Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2020/02187

 

 

 

 

 

 

 

 

             2020        09         30  

      182/ШШ2020/02187

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Т,

 

Нэхэмжлэгч: Т.Ө нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч “ХЧ” ХХК-д холбогдуулан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ХЧ ХХК-тай С.Т, Т.Ө нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 6-р хороо, 3-р эмнэлгийн ард байрлах, 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ний тоноглол, 1-р хэлхээний дулааны шугамыг солих ажлыг 100.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ХЧ ХХК-ийн захирал Д.Б гэрээний урьдчилгаа 80.000.000 төгрөгийг Т.Өын дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээний дагуу С.Т, Т.Ө нар нь ажлыг гүйцэтгэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадна дулаан, цэвэр усны хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт үйлдэж, уг ажлыг ОСНААУГ-ын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгийн дагуу хүлээлгэн өгсөн, гэрээгээр захиалагчийн өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээлгэн өгнө гэсэн хоёр заалт байгаа бөгөөд хариуцагч манайхыг мэдээгүй байхад ОСНААУГ-т хүлээлгэн өгсөн гэж маргадаг. Гэхдээ ХЧ ХХК нь тусгай мэдлэг шаардсан ЦТП-ны ажлын гүйцэтгэлийг мэдэхгүй, тийм ч учраас гэрээнд гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Өнөөдөр ХЧ ХХК-ийн барьсан барилга Болдын ЦТП-нээс дулаанаа авчихсан, байр нь ашиглалтад орчихсон байгаа. Хариуцагч талаас уг хийсэн ажлын талаар ямар нэгэн гомдол санал тавиагүй, хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй. Гэтэл ХЧ ХХК-иас үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгөхгүй гэж маргадаг боловч өгөхгүй гэдгийг нотолсон бичгийн баримтгүй. Нэхэмжлэгч нараас амаар удаа дараа төлбөрөө шаарддаг боловч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Шүүх дээр ирээд маргасныг ойлгохгүй байна. Иймд хариуцагчаас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

ХЧ ХХК нь иргэн С.Т, Т.Ө нартай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ийн тоноглол, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон юм. С.Т, Т.Ө нар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул талуудын хооронд гэрээг зөрчсөн гэх маргаантай байгаа бөгөөд үүргээ зохих ёcoop гүйцэтгээгүй зөрчлөө арилгахыг манай компани шаардаж, төлбөр төлөхөөс татгалзсан болно. Тайлбарт холбогдох нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгөх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                             

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын талйбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Т, Т.Ө нь хариуцагч ХЧ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд үндэслэлээ, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч С.Т, Т.Ө болон хариуцагч ХЧ ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдаж /хх-ийн 5-6/, нэхэмжлэгч нар нь 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХЧ ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын “Харцгай” ХХК-д хийгдсэн Х-05/2018 шифртэй Дулааны механикийн зөвшөөрөгдсөн ажлын зургийн дагуу Болдын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг чанарын өндөр түвшинд хугацаанд нь гүйцэтгэх, ажлын хөлсийг нийт 100.000.000 төгрөгөөр, гэрээний 3.2-т ажил эхлэхэд урьдчилгаа 80.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны дотор багтаан олгоно. Гэрээнд тусгагдсан ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэд дуусган харъяа конторт актаар хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөхөөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл байхаар тус тус гэрээнд заасан.

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч ХЧ ХХК нь ажлын нийт хөлсөнд 100.000.000 төгрөгийг төлөх, гэрээний 3.2-т гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 80.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны дотор багтаан олгоно. Гэрээнд тусгагдсан ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэд дуусган, харъяа конторт актаар хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө. Энэхүү гэрээний нөхцлийн дагуу ХЧ ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 80.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.  

 

Дээрх 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХЧ ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын “Х” ХХК-д хийгдсэн Х-05/2018 шифртэй Дулааны механикийн зөвшөөрөгдсөн ажлын зургийн дагуу Болдын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг чанарын өндөр түвшинд, хугацаанд нь гүйцэтгэх ажил гүйцэтгэх хийх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү гэрээний дагуу С.Т, Т.Ө нар нь 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХЧ ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын “Х” ХХК-д хийгдсэн Х-05/2018 шифртэй Дулааны механикийн зөвшөөрөгдсөн ажлын зургийн дагуу Болдын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг чанарын өндөр түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэсэн болох нь гуравдагч байгууллага болох УБДС ТӨХК-ийн холбогдох албан тушаалтныг байлцуулан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан байдлыг сорилтоор шалгаж, акт үйлдсэн, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн ажлын жагсаалтаа үйлдэн, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Орон сууц, нийтийн аж ахуйн удидах газрын харьяа Баруун түгээн төв, ХҮТ-14-т үндсэн гол 1 дүгээр хэлхээний шугам болон ялтсан ЦТП, 2 дугаар хэлхээний үндсэн гол шугамуудыг хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иймд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг хариуцагч ХЧ ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

  

Хариуцагч нь С.Т, Т.Ө нар нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний 5.4-т заасан ажлуудаас дулааны төв узель ЦТП-ний мотор солих, нэмэлт усны насос солих ажлуудыг, 1.3-т заасан дулаан механикийн ажлыг зургийн дагуу хийгээгүй, дутуу хийсэн, 3.2-т заасны дагуу манай компани харъяа конторт актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд тэрээр ажлын хөлс төлөхөөс татгалзсан тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч ХЧ ХХК-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцсан, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15:30 миунтанд товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ХЧ ХХК-иас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарын 258.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЧ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Т.Ө нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН