Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/04370

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 30 өдөр                   Дугаар 102/ШШ2023/04370                       Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

                       

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч С.С , хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

          3.Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Би 35 настай, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, маркетингийн мэргэжлээр 10 жил ажилласан.

         2017 онд УТ д ажилд орж, нийт 5 жил маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилласан.

           Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр маркетингийн хэлтсийн даргын эзгүйд ажлыг орлон гүйцэтгэх болон хэлтсийн мэргэжилтнүүд, дизайнеруудын ажлыг чиглүүлэн дэмжих үүрэгтэй.

          Миний бие ажиллаж байсан хугацаандаа аливаа нэгэн алдаа гаргаж, хариуцлага хүлээж байгаагүй.

          Гэтэл 2022 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын бүтцийн өөрчлөлтөөр маркетингийн хэлтсийг маркетингийн алба болгон өөрчилж, зарим ажлын байрны нэрсийг өөрчилсөн. Маркетингийн хэлтсийн даргын эзгүйд ахлах мэргэжилтэн орлодог, маркетингийн албаны даргыг маркетингийн албаны орлогч дарга орлодог.

           Тэр утгаар миний ажлын байрны нэршил албаны орлогч дарга болж өөрчлөгдсөн.

           Маркетингийн хэлтсийн даргын гүйцэтгэдэг ажил үүрэг маркетингийн албаны орлогч даргын ажил үүрэгтэй адил, нэршил өөрчлөгдсөн.

         Тус хавтаст хэрэгт хавсаргасан маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу миний ажлын байр болон маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог.

          Зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын Ерөнхий хорооны хурлын протоколоор маркетингийн албаны орлогч дарга гэх ажлын байрны тайлбар дээр нэршил өөрчлөгдсөн нь батлагдана.

          Иймээс миний ажлын байр УТ д хэвээр хадгалагдаж байгаа тул ажилд эгүүлэн тогтоогдох бүрэн боломжтой гэж үзэж байна.

         Гүйцэтгэж байсан ажил хэрэггүй, шаардлагагүй болсон юм байхгүй.

         Албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөж, Авлигатай тэмцэх газарт хандах болсон гэж ярьдаг боловч бусдаар миний ажлын байр хэвээр. Намайг ажлаас халж, оронд нь өөр хүнийг тавьсан нь буруу гэж бодож байна. Миний оронд томилогдсон н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн бие тамирын багш мэргэжилтэй, маркетингийн чиглэлээр ажиллаж үзээгүй.

         Үүнд гомдолтой байна. Энэ явдлын улмаас жил гаруй ажилгүй байна.           “ГЗ” төв тусдаа даргатай.

         Тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирддаг бөгөөд үүнийг маркетингийн албаны орлогч дарга гүйцэтгэдэггүй гэдэг нь ажлын байрны тодорхойлолтоор харагдана.

         Орлогч дарга гүйцэтгэнэ гэх ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулж, тус албан тушаалд томилохдоо биш дараагаар нөхөж даалгасан байдаг.

         “ГЗ” төвийн дүрэмд маркетингийн албаны орлогч дарга бөгөөд “ГЗ” төвийн дарга гэж заасан байдаг ба бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолтын эсрэг зүйлийг байгууллага хийсэн.

           Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн байхад “ГЗ” төвийг хариуцдаггүй байсан нь үнэн.

          Гэхдээ маркетингийн албаны бүтцэд “ГЗ” төв харьяалагдах болсон нь ажлын ачаалал ихэссэн тул ахлах мэргэжилтний ажлын байр хэрэггүй болсон гэж дүгнэх нь хэр үндэслэлтэй бэ? Ажлын байр шаардлагагүй болсон бол орон тоог цомхотгож болох байсан.

         Ажлын ачаалал нэмэгдсэн улмаас нэрийг өөрчилж хасах нь шударга бус байна.Маркетингийн орлогч дарга болж нэршил өөрчлөгдсөн гэдэг нь хурлын протоколоор нотлогдож байгаа.

Хэлтсийн дүрэм болон албаны дүрэм дээр хэлтсийн даргыг ахлах мэргэжилтэн орлоно, албаны даргыг орлогч дарга орлоно гэж бичсэн байдаг.

Мөн ажлын тодорхойлолтууд хоорондоо адилхан бөгөөд албаны орлогч даргын ажлын тодорхойлолт дээр “ГЗ” төвтэй холбоотой нэг ч заалт байхгүй.Маркетингийн албаны орлогч дарга бөгөөд “ГЗ” төвийн дарга гэх орон тоо одоогийн байдлаар байхгүй.

Хавтаст хэрэгт хавсаргасан дүрэм алдаатай бөгөөд хариуцагч буруу хэлж байна. Учир нь дарга эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг тул нэхэмжлэлээ дэмжиж байна, гэжээ.

 

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын орон тоог өөрчлөх, бүтэц орон тоо батлах эрх нь Ерөнхий хороонд байдаг.

          Ерөнхий хороо Монгол улсын Засгийн газраас 3 иргэн, Оросын холбооны улсын Засгийн газраас 3 төлөөлөгч гишүүдээс бүрддэг.

          Өөрөө хэлбэл хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр зохицуулагдсан өөрийн эрхийн хүрээнд 2022 онд ажиллах бүтэц орон тоог өөрчлөх, батлах үүний дагуу маркетингийн хэлтсийг маркетингийн алба болгож өөрчилсөн.

          Алба болон зохион байгуулахдаа “ГЗ” төвийг бие даасан санхүүгийн хэлтсийн дотоод нэгж байж, бие даасан салбартай алба болгон маркетингийн албаны харьяанд оруулсан.

           Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын дарга нийтийн албан тушаалын зэрэглэлээр алба болон албаны орлогч дарга нийтийн албан тушаалтныг томилдог.

           Авлигатай тэмцэх газар буюу Засгийн газрын эрх бүхий байгууллагатай зөвшилцөж, зөвшөөрөгдсөн хүн тус чиг үүргээр ажилладаг.

           Нэхэмжлэгч “ГЗ” төв гэх нэгж нэмэгдсэн гэж үл тоож болохгүй.

           “ГЗ” төв үнэт цаас хэвлэдэг хэвлэлийн чиг үүргийг гүйцэтгэдэг учраас өдөр тутмын үйл ажиллагааг маркетингийн албаны орлогч дарга хариуцах болсон.

         Монгол улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хэвлэх үйлдвэр шилжсэнээр тухайн байгууллагын ажлын байрны чиглэл зорилго, хариуцлага өөрчлөгдөж байгаа болно.

         Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бол ердийн гүйцэтгэх албан тушаалын ангилал бөгөөд албаны орлогч дарга удирдах дээд албан тушаал буюу түүний орлого, үйл ажиллагааг

         Монгол улсын хурлын хяналтын байгууллагын удирдаж хянадаг.

         Маркетингийн албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт хэвлэх үйлдвэр, сонины редакцад тавигдах шаардлага, чанарт анхаарах, стандарт мөрдүүлэх, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт орлогч дарга “ГЗ” төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй бөгөөд 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт албаны даргын эзгүйд ажлыг орлогч дарга хариуцана гэж заасан.

         Өөрөөр хэлбэл мөнгөн хэвлэл захиран зарцуулах, үнэт цаасны үйл ажиллагааг хариуцахдаа хуулийн өмнө тусгай хариуцлага хүлээх субъект. Нэхэмжлэлийн шаардлага маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр бус өөр албан тушаалд томилуулахыг даалгах нь шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээний маргаанд хамаарахгүй. Хөдөлмөрийн харилцаа зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага биш гүйцэтгэх албан тушаалтан, нийтийн албан тушаалтанд томилуулах нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

         Нэхэмжлэгч яагаад зарчимын ялгааг ойлгохгүй байгааг гайхаж байна.Хэлтэс бол зөвхөн батлагдсан төсвийн цалин хөлс авч, ажлын гүйцэтгэлийг хариуцдаг. Харин алба баланстай гэдэг нь эд хөрөнгийн хариуцлага, нууцлал, мөнгийг захиран зарцуулах үүрэг хариуцдаг.

         Мөн үнэт цаас хэвлэх мэдээлэл баримт улсын нууцад хамаардаг. “ГЗ” төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хянан гэдэг албаны орлогч дарга, албаны санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд гарын үсэг зурж оролцохоос гадна Монгол улсын мөнгөн тэмдэгтийн бүрэлдэхүүнд ордог үнэт цаастай холбоотой тусгай үүрэг хүлээдэг.

         Ийм чиг үүрэг, хариуцлагаар ялгаатай. Өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон нууц хадгалах гэрээ байгуулахгүй мөн санхүүг захиран зарцуулах эрх олгогдохгүй.

