувь гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч нь хүүхдэд зориулж 2,150,000 төгрөгийн зогсоогч, алхуулагч, тэргэнцэр худалдан авсан, мөн эм, эмчилгээний зардалд 1,615,000 төгрөг зарцуулсан хэргийн баримтаар тогтоогдсон, шүүх хариуцагчаас 3,790,000 төгрөгийг гаргуулсныг буруутгах боломжгүй байна.  

Харин шатахуунтай холбоотой НӨАТ-ын баримтуудыг хүү Т.Эрдэнийн эмчилгээ, замын зардалд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.  

Түүнчлэн, Б.Төгсбаярын нэр дээр бүртгэлтэй орон сууцыг зохигчийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад мөнгө оруулсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-г зөрчөөгүй, шийдвэр, магадлалд дурдсан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргаж, маргаж мэтгэлцсэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч нь хүүхдийг орон байраар хангах талаар шаардлага гаргаагүй, талууд мэтгэлцээгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй байна.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1071 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 ШҮҮГЧИД Б.УНДРАХ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