| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2020/04187/И |
| Дугаар | 00050 |
| Огноо | 2020-12-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00050
| 2020 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2021/00050 |
Д.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Агийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03232 дугаар шийдвэрээр Г.Тунамал-Эрдэнэ нараас 236,725,993 төгрөг гаргуулж, Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ нь Д.Агийн хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байр, 27 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаартай орон сууцыг шинжээчээр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулсан байна. НШШГГ ийнхүү шинжээч томилж үнэлүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Агаас үнийн санал аваагүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д шийдвэр гүйцэтгэгч талуудаас үнийн санал авна. Үнийн санал нийлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх тухай зохицуулалтай. Гэтэл НШШГГ нь дээрх зохицуулалтыг зөрчин Д.Агаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон байна. НШШГГ энэ хууль бус ажиллагаагаа үргэлжүүлж 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3232 дугаар шийдвэрээр Г.Тунамал-Эрдэнэ, Дамдинсүрэн нараас 236.725.993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоот, мөн байрны 43 тоот хаягт байрлах орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож, тоггоолуудын нэг хувийг төлөгч, өмчлөгч Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нарт танилцуулж, гарын үсэг зуруулан энэ тухай тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөрт битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч Г.Тунамал- Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нарыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нараас үнийн санал авахад 27 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 540 саяар, 43 тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай орон сууцыг 250 сая төгрөгөөр тус тус үнэлсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр ирүүлсэнийг төлбөр авагч Капитал континент инвестмент ББСБ" ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/1126 дугаар албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Төлбөр хураагдсан хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 261 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилоход, 27 тоот орон сууцыг 180,200,000 төгрөгөөр, 43 тоот орон сууцыг 126,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэнийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Г.Тунамал-Эрдэнэд биечлэн, Ү.Дамдинсүрэнд 95956077 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, №54-01, №54-02 дугаартай үнэлгээний тайланг танилцуулж хуулбарлан өгч энэ тухай тэмдэглэл хөтөлсөн. Баянзүрх дүүргийн шүүгчийн 1331 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд 27 тоот орон сууц нь 92,100,000 төгрөгөөр, 43 тоот орон сууц нь 65,300,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Мөн төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нар нь хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгөнүүд худалдан борлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаа авах талаар тайлбар гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөх баталгаа гаргаж төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнээс орж ирэх хөрөнгө оруулалтаар төлбөрөө төлж барьцаа хөрөнгөнүүдээ буцааж авна гэдгээ илэрхийлсэн боловч одоог хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжпэгч Д.А нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоох буюу үнийн санал авах ажиллагаа явуулах үед 18 наснаас хүрээгүй буюу 17 настай хүүхэд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Аг түүний төрсөн эцэг Ү.Дамдинсүрэн, эх Г.Тунамал-Эрдэнэ нар нь бүрэн төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Иймд шийдвэр гүйцэтгзх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 37 дугаар байрны 27 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасан заалт байхгүй. Гэтэл НШШГГ уг үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон үнэлүүлсэн нь хууль бус юм. Уг үл хөдлөх хөрөнгө төлбөр төлөгч Г.Тунамал-Эрдэнэ болон түүний гэр бүлийн гишүүн болох 3 хүний өмч юм. Иймээс төлбөр авагч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж үл хөдлөх хөрөнгийг Г.Тунамал-Эрдэнэд ногдох хувийг тогтоолгосны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлж өмчлөгч Д.Агийн эрх ашгийг ноцтой зөрчиж түүний хамтран өмчлөх дундын өмчийг бүхэлд нь хураан авч үнэлгээ хийлгэсэн нь хууль бус юм. Мөн Д.Агаас үнийн санал авсан эсэхийг шийдвэрлэсэн талаарх гомдол анхан шатны шүүх төлбөр төлөгч Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нараас үнийн санал авсан баримтыг бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.Агаас үнийн санал авсанд тооцсон нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 532 дугаар тогтоолоор Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нараас 236 725 993 төгрөг гаргуулан “Капитал континент инвестмент ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.
Төлбөр төлөгч нар нь 2018 оны 10 сарын 02-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнэлгээг нийт 790 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч 2018 оны 10 сарын 15-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу хариуцагч НШШГГ 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 261 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 тоот орон сууцыг 180 200 000 төгрөг, мөн байрны 43 тоот орон сууцыг 126 600 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх82-119/
Хэргийн 87-114 дугаар талд авагдсан “Мөнх-Оргил” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргыг хослуулан хэрэглэж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг нь 27 тоотыг 180 200 000 төгрөгөөр, 43 тоотыг 126 600 000 төгрөгөөр тус тус гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, 27 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 126 140 000 төгрөгөөр, 43 тоот орон сууцыг 88 620 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 120 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.
Төлбөр төлөгч нар уг үнэлгээг хүчингүй болгох тухай гомдол гаргасан ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэрги йн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дүгээр магадлал хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.
Түүнчлэн, дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах, үнийн санал авсан тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч Д.А нь насанд хүрээгүй байсан нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспортын хуулбар зэргээр нотлогдсон, хожим насанд хүрсэн явдал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох талаар гомдол гаргах эрх түүнд олгогдоогүй.
Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Б.НАРМАНДАХ