        Албаны орлогч даргад санхүүг захиран зарцуулах, балансыг зөв гаргах, үнэт цаасыг зохих журмын дагуу нууцлах, тус технологийг хамгаалах тусгай чиг үүрэгтэй. Албаны орлогч дарга, хэлтсийн ахлах мэргэжилтэн гэх хоёр ажлын байрыг тэнцүүлэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

        Хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэх албан тушаалын гуравдугаар зэрэг бол албаны орлогч дарга гэдэг удирдах албан тушаалын дээд албан тушаалын ангилалд хамаарна. Ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтод өөрчлөлт оруулж, улсын нууцтай холбоотой “ГЗ” төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцах тус ажилтанд тусгай үүрэг даалгавар хүлээгдэж байгаа гэсэн үг.Иймээс албан тушаал нийтийн албан тушаал болон хувирч үүний хүрээнд хувь хүн өөрийн болон гэр бүлийн орлого санхүүгийн хөдөлгөөн төрийн хяналтанд шилждэг. Төрөөс тусгайлан нийтийн албан тушаалтан албан тушаалд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

        Нотлох баримт шинжлэн судлахад нэршил өөрчлөгдсөн гэж хэллээ. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ерөнхий хорооны хурлын протоколын 1 дүгээр зүйлд удирдлагын асуудлыг хариуцсан даргын орлогч дарга н.Энхцогт бүтэц зохион байгуулалт, бие даасан хэлтсийн орон тооны түвшиний хуваарийг батлах илтгэлийг сонсов гэсэн байдаг.

        Өөрөөр хэлбэл, хэлтсийн ахлах мэргэжилтэн байхгүй. Албаны орлогч болж байгаа буюу орон тоо нэмсэн эсвэл хассан зүйл байхгүй гэдгийг илэрхийлж байна.

        Хавтаст хэрэгт авагдсан баримтаар маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А0 ангилалаар ажиллаж байсан этгээдийн нэхэмжлэлийг хэлэлцэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага албаны орлогч дарга буюу дээд албан тушаалын “ДЭ” буюу удирдах албан тушаалд томилуулах.

        Зөрчигдсөн эрхийн хүрээнд хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох иргэний эрх зүйн харилцаа байгаа ба талуудын хооронд албаны орлогч даргаар ажиллуулах аливаа хэлцэл байхгүй.Шүүх талуудын хооронд хэлэлцэн тохиролцоо байхгүй иргэний эрх зүйн харилцааны асуудлыг шүүхийн шийдвэрээр нийтийн албан тушаалтан буюу төрийн хяналтад өөрийн болон гэр бүлийн орлого зарлагын хяналтад байдаг албан тушаалд томилохгүй.

        Дүрэм журмаар төрийн нууц, байгууллагын нууц, улсын нууц гэж байгаа. Албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт “ГЗ” төв 6 сонины редакц, сонин, сэтгүүл, ном хэвлэхээс гадна үнэт цаас хэвлэдэг тусгай зорилгын үйлдвэрийн газар бөгөөд үүнийг нэгтгэсэн.

        “ГЗ” төвийн түүхийг ярихад Д.С-н ажиллаж байсан хэвлэх үйлдвэрийг УТ уламжлан авсан байдаг. Үнэт цаас хэвлэдэг тусгай зориулалтын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хангадаг албан тушаал дээр томилуулах нэхэмжлэл иргэний эрх зүйн хувьд хууль бус шаардлага.

         Ерөнхий хорооны баталсан орон тооны төсвөөр үйл ажиллагааг явуулахдаа Монгол улсын эрх зүйн актын дагуу нийтийн албан тушаалтан дээр ажиллаж, улсын нууц хариуцах нь нийтийн албан албан тушаалтнаар томилогдоход хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ хянуулдаг.Өөрөөр хэлбэл тухайн хүний үйл ажиллагааны материал, урьдчилсан орлогын мэдүүлгийг Авлигатай тэнцэх газар руу явуулж, хянуулснаар эрх бүхий байгууллагаас томилох эсэх зөвшөөрөл авдаг.

         Нэхэмжлэгч хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бөглөөгүй бөгөөд томилогдсоны дараа хөрөнгө орлогын мэдүүлгийг өгдөг нийтийн албан тушаалтан болдог.

         Иймд нэхэмжлэлийн шаардлага иргэний эрх зүйн харилцаа агуулаагүй шаардлага гэж харагдаж байгаа бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Шинжлэн судалсан нотлох баримтаар гүйцэтгэх албан тушаал А0, Д буюу дээд удирдах албан тушаалын 4 дүгээр зэрэглэлийн албан тушаал өөр. Дээд албан тушаал бүх нийтийн албан тушаалтан байх учраас авлигатай тэнцэх газрын зөвшөөрөлтэй томилуулдаг албан тушаал юм, гэжээ.

 

         5. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

 6.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.С гаас Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Маркетингийн албаны орлогч дарган НМЗ-ийн ажлын байрны тодорхойлолт

 

 7.Хариуцагчаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас, хөдөлмөрийн гэрээ, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаал, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай тушаал, тушаалын хавсралт, мөн даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай тушаал, Маркетингийн хэлтсийн дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай тушаал, тушаалын хавсралт болох Маркетингийн албаны дүрэм, ГЗ төвийн дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай тушаал, УТ ын Хүний нөөцийн албаны албан бичиг, Монгол улсын Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг

 

8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт, маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын дүрэм, УТ болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022-2023 оны хамтын гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан дүрмээс өмнө мөрдөгдөж байсан дүрэм, УТ ын ГЗ төвийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой баримтууд, УТ ын ГЗ төвийн одоогийн бүтэц, зохион байгуулалтаар ямар, ямар ажлын байранд хэдэн хүн ажиллаж байгаа талаарх баримт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай тушаал, түүний хавсралт

 

9.Шүүхийн санаачлагаар “Протокол заседания правления Монголо-Советского акционерного общества “Улан-Баторская железнаяа дорога“ нэртэй гадаад хэл дээрх баримтыг монгол хэл дээр орчуулсан шинжээчийн дүгнэлт

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

       1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

       2.Нэхэмжлэгч С.С “Байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж миний ажлын байрны нэршил албаны орлогч дарга болж өөрчлөгдсөн боловч ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Энэ нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог ба ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох боломжтой. Мөн ажлын тодорхойлолтууд хоорондоо адилхан бөгөөд албаны орлогч даргын ажлын тодорхойлолт дээр “ГЗ” төвтэй холбоотой заалт байхгүй. Маркетингийн албаны орлогч дарга бөгөөд “ГЗ” төвийн дарга гэх орон тоо одоогийн байдлаар байхгүй. Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн байхад “ГЗ” төвийг хариуцдаггүй байсан. Гэхдээ “ГЗ” төв тусдаа даргатай. Гүйцэтгэж байсан ажил маань хэрэггүй, шаардлагагүй болсон юм байхгүй тул албаны орлогч даргын албан тушаалд томилуулах хүсэлтэй байна” гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлов.

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ”Нэхэмжлэгчийн тайлбарлаад шаардаад байгаа асуудал хоёр өөр. Яагаад ойлгохгүй байгааг сайн мэдэхгүй байна. Албан тушаалын цалингийн шатлал, ажлын чиг үүрэг ялгаатай. Маркетингийн хэлтсийн ахлах менежер удирдлагын бүрэлдэхүүнд ордоггүй. Маркетингийн албаны дарга удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг. Хэрэгт өгсөн баримтанд тодорхой байгаа. Мөн албаны дарга хөрөнгө мөнгө шийддэг. Саяын бүтцээр хэвлэх үйлдвэрийг маркетингийн албаны мэдэлд шилжүүлсэн. Энэ үйлдвэр үнэт цаас хэвлэдэг нууцын зэрэглэлтэй, нууцын гэрээ байгуулдаг. Маркетингийн хэлтсийн ахлах менежерт эдгээр эрх байхгүй. Маркетингийн хэлтсийн ахлах менежер хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлэхгүй харин бүтцээр хариуцах хариуцлага, ажил үүргээс хамаарч албаны дарга мэдүүлдэг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

        4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        5.Нэхэмжлэгч С.С Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ д маркетингийн хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан болох нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байна.

        6.Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

        7.Дээрх байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт, Хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт, Хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022-2023 оны хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.8.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ажлаас чөлөөлжээ.

 

          8.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

          9.Хариуцагч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэхэмжлэгч С.С тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

         10.Зохигчдын маргаан зүйл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар маргаж байна.

 

         11.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай Бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах тухай тушаалаар Ерөнхий хорооны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлийн 12,13 дугаар хавсралтын дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын бүтэц, зохион байгуулалтыг 1 дүгээр хавсралтаар, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн алба, бие даасан хэлтсийн орон тоог 2 дугаар хавсралтаар баталж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тушаалыг мөрдөж эхлэхтэй холбогдуулан ажилтан С.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хуульд заасан тэтгэмж олгосон нь тогтоогдож байна.

