Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/00892

 

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/00892

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, Я овогт С. Т /УЖ69/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, З овогт Т. Ө /ГМ72/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ХЧ ХХК /2032872/-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 20,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018.08.16-ны өдөр ХЧ ХХК-тай С.Т , Т.Ө нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянгол дүүрэгт байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ний тоноглол, 1-р хэлхээний дулааны шугамыг солих ажлыг 100.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. 2018 оны 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд ХЧ ХХК-ны захирал Д.Баянцагаан гэрээний урьдчилгаа 80,000,000 төгрөгийг Т.Ө ын дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээний дагуу С.Т , Т.Ө нар нь ажлыг гүйцэтгэн 2018.08.27-ны өдөр Гадна дулаан, цэвэр усны хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт үйлдэж, уг ажлыг ОСНААУГ-ын 2018.09.18-ны өдрийн албан бичгийн дагуу хүлээлгэн өгсөн, гэрээгээр захиалагчийн өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээлгэн өгнө гэсэн хоёр заалт байгаа бөгөөд хариуцагч манайхыг мэдээгүй байхад ОСНААУГ-т хүлээлгэн өгсөн гэж маргадаг.

Гэхдээ ХЧ ХХК нь тусгай мэдлэг шаардсан ЦТП-ны ажлын гүйцэтгэлийг мэдэхгүй, тийм ч учраас гэрээнд гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Өнөөдөр ХЧ ХХК-ийн барьсан барилга Б ын ЦТП-нээс дулаанаа авчихсан, байр нь ашиглалтад орчихсон байгаа. Хариуцагч талаас уг хийсэн ажлын талаар ямар нэгэн гомдол санал тавиагүй, хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй. Гэтэл ХЧ ХХК-иас үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөхгүй гэж маргадаг боловч өгөхгүй гэдгийг нотолсон бичгийн баримтгүй. Нэхэмжлэгч нараас амаар удаа дараа төлбөрөө шаарддаг боловч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн, шүүх дээр ирээд маргасныг ойлгохгүй байна. Иймд хариуцагч ХЧ ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХЧ ХХК нь иргэн С.Т , Т.Ө нартай 2018.08.16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ны тоноглол, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон юм. С.Т , Т.Ө нар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл гэрээний 5.4-т заасан ажлуудаас дулааны төв узель ЦТП-ний мотор солих, нэмэлт усны насос солих ажлуудыг, 1.3-т заасан дулаан механикийн ажлыг зургийн дагуу хийгээгүй, дутуу хийсэн, 3.2-т заасны дагуу манай компани харьяа контоорт актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд талуудын хооронд гэрээг зөрчсөн гэх маргаантай байгаа бөгөөд үүргээ зохих гүйцэтгээгүй зөрчлөө арилгахыг манай компани шаардаж, төлбөр төлөхөөс татгалзсан болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Т , Т.Ө нар нь хариуцагч ХЧ ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээгээр тохиролцсон ажлыг чанартай хийж, холбогдох байгууллага болох ОСНААУГ-ын харьяа Баруун түгээх төв, ХҮТ-14-т хүлээлгэн өгсөн, үүний үр дүнд хариуцагч ХЧ ХХК-ийн барьж байсан 27 айлын орон сууц нь ус, дулааны авч, ашиглалтад орсон, тийм учраас гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч талаас ажлын үлдэгдэл хөлсийг өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй гэж төлбөр төлөхөөс татгалзжээ.

 

Зохигчдын хооронд 2018.08.16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд, уг гэрээний дагуу нэхэмжлэгч С.Т , Т.Ө нар нь хариуцагч ХЧ ХХК-ийн захиалгын дагуу тус байгууллагын барьж байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ажилтай холбоотойгоор Б ын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг 100.000.000 төгрөгийн хэмжээнд, 2018.08.17-ны өдрөөс 2018.09.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх,

хариуцагч ХЧ ХХК нь 2018.08.20-ны дотор багтаан урьдчилгаанд 80,000,000 төгрөг, ажлыг бүрэн гүйцэт дуусган, харьяа конторт актаар хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Т , Т.Ө нар нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар Энх-Үйлс пропертиз ХХК, ХҮТ-14 зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн ард байрлах Б ын дулааны ЦТП-ны тоноглол болон төв шугам, 1 дүгээр хэлхээний дулааны шугамын холбогдох ажлууд буюу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар дулааны 1 дүгээр конторын 240 м шугам /ф150/-ыг шинээр сольсон, ялтсан бойлуурын хүчин чадлыг өргөжлүүлж, эвдэрч гэмтсэн тоноглолыг шинээр сольж, бусад тоноглолд капитал засвар, үйлчилгээ хийсэн, ЦТП-ний цахилгааны шугамыг шинээр татаж дотор монтаж болон цахилгааны шит тоноглол бүрэн шинэчилэх зэрэг ажлуудыг хийсэн байх бөгөөд хариуцагч ХЧ ХХК нь 2018.08.20-ны өдөр 76,000,000 төгрөг, 2018.08.21-ний өдөр 4,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ө ын дансанд шилжүүлсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хийсэн ажлынхаа дагуу захиалагч, гүйцэтгэгч, гуравдагч байгууллага болох УБДС ТӨХК-ийн холбогдох албан тушаалтныг байлцуулан 2018.08.27-ны өдөр гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан байдлыг сорилтоор шалгаж, акт үйлдсэн, 2018.09.18-ны өдөр хийсэн ажлын жагсаалтаа үйлдэн, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Баруун түгээх төв, ХҮТ-14-т үндсэн гол 1 дүгээр хэлхээний шугам болон ялтсан ЦТП, 2 дугаар хэлхээний үндсэн гол шугамуудыг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасантай нийцжээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2018 оны ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, Б  ЦТП-д хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавьсан тухай, ажлыг хүлээлгэн өгсөнтэй холбоотой хийсэн ажлын жагсаалт, Т.Ө ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018.08.21-ний өдрийн С.Т , Т.Ө , Э пропертиз ХХК-тай, 2018.09.07-ний өдрийн ХҮТ-14-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, төлбөрийн баримтууд, 2018 оны дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах техникийн нөхцөл, шүүгчийн захирамжийн дагуу ОСНААУГ-ын харьяа ХҮТ-14 болон ОСНААУГ-аас ирсэн албан бичиг, хавсралт баримтууд, дулааны зангилааны механикийн зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно,

350 дугаар зүйлийн 350.1-д ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ: 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх,

351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ: 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч С.Т , Т.Ө нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 211 дүгээр зүйлийн 211.1, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар гэрээнд заасан ажлуудыг тохиролцсон хугацаанд бүрэн гүйцэтгэж, зохих газарт нь буюу ОСНААУГ-ын харьяа Баруун түгээх төв, ХҮТ-14-т хүлээлгэн өгсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд, тэрээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар хариуцагч ХЧ ХХК-иас ажлын үлдэгдэл хөлс болох 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч ХЧ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, гэрээний 3.2-т зааснаар хийлгэсэн ажлынхаа үр дүнг ОСНААУГ-ын харьяа Баруун түгээх төв, ХҮТ-14-өөр дамжуулан хүлээн авсан байх бөгөөд, тэрээр хууль болон гэрээний дурдсан заалтууд, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ажлын үлдэгдэл хөлс болох 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Т , Т.Ө нарт төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан С.Т , Т.Ө нар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний 5.4-т заасан ажлуудаас дулааны төв узель ЦТП-ний мотор солих, нэмэлт усны насос солих ажлуудыг, 1.3-т заасан дулаан механикийн ажлыг зургийн дагуу хийгээгүй, дутуу хийсэн, 3.2-т заасны дагуу манай компани харьяа конторт актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд тэрээр ажлын хөлс төлөхөөс татгалзсан тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Тиймээс хариуцагч ХЧ ХХК нь ажлын нийт хөлс 100,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Т , Т.Ө нарт төлсөн, харин үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч ХЧ ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т , Т.Ө нарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ХЧ ХХК нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ХЧ ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т , Т.Ө нарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХЧ ХХК-иас 258,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т , Т.Ө нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА