Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00026

 

 

 

 

 

 

 

С.Т, Т.Ө нарын

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/02187 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарын хариуцагч “Х.Ч” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Баянцагаан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х.Ч ХХК-тай С.Т, Т.Ө нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 6-р хороо, 3-р эмнэлгийн ард байрлах, 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ний тоноглол, 1-р хэлхээний дулааны шугамыг солих ажлыг 100.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Х.Ч ХХК-ийн захирал Д.Баянцагаан гэрээний урьдчилгаа 80.000.000 төгрөгийг Т.Өын дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээний дагуу С.Т, Т.Ө нар нь ажлыг гүйцэтгэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадна дулаан, цэвэр усны хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт үйлдэж, уг ажлыг ОСНААУГ-ын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгийн дагуу хүлээлгэн өгсөн, гэрээгээр захиалагчийн өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээлгэн өгнө гэсэн хоёр заалт байгаа бөгөөд хариуцагч манайхыг мэдээгүй байхад ОСНААУГ-т хүлээлгэн өгсөн гэж маргадаг. Гэхдээ Х.Ч ХХК нь тусгай мэдлэг шаардсан ЦТП-ны ажлын гүйцэтгэлийг мэдэхгүй, тийм ч учраас гэрээнд гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Өнөөдөр Х.Ч ХХК-ийн барьсан барилга Болдын ЦТП-нээс дулаанаа авчихсан, байр нь ашиглалтад орчихсон байгаа. Хариуцагч талаас уг хийсэн ажлын талаар ямар нэгэн гомдол санал тавиагүй, хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй. Гэтэл Х.Ч ХХК-иас үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгөхгүй гэж маргадаг боловч өгөхгүй гэдгийг нотолсон бичгийн баримтгүй. Нэхэмжлэгч нараас амаар удаа дараа төлбөрөө шаарддаг боловч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Шүүх дээр ирээд маргасныг ойлгохгүй байна. Иймд хариуцагчаас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х.Ч ХХК нь иргэн С.Т, Т.Ө нартай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ийн тоноглол, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон юм. С.Т, Т.Ө нар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул талуудын хооронд гэрээг зөрчсөн гэх маргаантай байгаа бөгөөд үүргээ зохих ёcoop гүйцэтгээгүй зөрчлөө арилгахыг манай компани шаардаж, төлбөр төлөхөөс татгалзсан болно. Тайлбарт холбогдох нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгөх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Х.Ч ХХК-иас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарын 258.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Т.Өлзийбааатар нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг компанийн захирал Д.Баяцагаанд 3 цагийн өмнө мэдэгдсэн байдаг. Д.Баянцагаан нь хурлын товыг 3 цагийн өмнө мэдэгдэх үед шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байсан ба энэ талаар тайлбарласан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж хууль бусаар дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 76.2-т зааснаар шүүх хурлын товыг мэдэгдээгүй хууль зөрчсөн, энэхүү хэргийн дахин шийдвэрлүүлэхээр шүүхээс хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхээр хурлыг товлоогүй, хариуцагч “Х.Ч” ХХК-аас хурлын товыг асуухад хурал товлоогүй байна гэсэн тул хэзээ товлохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь 9 дүгээр сарын 15-наас амралттай байсан бөгөөд энэ талаар хариуцагчийг хүсэлт гаргах боломж олгоогүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь өмнө шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа “шүүгч өөрөө санаачлан нэмж нотлох баримт гаргуулах” гэсэн ундэслэл заан шүүх хурлыг өөрөө санаачлан хойшлуулсан, уг шийдвэртээ гомдол гаргах эрхээр хангаагүй атлаа өмнө шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангахгүй шийдвэрлэсэн атлаа дахин шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй нь шүүх илтэд нэг талд үйлчилж байна гэж харагдаж байна. Шүүх өөрөө санаачлан, хэрэгт ямар хамааралтай нь тодорхой бус нотлох баримтыг гаргуулахаар шүүх хурлыг хойшлуулж, нэхэмжлэгч нарт ашигтай байдлыг бий болгосон атлаа уг асуудлаар мэтгэлцэх зарчмыг хангаагүй хууль зөрчсөн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахда хариуцагч нэгэнт мэтгэлцээгүй тул хуралдаанд юу яригдсаныг няцаах боломжгүй байдал үүсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байхад ийм нотлох баримт гаргаагүй байхад анхан шатны шүүгч өөрөө санаачлан нотлох баримт гаргуулахаар шүүх хурлыг хойшлуулж, өөрөө цуглуулсан нотлох баримтаа хариуцагчид танилцуулахгүйгээр өөрөө ийнхүү нотлох баримтаар үнэлсэн. Хариуцагч нь “нэхэмжлэгч ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, солих шаардлагатай, зарим төхөөрөмжийг солиогүй, гэрээнд заасан үүргээ дутуу хийсэн тул гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй” гэж маргаж байгаа. Анхан шатны шүүх нь мэтгэлцээн явуулаагүй атлаа "... шугам солих ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн нь ... зохигчийн тайлбараар нотлогдсон” гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй. Э.Учир нь тайлбар бол нотлох баримт биш, нотолгооны хэрэгсэл байхад “тайлбараар нотлогдсон” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтын ойлголт онолын мэдлэггүй байсан, хоёрдугаарт, “зохиогчийн тайлбараар” нотлогдсон гэдэг нь огт үндэслэлгүй, нэхэмжлэгч, хариуцагч хоёр өөр, эсрэг тэсрэг байр суурьтай тайлбар гаргадаг байхад яагаад адил тайлбар мэт авч үзсэн ч тодорхой биш. Өмнө хийгдсэн бөгөөд шүүгч санаачлан хойшлуулсан анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргасан “нэхэмжлэгч ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, солих шаардлагатай зарим төхөөрөмжийг солиогүй” гэж тайлбарласныг нэхэмжпэгч үгүйсгэж маргаагүй байхад, нэхэмжпэгч ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүгч дүгнэхдээ "... ОСНААУГ-аас ирсэн бичиг, хавсралт баримтууд, дулааны зангилааны механикийн зургаар тогтоогдсон” гэжээ. Хариуцагч “Х.Ч” ХХК уг ажлын захиалагч бөгөөд захиалагч ажлаа хүлээн авахаас татгалзсан байхад ОСНААУГ-ын харьяа байгууллага ажлыг хүлээн авсан гэж, зургаар ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн гэх зэрэг илтэд нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан нь хууль бус байна. Мэдээж нэхэмжлэгч нар ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол захиалагч нь Иргэний хуульд заасан журмын дагуу ажлаа хүлээн авч, хөлсийг төлөх үүрэгтэй. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж маргаж байхад энэ байдалд нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийгээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэн байх шаардлагад нийцээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, нотлох баримтыг танилцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С.Т, Т.Ө нар нь хариуцагч “Х.Ч” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 24/

С.Т, Т.Ө нар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Х.Ч” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Х.Ч” ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын “Харцгай” ХХК-д хийгдсэн Х-05/2018 шифртэй Дулааны механикийн зөвшөөрөгдсөн ажлын зургийн дагуу Болдын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг чанарын өндөр түвшинд хугацаанд нь гүйцэтгэх, ажлын хөлсийг нийт 100 000 000 төгрөгөөр, гэрээний 3.2-т “ажил эхлэхэд урьдчилгаа 80 000 000 төгрөгийг 2018 оны 8 сарын 20-ны дотор багтаан олгоно, гэрээнд заасан ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэт дуусган харъяа конторт актаар хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх”-өөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл байхаар тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх5-6/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээлцсэн  болон орон сууцны дулааны шугам солих ажил доголдолтой байсан, доголдлыг арилгасан эсэх талаар маргажээ.

Хэргийн 8-10 дугаар талд авагдсан Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан актад дулааны системийн угсралтыг чанарын онц дүнтэй болсон гэж дүгнэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д “... Гэрээнд тусгагдсан ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэт дуусган, харьяа конторт актаар хүлээлгэн өгөх ”-өөр тохиролцсон ба уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нар 2018 оны 08 сарын 27-ны өдөр гэрээнд заасан, гүйцэтгэсэн ажлаа мэргэжлийн байгууллага болох УБДС ТӨХК-ийн холбогдох албан тушаалтныг байлцуулан сорилтоор шалгаж, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Баруун түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14-д хүлээлгэн өгсөн байна. Иймд ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгөх замаар үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

Тодруулбал, захиалагч, ажил гүйцэтгэгч нарын тохиролцсон ажлын үр дүн бий болсон, 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Х.Ч” ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын дулаан дамжуулагдсан, н.Болдын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны гадна шугамыг солих ажлууд хийгдсэн болон тоног төхөөрөмжүүдийг тухайн байгууллагууд нь хариуцан ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан /шүүхэд ирүүлсэн/  Орон сууц , нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Баруун түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14-ийн 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 23, 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 40 тоот албан бичгүүд, тухайн ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг тодруулж үзсэн баримт зэргээр нотлогдсон. /хх100-103/

Дээрх нотлох баримтуудаар хариуцагчийн “ ... ажил гүйцэтгэгч нар гэрээнд заасан ажлыг зургийн дагуу, гүйцэт хийгээгүй...” гэх тайлбар няцаагдаж байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д зааснаар захиалагч тохирсон хөлсний үлдэгдэл хэсгийг төлөх үүрэгтэй. 

Мөн нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан, улмаар ашиглах боломжгүй болж, нэмэлт зардал гаргасан гэх боловч баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Иймд, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Хариуцагч “Х.Ч” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, шүүх хуралдааны товыг 3 цагийн өмнө мэдэгдсэн...” гэжээ. 2020 оны 9 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг оролцсон бөгөөд уг шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилж, 2020 оны 9 сарын 21-ний 15:30 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан атлаа уг шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хэргийн 177-179 дүгээр талд авагдсан 2020 оны 9 сарын 21-ний өдрийн шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэлд шүүх хуралдаан 2020 оны 9 сарын 30-ны 14:30 минутад товлогдсон талаар мэдэгдсэн, мөн 9 сарын 30-ны өдөр дахин мэдэгдсэн байна. Иймээс хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тхай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/02187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