 

         12.Түүнчлэн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УТ нийгэмлэгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нийгэмлэгийг удирдах байгууллагууд болох Ерөнхий хорооны хурлын 0 дүгээр протоколоор Монгол талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Ерөнхий хорооны 2 гишүүн, Орос талаас Ерөнхий хорооны дарга, 2 гишүүн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, хурлын протоколын хэлэлцэх асуудлын 8.1 дэх хэсэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын зохион байгуулалтын бүтэц болон алба, бие даасан хэлтсийн түвшиний орон тооны хуваарийг батлах илтгэлийг сонсож, шийдвэр гарган баталсан байна.

 

        13.Дээрх шийдвэрийг үндэслэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар маркетингийн хэлтсийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгаж мөн өдрөөс маркетингийн албыг байгуулж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан маркетингийн албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлахыг Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Э д үүрэг болгож, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Замын нэгдүгээр орлогч дарга И.В.М т даалгажээ.

 

       14.Энэхүү тушаалын дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын маркетингийн хэлтсийг, маркетингийн алба болгон дарга, орлогч дарга, тээврийн үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, тээврийн бус үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн, сурталчилгааны эх зохиогч, хэвлэлийн график дизайнер, компъютерийн график дизайнер, хэвлэл мэдээлэлийн ажилтан зэрэг 8 орон тоотой ажиллуулахаар, албаны дарга, орлогч дарга нарыг “ДЭ” буюу дээд удирдах албан тушаалтны зэрэглэлд оруулан өөрчилж баталсан нь бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

         15.Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэж маргаж байгаа бөгөөд маркетингийн хэлтсийн ахлах менежер, маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолтоос харахад албан тушаалын ангилал, зэрэглэл, үүрэг хариуцлага, ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн байх ба албаны орлогч даргын зэрэглэл удирдах албан тушаал, ангилал дээд, маркетингийн хэлтсийн ахлах менежерийн зэрэглэл гүйцэтгэх албан тушаал, ангилал А0 мөн маркетингийн хэлтсийн ахлах менежерийн шууд харъяалан удирдах нь мөркетингийн хэлтсийн ажилтнууд, маркетингийн албаны орлогч даргын шууд харъяалан удирдах нь маркетингийн албаны ажилтнууд, “ГЗ” төв буюу хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцах мөн албаны орлогч даргын албан тушаалд томилогдохоор санал оруулсан ажилтан хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Монгол улсын Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэгтэй ба маркетингийн хэлтсийн ахлах менежер тухайн байгууллагад мэдүүлэг гаргах үүрэггүй зэрэг өөрчлөлт тусгагдсан байна.

 

        16.Тэрээр албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын тушаалаар баталж, хавсралтын албан тушаалын зэрэглэл хүснэгтийн замын удирдлага, алба, тасаг, бие даасан хэлтэс, төв хэсэгт бага, дунд, ахлах, дээд зэрэглэл тогтоож, Ахлах-А-2 ахлах мэргэжилтэн, Дээд-ДЭ-4-т албаны орлогч дарга нарыг хамааруулахыг баталсанаар маркетингийн албаны орлогч дарга удирдах албан тушаалтанд хамрагдаж байна.

 

        17.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар судлуулсан Маркетингийн хэлтсийн дүрэм, “ГЗ” төвийн дүрмийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай Замын даргын тушаалаар хүчингүй болгож, Маркетингийн албаны дүрмийг шинэчлэн баталж, дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт маркетингийн алба харьяа бүтцийн нэгжүүддээ хэвлэх үйлдвэр, сонины редакцад тавих шаардлага, хэвлэх, нийтлэх үйлчилгээний чанар, үндсэн шаардлага стандартыг мөрдүүлэх, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт албаны орлогч дарга “ГЗ” төвийн өдөр тутмын үйл ажиллагааг арга зүй, удирдлагаар ханган ажиллах зэрэг маркетингийн албаны зорилго, үндсэн зорилтууд өөрчлөгдсөн байх тул маркетингийн хэлтсийн ахлах менежерийн ажлын чиг үүрэг, зорилго, хийх ажил, маркетингийн албаны орлогч даргын хийх ажлаас ялгаагүй, хэвээр өөрчлөгдөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

       18.Иймээс дээрх үйл баримтуудаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УТ нийгэмлэгийг удирдах байгууллагууд болох Ерөнхий хорооны Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан шийдвэрийг дагуу маркетингийн хэлтсийг татан буулгаж, хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.8, 6.8.3 дахь хэсэгт зааснаар ажилтан С.С д тэтгэмж олгон, Хөдлөмөрийн тухай хуулийн 80 дугаар ззйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг бичгээр мэдэгдэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА